БНХАУ болон Дундад Азийн таван улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа Монгол Улсад туршлага болох нь

2024-02-21
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Т.ЧУЛУУН-ЭРДЭНЭ

 

Боловсролын ухааны доктор (Ph.D),  Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” хамтын хөгжил судалгааны төвийн хятад судлаач

 

Хятад улс ойрын жилүүдэд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд дэд бүтцийн хатуу холбоост анхаарсан хэвээр байх боловч цаашид уламжлалт дэд бүтцийн төслүүдэд шинээр хөрөнгө оруулалт хийхээс аль болох татгалзаж, эко технологид тулгуурласан шинэ эрчим хүчний салбар, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр хийх хандлагатай байна.

Хятад улс ч дэлхийд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч хамгийн том улс болоод байна.

Тус улсын нарны болон салхин эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын өсөлтийг доорх хоёр графикаас харна уу.

Эх сурвалж: https://www.carbonbrief.org/analysis-clean-energy-was-top-driver-of-chinas-economic-growth-in-2023/

Хятад улсын цэвэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж, 2023 онд 6.3 их наяд юань буюу 890 тэрбум ам.долларт хүрсэн нь 2022 оноос даруй 40 хувиар өссөн үзүүлэлт болов. Өсөлтөд нарны эрчим хүч, цахилгаан автомашин, батерей гэсэн "шинэ гурван" салбар хамгийн их нөлөөлжээ. Энэ өсөлт нь тус улсыг дэлхийн сэргээгдэх эрчим хүчний салбарын тэргүүлэгч орон болгож чаджээ. Цэвэр эрчим хүчний салбарын энэхүү асар том хөрөнгө оруулалт 2023 онд Хятадын эдийн засагт 11.4 их наяд юань буюу 1.6 их наяд ам долларын хувь нэмэр оруулсан байна. Хэрэв цэвэр эрчим хүчний салбар ингэж өсөөгүй бол Хятадын ДНБ засгийн газрын зорилтот 5.2 хувь биш харин ердөө 3.0 хувиар өсөх байсан гэж холбогдох судалгаанд өгүүлжээ [1]. Нэг үгээр хэлбэл Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь цэвэр эрчим хүчний салбар болоод байна.

Эх сурвалж: https://www.carbonbrief.org/analysis-clean-energy-was-top-driver-of-chinas-economic-growth-in-2023/

Ингээд энэ удаагийн нийтлэлдээ Дундад Азийн улс орнууд “Бүс ба зам” -ын хүрээнд Хятад улстай эрчим хүчний салбарт хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар уншигчиддаа сонирхуулахыг зорив. Яагаад заавал Дундад Азийн таван улс гэж? Учир нь бид бүгд далайгаар хүрээлэгдээгүй, түгжигдмэл гэсэн газарзүйн ижил онцлог байршилтай. Бидэнд тулгардаг хамгийн түгээмэл бэрхшээл бол газарзүйн онцлог байдлаас хамаарч далайд гарцтай орнуудаас хөгжлийн түвшнээрээ доогуур явдагт оршино. Казакстан, Туркменстан, Узбекстан, Киргизстан, Тажикстан улсууд бүгд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй боловч эрчим хүчнийхээ бараг 95 хувийг шатах ашигт малтмалаар хангадаг. Бид ч байгалийн нөөцөөр баян. Гэвч цахилгаан эрчим хүчнийхээ 93%-ийг нүүрснээс гарган авдаг [2]. Энэ бол дэлхий нийтээрээ ногоон, эко, тогтвортой хөгжил рүү шилжиж байгаа үед  улс орны хөгжлийн төдийгүй ард иргэдийн эрүүл мэндэд ч тун том асуудал дагуулж байна. Киргизстан, Тажикстан улсууд хуучин ЗХУ-ын байгуулсан дөрвөн улирлын чанартай усан цахилгаан станцыг түшиглэдгээс байнга цахилгааны хомсдолд ордог бол бид ч бас энэ  зовлонг туулж явна. Монгол Улс нийт цахилгаан эрчим хүчнийхээ 79.3 хувийг дотоодын эх үүсвэрээс, 20.7 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр хангадаг.

Ингээд хүснэгт 1-д Дундад Азийн таван улсын нийгэм, эдийн ерөнхий үзүүлэлтийг Монгол улсыг оролцуулан харьцуулав.

Дундад Азийн таван улсын эдийн засгийн ерөнхий үзүүлэлтийн харьцуулалт (2024 оны байдлаар)

Улс

Хүн амын тоо

Газар нутаг

1 хүнд ногдох ДНБ (ам доллар, 2022 он)

Эдийн засгийн тулгуур

Байгалийн баялаг

Ядуурал

Казакстан

18,3

2,724,900

14400

Газрын тос, хийн хоолойн экспорт, уул уурхай, үл хөдлөх, газар тариалан

Газрын тос, байгалийн хий, нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс

2.7%

Туркменстан

5,7

491,210

14180

Байгалийн хийн экспорт

Байгалийн хий, тос, хүхэр, давс

26.9%

Узбекстан

33

448,978

2710

Газар тариалан, аж үйлдвэр, машин механизм болон газрын тос, байгалийн хийн экспорт

Алт, уран, зэс, байгалийн хий, нүүрс

11.9%

Киргизстан

6

199,951

1930

Хөдөө аж ахуй, усан цахилгаан станц, цагаач ажилчдын мөнгөн гуйвуулга

Алт, газрын ховор элемент, сурьма, нүүрс

25.6%

Тажикстан

8,6

143,100

1270

Цагаач ажилчдын мөнгөн гуйвуулга, хөдөө аж ахуй, усны эрчим хүч

Усны эрчим хүч, цайр, сурьма, нүүрс, хар тугалга

31.5%

Монгол

3,4

1,564,116

4500

Уул уурхай, тэр дундаа нүүрс, зэс

зэс, алт, нүүрс, молибден, жонш, уран, цагаан тугалга, вольфрам

27.8%

Зохиогч эмхэтгэн боловсруулав.

Хүснэгт 1-ээс харахад Казакстан, Туркменистаны үзүүлэлт ойролцоо, бусад 5 орноос эдийн засгийн хөгжлийн түвшнээр харьцангуй өндөр байна. Хөгжлөөр хамгийн буурай Тажикстан улсын нэг хүнд ногдох ДНБ Туркменистан улсын 1/10-д ч хүрэхгүй байгаа нь эдгээр улсын хөгжлийн зөрүү их байгааг харуулна. Мөн Туркменстан, Монгол хоёр улсаас бусад нь эдийн засгийг хоёр буюу түүнээс дээш салбарын хүчээр авч явдаг байна. Монгол улсын 1 хүнд ногдох ДНБ 4500 орчим ам доллар буюу Казакстан, Тажикстан улсаас доогуур бусдаас нь илэрхий өндөр байна. Гэхдээ ядуурлын түвшингээр Тажикстан улсаас бусдаас нь өндөр байгаа нь тун хачирхалтай.

“Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны тухайд Хятад улс Дундад Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх төлөвтэй. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт томоохон хувийг эзэлж байна. Өнгөрсөн 2023 онд Хятадууд Дундад Азийн ногоон хөгжлийн салбарт нийт 1,3 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийж, 2030 он гэхэд 70% хүртэл нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн [3]. Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг тус бүс нутаг ихээр хийж байгаа нь Дундад Азийн улсуудад эрчим хүчийг төрөлжүүлэх, түүхий эрчим хүчний нөөцийг хэмнэх, Хятад руу чиглэсэн эрчим хүчний урсгалыг тогтвортой байлгах зэргээр орон нутгийн иргэдэд дунд хугацааны үр өгөөжөө өгөх [4] бол, урт хугацаандаа Дундад Азиас эрчим хүч импортлоно гэсэн тооцоо бий гэж судлаачид үздэг.

Эдийн засаг, хүн амын өсөлтийг даган Дундад Азийн улс орнуудын эрчим хүчний эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байна. АХБ-аас тус бүс нутгийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу CAREC-ийн  2030 оны эрчим хүчний хэтийн төлөвт судалгаа хийж, CAREC-ийн 10 орон болох Афганистан, Aзербайжан, БНХАУ, Казакстан, Киргизстан, Пакистан, Tажикстан, Tуркменистан, Узбекистан,  Монгол улсад БНХАУ-ыг оруулахгүй бол 136 тэрбум доллараас 339 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж тооцоолжээ. Харин Хятадыг оруулбал эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлттэй холбоотой хөрөнгө оруулалтын хэрэгцээ 2,9-3,8 их наяд ам.доллар болно гэсэн таамаглал дэвшүүлсан байна [5].

Өнөөдөр улс орнууд НҮБ-ын тогтвортой хөгжлийн бодлого, Парисын Хэлэлцээр зэрэг бодлогын баримт бичигт заасан үүргээ биелүүлэхийн тулд дор бүртээ сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, үүний тулд холбогдох бодлого, зохицуулалт, хууль эрх зүйн орчноо бүрдүүлээд явж буй. Монгол улс ч мөн адил. Бид  2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах, эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийн жинг 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавьсан.  Тэгвэл сэргээгдэх эрчим хүч бол дээрх зорилтуудыг биелүүлэхэд туслах хамгийн чухал арга зам болоод байна.

Хятад улс, Дундад Азийн таван орон болон Монгол улсын сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төрийн бодлогын баримт бичгийн талаар харна уу.

Улс

Сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжсэн бодлогын баримт бичгүүд

Одоо ашиглаж буй сэргээгдэх эрчим хүчний хувь

Сэргээгдэх эрчим хүчний эзлэх зорилтот хувь

Хятад

“14 дэх таван жилийн төлөвлөгөө”орчин үеийн эрчим хүчний тогтолцооны төлөвлөгөө”

“Устөрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэлийн дунд, урт хугацааны төлөвлөгөө (2021-2035 он)

“Эрчим хүчний технологийн хувьсгалын инновацийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2016-2030 он)

“2030 оноос өмнө хүлэмжийн хий ялгаруулалтыг дээд хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, “эрчим хүчний ногоон шилжилтийн тогтолцоог сайжруулах механизм болон бодлогын арга хэмжээний санал” гм

31.3%

Нар, салхи, ус,

Устөрөгч, биомасс,

2025-36%

2060-80%

Казакстан

“Хүлэмжийн хий бага ялгаруулдаг хөгжлийн хэтийн зорилт”

4.53%

Нарны болон салхин эрчим хүч

2030 -15%

2050-50%

Туркменстан

“2030 оноос өмнө сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх улсын стратеги”

“2022-2031 оны хүлэмжийн хий бага ялгаруулах хөтөлбөр”

0.03%

2030 он -10%

Узбекстан

“Шинэ Узбекстан 2022-2026” хөгжлийн стратеги

“2017-2025 оны Узбекстаны сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлөвлөгөө”

“2019-2030 оны Узбекстаны ногоон эдийн засагт шилжих стратеги”

10.2%

Усны эрчим хүч

2030 он -21%

Тажикстан

Сэргээгдэх эрчим хүчний тусгайлсан хууль байхгүй.

“Тажикстан улсын эрчим хүчний хууль”-иар зохицуулагдана

2.54%

Усан эрчим хүч

2030 он гэхэд

нарны болон салхин эрчим хүчийг  10%-д хүргэх

Киргизстан

“2019-2024 оны аж үйлдвэрийн тогтвортой хөгжлийн стратеги”

>1%

Усны эрчим хүч

2050-10%

 

Монгол улс

Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого 2015-2030 он

Үндэсний ногоон  хөгжлийн бодлого 2014

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль 2015

(Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр /2005-2020 он/, 2015 онд хүчингүй болгосон)

9.6%

Нар, салхи, ус

 

2023 он- 20%,

2030 он- 30%

Зохиогч эмхэтгэн боловсруулав.

Дээрх хүснэгтээс харахад Узбекстан улс бусад 4 улсаас сэргээгдэх эрчим хүчийг илүүтэй ашиглаж байна. Харин 2023 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска-гийн хийсэн судалгаа [6] -гаар манай улсад одоо салхин цахилгаан станц 3,  нарны цахилгаан станц 9 болон жижиг усан цахилгаан станцууд ажиллаж, нийт суурилагдсан хүчин чадлын 18,3%-ийг эзэлж байна. Гэвч эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадалд эзлэх хувийн жин дөнгөж 9,6%-ийг эзэлдэг. Үүнээс харахад Монгол улсад Дундад Азийн улс орнуудын нэгэн адил энэ салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт их шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Өнөөдөр Хятад улс сэргээгдэх эрчим хүчний дотоодын эрэлт хэрэгцээг тун сайн хангаж, энэ  давуу талаа ашиглан, ирэх жилүүдэд “Бүс ба зам”-д нэгдсэн, зам дагуух улс орнуудтай ногоон, хүлэмжийн хий бага ялгаруулдаг салбарт илүү төвлөрч, шинэ эрчим хүчний үйлдвэрлэл болон эко автомашины үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалтын хэмжээг улам нэмэгдүүлнэ. Төрийнх нь зүгээс ч  “ногоон торгоны зам” санаачилгын хүрээнд дотоодын хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагуудыг гадаад улс орнуудад энэ чиглэлийн төсөлд хөрөнгө оруулалт хийхийг ихэд хөхиулан дэмжиж байна.

Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбараа асар хурдацтайгаар хөгжүүлэн тэлж, үйлдвэрлэлийн илүүдэл үүсээд байгаа. Ногоон эрчим хүчний эд анги бусад үйлдвэрлэгчдээс илүү хямд байна. Жишээ нь Европын улс орнууд салхин турбины эд ангиас гадна цахилгаан автомашин, зай хураагуур, нарны фотоволтайк эд анги болон түлшний элемент зэргийг голчлон Хятадаас импортолдог. Нарны эрчим хүчний эд ангийн экспорт өртөгийн хувьд өрсөлдөх чадвартай, энэ нь АНУ болон Европт үйлдвэрлэсэн эд ангиас даруй 57%-ийг хямд байдаг ажээ[7]. АНУ-ын хувьд фотоволтайк модулийн сэлбэгийн  2/3 -ийг АСЕАН-ы орнуудаас авдаг. Гэхдээ Хятад компаниуд АСЕАН-д энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийгээд байна. Сэргээгдэх эрчим хүчний эд анги, тоног төхөөрөмж зах зээлээс хямд байгаа нь Дундад Азийн ногоон эрчим хүчний зах зээлд харьцангуй давуу тал үүсгэнэ.

Гэхдээ Дундад ази Хятадын хөрөнгө оруулалтаас гадна Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD), АХБ, Олон улсын Санхүүгийн корпораци зэрэг олон улсын санхүүгийн байгууллага, мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) зэрэг байгууллагууд тус бүс нутагт эрчим хүчний шилжилт хийхэд ихээхэн хэмжээний санхүүгийн болон технологийн дэмжлэг үзүүлдэг байна. Тодруулбал Дундад Ази дахь гадаад шууд хөрөнгө оруулалтыг Европын Холбоо тэргүүлж, АНУ, Орос удаалж, Хятад 4-т жагсдаг [8] . Энэ нь тус бүс нутагт хөрөнгө оруулалтыг дан нэг улсад түшиглэхгүй, олон талт санхүүжилтийн эх үүсвэрийг эрэлхийлдэг онцлогтойг харуулж байна

Харин Монгол Улсын хувьд цаашид “Бүс ба зам” санаачилгын хүрээнд шинэ эрчим хүчний салбарт өмнөд хөрштэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ.

Монгол улсын ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах төрийн бодлогын талаар сонирхож үзэв. Бид эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж, экспортлогч орон болно гэсэн том зорилго тавьжээ. Ингэхдээ эрчим хүчний салбарт шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг огцом нэмэгдүүлнэ, НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан болон бусад олон улсын санхүүгийн механизмаар дамжуулан сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хаягдлыг багасгах, нөөцийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх ногоон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн байна. Гэвч гурван улсын эдийн засгийн коридорын 32 төслийн хүрээнд “Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг судлах” гэсэн эрчим хүчний цор ганц төсөл оруулсан байна. Харин сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, төсөл лавтаа гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд бичигдсэнгүй.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын сэргэлтийг эн тэргүүний гэж тодорхойлсон бол дараагийн нэг чухал сэргэлт бол яалт ч үгүй эрчим хүчний сэргэлт, хөгжлийн асуудал байна. Тус бодлогод сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэхээр тусгаж, байгальд ээлтэй дэвшилтэт технологид суурилан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төслүүд, шинжлэх ухаан технологид суурилсан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлнэ гэж заасан нь тун талархууштай. Бид уул уурхай дээр түшиглэж эдийн засгаа хөгжүүлдэг. Тэгвэл ирэх жилүүдэд төмөр зам, боомтын хөгжлийг түргэтгэх арга хэмжээгээ улам сайжруулж уул уурхайгаас олох орлогоо нэмэгдүүлэн, олсон орлогоороо эко ногоон сэргээгдэх эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт хийж, өмнөд хөрштэй хамтарч дорвитой бүтээн байгуулалтыг хийх цаг ирсэн байна.

Манай стратеги судалгааны нэгэн авъяаслаг судлаач асан М.Батчимэг “Шатрын өрөг дэх Монгол”  улс номдоо нэгэнтээ “Жижиг улсад ч өөрийн давуу тал байдаг. Монгол Улс хэдийгээр улс төр, эдийн засгийн хувьд БНХАУ-аас ихээхэн хамааралтай боловч нөгөө талаас энэ байдал нь Монгол Улсын хувьд хоёр орны харилцаанд улам идэвхтэй байр сууринаас хандах үндэс болох учиртай. ..... Монгол-Хятадын харилцааг цаашид ямар чиглэлд, ямар агуулгаар баяжуулж, оршиж байгаа асуудлуудыг хэрхэн засч хоёр орны аюулгүй байдал, хөгжил дэвшилд хэрхэн үр нөлөөтэйгээр чиглүүлэх вэ гэдэг асуудалд чухамдаа Монголчууд бид л бусдыг харалгүй идэвх санаачилгатай ажиллах ёстой. Эс тэгвээс ашиг сонирхолыг нь шууд хөндсөн дотоод гадаадын олон асуудлаар цаг наргүй ажиллаж байгаа их гүрний засгийн газар хоёр орны асуудлаар монголчуудын ашиг сонирхолд нийцсэн тодорхой бодлого, зорилт дэвшүүлж, уриалан дуудахыг нь хүлээвэл бид өөрсдөө  хохирч, цаг, минутаар хэмжигдэх болсон дэлхийн хөгжлөөс улам хоцрох болно. Идэвх гарган ажиллах аваас олон асуудалд бидний хүссэнээр шийдвэрлэгдэх боломж их бий” гэж тун зөв өнцгөөс бичсэн байна (х.239-240). Тиймээс байгальд ээлтэй, ногоон эко сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийг төмөр зам, авто зам, боомтын хөгжилтэйгээ зэрэгцүүлэн урагш ахиулах дорвитой төсөл хөтөлбөр санаачилан өмнөд хөрштэйгээ хамтран ажилламаар байна.

Өнгөрсөн жилийн  “Бүс ба зам”-ын гуравдахь удаагийн чуулганаар Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх эдийн засаг, нийгмийн хөгжлийг байгаль, экологийн хамгаалалтай нягт уялдуулж, байгальд ээлтэй сайн туршлагыг нэвтрүүлж, цэвэр, шинэ эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар “Ногоон торгоны зам”-д идэвхтэй оролцохыг хүсч байгаагаа Хятадын засгийн газарт дамжуулсан. Энэ нь төрийн зүгээс Хятад улстай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтрах сонирхол, хүсэлт, шаардлагаа бүрэн илэрхийлсэн хэрэг гэж ойлгож байна.

 

Ашигласан эх сурвалж:

[1] Analysis: Clean energy was top driver of China’s economic growth in 2023. https://www.carbonbrief.org/

[2] Energy in Mongolia. https://en.wikipedia.org

[3]Economic Cooperation between Central Asia and China. https://www.eurasian-research.org/

[4] Eclipsing Russia: China’s green energy expansion into Central Asia.  https://thechinaproject.com/

[5] Five things to know about the future of energy in Central Asia. https://www.adb.org/

[6] Mongolia's Clean Energy Transition: A Pathway to Sustainable and Inclusive Development https://www.undp.org

[7] [4]-тай адил

[8] Green priority will create win-win outcome. https://www.chinadaily.com.cn/

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 34 (7278)

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Уржигдар 18 цаг 01 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Уржигдар 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Уржигдар 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Уржигдар 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Уржигдар 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Уржигдар 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Уржигдар 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Уржигдар 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Уржигдар 07 цаг 45 мин