• Зууны мэдээ сонин онлайн захиалга

IPO-д зардал гаргасан банкууд хэрхэх вэ?

Б.ДАРЬСҮРЭН

Арилжааны банкууд мэргэжлийн байдлаа хадгалж ямар нэгэн анхаарал татсан асуудалд дуу хоолойгоо хангалттай илэрхийлж чаддаггүй.  Үүний жишээ нь өнгөрсөн зургадугаар сард парламентаас  IPO хийх хуулийн хугацааг сунгачихлаа. Харин IPO хийхээр зардал гаргачихсан банкууд гайхсан байдалтай байгаа нь нууц биш.  Цаашид банкууд хуулийн дагуу бүх шаардлагаа хангаад IPO хийхээр төлөвлөж буй. 


Тухайлбал, Голомт банк нээлттэй банк гэж зах зээлд өөрсдийгөө зарлаж, Хаан банк дахин брендинг хийж, Хас банк хөрөнгө оруулагчийн хүлээлгийн өрөө нээжээ. Он гарсаар хөрөнгө оруулагчдын форум бүр дээр банкууд төлөөллөө оролцуулсан гэж болно. Тэд бэлэн боловч IPO гаргах асуудал ойлгомжгүй хэвээр байна.   Энэ талаар эдийн засагч Г.Батзориг “Монголбанк IPO гаргах асуудлаар хоёр үзүүртэй хутга мэт мэдэгдэл хийсэн. Тодруулбал, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярихдаа банкны IPO-г болно бүтнэ гэсэн атлаа ердөө маргааш нь Байнгын хорооны хурал дээр банкны IPO-г хугацааг нь сунгах хүсэлтэйгээ мэдэгдсэн. Яг ямар зорилготой байгаа нь огт ойлгомжгүй. ОУВС-гаас 2017 онд зээлийн чанарын үнэлгээ хийсэн ч дахин таван жил хийсэнгүй. Дэлхийн аудитын топ дөрвөн компани арилжааны банкуудын тайланг шалгадаг. Ийм байтал Монголбанк өөртөө ч итгэдэггүй, ОУВС-д л итгэдэг бололтой. Бид хэзээ л нэг ОУВС-гийн үг авдаг байлаа.  Зүгээр л шалтаглаж байгаа нь тэр. Юутай ч монголчууд өөрсдөө “Баялагтаа эзэн Монгол” баймаар байна шүү. Үүний эхлэл нь банкны эзэн болохоос эхэлнэ. Монголд яг нэг юм болж бүтэхийн даваан дээр болохоо байчихдаг. Бүр хоёр тал тохиролцчихсон байхад гуравдагч этгээд ороод самарчихдаг. Койн руу наад зах нь хоёр их наяд төгрөг эргэлдэж, хүмүүс мөнгөө алдахад төр хаана байсан бэ.  Банкуудын эхний IPO-г 600 тэрбум төгрөг гэдэг хангалттай босчихоор мөнгө шүү” гэлээ. 


Уг нь Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо гээд мэргэжлийн байгууллагууд нь IPO хийхийг дэмжин ажиллахаа мэдэгдсэн. Банкийг худалдаж авах мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангуудаас гадна хувь хөрөнгө оруулагч нар байгаа аж. Наад зах нь банкны хадгаламж дээр инфляцид идүүлчихсэн долоон хувийн өгөөжтэй 18 их наяд төгрөг бий. Банкны эзэн болчихвол 20 хувийн өгөөжтэй болно. Монголчууд ашигтай компаниудаа нээлттэй болгож, баялгийн тэгш хуваарилалт хийж, ард түмэнтэйгээ хамт үр ашгийг нь хүртэх боломжийн өмнө ирээд байна. Өөрөөр хэлбэл, бидний олон жил бэлэн биш гэж ярьсан худалдан авагч бэлэн гэдгээ зарлаад зөндөө хугацаа өнгөрчихлөө. 

 

Г.Ганзориг: Он дуусахаас өмнө банкууд IPO хийх боломжтой болно

Банкны тухай хууль хэрэгжих явцад Монголбанк болон ОУВС-гаас тавьсан шаардлага, дүгнэлтийн хүрээнд нээлттэй хувьцаат компани болох эцсийн хугацааг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгаад байгаа билээ. Энэ талаар Мандал Ирээдүйн Өсөлт сангийн менежер, эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа. 


-Банкны IPO хийх хугацааг сунгаад хоёр  сар гаруйн  хугацаа өнгөрсөн. Хуулийн үр дүнг юу гэж харж байна?


 -Хойшлуулсан явдал бол мэдээж сайн зүйл биш. Гэхдээ энэ нь банкны системд хийгдэж буй реформыг илүү чанартай, илүү далайцтай болгоход чиглэсэн гэж ойлгож байгаа. Процессын хувьд системийн ТОП-5 банк дээр АQR буюу Активын чанарын үнэлгээг хийлгэж эхэлсэн. Энэ нь банкуудын зээлийн чанарыг үнэлэх зорилготой бөгөөд банк тус бүр дээр 40 зээлийг сонгон шалгаж байна. Гэхдээ энэхүү шалгалт дуусах шатандаа орсон. Он дуусахаас өмнө хэд хэдэн банкнууд IPO хийх боломжтой. Өнгөрөгч зургадугаар сарын 30-ны өдөрт багтаан нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл хэдийнэ хангаад байсан банкууд дээр төдийлөн өөрчлөлт гарахгүй байх. Өөрөөр хэлбэл тэдгээр банк оноос өмнө гарах болов уу гэж харж байна.  Нөхцөл байдлыг харвал хамгийн түрүүнд Төрийн банк IPO хийх бололтой. Өнгөрсөн зургадугаар сарын 30-нд эрх бүхий гурван байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид Төрийн банк өөрийн үнэт цаасны танилцуулгаа өгсөн. Мөн IPO-той холбоотой дотоод ажлууд нь тухайн банканд дээр маш эрчимтэй явж байна. 


-Банкнууд болон Монголын хөрөнгийн бирж-д бүртгэлтэй хувьцаат компаниудын 2022 оны эхний хагас жилийн тайлан гарсан долоо хоног болон өнгөрлөө. Банкнуудын санхүүгийн үзүүлэлт хэр гарсан бэ?


-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа гэхэд үнэхээр сайн гарсан. Системд нөлөө бүхий  таван банкны өөрийн хөрөнгийн өгөөж 16-25 хувь байна. Өөрөөр хэлбэл, та банкны хувьцаа эзэмшигч болсноор жилийн хугацаанд хамгийн багадаа 16 хувийн өгөөж хүртэнэ гэсэн үг. Мандал Ирээдүйн Өсөлт сангийн тухайд Банкны удирдлагуудтай гэрээ, хэлэлцээрийн түвшинд ажиллаж байна. Хамгийн чухал нь эрүүл засаглалтай, тогтвортой өсөлт үзүүлэх, эдийн засгийн цикл дагадаггүй банканд манай сан хөрөнгө оруулалт хийнэ. 
Банкнуудын онцлох үзүүлэлтийг дор хураангуйлж үзвэл: 
-Хаан банк нь хагас жилд нийт 225 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь санхүүгийн салбарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо;
-Голомт банкны цэвэр ашиг 57 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны үеэс 6.8 дахин өсжээ;
-ХасБанкны чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлт 3.5 хувь байгаа нь системийн бусад банкнуудтай харьцуулахад хамгийн бага үзүүлэлт юм;
-Худалдаа Хөгжлийн Банкны нийт орлогын 44.6 хувийг хүүгийн бус орлого бүрдүүлснээр цэвэр ашиг 149 тэрбум төгрөг байна;
-Төрийн банкны эрсдэлийн сангийн зардал 99.8 хувиар буурч, харилцах данс 29.1 хувиар нэмэгдсэн нь цэвэр ашиг өмнөх оны үеэс 2.3 дахин нэмэгдэж 70 тэрбум төгрөгт хүрсэн;
Энэ цаг үед иргэд банкны хувьцаа эзэмшигч болох нь эдийн засгийн өсөлтөөс ашиг хүртэх хамгийн том суваг болох нь дамжиггүй. 


-Мандал Ирээдүйн Өсөлт сангийн үйл ажиллагаа хэр явж байна даа?
-Мандал хөрөнгө оруулалтын сан бол 7000 гаруй хөрөнгө оруулагчтайгаар үйл ажиллагааг эхэлсэн. Бид одоо нэг жилийн босгоо давах гээд явж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам манай хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байна.  Хөрөнгө оруулалтын сангийн хамгийн том давуу тал сая гарлаа. Тэр нь хэрэв хүмүүс банкны IPO гээд мөнгөө хадгалж байсан бол өсөлтгүй, өгөөжгүй хэвтэх эрсдэлтэй байлаа. Гэтэл сан нь IPO хойшилсон ч өөр бусад хөрөнгө оруулалт хийх замаар сангийн хөрөнгийг тасралтгүй нэмэгдүүлсээр байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 147 (6879)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.