Байгаль өөрөө зочилдог Пүүжээ багшийнх

2018-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО Пүүжээ багш хашааныхаа хаалгыг онгойлгож өгөөд “Ор, ор” гэж дохив. Машинтайгаа ороод явчихад хайран, хашааных нь зүлэг нов ногоон харагдаад болдоггүй. “Болох юм уу багш аа” гэж дахин асуучихаад зориг муутайхан урагшиллаа. Тэрээр “Машины дугуйнаас зүлгээ хамгаалаад тор татчихсан байгаа. Хөрсөнд ямар ч аюулгүй” гэсээр хаалгаа хаав. “Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн зочин бол эрдэмтэн, судлаач Ш.Пүрэвсүрэн. Энэ насныхаа амьдралыг байгальд зориулсан энэ хүний амьдран буй орчноо хэрхэн өөрийн хөдөлмөрөөр бүтээн босгосныг сурвалжлахаар, үлгэр дууриал авахаар, уншигчиддаа дамжуулан хэлэхээр зорьж очсон нь энэ. Нийслэлийнхэн зүлэг ногоо, мод, цэцэг, жимс, гол ус бараадан хотоос гарч байхад, гэртээ, хашаандаа бидний мөрөөдөн суудаг тэр бүгдийг бүтээчихээд харах бүртээ аз жаргалыг мэдрэн суугаа хөдөлмөрч айлуудын нэг бол Пүүжээ багшийнх. Нов ногоон зүлэг, ойг санагдуулам модод, ногооны талбай, байшингийн сууриар даган ургасан сарнай цэцэг гээд зуслангийн хашаагаа цэцэрлэгт хүрээлэн болгосон энэ айлын арга туршлагыг нь хуваалцахаас өмнө нийтлэлийн зочин болсон Пүүжээ багшийн талаар хэдэн үг хүргэе.   ЭРДЭМД ХОРХОЙССОН “ХЭНХЭГ” ХҮҮГИЙН СОНИРХОЛТОЙ АМЬДРАЛ [caption id="attachment_43107" align="alignnone" width="645"] 2007 онд Хустайн нуруунд нэг шөнийн дотор 10 гаруй буга буудсан хэрэг гарсан. Тэр хэрэг дээр ажиллахдаа энэ өнчин янзагатай тааралдаж ойролцоох айлд хүргэж өгчээ.[/caption] Тэрээр багш, эрдэмтэн, судлаач, нийтлэлч, сэтгүүлч, байгаль хамгаалагч гэсэн тодотголтой. Тэр дундаас эрдэмтэн багш гэсэн гуншин нь эцэг эхээс хайрласан нэрнийх нь өмнө ихэвчлэн холбоотой явах юм билээ. Ш.Пүрэвсүрэн Увс аймгийн Баруунтуруун суманд аав ээжийнхээ хоёр дахь хүү болон мэндлээд тавхан настай байхдаа бичиг үсэг сурчээ. Өөрийн үзсэн харсан, мэдсэн, сурснаа бусдад дамжуулахыг хүсдэг тэрхүү сонирхол нь таван настай дуудагч жаалаас эхтэй гэнэ. Монгол бичгээ түлхүү хэрэглэдэг, кирил үсэгт тааруухан Шарав гуай хүүгээрээ элдэв ном, сонин дуудуулах дуртай байж. Дүү нартаа сайн дураараа хичээл заагаад үгэнд нь орохгүй болохоор жавтий хүртээчихдэг “хэнхэг” хүүгээ яараад байхаар нь долоон настайд нь сургуульд оруулах гэж үзсэн ч зөвшөөрөөгүй аж. Ийнхүү хар багаасаа эрдэмд хорхойссон хүү 1977 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд элсэн орж хөрс судлагч, агрохимич мэргэжлээр улаан дипломтой төгссөн нь түүний амьдрал байгаль орчин, эх дэлхийтэйгээ салшгүй холбогдох эхлэл нь болжээ. Сургуулиа төгсч ирээд Хөдөө, аж ахуйн яаманд ажиллах хугацаандаа одоо асуудал болгож яриад байгаа газар тариаланд уринш бэлтгэдгийг болиулах талаар идэвхтэй ажилласан ч дийлээгүй гэдэг. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудад сүү, тарга тэвээрэг сайтай үнээний гол тэжээл болох царгасыг Монголд тариулах талаар насаараа хөөцөлдөж байгаа эрдэмтэн билээ. Пүүжээ багш төрийн албанд зүтгэж байгаад 1985 оноос Хөдөө, аж ахуйн их сургуульд багшаас декан хүртэл 10 гаруй жил ажилласан ба одоо ч ХААИС-ийн Агро-Экологийн сургуулийн профессорын багт ажилласаар байна. Олон зуун шавь нь өдгөө түүний хийсэн бүтээснийг түмэн олонд хүргэх, зорьж сэдснээ бүтээхэд нь туслан амьдралынх нь бат бэх тулгуур болсныг ярьж байлаа. Шинжлэх ухааны Академийн Газарзүйн хүрээлэнд зөвлөх, Монголын Мянганы сорилтын сангийн байгаль орчин, нийгмийн асуудал эрхэлсэн захирал, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын зөвлөх, Монголын байгаль хамгаалах сангийн тэргүүн гээд түүний байгаль хамгааллын чиглэлээр ажилласан замнал арвин түүхтэй юм билээ. Харин одоо 1997 онд өөрөө үүсгэн байгуулсан, байгаль орчныг хүмүүсний халдлагаас хамгаалах зорилготой “Монголын ногоон загалмай нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байна. Пүүжээ багштай ярилцаж суухад түүнийг их сониуч, хөдөлгөөнтэй, хөдөлмөрч хүн юм гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Ажил хэргийн, амьдралын найзууд, танилуудынх нь нийтлэг дүгнэлт ч тэр. Зөвхөн өөртөө үзээд өнгөрөх биш бусдад дуулгах гэсэн хүсэл эрмэлзэл нь түүнийг хэзээ хойно сэтгүүлч мэргэжлээр суралцахад нөлөөлжээ. Байгаль орчны чиглэлээр хоёр баримтат кино, 20 гаруй ном, 200 гаруй нийтлэл, ярилцлага, сурвалжлагыг олон түмэнд хүргэснээс ашигт малтмал, ялангуяа, алт бол энэ улсын ирээдүй биш шүү гэдгийг сануулсан “Алт хар мөртэй гэж үнэн үү”, “Минаматагийн сургамж”, “Циан үхэл, мөнгөн ус мөхөл дагуулдгийн 10 учир шалтгаан”, “Ноён уулаа ухуулж байгаль орчноо хордуулах уу”  зэргийг нэрлэж болно. Нэгэн цагт түүнд гадны нэгэн иргэн “Танай улсад алмаз илрээгүйд баярла даа” гэж хэлсэн гэнэ билээ. Үр хойчдоо өвлүүлэн үлдээх нутгаа хамгаалахын тулд үлдсэн амьдралдаа чадах бүхнээ л хийнэ гэж Пүүжээ багш ярих. Сониуч зан нь түүнийг дэлхийн таван тивийн 50 гаруй орноор аялуулсан бөгөөд  “Шөнө дундын нарны орон”, “Цэнхэр гаригийн сонин”, “Миний орчлон XX зуун” зэрэг танин мэдэхүйн цувралууд нь Дэлхийн банкнаас зарласан тендерт шалгаран орон нутгийн номын сангуудад үнэ төлбөргүй тараагдсан байна. Пүүжээ багш сүүлийн жилүүдэд байгаль хамгаалал, судалгааны чиглэлээр түлхүү ажиллаж байна. Газар, дэлхийтэйгээ шүтэлцээтэй амьдрахын сайхныг өөрийн биеэр үлгэрлэж байгааг бидний очсон зуслангийн газар нь бэлхнээ гэрчилж байсан юм.   ДЭЭРЭЛХҮҮ КАНАД БӨӨРӨЛЗГӨНӨ, ШАРТАЙ МОНГОЛ ЗҮЛЭГ [caption id="attachment_43110" align="alignnone" width="645"] Жилд хоёр метр өндөр ургадаг польш бургас буюу саваа модыг гэрийн унь, уурга хийхэд ашиглавал тун боломжтойг тэрээр хэлж байв.[/caption] Пүүжээ багш одоогоос 10 гаруй жилийн өмнө хань Батбулгаатайгаа хамт зуслангийн энэ газартаа мод тарьжээ. Ойр хавийнх нь айлууд “Байшингаа бариагүй байж, мод тариад” гэж гайхан ярьж байсан гэнэ. Ер нь газраа ногооруулахыг хүссэн хэн бүхэн модноос эхэлсэн нь дээр гэж тэрээр зөвлөлөө. 2004 онд түүнийг Хавайд очиход манайх шиг төмөр, бетонон хашаатай айл байхгүй, дандаа ургамлан хашаа хийсэн байж. Тиймээс үүнийг туршихаар шийдээд ирэнгүүтээ газраа тойруулан 500 орчим одой хайлаасны суулгацыг ойр ойрхон тарьсан нь өнөөдөр 4-5 метр өндөр ургасан амьд ургамлан хашаа болжээ. Хүйтэн, халуунд хамгийн тэсвэртэй нь хайлаас. Ийнхүү газраа хашаалж мод тарих нь салхинаас хамгаалсан нэг ёсны бичил уур амьсгал бүрдүүлж өгдөг байна. Тарьсныхаа дараа 50-60 см өндөрт хүрэнгүүт нь тайрч эхэлбэл эгц өөдөө саваа шиг биш саглайж ургадгийг бас зөвлөв. 1958-1961 онд Хятадад нүүрлэсэн их өлсгөлөнгийн үеэр иргэд нь хайлаасны үндэс идэж амь аврагдсан бөгөөд ариун мод хэмээн шүтдэг аж. Ийнхүү хашаа болгосон хайлаасныхаа хажуугаар шахан  польш бургас тарьжээ. Манайхан саваа мод гэж нэрлэдэг байна. Жилд хоёр метр хүртэл өндөр ургадаг энэ модыг гэрийн унь, уурга хийхэд ашиглавал тун боломжтойг тэрээр хэлж байв. Хашаанд тарихад нисдэг хар хорхой цуглуулаад байдаг гэмтэй ч Монгол орныг аврах ганц ургамал бол шар хуайс гэлээ.  Энэ нь нэг төрлийн харгана юм байна. Зуданд малыг авардаг ганц ургамал бөгөөд өвөрмонголчууд харгана тарьж цөлжилтөө зогсоож байгаа туршлагатай. Тэгэхээр улс даяараа харгана тарих хөдөлгөөн өрнүүлэх бүрэн боломжтойг хэллээ [caption id="attachment_43109" align="alignnone" width="645"] Манжуураас авчирсан гоёмсог давжаа хөх гацуур.[/caption] Энэ мэтчилэн мод бүрийнхээ үүх түүхийг бидэнд сонирхуулан ярьж өгөв. Манжуураас авчирсан давжаа гоёмсог хөх гацуур, монгол нарс, орос цагаан хус, далий ягаан гээд тэдний хашаанд байхгүй юм алга. Өөрсдөө тариагүй байхад хашаанд нь ургачихсан бурханы бэлэг гэлтэй ургамал хүртэл олон байгааг харуулсан юм. Сахартай хүнд гойд сайн “Иван чай”, царван хүртэл хашааных нь тэг дунд гозойгоод ургачихсан байгааг харах тун сонин байв. Пүүжээ багш арваад жилийн өмнө Канадаас бөөрөлзгөний суулгац гурван ширхэгийг “хулгайлаад” ирж л дээ. Хулгайлах ч гэж, хилээр гаргадаггүй ургамлыг сонинд ороогоод чемодандаа хийчихсэн нь өнөөдөр тэднийд хамгийн холоос ирсэн, бас хамгийн “дээрэлхүү” ургамал болчихоод байгаа гэнэ. Яг л зэрлэг ургамал шиг хөрс голохгүй салаалж ургаад дийлддэггүй эд юм байх. Гуравхан ширхэг суулгац нь үхрийн нүдний талбайг нь бараг булаачихсан, хүлэмж рүү нь дайраад орчихсон, одоо бүр хажуу талынх нь айлын хашаа руу өнгөлзөж байгаа гэнэ шүү. Канад бөөрөлзгөнийн мод нь монгол хөрсөнд тун дуртай ургадаг, маш тэсвэртэй ургамал болохыг эрдэмтэн маань олж мэдсэн нь энэ. [caption id="attachment_43108" align="alignnone" width="645"] “Манайхан нэг наст цэцгэнд жил бүр их мөнгө зарах юм. Манай хашаанд олон наст зэрлэг сарнай ургаад болоод л байна”.[/caption] Гаднаас авчирсан ургамлын “дээрэлхүү” занг нь гайхсан Пүүжээ багш монгол зүлэгнийхээ “шаралхуу” байгааг бас инээд алдан хүүрнэсэн юм. Тэрээр хашаагаа ийнхүү ногооруулахад гүний худаг гаргаад усалгааны системтэй болчихвол маш хэрэгтэйг хэлсэн. Усалгааны систем тавихдаа хашааныхаа зүлгийг халцалсан газартаа Америкаас авчирсан зүлэгний үр тарьжээ. Тэр зүлэг нь маш сайн ургасан. Харин түүнийг дагаад нутгийн буюу байгалийн зүлэг нь дорхноо сэргэж, нөгөө холын Америкаас ирсэн зүлгийг дор нь түрээд хөөчихөж. “Зарим нь дээрэлхээд, зарим нь дээрэлхүүлээд энэ харийн ургамлууд их сонин байгаа биз” гээд сониуч багш маань инээв. “Манайхан нэг наст цэцгэнд жил болгон мөн ч их мөнгө зарах юм. Манай хашаанд олон наст зэрлэг сарнай ургаад болоод  л байна. Одоо япон сакура хойтонгоос  туршиж үзнэ ээ” гэж тэрээр ярилаа.   ХАМГААЛАГЧ ШААЗГАЙ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭГЧ ТУУЛАЙНЫ ТҮҮХ [caption id="attachment_43105" align="alignnone" width="645"] Тэд өглөө бүр хүлэмжнээсээ шинэхэн өргөст хэмх, улаан лооль, зуушны навч түүж иддэг.[/caption] Тэдний зусланд сонирхолтой зүйл их олон. Ургамал, мод нь хүртэл өөрсдийн адал явдалтай. Байгалиа хайрладаг хүнийг амьтан хүртэл мэдэрдэг гэлтэй. Хашаа хийсэн хайлаасаа уг нь нэг метр хүрэхээр нь тайрья гэж бодож байж л дээ. Тэгсэн нэг өвөл хоёр туулай хашаанд нь ирчихсэн байж. Хөөрхөн юм гээд өхөөрдөж байтал нөгөө хоёр нь хайлааснуудыг нь талд нь хүртэл мэрээд идчихсэн байна гэнэ. Ингээд хашааныхаа доод хэсгээр тор татахаас эхлээд хоёр туулайтай хөөрхөн дайтжээ. Гэтэл туулай бол сайн цэцэрлэгжүүлэгч гэдгийг идүүлсэн хайлааснууд нь нотолж янзын сайхан саглайгаад ургасан гэнэ. Метр хүртэл нь хүлээх шаардлагагүй, 50-60 см хавьцаа хүрэхэд нь тайрах хэрэгтэй гэж туулайнаас олж мэдсэн туршлагаа бидэнд ярилаа. Ногооны талбайд нь зурам үүрлээд зөндөө зулзага гаргачихаж. Ногоог нь тэсгээхгүй байх даа гэсэн хүмүүст “Яахав хуваагаад л идчихье” гэж хариулдаг гэнэ. Харин ч зурам ирснээс хойш үхэр оготно харагдахаа больжээ. Тэдний хажуу айлд мөн л хөдөлмөрч өвөө эмээ хоёр байдаг аж. Өндөр ургасан чацарганын модон дунд нь хоёр шаазгай үүрээ засч л дээ. Шаазгай их хашин шувуу болохоор энд тэнд үүрээ засаад хамгийн аюулгүй гэсэндээ өндөглөдөг аж. Пүүжээ багшийн хашааны модноос тасхийтэл хугалж аваад л үүр лүүгээ зөөгөөд байж. Эхнэр нь аминдаа модоо харамлаад хэрэндээ дургүйхэн л байж. Шаазгай амандаа хоёр мөчир зуучихаад холооc нисч ирээд буухдаа салхинд мод нь савлаж, далбилзаад яг л онгоц бууж байгаа аятай сүртэй харагддагийг яриад хоёулаа хөхрөлдлөө. Тэгсэн нэг өдөр үүр нь мөчиртэйгөө хугараад уначихаж. Нөгөө хоёр шаазгай чинь Пүүжээ багшийн хашаанд орж ирчихээд “Чамаас л боллоо” гэсэн шиг нэгнийгээ хөөгөөд, хэрэл­дээд байж. Иймэрхүү хөгтэй, хөөрхөн гэр бүл зургуулаа болж аваад үүрээ орхиод нисчээ. Одоо оройдоо ирж үүрээ шалгачихаад буцдаг гэнэ лээ. Элээ, хэрээ, болжмор ямар л шувуу харагдана орилоод хөө­чихдөг. Жимсээ шувуу­наас хамгаалах гэж яддаг байсан хажуу хашааны эмгэн өвгөн хоёр шааз­гайн буянаар санаа амар суудаг болсон гэнэ лээ. “Шувууны дуу ямар сайхан гээч. Хавар нэг өөр сонсогдоно. Хань ижил нь явчихаар нэг өөр дуугарна. Хүн гэдэг амьтан байгалийн энэ сайхныг мэдэрдэггүй юм байна. Тэдэн дунд амьдраад ирэхээр ямар гайхамшигтай болохыг нь өдөр бүр мэдрэх юм даа” гэж тэрээр ярьж байлаа. Өдөр бүр ан амьтад, ургамал модноосоо амьдрал олж хардаг нь байгальд хайртай хүнд байгаль өөрөө ирдэг гэлтэй. Тэд өглөө бүр хүлэмжнээсээ шинэхэн өргөст хэмх, улаан лооль, зуушны навч түүгээд идчихнэ. Хашаан дотроосоо мөөг түүгээд хоолондоо хийчихнэ. Хүн бол байгалийн амьтан. Байгальдаа л ойрхон байвал түүнийг хайрлаж, энэрч чадвал амьдралын утга учрыг үнэнээр нь ойлгоно. “Чи Заамар сумынхныг хар даа. Өнөөдрийг хүртэл тэндээс 100 гаруй тонн алт гарлаа гэж байна. Гэтэл тэр сум элгээрээ хэвтлээ шүү дээ. Хөгжсөн нь хаана байна. Алт, ашигт малтмал бол хөгжил биш шүү. Бид алтаа ухахгүй амьдарч чадна. 50-60 сая мал бидэнд байна. Өлбөрч үхтлээ хол шүү дээ. Энэ багахан талбайд тарьсан төмс манай жилийн хэрэглээ. Хүний идэх хэрэгцээ ердөө ийм бага. Хэрэгцээндээ тааруулаад амьдраад байхад үүнээс илүү юу хүсээд байна вэ” гэсэн түүний үг нэгийг бодогдуулна. Амьдран буй орчноо тордоод Монголдоо сайхан амьдарч болдгийн жишээ энэ. Дүүрэг, сум бүрт нэг айлыг ийм болоход нь дэмжээд өгвөл, сайн туршлага амархан дэлгэрнэ дээ гэсэн санааг тэрээр хэлж байлаа. Ийнхүү эрдэмтэн, судлаач, багш Ш.Пүрэв­сүрэнгийнд зочил­сон нэг өдөр олз ом­гоор дүүрэн өнгөр­лөө. “Ингэсгээд хашаа­ныхаа өвсийг хадна даа, эхнэ­рийн хайртай цэцэг­нүүдийг үлдээгээд тойруулаад хаддаг юм. Цэцгэнд нь ойртвол толгой­гүй болно” гэсээр биднийг үдэж гаргасан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

16 цаг 52 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Өчигдөр 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин