Н.Энхбаяр: Төмөр замын нууц гэрээг ил болгох ёстой

21 цаг 52 мин
Нийтэлсэн: Админ
 45 мин унших

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр “ТВ9” телевизийн “Микрофоны ард” нэвтрүүлэгт уригдан цаг үеийн асуудлаар ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэе.

 

-Сайн байцгаана уу үзэгчид ээ. Улс төрд өрнөж байгаа онцлох үйл явдлуудаар ярилцдаг “Микрофоны ард” нэвтрүүлгийн маань ээлжит дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид өнөөдөр сүүлийн үед олон нийтэд анхаарах ёстой нэгэн сэдвийн хүрээнд ярилцахаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг урьж оролцуулж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр таныг яагаад өнөөдрийн нэвтрүүлэгт урьсан бэ гэдгээ оршил болгон хэлэх нь зүйтэй болов уу. Би буруу санаагүй бол ЭТТ болон төмөр замын хил холболттой холбоотой таны талаарх нэг бичлэг нийгмийн сүлжээгээр нэлээн эрчтэй тарах шиг боллоо. Миний санаж байгаагаар энэ бичлэг өнгөрсөн 2025 оны дөрөв билүү тавдугаар сард та Төрийн ордонд явж байгаад ярьсан бичлэг байсан. Гэтэл зарим хүмүүс дөнгөж сая ярьсан юм шиг ойлгоод, нийгмийн сүлжээгээр яваад байх шиг байна. Энэ бичлэг яг хэдэн сард хийгдсэн бичлэг юм бол. Тэр үед ер нь яагаад энэ асуудлыг анх гаргаж тавьсан юм бэ. Тухайн үедээ засаг төр бас бужигнаад нэг их анхааралд өртөөгүй юм болов уу эсвэл зориуд өнөөдөр эргээд гаргаж тавьж байна уу гэдэг хардлага төрж байна л даа. Яах аргагүй энэ төмөр замын хил холболтын асуудал нууцын зэрэглэлтэй явчихсан, нууцын зэрэглэлийн цаана хулгай байсан юм биш биз дээ гэдэг гайхашрал бас олон хүнд байна л даа?

-Үзэгчдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Сүүлийн үед Хархорум хотын асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байгаа учраас Хархорум хоттой холбоотой хүмүүстэй Солонгос улсад очиж Сэ Жон хот одоо Засгийн газар нь нүүгээд оччихсон хотын бүтээн байгуулалттай танилцлаа. Кёнжу гээд эртний Шила улсын нийслэлд байсан хотын түүх соёлын дурсгалт зүйлсийг яаж сэргээж, хадгалж байгаатай танилцлаа. Энэ хооронд сошиалаар Тавантолгойн нүүрсний ордоос Хятадтай холбоотойгоор борлуулах ажлыг хийх тухай энийгээ төмөр замтай холбох байдлаар шийдсэн тухай миний ярьж байсан зүйл сошиалд цацагдсан байна. Энэ нь ч тодорхой хэмжээний анхаарал татсан юм шиг байна аа. Тийм учраас бол би сэтгүүлчдийнхээ хүсэлтээр энэ талаар өөрийнхөө байр суурийг дахин илэрхийлэх нь зүйтэй гэж бодож байна. Нэгдүгээрт яагаад нууцаар энэ гэрээг байгуулав гэдэг дээр эхлээд анхаарах ёстой. Нөгөө ногоон автобусны асуудлыг бас нууцаар шийдсэн нь бөөн сенсаац дэгдээж ард түмний дургүйцлийг хүргэж байсан. Ер нь аливаа нууц юмны цаана хардмаар, сэжиглэмээр юм байдаг. Энэ бол улс орны аюулгүй байдалтай холбоотой, батлан хамгаалах хүчин зүйлтэй холбоотой нарийн асуудал биш. Зүгээр л нүүрс зарж байгаа асуудал. Нүүрс зарахыг биржээр явуулж байгаа хэрэг. Хууль нь ч тэр, зохицуулалт нь ч тийм юм. Гэтэл яагаад нүүрс зарах асуудлыг нууцлав гэж үзвэл бүх юмны учир тэнд байгаа. Нууцална гэдэг тэнд хулгай байна гэсэн үг. Нууцална гэдэг бол хуйвалдаан байна гэсэн үг. Хятадын нөхдүүдийн нэрийг ашиглаж Монголчууд ард түмний тархи толгойг нь эргүүлж байгаад луйвар булхайгаа нуун дарагдуулах, үгүй бол луйвар булхай хийж байгаа юм биш биз дээ гэсэн хардалтыг төрүүлж байгаа юм. Би анх энэ гэрээний тухай Чинбат гэж хүний лайваас сонссон. Би улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаатай холбоотой асуудлуудыг ярьдаг хүмүүсийн лайв, нэвтрүүлэг, ярилцлагуудыг хааяа сонсоод өнгөрдөг. Анх Чинбатын лайвын үеэр энэ асуудал яригдаж, ийм ашиггүй гэрээ болох гэж байна гэж байсан. Тэр дор нь би Ерөнхий сайдтай холбогдох гэж оролдсон ч уулзаж чадаагүй. Ерөнхий сайд зугтаасан уу эсвэл ажил ихтэй байсан уу. Би уг нь уулзвал энийг л ярих гэж байсан юм. Ийм ийм буруу гэрээ хийх гэж байгаа бол болиорой. Өөрт чинь худлаа мэдээлэл өгөх эсвэл урьд өмнө хийсэн хүмүүсийн алдааг халхлах гэж оролдсон байх вий. Бүр эсвэл луйвар булхайгаа халхлах гэж худлаа мэдээлэл өгч, тархи толгойг нь эргүүлж байгаад ийм хортой юм хийх гэж байж магадгүй шүү гэж анхааруулъя гэсэн. Гэсэн ч уулзаж чадаагүй. Сүүлд нь аргаа ядаад нийгэмд энийг ил болгосон. Тэр үед Ерөнхий сайд огцорч байсан учраас талбай дээр болсон жагсаал илүү анхаарал татаж байсан учраас миний энэ ярьсан яриа нэг их олонд хүрээгүй. Тэгэхдээ энэ асуудлыг заавал ярих ёстой. Өмнө нь ярина уу, сүүлд нь ярина уу хамаагүй, хулгайг заавал ярих л ёстой. Ажлаа өгөхөөс нь өмнө ярьж болдоггүй юм бол ажлаа өгснийх нь дараа ярьж болдоггүй юм гэх зэргээр энэ хулгайг нуух гэж оролдох хэрэггүй. Хулгайг зөвтгөх гэж оролдох хэрэггүй. Ер нь хулгайг мэдчихээд нуусан бол хулгайчтай ижил болно шүү дээ. Тийм их хулгайг мэдчихээд нуун дарагдуулвал тэр нь гэмт хэрэгт оролцсон гэсэн үг шүү дээ. Тойруу замаар, эс үйлдлээрээ оролцсон гэсэн үг тийм биз. Тийм учраас би энэ гэмт хэрэгт оролцмооргүй байна. Энэ гэмт хэргийг илчилмээр байна. За тэгээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн энийг огт мэдэлгүй тэгээд нөгөө сайд Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нар мэдээд цаашаа явчихсан бол харамсалтай байна. Тэгвэл ажлаа мэддэггүй, ажилдаа гүнзгий ордоггүй байсан гэж хэлэх. Харин мэдэж байгаад энийг зөвшөөрсөн бол өөрөө энд оролцчихсон байна гэж хэлэхээр. Ер нь Засгийн газрын зарчим ямар байдаг вэ гэхээр, Ерөнхий сайд хүн ямар ч салбарт гарсан асуудалтай холбоотойгоор гавьяаг нь эдлэх юм уу эсвэл ялыг нь үүрдэг. Би Л.Оюун-Эрдэнэ гэж хувь хүнийг хэлээгүй. Харин Л.Оюун-Эрдэнийн толгойлж байгаа Засгийн газрын үед ийм муухай луйвар гарсан байна аа гэж хэлсэн. Б.Дэлгэрсайханы эсвэл Ц.Тувааны толгойлж байсан Засгийн газар биш. Тийм учраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ийм луйвар гарсан байна аа гэдгийг би ард түмэндээ хэлсэн. Ард түмэн өнөөдөр сонирхоод анхаарч байна. Би энэ гэрээг ард түмэн улам сонирхоод судлаад мэдээсэй гэж бодож байгаа юм. Б.Дэлгэрсайхан сайд саяхан өгсөн ярилцлагадаа “Н.Энхбаяр дарга гэнэ үү. Энхбаяр гуай ч гэнэ үү. Энхбаяр ч гэнэ үү, яриад байгаа тоонууд нь арай өөр өөр юм яриад байна гэж хэлсэн байна лээ. Аргагүй шүү дээ, нарийн тоог нь би яаж мэдэх юм. Тэр үед ямар ойлголт байсан бэ гэхээр 16 жилийн турш жил болгон 20 сая тонн нүүрсний гэрээ хийлээ гэсэн. Энийг энгийнээр тооцоход 16 жилийн турш жил болгон 20 сая гэвэл 320 сая тонн болно. Тэгэхлээр би 320 сая тонн нүүрс зарах гэж байгаа юм болов уу гэж бодоод энэ тухай тоо хэлсэн. Тэгтэл Б.Дэлгэрсайхан намайг худлаа ярьсан юм шиг ойлгуулах гэж “Тоо зөрж байна” гэж байгаа юм. Аргагүй шүү дээ, энэ тоо бүх юмаа нуучихсан юм чинь. Харин ч би энд тэндээс хүмүүсийн ярьж байсан зүйлээс ухаж байж 329 сая гэдэг тоо гаргаж ирсэн. Одоо харин Б.Дэлгэрсайхан өөрөө 245 сая тонн гэдгээ хэлчихлээ. Тийм бол 320 тонноос арай бага, 250 сая тонн юм байна. Гэхдээ энэ бол маш их хэмжээний нүүрс гэсэн үг. Миний таамаглаж байгаагаар биржийн үнээр зарахад хамгийн багадаа нэг тонн нүүрс 75 ам.доллар шүү дээ. Гэтэл энийг 50 ам.доллароор зарж байна гэж ойлгосон. Нэг тонн нүүрснээс 20 ам.долларын алдагдал хүлээж байна. Тавантолгойнхныг энэ хэлцэлд оролцуулалгүйгээр, биржээр зарах ажлыг хийж байгаа хүмүүсийг оролцуулалгүйгээр Ц.Туваан Б.Дэлгэрсайхан хоёр очиж дураараа ийм юм хийж байгаа юм.

-Нэмж тодруулахад, 16 жил гэдэг тоо яагаад гараад ирэв?

-Би бас энэ 16 жил гэж яагаад гарсан юм. Яагаад 20 биш, 10 биш юм гэж бодсон. Б.Дэлгэрсайхан ч энэ талаар өөрөө хэлсэн байна лээ. Б.Дэлгэрсайхан сайд 16 жил Монголчууд Хятадыг хулхидсан учраас тэр 16 жилээ цайруулж гэх юм уу эсвэл ойлголцож 16 жилийн турш энэ нүүрсийг борлуулна аа гэж байгаа юм. Тэгвэл дараагийн ноцтой асуудал нь Хятадуудыг хуурсан гээд хэлчихлээ. Тэгвэл яг хэн, хэзээ хуурсан юм. Хятадууд юун дээр хууртсан юм бэ, тэр хуурсан гэдэг баримт байгаа юм уу. Жишээлбэл тэдэн тонн нүүрс нийлүүлнэ ээ гэж хятадуудтай гэрээ байгуулчихаад тэрийгээ зөрчөөд нийлүүлээгүй юм уу?

-Нэг ёсондоо хэний хулгайг нуугаад байгаа юм бол?

-Тийм. Өөрөөр хэлбэл, хэн хятадуудыг хулхидсан хуурсан ажил хийсэн юм. Дэлгэрсайхан өөрөө юм уу, Туваан юм уу эсвэл өөр албан тушаалтан юм уу. Тэгэхээр нууц гэрээ гэдэг гэдэг чинь тэр. Ямар ч гэсэн тэр нууц гэрээн дотроо хууран мэхэлсэн нь байгаа юм байна. Тэгээд тэрийгээ нууж байгаа юм байна. Тэгэхдээ үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэгчээр үнэнд гүйцэгдэж өөрсдөө 16 жилийн турш хөрш айлаа хуурсан гэдгээ хэлчихлээ. Түүгээрээ тооцож 16 жилээ бодоод байгаа шиг байгаа юм. Ингээд бодоход ийм тоонууд гарч ирж байгаа юм. 16 жилд нийт 250 орчим сая тонн нүүрс гэхээр нэг жилд 15,5 сая тонн нүүрс борлуулах юм байна. Энэ чинь бөөний худалдаа биш жижиглэн худалдаа болохоор зах зээлийн биржийн үнээр л явах ёстой. Биржийн үнээр бол 75 ам.доллар.

Тэгтэл энэ бол одоо миний ойлгож байгаагаар бол 50 гаруй ам.доллар тэгэхлээр 1 тонноос 20 доллар алдаж байна. Тэгэхлээр 250 сая тонноос 20, 20 ам.доллар алдахаар 5 тэрбум ам.доллар алдаж байна гэсэн үг. Ямар баян орон болоод Монгол Улс таван тэрбум ам.долларыг зүгээр алдаж байгаа юм. Бөөн өр ширэнд баригдсан байж баян улс орон шиг аашилж, таван тэрбум долларыг алдсанаа худлаа ярьж нуугаад байгаа юм. Бүр түүнийг нь илчлэх гэж оролдсоныг, анхааруулсан хүнийгээ хүлээж авахгүй сонсохгүй. Сүүлд нь одоо ажлаа өгснийх нь дараа энэний тухай ярилаа ч гэх шиг, эсвэл буруу тоо яриад байна ч гэх шиг. Би зөв тоог нь Дэлгэрсайхан сайдын хэлсэн тоон дээр тулгуурлаж ярихад дор хаяад энэ гэрээнээс таван тэрбум ам.доллар бид алдаж байна. Тэгтэл бид ямар ядуу байгаа билээ? Сургуулийн зардал эцэг эхүүдэд ямар хүндээр тусаж байна? Жижиг дунд бизнес хийж байгаа хүмүүс ямар хэцүү байгаа билээ? Банкны зээл хэдэн хувийн хүүтэйгээр олдож байгаа билээ? Баялгийн санд хэдэн төгрөг бид хуримтлуулна гэж бодоод одоо хүртэл хуримтлуулж чадахгүй байгаа билээ? Тэгэхээр энэ бол асар том алдагдал. Ийм байж болохгүй ээ гэж би хэлж байгаа юм. Бас нэг юм гэвэл би Тавантолгойнхноос асуумаар байна. Тэд зүгээр хариулт хэлж чадах нь уу үгүй юү бас айгаад хэлүүлэхгүй юм болов уу? Тавантолгойн нүүрсийг маш бүдүүлгээр гурав ангилж гаргаж байгаа. Нэг нь цэвэр коксжсон нүүрс. Энэ бол хамгийн өндөр буюу тонн нь 100 ам.доллароос буухгүй. Мөн гуравны нэг нүүрс гэж байгаа. Энэ бол коксжсон нүүрсээсээ арай бага үнэлгээтэй. Гурав дахь нь чулуун нүүрс буюу эрчим хүчний нүүрс гэж байгаа. Энэ гурав нийлээд 75 ам.доллароор тооцсон. Гэтэл коксжих нүүрсийг нь дангаар нь зарах юм бол ам.100 доллароос хэзээ ч буурахгүй. Би бодохдоо эд ингэж луйвар хийж байгаагаас харахад 250 сая тонн нүүрсээ гурвууланг нь нийлүүлж зарахдаа 30, 30, 30 хувиар бодож байж болох юм. Аягүй бол хамгийн үнэтэй коксжих нүүрсээ 50-ийг нь өгч байж мэднэ.  Ингээд бодохоор 125 сая тонн нь коксжих нүүрс болж таарна. Өөрөөр хэлбэл, тонн нь 100 гаруй ам.долларын нүүрсээ өнөөдөр 50 ам.доллароор зарж байна. Эндээс харахад Монгол Улсад хоёр дахин илүү хохиролтой наймаа хийсэн байж болзошгүй. Б.Дэлгэрсайхан ч бай, Ц.Туваан ч бай хувьдаа наймаа, бизнес хийхдээ сайн байж магадгүй. Тэгэхдээ улсын өмнөөс наймаа хийхдээ ингэж болохгүй шүү дээ. Тэгээд Б.Дэлгэрсайхан сайдын ярьж байгааг харахад Хятадын Зам тээврийн сайд яриад байгаа юм уу эс үгүй бол Монгол Улсын Зам тээврийн сайд яриад байгаа юм уу гэдгийг би сайн ойлгосонгүй. Монгол Улс хулхидсан л гэнэ. Үнэн шүү дээ л гэнэ. 16 жил хулхидсан юм чинь одоо бид нар бол тэр төлбөрийг нөхөх ёстой шүү дээ л гэнэ. Тэгсэн мөртлөө хямдруулсан маягаар зарсан гэдгийгээ тойруу замаар хэлчихээд байна. Тэгээд эргээд 25 км-ийн төмөр зам тавина гэж байгаа юм. Тэгээд 800 гаруй тэрбум төгрөгийн компани шалгарлаа гэсэн. Тэрийг өөрөө ам.доллар руу шилжүүлээд хэлчихнэ лээ. 235 сая ам.доллар гэж байгаа юм 25км-ийг 235 сая ам.доллароор тавина гэдэг чинь дунджаар нэг км-ийг 10 сая ам.доллароор тавьж байгаа байхгүй юу. Тэнд тунель тавих юм уу, газар доогуур явуулах юм байна уу агаараар нисэх юм байхгүй хавтгай тал дээр. Тийм учраас нэг км төмөр замыг 10 сая доллароор тавина гэдэг бол асар үнэтэй гэсэн үг. Энэ дотор бас хэд хэдэн булхай байна. Тэгэхээр одоо нэгдүгээрт энэ гэрээ нь 50, 75 гэхээр 22 ам.долларын зөрүү гэдгээрээ нэг луйвар байна. Хоёрдугаарт, борлуулахаар шийдсэн нүүрснийх нь бүтэц нь коксжих нүүрс буюу хамгийн үнэтэй нүүрс нь давамгайлсан байна. Гуравдугаарт тэр төмөр замыг тавихдаа яагаад нэг км 10 сая доллароор тавьж байгаа юм? Дөрөв  дэх булхай гэвэл тэр төмөр замыг хэн 25 км-ээр зөрүүлчихэв? Яагаад Хятадын тал нь та нар биднийг хулхидсан гэж ярьтал нь бид алдаа гаргав аа. Энийг Дэлгэрсайхан сайдаас асуух хэрэгтэй. Тавдугаарт, энэ гэрээг яагаад нууцаар хийв. Үндсэн хуулийнхаа зүйл заалтыг өөрчлөхдөө бид энэ ард түмний дундын өмч, нийтийнх гэж биччихээд яагаад ард түмнийхээ баялгийг борлуулахыгаа нуугаад байгаа юм бэ. Энэ чинь цэргийн танк, машин цаашаа наашаа хөдлөх тухай асуудал биш шүү дээ. Аюулгүй байдал, батлан хамгаалахтай холбоотой асуудал биш.

Зүгээр л нүүрс зарах асуудлыг яагаад нуугаад байгаа юм. Тэгэхлээр энэ нууцын цаана маш том луйвар булхай байна. Тэгээд 250 сая тонн бол маш их хэмжээний нүүрс. Тэгэхээр энэ бол луйвар булхай Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийсэн хамгийн том алдаануудын нэг гэж хэлэхээс өөр арга байхгүй.

-Нууц гэдэг өөрөө заавал хулгай байдаг гэдгийг өнөөдөр нийгмээрээ олон зүйл дээр харлаа. Та сая бас дурдаад өнгөрч байна. Ногоон автобусны хэрэг бас л нууц гэдэг тамгатай байсан учраас тэнд хулгай явсан. За өөр бүх олон төрлийн ийм тендерүүд бүгд нууц гэдгээр халхавчилсан хулгайнууд байдаг. Энэний нэг жишээ нөгөө талаасаа манайхан олон улсын гэрээ байгуулахдаа нөгөө улс нь тэгсэн юм аа гэж айлгах тактик яваад одоо сая болбол хятадуудыг бид нар хулхидсан учраас хятадууд ингэсэн учраас хятадууд ийм алдагдсан боломж нэхэж байгаа учраас гэж ингэж ярьсаар байгаад энэ гэрээг “хүчээр” маш шуурхай явуулчихаж байна. Тэгэхээр УИХ, тэрний цаадах нууцын цаана дахиад луйвар байгаа гэдгийн нөгөө тал нөгөө талаасаа сая таны яриан дээр гарч байгаа нэг зүйл бол яах аргагүй онцлогдож байна л даа. Хэн тэр 25 километрийг зөрүүлчихсэн юм?

-Манайх 2017 оноос хойш бараг 10 жилийн дараа тавихдаа зөрүүлж байна гэдэг зориуд хийсэн хулгай юм шиг санагдаад байгаа. Тиймбиш бол тэрийг зориуд, эсвэл санамсаргүй гэж үзвэл мэдлэг чадвар дутсан байна. Тэр нууц гэрээг харахад  алдсан алдаагаа нуух гэж ийм гэрээ хийж байна аа гэж би хардаад байна. Тэгвэл хэнийг одоо ингэж энэ гэрээгээр ингэж хаах гээд байгаа юм бэ? Энэ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд өөрөө, Б.Дэлгэрсайхан сайд, Ц.Туваан сайд нар. Тэр утгаараа би МАНАН-гийн Засгийн газар байгуулахыг анхнаас нь эсэргүүцсэн. Би сүүлийн 10 гаруй жил МАНАН байж болохгүй гэж ярьсан хүн. Тэгээд Оюутолгойн гэрээ гэж маш муу гэрээг С.Баярын Засгийн газар, Манангийн Засгийн газар хийсэн. Одоо Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд бол Манангийн Засгийн газар байгуулсан сонгуульд өөрсдөө ялчихсан мөртлөө өөрийнхөө намын боловсон хүчнийг дайчилж ажиллуулахын оронд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, ард түмнийхээ итгэлийг дааж ажиллахын оронд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг. Тэгээд АН-ыг урьж хамт оруулсан. Тэгэхлээр ерөөсөө МАНАН-гийн үед ийм луйвар булхай болдог гэдэг. Одоо энэ ойлголт онолын хувьд ч, практикийн хувьд ч дахин дахин батлагдаад байхад яагаад ийм юм байгуулаад байгаа юм бэ гэдэг дээр би бас гайхаад байгаа. Тэгэхээр С.Баяр бидний үеийнхний хийж байсан алдааг өнөөдрийн үеийнхэн хийж байна гэхээр Монголд юу ч өөрчлөгдөөгүй юм байна. Залуу үе, ахмад үе гэж нэг их ялгаатай юм шиг ярьдаг. Тэгвэл эх орондоо хэн илүү хайртай, эх орноо хэн илүү боддог юм. Гэрээ байгуулж байхдаа тоогоо бодож чаддаггүй юм уу. Ахмад байна уу, залуу байна уу хамаагүй тоо бодож чаддаг хүнийг авч ажиллуулах хэрэгтэй шүү дээ. Эсвэл луйвар булхайгаа нуух гэж тоо бодож чаддаггүй, мэргэжлийн чадвар муу хүмүүсийг авч ажиллуулдаг юм уу. Тэгээд тэрийгээ хаацайлсан МАН нь ч дуугардаггүй АН нь ч дуугардаггүй. Ийм байдлаар МАНАН байгуулж, булхайтай гэрээ хийж байгаа нь Монголд эмгэнэл юм. Хоёрдугаарт, яагаад Хятадын талын хохирсныг яриад байгаа юм. Тэгвэл тэр Монголын албан тушаалтнууд муу ажилласан юм бол Монголын тал бас хохирчихсон байна шүү дээ. Ц.Туваан сайд “Монголын тал одоо бас их хохирол амссан” гэж хэлж байна лээ. Тэгэхээр Монголын тал хохирол амссаныг яагаад Хятадын талтай ярьж болдоггүй юм бэ? Манай тэр албан тушаалтнаас болоод бид одоо ийм хохирол Монгол дотроо амсчихсан юм. 30-35 сая тонн нүүрс зөөнө гэж ярьж байгаагаар тооцоход энэ төмөр зам ашиглалтад орох юм бол 30-35 сая тонн нүүрс жилдээ зөөхөөр байсан. Энэ төмөр замыг Монголын ийм албан тушаалтнууд алдаа гаргаснаас болж бид зөөж чадаагүй. Монгол дотроо бид тэдэн тэрбум ам.долларын хохирол амссан юм аа. Тийм учраас бид Хятадын талын хохирол Монголын тал дээрх хохирол хоёрыг ярихаа больё. Бид ч хохирсон. Тийм учраас одоо ерөөсөө яг л зах зээлийн үнээр тохиръё гэж ярих ёстой байхгүй юу. Бид хохирсон тухайгаа Хятадаас сонсоогүй шүү дээ. Хятадын ямар нэгэн албан тушаалтан бид нарт хэлээгүй. Б.Дэлгэрсайхан л яриад байгаа.

- Яг таны сая ярьж байгаатай холбоотой нэг яриа байгааг танд сонсгоё гэж бодлоо. Энэ бол тухайн үед Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Ц.Тувааны яриа.

“-Манай яамныхан гаргасан тооцооллоос үзэхэд хэрвээ 2015 оноос хойш энэ төмөр зам ашиглалтад ороод явсан бол бид 232 сая тонн нүүрсийг экспортод гаргах боломж байжээ. Өртгийг бодоход 18,5 тэрбум доллар нэмж олох байжээ гэсэн тооцоололыг гаргасан байна лээ. За Хятадын талын алдагдсан боломжоор тооцсоныг бид бас сонссон. Тэгэхлээр Хятадын тал бол нийтдээ 14 тэрбум юанийн асуудал ярьж байгаа. Энэ 14,4 тэрбум юанийн 7,2 тэрбум нь цаад талаасаа 300 гаруй километр төмөр замаа Ганцмод хүртэлх боомт руугаа барьсан зардал. Энэ зам маань ингээд 10 жил ингээд ашигладахгүй байгаатай холбогдуулан эндээс алдаж байгаа мөнгө нь 2,7 тэрбум” гэсэн утга бүхий яриаг сонсгов/

-Туваан сайдын энэ ярьж байгаагаас 14 тэрбум ам.доллар алдчихсан гэж байна. Хэн алдчихсан юм, хэн алдуулсан юм, хэн энэ ажлыг хийгээгүй юм. Энэ бүхэн нь бичиг цаасан дээрээ туссан юм уу. Яаж тооцож байгаа юм. Ямар бичиг цаасан дээр тусчихаад, ямар хугацаанд юу хийнэ гэчихээд 11.8 тэрбум ам.доллар алдчихсан гэж тооцож байгаа юм. Хоёрдугаарт Хятадын тал 14 тэрбум юань гэж байна. За яах вэ долоод хуваачихъя. Хятадын юань долларын ханшаар нь бодоод үзэх юм бол 2.5 орчим тэрбум ам.доллар Хятадын тал алдчихсан гэж байгаа юм байна. Тэгвэл хятадын талдаа хэлэх хэрэгтэй шүү дээ. Та нар 2.5 тэрбум доллар алдсан юм шиг ийм тооцоо гаргаж өгч байна. Бидний тооцоогоор бол  Монголын тал 18.5 тэрбум ам.доллар алдсан. Тэгэхдээ одоо энэ алданги малданги ярихаа болиод одоо энэ зах зээлийн зарчмын дагуу нэг хэлэлцээр хийе гэж яривал хятадын тал бол ойлгоно. Хятадууд тийм тэнэг улсууд биш. Бид тэр дундаа манай сайд нар хятадуудыг аймаар шунахай гэж ойлгуулж, Монголыг шахаж тулгаж алданги шаардаж байгаа гэсэн ойлголтыг бидэнд зориудаар төрүүлээд өөрсдийнхөө хийж байгаа луйвраа хятадын нөхдүүд хэлсэн маягаар ингэж хаах гээд байгаа байхгүй юу. Үүний цаана бас юу харагдаж байна вэ гэхээр бол тэр хятадын талын яриад байгаа тэр 2.5 орчим тэрбум ам.долларын асуудлыг бас нарийвчилж үзэх хэрэгтэй. Энэ гэрээ байгуулагдсанаараа хамгийн багаар бодоход нэг тонноос 20 ам.доллар алдаж байна шүү дээ. Тэгээд гэрээ дуусахад бид 5.5 тэрбум доллар зөвхөн үнийн зөрүүнээс болж алдах гээд байна. Гэхдээ энэ нэгжийн үнэ нь 70 ам.доллараар. Коксжих нүүрсний 100 ам.доллар бодвол бүр ч илүү болно. Хятадын талын 2.5 тэрбум ам.долларын алдагдлыг бид хоёр дахин илүү нөхөж өгч байна шүү дээ. Тэгсэн мөртлөө өөрийнхөө талын 18.5 тэрбум ам.доллартой холбоотой болохоор “За тэрийг эдийн засгийн хувьд нөхөж чадахгүй, өнгөрсөн” гэж бодох юм бол тэр буруутай хүнтэй хариуцлага тооцох ёстой. Хэн гэж хүн ингэж нураагаад байгаа юм. Б.Дэлгэрсайхан өөрөө юм уу эсвэл өөр хүн юм уу. Үгүй бол Ц.Туваан юм уу? Энэ хоёр яагаад ингэж яаран дааран очиж хятадын талд орж хятадын хүмүүсийн аманд өөрсдийнхөө үгийг хийж, ийм хачин гэрээ хийгээд байгаа юм бэ гэдгийг бид сайн мэдэх хэрэгтэй. Тэгэхийн тулд бол энэ гэрээг нээлттэй болгох хэрэгтэй. Дээр хэлснэнчлэн улс орны аюулгүй байдалтай холбоотой ямар ч асуудал байхгүй учраас энийг нээлттэй болгох хэрэгтэй. Их хуралд оруулаад нууцын горимоор хэлэлцүүлээд тэгээд ийм нарийн ширийн мэдээллээ өгөөгүй юм шиг байгаа юм. Их хурлын гишүүдээс эрх олгох тухай асуудлыг л хэлэлцүүлсэн. Тэр үед МАНАН байсан учраас Ц.Туваан Б.Дэлгэрсайхан нараас АН нь ч, Ардын нам нь ч юм асуугаагүй. Магадгүй  Б.Дэлгэрсайхан Ц.Туваан хоёртоо сайнаар бодоход итгэж, Монголдоо ашиггүй гэрээ хийхгүй гэж бодсон байх. Үнэн хэрэг дээрээ энэ хоёрын луйвар булхайг анхааралгүй ингэж хариуцлагагүй хандсан.

Их хурлын гишүүд тоо нь нэмэгдэж 126 болсон. Тоо нэмэгдсэнээрээ олон намын төлөөлөл орж ирж асуудлыг нарийн нямбай ярьдаг болсон, илүү хариуцлагатай болсон л гэдэг. Ерөөсөө энэ дээр батлагдаагүй. Их хурал бол ерөөсөө МАНАН-гийн гар хөл болж ашиглагдсан нь харамсалтай. Тийм учраас тоо нэмж сайжирсан ч юм алга. Ер нь нэг нь эрхээ барьсан шиг барьдаг, нөгөөдөх нь сөрөг хүчин хяналтаа тавьсан шиг тавьдаг. Энэний үр дүнд ард түмэн өөрөө бүрэн мэдээллээр хангагдаж дараагийн сонгуульд өгөхдөө энэ мэдээлэл дээр тулгуурлаж хийдэг. Ийм зарчим Монголд харамсалтай нь алга. Энэ тухай ярихааараа парламентын засаглалыг бэхжүүлж байна гэдэг, хуйвалдахдаа МАНАН-гийн Засгийн газар бүрддэг. Харин ч парламентын засаглалыг жинхэнэ ёсоор нь устгаж байна. 

-Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нарын ярьж байгаагаас харахад ерөнхийдөө “Хятадууд тэгсэн учраас, Хятад талаас ингэсэн учраас” гэдэг оршил үг их байгаа. Тэгээд нөгөө нүүрсийг чинь хэн ч авахгүй шүү дээ гэдэг яриаг бас Б.Дэлгэрсайхан сайд гаргаж байгаа юм. Энэ талаар яриаг нь сонсгоё.

(Б.Дэлгэрсайхан: “Энэ гэрээг хийх гэж Монгол улсын Засгийн газар урд хөршийг удаа дараа гуйж очсон. 20 жил гацсан төслийг хөдөлгөх гэж Оюун-Эрдэнийн Засгийн газар өдөр шөнөгүй ажилласан. Энийг бүгд л мэдэж байгаа. Өнөөдөр бид урд хөршид нүүрсээ зарахгүйгээр хойд хөршөөс нефть авахгүйгээр дандаа агаарын юм ярьдаг. Нүүрсийг дэлхийд байхгүй юм шиг л юм ярьдаг. Энэ “хог”-ийг өнөөдөр зарж борлуулахгүй бол хэдэн жилийн дараа Баабарын хэлдэг шиг үнс болно” гэж ярьсан ярианы бичлэгийг үзүүлэв. Сурв) Тэгэхээр нүүрс бол хог гэж яриад байгаа?

-Энэ бол сүүлийн үед байгаль орчны өөрчлөлттэй холбогдуулаад нүүрсний хэрэглээ багасаж магадгүй гэсэн янз янзын судлаачдын судалсан дүнтэй холбоотой. 2050 эсвэл 2070 он, үгүй бол энэ зундаа нүүрсний хэрэглээ огт арилахгүй ямар нэгэн байдлаар байхаас өөр аргагүй гэсэн янз янзын үечилсэн судалгаанууд байгаа юм. Мэдээж технологи хөгжөөд байгаль цаг уурынхаа өөрчлөлтөөсөө болоод хүн төрөлхтөн арай өөр эрчим хүчний эх үүсвэртэй боллоо гэж бодоход ингэж хулгай хийж болохгүй шүү дээ. Худлаа хэлж ард түмнийг айлгаж хуурч мэхэлж, ийм ашиггүй гэрээ хийж болохгүй шүү дээ. Яагаад гэвэл Монгол Улс өнөөдөр өрөнд баригдчихсан байна, Монгол Улс өнөөдөр ядуу байна, хөгжиж чадахгүй байна. Монголын баялгийн санд ерөөсөө доллар, мөнгө, төгрөг цуглаж чадахгүй байна. Тийм учраас бид Оросоос нефть авна, Хятадад нүүрс зарна гэдэг нэрийдлээр хэдэн хүмүүсийн алдааг хаасан, ард түмнээсээ нуусан, их юм хийчихсэн юм шигээр гайхуулж, үнэн хэрэгтээ Монголд маш хохиролтой гэрээ хийчихсэн энэ үйл ажиллагааг бол тэвчиж болохгүй.

-Тэгэхээр сая Б.Дэлгэрсайхан сайд хэлж байна л даа. Нүүрс бол хог гэж. Гэтэл өнөөдөр Монгол Улсын төсвийн бүрдүүлэлтийн дийлэнх хувь нь нүүрснээсээ, "хог"-ноосоо хамааралтай байх гээд байна шүү дээ. Нөгөө талд 250 сая тонн нүүрсийг зарснаараа Монгол Улсын төсөвт нь хэдэн төгрөг цуглах ёстой юм. Монгол Улсын баялгийн санд нь хэдэн төгрөг цуглах ёстой юм гэдгийг ард түмэн өөрөө мэдэх боломж байх ёстой. Гэтэл таны хэлдэг нууц гэдгийн цаана энд баялгийн санд мөнгө цуглаж байгаа юм уу мэдэхгүй. Тавантолгойгоос нүүрсээ зараад байдаг, жилдээ 15 сая тонн нүүрсийг шууд гаргаад байдаг баялгийн сан руу нь орох мөнгө орохгүй байвал Монголын ард түмэн хохирч үлдэх гээд байна.

-Эрдэнэтийн 49 хувийг луйвардсаныхаа дараа Ц.Элбэгдорж нэг Их хурал дээр орж ярьж байсан шүү дээ. “За одоо Онгон охиноо айлд өгчихсөн. Одоо хөгшин авгай болсон, буцаж авч болохгүй гэж”. Тэрэнтэй адилхан Эрдэнэтийгээ муухай хэлдэг, “Саалийн үнээ маань цагтаа сайхан байлаа одоо сүү өгөхөө больсон” ч гэх шиг. Ингэж баялгаа доромжилдог. Ард түмнийхээ хоол унд, амьдралыг залгуулж байгаа баялгаа ингэж үнэгүйдүүлдэг. Эрдэмтдийн янз янзын судалгаа байдаг яваандаа тэгж магадгүй. Гэхдээ өнөөдөр энэ бол хамгийн үнэтэй бидний баялаг гэж хэлэхийн оронд “хог” гэж хэлж байгаа Элбэгдорж, Дэлгэрсайхан нарын үг бол энэ ард түмнээ басамжилсан, өөрсдийнхөө луйвар булхайг ингэж нуун дарагдуулах гэсэн арчаагүй үйлдлүүд. Б.Дэлгэрсайхан сайдын хэлдгээр 245, 250 сая тонн нүүрсээ зарах юм байна. Биржийн үнэ өнөөдөр хамгийн муугаар бодоход 75 ам.доллар байгаа, цаашид өсөж байгаа шүү дээ 100, 120 ам.доллар ч болж магадгүй. Энэ нүүрсийг яг 250 сая тонныг 16 жилийн турш одоогийн хэлж байгаа 50 орчим доллароор зарах юм бол 820 сая ам.доллар жил болгон төсөвт орж ирэх нь байна. Баялгийн санд биш шүү. Энэ бол зүгээр төсөв рүү орно, тийм хэмжээний хуримтлал бий болгож чадахгүй гэсэн үг. Ингээд л нөгөө төсвийнхөө цоорхойг нөхөөд л алдагдлаа нөхөөд л, тэгээд л одоо янз янзын шахаанд ороод ч юм уу эсвэл шаардлагад нийцүүлээд байвал тэр 100, 120 сая ам.долларыг жил болгон идээд л дуусна. Нийт дүнгээр нь аваад үзэх юм бол 820 сая долларыг жил болгон 16 жилийн турш оруулж ирлээ гэж бодвол нийтдээ 13 тэрбум ам.доллар болно. Тэгэхээр 13 тэрбум ам.долларын гэрээ байсан байна шүү дээ. Тэгтэл энийг 75 ам.доллароор буюу 20 ам.долларыг нэмж бодсон бол 13 маань 18.5 ч юм уу бараг 19 тэрбум болох байсан. Тэгэхдээ 13 тэрбум ам.доллар авахаар дунджаар 16 жилийн дараа Баялгийн сандаа юу ч хуримтлуулахгүй, дээр нь аягүй бол хамгийн үнэтэй коксжсон нүүрсээ 50 гаруй хувийг нь ингээд зах зээлийн үнээс бараг 2.5 дахин хямдхан зарах болох нь.

Тэгээд Тавантолгой гэдэг ордын зургаан тэрбум тонн нөөцөөр нь бодох юм бол ойролцоогоор 9-10 хувь нь коксжих нүүрс байгаа шүү дээ. Ойролцоогоор 600 сая тоннын 130 саяыг нь зөвхөн энэ гэрээний хямдруулсан үнээр явуулчихаж байгаа байхгүй юу. Энийг залуучуудад илүү ойлгомжтой байлгах үүднээс бялуугаар бодъё. Бялууны шоколад, жимсийг нь түүж идээд баахан цоорчихсон гурил үлдээх гээд байгаа байхгүй юу. Тэгж болохгүй биз дээ. Ямар ч хүн бялуугаа зүсэхдээ нэг жимс оруулаад, нэг шоколад оруулаад, гурил кексээ хамт идлээ гэж ярьдаг биз дээ тэгэхгүй бол одоо жимс шоколадыг нь түүчихээд хэнд тэр гурилыг нь үлдээх гээд байгаа юм. Тийм үлдэгдэл гурилыг хүүхэд идэх үү? Идэхгүй. Б.Дэлгэрсайхан сайдын яриаг тойруугаар нь харахад хятадуудыг муулж, шахалт үзүүлээд байгаа маягийн юм яриад байгаа. Үгүй хятадууд бол харин ч одоо зарчимтай хандах гэж оролдоно. Би бол хятадуудыг тийм муухай зальтай, алданги тооцоод л Монголын Засгийн газрыг эвгүй байдалд оруулаад л хямдхан гэрээ хийх гээд байгаа гэж бодохгүй байна. Мэдээж хэрэг худалдан авагч бол хямдхан гэрээ хийхийг л бодно. Борлуулагч бол үнэтэйгээр л юмаа зарахыг бодно шүү дээ. Энэ бол хэлэлцээрийн ширээний ард л шийдэх ёстой асуудал. Дундуур нь Б.Дэлгэрсайхан давхиж ороод өмнөөс нь яриад, дундуур нь Ц.Туваан давхиж ороод зориуд энийг хямдруулаад өөрсдийнхөө ч юм уу эсвэл өөр хүний хийсэн луйвар булхайгаа алдагдсан боломжийг нөхөж байгаа нэртэйгээр луйвар булхайгаа хаах гэж байж болохгүй. Мэргэжлийн хүмүүс зах зээлийн зарчмаар л зарах хэрэгтэй. Энэ бол жижиглэнгийн худалдаа. Тийм учраас жижиглэнгийн зах зээлийн зарчмаараа л явах ёстой. Жил жилдээ зах зээлийн харилцаа ямар байна. Бирж дээр хэдэн ам.доллар байна 75, 100, 120 бай тэр дундаж үнээр нь борлуулаад явах нь зөв. Тэгэхдээ коксжих нүүрс нь тэдээр, чулуун нүүрс тэдээр гэж ч юм уу ингэж зарах хэрэгтэй. Тийм учраас энэ бол маш том луйвар. Энийг манай шинэ Ерөнхий сайд урьд нь хийсэн алдаануудыг засах гэж их зүтгэж байх шиг байна. Энийг засахын төлөө ажиллаасай, урьд өмнө хийсэн хүмүүсийн алдааг энэ Засгийн газар битгий үүрээсэй, битгий халхлаасай. Ямар Матросов гэдэг цэрэг биш дээ. Засгийн газар цээжээрээ энэ энэ одоо буруу муу муухай хийсэн юмыг одоо хамгаалж өөрөө ингэж улс төрийн хувьд бол хохирол амсаж болохгүй шүү дээ. Тийм учраас бол одоо энэ алдааг засаж байж энэ Засгийн газар цаашаа хөгжих ёстой. Энэ алдааг ингээд хаах юм бол маш том хүнд ачаа болно. Тэртээ тэргүй өр гэдэг чинь өөрөө нэг том ачаа. За тэгээд дээр нь энэ одоо дэд бүтцийн хөгжил дутуу, цаг агаар хэцүү гээд хүнд хэцүү асуудал зөндөө бий. Тиймээс өмнөх хариуцлагагүй Засгийн газраас өвлөсөн муу муухайг ерөөсөө хэрхэвч зөвшөөрч болохгүй.

-Ард түмний бас нэг хүсэж байгаа зүйл бол Монгол Улсын Засгийн газар баялгийн сандаа төвлөрүүлэх мөнгөө жил болгон нэмэгдүүлээсэй, энэ баялгийн сан нь арвин болоосой, эргээд монгол хүний амьдрах таатай орчныг нөхцөл болох юм даа гэдэг хүлээлт бас их үүсчихлээ. Яагаад гэвэл Үндсэн хууль дээр орсон өөрчлөлтүүд болон Баялгийн сангийн энэ зохицуулалтууд нь эргээд монголчууд Норвегийн баялгийн сан шиг баян болох юм байна гэдэг итгэл өгөөд байдаг. Гэтэл нөгөө талд ийм нэг гэрээ контрактаас нь болоод нөгөө орох ёстой мөнгөнүүд нь орохгүй болохоор иргэдийн итгэх итгэл дахиад нурж унах гээд байх шиг?

-Баялгийн сангийн тухайд Л.Оюун-Эрдэнэ  Ерөнхий сайд их зөв ярьсан. Би тэрийг бол дэмжсэн. Өөрийнх нь хүсэлтээр болон бусад хүмүүсийн хүсэлтээр хэдхэдэн удаа ярилцлага өгч байсан. Байгалийн баялгаасаа хуримтлал бий болгож байж том том асуудлуудыг шийднэ. Ард түмнийхээ ирээдүйг, хойч үеэ, амьдралыг нь сайжруулна. Нийгмийн тулгамдсан асуудлуудыг нь баталгаатай шийдэж чадна гэх зэргээр би их дэмжсэн. Харамсалтай нь манай Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын болон ер нь залуучуудын, улс төрчдийн нэг алдаа байна. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө яг ярьснаараа байдаггүй. Энэ л хамгийн том алдаа. Ярих бол нэг хэрэг. Хийхгүй мөртлөө болно, чадна хийнэ гэдэгт ард түмэн бухимддаг. АНУ-ын ерөнхийлөгч Трампsy тухай би хэлж байсан. Трампын авууштай нэг тал нь тэр хүн буруу ярина уу зөв ярина уу хамаагүй яг ярьснаараа хийдэг. Яг ярьснаараа байгаа учраас л тэр хүнтэй ажиллахад ч амар, хэцүү асуудлуудыг нь хэлэлцэж ярилцаж, болж байна, амархан асуудалд нь талархлаа илэрхийлээд байж болно. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ажиллах арга өөр. Залуу улс төрчид маань яагаад ч юм зальтай л байвал улс төрч боллоо гэж боддог болчихож. Хуурах, мэхлэх, мартагнуулах, “хошхируулах” дээрээ бол их сайн юм. Яг ярьснаараа байж чадахгүй. Тэгэхээр дөнгөж сая хайрлаж байсан улсууд чинь яг эсрэгээр нь болохоор маш их үзэн ядаж байна шүү дээ. Эс үгүй бол одоо энэ байгалийн баялгийн санг ярих хэрэггүй, яриагүй бол ийм хатуу шаардлага тавьж ард түмэн хандахгүй. Их гоё юм ярьсан учраас, их итгэл найдвар төрүүлсэн учраас маш их сайхан хүлээлтийг бий болгосон. Гэтэл тэр нь худлаа байсан нь үйлдлээр нь нотлогдчихоор ард түмэн дээд зэргээр үзэн ядаж байна. Достоевский гэж Оросын зохиолчийн үг байгаа шүү дээ. “Хайр дурлал үзэн ядалтын хооронд нэг л алхам бий” гэж. Энэ хооронд нэг сөөм, нэг хуруу зай байдаг юм аа. Зөв юм ярьж байгаад зөв юм хийж байгаа бол хайр дурлал бий болоод буруу юм хийвэл үзэн ядалт болж хувирдаг. Тэрийг л одоо манай энэ улс төрчид маань сайн ойлгохгүй байна. Тийм учраас би энийг зөвлөж байгаа юм. За харин тэгээд дахин хэлье. С.Баяр энийг хамгаалж байгаа юм шигээр ярьсан гэж би сонссон.

-Тэрийг би нэг танд нэг харуулаадахъя.

-За тэгье яг юу ярьсан юм?

-“Жиргэчихсэн” байна лээ. “Манай энэ ийм сонин, байхад нь нууна явахад нь зооно” гэж.

-Би бол ингэж хараад байгаа юм. Аливаа асуудлыг тухайн хүн байхад нь өөрт нь яриад хэвлэл мэдээлэлд гаргахыг урьтал болгодоггүй. Болж өгвөл тухайн хүнд нь уулзаад зөвлөх юмсан алдаагаа засах бололцоо олгох юмсан гэж боддог. Зарим асуудлыг би хэвлэл мэдээллээр шууд гарах хэрэггүй байх гэж боддог. Харьцангуй туршлагатай улс төрчийн хувь би энэ янз янзын мэдээлэл дундаас хараад “Энэ нь үнэхээр ноцтой юм байна. Энэ бол яах вэ дээ өнөөдөр их сүртэй сонсогдож байгаа боловч үнэн хэрэг дээрээ цаанаа нэг их айхтар тийм хор хохиролтой учрал юм байхгүй байна. Өнөөдөр аяархан, дуулдахгүй шахуу боловч маш том хор хохиролтой бол хэлье” гэж ялгаж салгадаг болчихсон байхгүй юу.

Жишээ нь энэ бол чимээгүй, хүн анзаарахгүй ч гэсэн маш том ноцтой алдаа дутагдал байна даа гэж харвал би түүнийг нь өөрөөр нь алдааг нь засуулах гэж зөвлөе гэж бодож байгаа юм.

Харин үнэхээр зөвлөгөө авдаггүй, уулздаггүй зугтчихдаг хүмүүсийн хувьд одоо яриад хэрэггүй дээ гэж хэлж болохгүй шүү дээ. Том луйвар байхад би чимээгүй суугаад байж болохгүй. Одоо энэ Монгол Улсын Засгийн газарт Хятадын сайдтай болчихсон байна шүү дээ. Дэлгэрсайхан гэж Хятадын сайд байна. Хятадын сайд шиг яриад байгаа байхгүй юу. Тэгвэл манай Монголын сайд шиг ярьдаг хятад сайд Хятадын Засгийн газар дотор байгаасай, Монголын тал 18,5 тэрбум долларыг алдчихсан шүү. Тэрийг нь бид бодож энэ монголчуудтайгаа аятайхан гэрээ хийх ёстой шүү гэж боддог хүн байгаасай. Яг Дэлгэрсайхан сайд Хятадын талыг өмгөөлж ярьж байгаатай адилхан Монголын талыг өмгөөлдөг сайд Хятадын ЗГ-т байгаасай л гэж би бодоод л залбираад сууж байна. Тэгэхээр би энэ талаар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад хэлэх гэж оролдсон ч чадаагүй учраас ийм луйвар булхайг нууж чадаагүй юм. Тэгтэл манай С.Баяр бол энийг мушгиж асуудлыг яг луйвар болчихсон юм уу гэдгийг ярихын оронд “Дараа нь хэллээ муухай байна” гэх зэргээр ярьж байна шүү дээ. Луйвар булхайг бол хэзээ ч хэлэх ёстой, дараа нь хэлж хэлнэ гэдэг бол буруу. Ажлаа хийж байхад л хэлэх ёстой ажлаа өгчихсөн бол тэгээд ерөөсөө ингээд л хав дарах хэрэгтэй гэдэг. Ийм одоо утгагүй байж болохгүй шүү дээ. Энэ чинь арга байхгүй хохирол.

Тэгэхлээр энэ Баярын цаана Оюун-Эрдэнийг өмөөрөөд байгаа юм биш. Өөрийгөө өмөөрч байна. С.Баяр чинь өөртөө маш их хайртай хүн байхгүй юу. Ерөөсөө хэн ч өөртөө хайртай. Манай С.Баяр бол өөртөө дэндүү хайртай. Тэрийг нь би сайн мэднэ. Тэгээд С.Баяр өөрийгөө өмөөрч байгаа нь Оюун-Эрдэнийг өмөөрч байгаа юм биш. Баяр чинь өөрөө Оюутолгойн гэрээ гээд маш муу гэрээ хийсэн. Тэгээд өөртөө хань татаад байна шүү дээ. Тэгээд өөртэй нь адилхан ийм алдаа хийсэн хүн олон болоосой, одоо товойж харагдаад байгаа тэр алдаа Л.Оюун-Эрдэнэ ингээд энэ алдаа нэмэгдчихлээ, ахиад ч нэмэгдэнэ, тэгээд бүгдээрээ л ингээд алдчихсан гэх юм. Ийм олон хүн алдах нь байдаг юм байна гэж хүмүүс эргэлзэж эхэлнэ. Тэгэхээр одоо алдсан хүмүүсийн тоог нэмэх нь С.Баярт ашигтай байна шүү дээ. Тэгэхээр С.Баярын энэ үгний цаана ард түмэнд маш их хохиролтой муухай юм явж байна. Тэгэхээр энийг одоо засахын төлөө ажиллах хэрэгтэй. Гэхдээ Хятадыг гомдоох маягаар биш. Хятадуудтай ойлголцож зах зээлийн үнэ рүү очоосой, зах зээлийн үнэ рүү ойртоосой. Хятадууд тэр зах зээлийн үнээр авахаасаа татгалзахгүй шүү дээ. Хятадын талыг нэг их гомдооно гэж айх хэрэггүй. Хятадын талтайгаа яривал ойлгоно. Би Оросын талтай “Их өр”-ийн асуудлыг шийдэж байхад С.Баяр өөрөө тэнд байсан. Яг л зовлон жаргалаа ярьж Монголын эрх ашгийг хамгаалж, нөгөө талаас Оросын эрх ашгийг хамгаалж нөгөө нөхдүүд нь ярьж, янз янзаар, ойлгох ойлголцохгүй юм явж байсан ч гэсэн эцсийн эцэст бол хоёр хөрш бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой гээд энэ их өрийн асуудлыг шийдсэн. С.Баяр өөрөө энэний гэрч, юу болсныг мэдэж байгаа. Харин яагаад одоо тэр сайхан жишээнд өөрөө оролцсон мөртлөө Оюутолгойн муухай гэрээ хийчихэв, яагаад өнөөдөр энэ муухай гэрээг өмөөрөөд байгаа юм гэдэг дээр бодоход их харамсалтай байна.

-Хэлэлцээрийн түвшинд хоёр талаасаа суухгүй хэт нэг талаа бариад байгаа юм шиг ийм л дүр зураг ажиглагдаад байх юм л даа?

-Яагаад гэвэл нууцалж байгаа учраас. Хятад тэгсэн учраас, Хятадын тал ийм байгаа учраас манайх энийг бодох ёстой гэдэг ярианууд яваад байхаар тэр Хятад чинь их том орон, хүчтэй орон манай нүүрсийг худалдаж авч байгаа нь ойлгомжтой. Тэгэхдээ хятадын талтай бол зах зээлийн үнээр ярихад Хятадын тал гомдохгүй шүү дээ. Мэдээж хэрэг тодорхой хямдруулалт өгөөсэй гэж хэлнэ. Тэгвэл бид зөрүүд нь бид нарт ашигтай талын асуудлыг шийдэж өгөөч ээ гэж хэлнэ. Энэ мэтээр одоо бүгдээрээ сайхан ярилцаж байж болно шүү дээ. Си Жиньпин дарга “Хятадын хөгжлөөс манай хөршүүд хожих хэрэгтэй гэдэг. Тэгэхлээр Хятадын хөгжлөөс манай хөршүүд бас хожих хэрэгтэй гэж. Ингэж одоо Си Жиньпин дарга нь хэлчхээд байхад доодох сайдууд нь, “Үгүй ээ бид нар л хожно бид нар л алдангиа та нараас нэхнэ. Та нар л одоо энэ алдангийг бид нарт нөхөж өг та нарын алданги бид нарт ямар ч хамаагүй” гэж хэлэх хүн олдохгүй байх аа. Ийм их хэмжээний нүүрсийг их удаан хугацаагаар зарах гэж байгаа бол Монголд ашигтай байж болох нэг хувилбар байгаа. Тэгвэл бөөний үнээр арай жаахан хямдруулж худалдаж болно. 50 ам.доллар ч юм уу. Тэгэхдээ мөнгөө цувуулж биш, бөөнд нь юм болохоор авах нь зөв. Катар улс ингэж хийж байна, бусад улсууд хийж байна. Өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулалтад их мөнгө хэрэгтэй байна, дээр нь баялгийн сантай мөнгө хуримтлуулмаар байна. Тэгвэл 50 ам.доллароор юм уу 40 ам.доллароор ч юм уу бөөний үнээр худалдаад тэгэхдээ мөнгөө одоо шууд өг. Тэгвэл одоо бодоод үзье л дээ. 250 сая ам.долларыг 40 доллароор бодох юм бол 10 тэрбум доллар байхгүй юу. 10 тэрбум ам.долларыг цувуулж өгөхгүй ээ. Цувуулж өгвөл энэ чинь зүгээр төсвийн нөхөөс болоод Баялгийн санд юу ч үлдэхгүй. 10 тэрбум доллароо шууд өг, бид баялгийн сандаа төвлөрүүлээд зах зээлийн хуулиар энийгээ арвижуулъя. Норвегийн сантай адилхан Катарын сантай адилхан Америкийн сантай адилхан арвижуулъя. Жилд одоо таван хувиар хамгийн багаар арвижуулж болно.

Сингапурын алдартай баялгийн сан ч байна. Тэр нь олон жилийн турш жилд 16 хувиар өсгөж чадсан юм байна лээ. За бид тэгж амбицлахаа больё. Тавхан хувиар өсгөе, 500 сая доллар. Ингээд жил болгон 500 сая ам.доллароор өсгөх юм бол бид нар 16 жилийн дараа 20-оос доошгүй тэрбум ам.доллартой баялгийн сандаа сууж байх нь байна шүү дээ.

Б.Дэлгэрсайхан нарын хийсэн гэрээгээр ингээд урт хугацаанд бага багаар аваад байх юм бол нийтдээ бид цувуулсаар ердөө 13 тэрбум ам.доллар л авах юм. Тэгээд дээрээс нь таван тэрбумыг алдана. Тэгтэл бөөний худалдааны зарчмаар мөнгийг нь бөөн аваад эдийн засгийн эргэлтэд оруулаад зах зээлийн эдийн засгийнхаа зарчмаар тавхан хувиар өсгөхөд 16 жилийн дараа 13 биш 20 гаруй тэрбум ам.доллартой сууж байх нь. Тэгэхлээр 13, 20 хоёрыг харьцуулахаар 20 нь илүү биз дээ. 13 тэрбум ам.доллароор зарах нь их тоо ч ерөөсөө баялгийн санд үлдэхгүй. Яагаад гэвэл 820, 820 сая ам.доллароор жил болгон идчихнэ. Нөгөө талд 10 тэрбум доллар аваад эдийн эдийн засгийн эргэлтэд оролцохоор баялгийн сан маань арвижаад 20 тэрбум доллар болох нь байна шүү дээ. Энэ мэтээр ингээд бодвол маш олон хувилбарууд байна. Тийм учраас бол бид ахмад геологичтой ч уулзаж байсан. Ерөөсөө коксжих нүүрс, чулуун нүүрсийг ингэж хольж зарах ёстой юм шүү. Хятадын хил дээр гаргангуутаа хольчихдог юм шүү. Цаашаа уурхай нь үйлдвэртээ өгөхдөө тэр хольсон нүүрсээ өгдөг юм. Манайхаас болохоор цаашаа хольж зардаг гэдэг. Тэгэхээр нөгөө дахин хэлье. Нөгөө бялууны жимс, шоколад нь эхлээд явчихаад, цоорчихсон харахад хүртэл үзэмжгүй гурил үлдээд байна. Ингэж болохгүй. Тэгэхлээр бид нар харамсалтай ийм алдаатай хийж байна. Энийг хэлж байгаад Б.Дэлгэрсайхан сайд битгий гомдоосой. Ц.Туваан сайд битгий гомдоосой. Л.Оюун-Эрдэнэ битгий гомдоосой, За С.Баяр гомдох гомдохгүй бол миний асуудал биш. Тэртээ тэргүй маш олон буруу юм хийсэн хүнд тэд нар гомдоно уу гомдохгүй юу өөрөө мэднэ. Би харин залуучуудыг, Оюун-Эрдэнийг битгий гомдоосой, харин миний хэлж байгаа үгнээс сургамж аваад нээрээ энэ чинь болохоо байчихсан юм байна аа гээд, Б.Дэлгэрсайхан сургамж аваад “Ингэж болохгүй юм байна аа. Сайнаар бодоход би ингээд хараагүй юм байна. Муугаар бодоход миний хийж байсан зүйл буруу байж, баригдчихаж. Тэгвэл би энэ сонгогчдыг яаж харна, ард түмнээ яаж харна. Би Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан түүх намтраа хараар бичиж үлдээх вэ гэдгээ бодоод сайхан засаасай гэж би зөвлөж байгаа юм.

-Энэ гэрээг одоо засах боломж байгаа юу?

-Байлгүй яах вэ.

-УИХ-аар оруулаад батлуулчихсан учраас гэсэн тайлбар яваад байна шүү дээ?

-УИХ-аар ахиад орно шүү дээ. УИХ-аар ахиж ороод энийгээ ард түмэнд нээлттэй болгоод ард түмнээрээ хэлэлцүүлэх хэрэгтэй. Н.Энхбаярын яриад байгаа нь үнэн юм уу үнэхээр тийм тоонууд байна уу үгүй юү. Тэгвэл тэр Тавантолгойд ажиллаж байгаа хүмүүсээсээ асуух хэрэгтэй. Тэд нар бас хэлэх хэрэгтэй. Яг ямар гэрээ болчихов гэж. Тэгээд энэ нь үнэхээр миний ярьж байгаа үнэний ортой бол энэ гэрээг ард түмнээрээ хэлэлцүүлээд буруу гэрээ болсон бол ямар хувилбар байх вэ гээд түрүүн миний хэлдгээр бөөний үнийн үнэ засахдаа бүүр ашигтай хэлбэр лүү засаж болох нь байна шүү дээ. Аль аль тал ашигтай.

Би 100 хувь гэж хэлж чаддаггүй юм. Яагаад гэвэл бурхан л 100 хувь хэлдэг байх. Би 99 хувийн баталгаатай нэг юм хэлчихье. Хятадын тал Монголын талд, Дэлгэрсайхан сайд Туваан сайд нарт алданги гэж яриагүй байх аа гэж 99 хувь бодож байна. Энийг бол зүгээр манай Дэлгэрсайхан Туваан хоёр зохиож бид нарыг айлгах гэж, бид нарыг сүрдүүлэх гэж, хуурах гэж ярьж байгаа болов уу. Хятад тийм орон биш. Хэлэх үгээ хэд дахин бодож байж хэлдэг орон. Ши Жиньпин дарга өөрөө Хятадын хөгжлөөс манай хөршүүд хожих ёстой гэж хэлчихээд байхад Хятадын нөхөр Б.Дэлгэрсайханыг, Ц.Тувааныг буланд шахаад л алданги тооц гэж хэлээгүй гэж 99 хувь итгэж байна. Тийм учраас энэ гэрээг нээлттэй болгох хэрэгтэй. Их хурлаар ахин хэлэлцэх хэрэгтэй. Тэгээд шинэ Ерөнхий сайдад Хятадын талтайгаа сайхан яриад хэлэлцээрээ шинэчлээч ээ гэж уриалмаар байна. Хятадын тал дахиж ярихад ерөөсөө эмзэглэхгүй. Хятад соёл нь өөр юм. Хятад бол Монголыг бодох юм бол наймаачин улс, хэлэлцээр явуулдаг соёл нь илүү.

Хэлэлцээр хийсэн ч гэсэн байнга тэрийгээ сайжруулж байдаг. Тэр нь харин гадаадынханд их төвөгтэй санагддаг. Энэ чинь одоо тохирчихсон биз дээ? Хятадууд болохоороо “Үгүй ээ энэ дээр бид нар алдчихжээ. Уучлаарай ахиад энийг сайжруулъя аа” гэдэг. Тэгэхээр дараачийн удаад бол хятадууд хүндэтгэнэ. Монгол чинь хэлэлцээр хийж чаддаг ард түмэн болчихлоо. Бид нарыг ашиглаж албан тушаалтнууд нь өөрийнхөө алдаад луйвраа хаадаг ард түмэн биш болчихож. Тийм учраас бид нар хэлэлцээрээ маш сайн бэлдэж харилцан хүндэтгэлтэй, хамтарч хийж хийе ээ гэдэг ийм сайхан дохио өгөх юм. Тэгэхээр хөрштэйгөө тийм сайхан эрүүл саруул тэгээд бие биеэ хуурсан биш, маш хүндэтгэлтэйгээр ажиллаж сурах хэрэгтэй. Бөөний үнээрээ хийж болно. Өөр ямар хувилбарууд байна вэ. Ямар ч байсан бид Баялгийн сандаа хуримтлал бий болгох гээд байна шүү дээ. Тэрийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж өөрийг нь өсгөх боломж байна. Мөнгө мөнгөө арвижуулдаг байхгүй юу. 10 тэрбум ам.доллар баялгийн санд байвал мөнгө өөрийгөө татна. Тэгээд 16 хувиар татна гэх юм бол бүүр аймаар юм болно. Мэдээж Сингапуртай адилхан амбицлаад яахав. Бид нарт тийм туршлага байхгүй. Гэхдээ тэр гадаад дотоодын сайн менежерүүдийн холимог баг аваад жилдээ тавхан хувиар өсгөхөд 16 жилийн дараа 20 гаруй тэрбум долларын хөрөнгө манай санд төвлөрөх нь байна.

-Манайх нүүрсний асар өндөр баялагтай. 2030 оноос өмнө энэ замаар хөгжвөл асар их боломж байгаа юм биш үү?

- Энэ бол гадаадын зарим оронд хийж байгаа хувилбар. Монголчууд бид ч гэсэн хөгжмөөр байна. Төмөр замаа тавимаар байна, цахилгаан станцаа баримаар байна, засмал замаа тавимаар байна, шинэ технологио хөгжүүлмээ, байна, хиймэл дагуул хөөргөмөөр байна, нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулмаар байна. Энэ мэтээр ингээд маш их ажил тулгамдчихсан байна шүү дээ. Тэгээд тэрийг хөрөнгө оруулах хөрөнгө өөрт нь байдаггүй. Бид маш өндөр хүүтэй зээл авдаг, тэр зээл нь дандаа бид нарын хувьд төлөхийн аргагүй хүнд. Манай хүүхдүүд төлчихнө биз дээ гэж хэлж болохгүй. Бид хүүхдүүддээ өр үлдээж болохгүй. Өөрсдөө энэ асуудлыг шийдээд хүүхдүүддээ харин баялгийн сангаа, баялгаа, хөгжлөө үлдээх ёстой. Бид урагшаа харсан, асуудлаа шийдчихсэн, дараачийн үе маань урагшаа харж ажилла та нарт ийм баялгийн сан өглөө, арвижуулаад өглөө шүү гэх хэрэгтэй. Байгалийн баялгаа идэж уугаад дуусаагүй юм байна, гадаадынхантай хэлэлцээр хийхдээ ингэж их алдаагүй юм байна гэсэн итгэлийг өгөх ёстой. Тэгвэл аав ээжийгээ хүндэтгэнэ, аав ээждээ баярлана. Тэгээд сайхан манай залуучууд улс орноо хөгжүүлэх ажилд ханцуй шамлан орно.

-За баярлалаа та бид хоёрын ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж Эрдэнэс Тавантолгойтой холбоотой тэр дундаа гуравласан гэрээ гэгдээд байгаа энэ төмөр зам луйвар уу үгүй юу гэдэг дээр бас тодорхой хэмжээний мэдээлэл өгч ард иргэдийг цэнэглэсэн танд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Тэгэхээр Их хурлын гишүүд маань сонор сэрэмжтэй байгаарай. Ийм битүү хатуу юмыг гар хүрээд битгий явуулж байгаарай. Дахин МАНАН битгий байгуулаарай. Ард түмэн маань энэ мэдээллийг ялангуяа байгалийн баялаг чинь ард түмний өмч юм чинь энэ одоо мэдээллийг нээлттэй сонсохыг шаардаж байгаарай. Энэ бүх хийж байгаа ажлыг бол өөрсдөө мэдэж, шүүмжилж, саналаа хэлж ингэж идэвхтэй оролцоорой гэж хэлэх байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 162 (7659)

 

DR. ADITY
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хөрш гурван улсын төрийн тэргүүнүүд уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр /2025.09.02/ ОХУ-ын Ерөнхийлөгч Влади

14 цаг 31 мин
ШХАБ-ын дараагийн арван жилийн түүх Тяньжин хотоос эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад ор

15 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын индэр дээрээс юуг онцлов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын индэр дээрээс юуг онцлов

18 цаг 25 мин
Н.Энхбаяр: Төмөр замын нууц гэрээг ил болгох ёстой

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр “ТВ9” телевизийн “Микрофоны ард” нэвтрүүлэгт уригдан цаг үеийн асуудлаар ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэе.

21 цаг 52 мин
МАН-ын даргын сонгуульд өрсөлдөөн гарах уу?

АН шинэ даргатай болсон. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ҮБХ, Их

21 цаг 52 мин
Лу.Гантөмөр Ерөнхийлөгчид нэр дэвших үү?

Лу.Гантөмөр АН-ын дарга болоод л АН-ынхандаа тувтан муулуу

21 цаг 52 мин
Энэтхэгийн Ерөнхий сайдын жиргээ

БНХАУ-ын Тяньжин хотноо болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээн

Уржигдар 16 цаг 47 мин
Видео: Орос, Хятад, Энэтхэгийн удирдагчдын уулзалт

БНХАУ-ыг Тяньжин хотноо болж байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүү

Уржигдар 15 цаг 42 мин