
Ц.МЯГМАРБАЯР
Бидний Монголчууд зөв үйлийн төлөө зорилгоо нэгтгэж, эвлэлдэн нэгдэж чадвал амжилт ирдгийг Ноён уулын тахилга наадамд ирсэн олны итгэл, сэтгэл, инээд хөөр, эрч хүчээс энерги авч байх үедээ мэдэрч байлаа.Зуны дунд сарын шинийн 9-ний билэгт сайн энэ өдөр Ноён уулын тахилгад оролцохоор сэтгүүлч нөхөдтэйгээ Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Зүүн хараа Мандал сумыг зорив. 2009 оноос Ноён уулаа аврах тэмцэл эхэлсэн билээ. Энэхүү тэмцлийн галыг асаасан хүн бол “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид юм. Сурвалжлагынхаа эхэнд энэхүү эрхэм хүндтэй тэмцэгчийн сэтгэгдлийн үгийг сонслоо.
О.Цэрэннадмид: "Сентерра гоулд”- ын дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцуулсан ард түмний баяр болж байна
-Би Ноён уул хаана байдгийг ч мэдэхгүй хотын охин. Монголчууд яагаад хөх толботой гардаг юм бэ гэвэл мөнх хөх тэнгэр нь ивээдэг юм. Их хаадын ариун сүнс, мөнх хөх тэнгэр, уул ус, лус савдаг монголчуудыг ивээж явдаг. Өчүүхэн намайг гурван сая Монголчуудаас дуудаж боолчилж байгаад би баяртай явдаг. Анх 2009 онд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг санаачилж Ноён ууланд ирэхэд энэ нутгийн хүү, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Ноён уулыг ухах зөвшөөрлийг олгоход албан тушаалаа ашиглан гар бие оролцсон байдаг. Ж.Эрдэнэбат шиг олон хүнтэй, Монголын төлөө цохилох зүрхтэй ард түмний тэмцлийн хүчээр өнөөдөр бид ялалтын баяраа тэмдэглэн сууж байна. Ард түмэндээ талархаж байна. 2009 онд Ноён уул руу сайжруулсан зам тавьснаас бидний тэмцэл эхэлсэн түүхтэй. Замын траст орсон ой мод, ус ургамал бүхний төлөө тэмцсэн. Ноён уул бол Монгол хүн бүрийн язгуур эрх ашиг байсан юм. Бидний тэмцэл цаг үеээ олсон ямар ч захиалгагүй тэмцэл байсан юм. Үнэхээр Монголын ард түмнийг сэрээж чадсан тэмцэл болж хувирсан. Монголчууд төдийгүй дэлхийн ард түмнийг сэрээж чадлаа. Энэ бол байгалийн хувьсгал. Таван жилийн хугацаанд 36 хурлын дараагаар “Сентерра гоулд” –ын дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцуулсан ард түмний баяр болж байна. Газар бүхэнд байгаль дэлхий минь хөндөгдөж байна. Ноён уулын ялалт дараа дараагийн тэмцэгч нарт их урам зориг, эрч хүчийг өглөө” хэмээсэн юм.
Ноён уулын тахилга наадам хүн ихтэй, хөтөлбөр арвинтай, хүндэт зочид олонтой, ёс төгөлдөр билэг дүүрэн эхэлсэн юм. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол бүлгэм”, “Тэнгэрийн чуулган бүлгэм” хамтран зохион байгуулж, гол тулгуур нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын МоАХ ажээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулгын байгаль орчины зөвлөх Д.Пүрэвдаваа нар тахилга наадамд оролцов. Наадмыг Сэлэнгэ аймгийн МОАХ-ны дарга н.Батжаргал нээв.
Нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа баяр хүргэж үг хэлсэн юм. “ Ноён уулын тайлга,тахилгад хүрэлцэн ирсэн ард иргэд та бүхэнд Шар нохой жилийн зуны дунд сарын шинийн 9-ний билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Ноён уул бол Хүннү дээдсийн алтан шарил, түүх соёл, хүчирхэг Монголын сүр сүлдийг хадгалсан өнө эртний шүтээн уул билээ. Уул овоо болгон эзэнтэй, гол ус болгон амьтай хэмээн өвөг дээдэс минь захиж сургасаар ирсэн. Уулын тайлга бол байгалын жам ёсноо зохин аргадаж дээд үеэ биширч, уул усны эздээ баясган цэнгүүлж, айлтгал даатгалаа өргөдөг цагийн цагт хадгалсаар ирсэн төрт ёсны түүхэн уламжлалт зан үйл юм. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2017 -2021 онд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны хөтөлбөртөө экологийн тэнцвэрийг хадгалж газар нутгаа хамгаалсан эх орон ч ерөнхийлөгч байна хэмээн тунхагласан билээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга болон иргэний нийгмийн байгууллага, ард түмний хүчин чармайлтын үр дүнд Ноён ууланд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулж чадсан. Монголчуудын өвөг, анхны төрт ёсны хосгүй үнэт зүйлийг хадгалж ирсэн Ноён уул, өнөд амгалан оршиж Монгол улс мөнхөд мандан бадраг” гэлээ.
Б.Бат-Эрдэнэ: Баялагийн тэгш бус хувиарлалтын төлөө, хууль бус шийдвэрийн эсрэг ард түмэнтэйгээ хамтдаа
Тахилга урлаг соёлын арга хэмжээгээр үргэлжлэхийн зэрэгцээ 32 бөх барилдаж бай шагнал өндөр сайхан наадам болсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Бат-Эрдэнийн сэтгэгдлийг хуваалцсан юм. “ Ил тод, хариуцлагатай уул уурхайг бид дэмждэг. Монгол улс дэлхийн усны хагалбар газар. Төв азийн өндөрлөгт оршдог байгалын эмзэг бүс. Эмзэг эко системийг хамгаалах, байгалын өвөрмөц тогтоцтой 46 дугаар өргөрөгөөс хойш тогтсон уул ус, мод ургамал нь жигдэрсэн газар бол Ноён уул юм. Түүнчлэн дэлхийн өв соёлд монголчуудын бүтээсэн түүх, өв соёл энд хадгалагдаж байна. Өв соёлоо хадгалсан газраа хамгаалах нь бидний үүрэг. Үүний нэгэн адил бид Хэнтий нурууны урд тал Бурхан халдун уулаа сайн хамгаалж байна. Сэлэнгэ, Төв аймгийнхан маань Хан хэнтийг хойд талаас нь хөндийлж уахаж байна гэдэг. Надад 1000 гаруй иргэдийн санал, бичиг ирж байна. Иргэний нийгмийн байгууллагынхантайгаа нэгдэж ажилладаг. Монгол улсын иргэний хувьд өв соёлыг тээгч хүнийхээ хувиар надад итгэл үзүүлж УИХ-д сонгож байсан энэ он жилүүдэд байгалийн баялагийн тэгш бус хувиарлалтын төлөө, хууль бус шийдвэрийн эсрэг ард түмэнтэйгээ нэг байсаар ирлээ. Одоо ч бид хамтдаа” гэсэн юм.
П.Шинжээравдан: Хууль бус, хулгай луйварыг Ноён уулынх шиг таслан зогсооё
“Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн П.Шинжээравдан “ Шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг Монгол оо гэсэн сэтгэлтэй хүн бүхэн энэ өдрийг хүлээж байсан. Монголын шүүх шударга шийдвэр гаргасанд мянга мянган хүн баярлаж өнөөдөр ялалтаа тэмдэглэж байна. Одоо энэхүү ялалтаа бататгаж авах үлдээд байна. Тиймээс Ноён уулаа Улсын дархан цаазтай уул болгохын төлөө хүн бүхэн нэгдэхийг уриалж байна. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч битгий өг гэдэг энэ үг өнөөдөр бидэнд хэрэг болж байна. Олон газар хэчнээн их гол горхи аврал эрэн ширгэж, тасарч байгаа билээ. Сая таван зуун жаран дөрвөн хавтгай дөрвөлжин газар нутагт байгаа монгол хүн бүхэн байгаа байгаа газартаа эзэн шиг нь байя. Хууль бус, хулгай луйварыг Ноён уулынх шиг таслан зогсооё” хэмээв.
Н.Дуламсүрэн: Хамгийн хэцүү зүйл сэтгүүл зүй байсан
Ноён ууланд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар эхнээс нь өнөөдрийг хүртэл тууштай тэмцэж ард түмнээ соён гэгээрүүлж, үнэний төлөө үзгээ хурцалж явсан сэтгүүлчдийн нэг нь Н.Дуламсүрэн юм. Тэр ярихдаа “ Хэн нэгэн захиалаагүй цензур байсангүй. Өөрөөсөө мөнгө гаргаад ард түмэн минь бидэнд хандсан. Хамгийн хэцүү зүйл сэтгүүл зүй байсан. Ноён уул явъя гэхэд мөнгө нэхэж байсан. Мөнгө өгөхгүй бол бичиж чадахгүй гэдэг. Гэхдээ бор зүрхээрээ биднийг дэмжсэн сэтгүүлчид байсан. Тэдний хүчээр үр дүнд хүрсэнг тодотгох ёстой. Өнөөдөр сэтгүүлчид бүгд эзэнтэй. Хэвлэл мэдээлэл хэн нэгэн улс төрчийн мэдэлд байдаг учраас үүгээр нэвтэрч гарах сэтгүүлч ховор байлаа. Харин өнөөдөр энд ирсэн сэтгүүлчид шигшигдэж үлдсэн нь юм. Ноён уулын эзэн савдагууд биднийг харж байгаа” гэсэн юм.
Тэнгэр хангай тэнэгэр сайхан өнжиж, тахилга наадмын маргааш өглөө хур буух өнгө аястай бүрхэг байснаа их үдийн алдад биднийг буцах замд хураар үдсэн юм. Монголчууд Ноён ууланд бүгэх гадаад дотоодын самууныг дарсан давхар баяр болсон юм. Монголчуудыг нэгэн дээвэр дор Ноён уул нэгтгэж хүсэл зорилго хүрэх чиглэл зоригдлоо зангидаж чадав. Цаашдаа дэлхийд хүн үүссэн эцэг түүхийн эхлэл Ноён уултай холбоотой. Магадгүй алт эрдэнэс гэхээс агуу түүхийг нь улангасан ухахаар шимтэж мэдэх юм. Хэдэн тонн алтнаас даруй хэд дахин үнэтэй олдворууд нь хүн төрөлхтний үүтгэлийг нотлох үнэ цэнэ өгөгдөл утга нь болж, өдрөөс өдөрт өсөж буй өв соёлыг тээж байгаа хайрхан уул. Тахилга наадамд оролцсон хүн бүр Ноён уулаа улсын дархан цаазтай уул болгох хүсэлтээ бичин гарын үсгээ зурж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар зоригложээ. Ноён уулыг Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авч Хүн гүрний түүх нь эргэн монголчуудаа тэтгэх болтугай гэсэн сэтгүүлч Н.Дуламсүрэн Д.Оюунцэцэг, Ц.Сарантуяа, ТВ4 телевизийн уран бүтээлч хамт олон, найруулагч Л.Баасанжав, Төмөрөө, Оюундалай, Австрали улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн С.Алимцэцэг түүний найз Т.Эрдэнэчимэг нарынхаа сэтгэлийн үгээр энэхүү сурвалжлагаа өндөрлөе.
Эх сурвалж: www.polit.mn










