
Хорлоогийн ЦЭВЛЭЭ
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Би социализмаас төрсөн социал үзэлтэй хүн.Социал үзлийг наран ургах зүүн зүгээр төсөөлж зүүний үзэл гэдэг. Социал үзлийг монголоор нийгэмч үзэл гэх юм билээ. Харин нийгэмч гэдэг энэ үг харахад ч, хэлэхэд ч,сонсоход ч монгол үг гарцаагүй мөн байдаг авчучир утгыг ухаарч ойлгоход жаахан түвэгтэй. Яагаад гэвэл энгийн ярианд тэр бүр хэрэглээд байдаггүй учраас түүнийг эмнэг хангал үг гэж болох учиртай. Энэ үгийг өдөр тутмын эгэл борог амьдралд дасгахын тулд бүхэнд ойлгомжтой зүйлээр жишээлэн зүйрлэж хялбар болгож болно. Тийнхүү зүйрлэхэд үлэмж таарамжтай зүйл нь миний бодлоор бол бурхандаа өргөдөг зул л байгаа юм. Яагаад гэвээс зул бол өөрийгөө бус, бусдыг л гийгүүлэх гэж өөрийгөө шатааж дуусдаг ариун гэгээн өргөл мөн байдаг. Нийгэмч үзэл бол яах аргагүй л зул мэт бусдад ач тус болохыг зорьдог үзэл мөн байх аж. Нийгэмч гэдэг үгийн тухайд бол тэр чинь боловсрол, эрүүл мэнд, урлаг уран сайхан, соёл, спорт, аж байдлын хангамж зэрэг хүнийг өөрийг нь хөгжүүлэх талын аливаа бүхнийг багцалж хэлдэгерөнхий нэршил юм байна. Чингэхээр нийгэмч (социал) үзэл гэдэг нь хүн хүнээ хайрлах ёс жаягийг хэлдэг хэллэг мөн болох нь эндээс бүр илүү ойлгомжтой болоод ирж байна.
Энэ ганц үгийг ингэж ноолохын учир гэвэл нэгэн бодлын түүнээс гомдол нэхэж байгаа хэрэг юм. Учир гэвэл манай монголчууд өөрсдийн байгуулж байсан хэдүй боловч эх хэлнээ буулгахад бэрх социал хэмээх үгнээс үүссэн социализм гэдэг нэрийг үгийнх нь хувьд нэг л сайн монголчилж ойлгохгүй төөрөлдөж байгаад эцэст нь социализмыг өөрийг нь тонилгож орхисон гэхээр байдаг. Социализм хэмээхэнэ үгийг хувь хүний эрх, эрх чөлөөг боймолдог хуарангийн дэглэм, захиргаадах ёс, коммунист хүчирхийлэл гэсэн хэдэн давхар муухай гуншинтайгаар улс төрийн цаазын тавцан дээр дүүжлэн тонилгож орхисон билээ. Харин социалист нийгмийн үед чухам хэний, юуны төлөө, юуг, яахин бүтээж, хэн, хэрхэн ашиглаж байсныг түүний үлдээсэн түүхийн баримтаар нь амьдралын үнэнтэй тааруулж үзвэл социализм нь“хүний төлөө нийгэм” гэсэн утгатай нийгмийн байгуулал байсан санаа өнгөрсөн зууны бодит түүхээс илэрч байна. Тухайлбал:
Монгол дахь социалист бүтээн байгуулалтын ид өрнөлтийн үе хэмээн тодорхойлдог өнгөрсөн зууны 1950-иас 1990 оныг хүртэл дөчөөд жилд тус орны нийгмийн амьдралын бүхий л салбарт эхнээсээ эцсээ хүртэл зөвхөн хүмүн бидний төлөө олон том хувьсгалт өөрчлөлт хийснийг нэхэн дурсахад сэтгэлд таатай сайхан байдаг. Юуны түрүүнд, хүн амын эрүүл мэнд, нийгмийн ариун цэврийн хувьсгал, бүх нийтийн мэргэжил боловсрол, шинжлэх ухаан техникийн хувьсгал, соёлын хувьсгал, ард түмний аж байдлыг дээшлүүлэх хувьсгал хийснийг дурдах ёстой.
Эмнэлгийн үзлэг үйлчилгээ үнэгүй байлаа. Их дээд сургууль, техникум, ТМС-д суралцахад үнэгүй байлаа. Тийнхүү суралцаж байгаа хүн бүхэнд сул цалин өгдөг байлаа. Ядуурал байхгүй байлаа. Ажилгүйдэл гэдгийг мэддэггүй байлаа. Мөнөөх нийгэмч үзэл гэдэг маань ийм л энэрэнгүй бодлогыг төрүүлдэг ээжийн сэтгэл шиг үзэл мөн байлаа. Ийм үед төрж, бүх нийгмийн хувьсгалт энэ их өөрчлөлтийг өөрсдөө хэрэгжүүлсэн учраас манай ахмад үеийнхэн бол яалт ч үгүй гэгээн гэрэлт зулнууд мөн билээ. Тэгэхдээ тэд бол цөгцтэй зул бус, дээлтэй зул байлаа. Бурхан тахилын ширээн дээр сүүмэлзэн байдаг зул бус, зовлонт хорвоогийн харанхуй дундуур гэрэл татуулан түүчээлж явдаг амьд зул мөн байлаа.
Социализм бол улсын капитализм мөн гэж В.И.Ленин хэлсэн байдаг.Улсын капитализм гэж улсын солциалист өмчийг хэлдэг юм билээ.Тийм ээ, монгол дахь социализм бол хүмүүсийн өөрсдийнх нь болон хойч үеийнхний сайн сайхны төлөө зорьдог улсын капиталын ноёрхол мөн байсан. Гэтэл бидний монголчууд бусдын гоомой үгэнд хууртаж, социализмын үйл хэргийг удирдан зохион байгуулж байсан зарим нөхдийн гаргасан алдаа дутагдлыг социализмын мөн чанарын гажуудал мэтээрандуу,ташаа өсгөн томруулж хараад, бас тэр үеийн хариуцлагын тогтолцооны хатуу шаардлагыг хангаж чадахгүй ажлаас халагдсан, донгодуулсандаа төр засагт гомдсон нөхдийн дарвилтад автан тус нийгмийг намнаж орхисон байдаг юм. Үнэхээр л “Зээрэн дээлтэй ахыгаа зэрвэсхэн хараад намналаа”гэж ихэд харуусан дуулдаг ардын нэгэн сургаал дуутай агаар нэгэн эмгэнэлт түүх болоод өнгөрчээ.
Социал хэмээх гадаад нэртэй боловч жинхэнэ монгол мөс жудгийг илэрхийлсэн энэхүү нийгэмч үзэл санаа бол бүр эрт галвын үеэс өвөрмөц монгол ухаарлын хэлбэрээр уламжилж ирснийг“Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг, “Эвлэвэл бүтнэ ховловол гутна, “Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай хүчтэй, “Эвт шаазгай буга барина”гэх зэрэг ардын зүйр цэцэн үг нотолдог. Энэ нь хорвоод анх мэндлэхдээ ээжийнхээ уураг сүүтэй хамт хөхөж амлаад, зүрх судсандаа шингээж авдаг монгол чанар мөн байсан гэдгийг хэлэх байна.
Монголчуудын уугуул мөн чанар ийм байдаг нь санамсаргүй үзэгдэл биш. Энэхүү хамтач, нөхөрсөг мөс жудаг бол юуны өмнө монголчуудын оршин амьдардаг монгол нутгийн эрс тэс уур амьсгал, дөрвөн цагийн эргэлтэнд байнга давтагддаг нүүдлийн соёл иргэншлээр нөхцөлдөж тогтсон аливаа бүхнийг хамжиж амжуулдаг хамтач, нөхөрсөг үзэл санаа мөн. Миний хэлэх гэсэн гол санаа бол өнөө цагийн Хятад болон зүүн хойт европын Норвеги, Швед зэрэг социал демократ засаглалтай олон улс орон социал үзэл санааны замаар замнажэдүгээ цагийн хүн төрөлхтний хөгжлийг манлайлан гараад ирлээ гэдгийг онцлон дурдах байна. Тиймээс энэ удаад Монголын ээлж болсон гэх үзэл санааг дэвшүүлж байгаа юм. Яагаад ийм дэврүүн санаа сэдэх болов хэмээвэл нэг хүн амд оногдох газар нутаг, мал сүргээр энэ дэлхийд хэн баян бэ? Монгол баян. Байгалийн эрдэнэс баялаг, урлаг соёлы нөв уламжлалаар ямар улс орон баян тансаг вэ? Басхүү монгол. Тэгэлээр дэлхий хэмээх нэртэй энэ л уяхан замбуу тивд хамгийн аз жаргалтай,тав тухтай сайхан амьдрал бүхий улс гүрэн болох бололцоо нөхцөл ямар улсад илүү бүрэн дүүрэн байна вэ? Зөвхөн Монгол оронд л бүрэн дүүрэн байна. Ийм бололцоо нөхцөлийг эзэмшиж төрчихөөд өнөөдрийнх шиг ингэж хамаг дэлхийн сүүл барин гэлдэрч яваа нь бидний азгүй тавилан мөн үү? Үгүй ээ, энэ бол хувь тавилан биш ердөө “Ёнхор элээний сүүдэр” дайрсан золгүй учрал байгаа юм.
Үүнээс болж монгол түмний тосон дуран царцаж,сүүн зүрх ээдэх аюул нэгэнт тулгарлаа. Тосон дуран” гэж аливаа бүхнийг өөдрөг сайхнаарсэтгэж хардаг холч мэргэн ухааныг хэлдэг бол “сүүн зүрх” гэж хүнийг хайрлан дээдэлдэг цайлган, цагаан сэтгэлийг хэлдэг. Сүүлийн гучаад жилийн түүхээс харахад амиа хичээгч авилгач баячууд гэдэг авралын бурхад биш, эгэл шударга ядуус гэдэг албин чөтгөр биш нь тодорхой болсон.
Өнөө үед монголчуудын сайхан сэтгэлийг элээний сүүдэр дайрчихсан гэж нэгэнт дурдсан. Ёнхор элээ гэдэг шувуу бол муу ёрын их шуналтай, сүүдэр нь хүртэл хар мөртэйгэж монголчууд эртнээс сэжиглэн цээрлэдэг байсан. Тэгвэл яг л элээний сүүдэр мэт хар мөртэй нэгэн айхтар (алдаа) завхрал манайд тохиолджээ гэж харж байна. Тэрхүү хар мөртэй “элээний сүүдэр” бол манайд одоо үйлчилж байгаа цалин хөлс, тэтгэврийн толгтолцоо мөнөөсөө мөн билээ.
Элээний сүүдэр л тийм хар мөртэй байдаг байх гэмээр хар мөр манай цалин хөлс тэтгэврийн тогтолцооны ар талаас хөвөрч байна. Юуны өмнө ажилтай, орлоготой атлаа ядуурдаг “албан тушаалтны ядуурал” нь тэрхүү хомс тарчиг цалингаас үүдэлтэй. Авилга хээл хахууль бас л тэндээс гарч ирж байна. Аргагүйн эрхэнд харь оронд амьдрахаар эх орноосоо дүрвэх явдал ч мөн тэндээс улбаална. Архидан согтуурах, архины цагаан солио тусах явдал ч мөнхүү тэндээс л эх үндэстэй. Мөнгө хүүлдэг мөлжлөг ч мөн тэндэхийн уг гарвал мөн. Баян хоосноор нь ялгаварлан гадуурхах дээрэнгүй үзэл ч бас тэндээс л эх авсан. Хулгай, дээрэм, тонуул, залилан өөр хаанаас ч биш, яг тэндээс, чухамхүү тэрнээс, хүний наймаа, бие үнэлэх явдал ч мөн адил тэндээс,үзэн ядалт, уур буухимдал, хүн амины хэрэг, хэрүүл зодоон ч мөн ялгаагүй бүгд тэндээс эхтэй. Өш хонзон,атаа хорсол, амиа хорлох хэрэг явдал, албан тушаалын арилжаа наймаа гэдэг тэндээс урсан ундарсаар. Манай туйлын хомс тарчиг цалин хөлсний бараан мөрийн наад захын дүр зураг нэг иймэрхүү харагдаж байна.
Эцсийн утгаар нь шуудхан хэлбэл Монгол төрийн ба төрийн үйлчилгээний байгууллагын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж бол өдөр, цаг тутам ядуурлаар залхааж байдаг ялын тогтоол болон хувирчээ. Ажилгүй, орлогогүйдээ ядуурсан нь ч байдаг л байх. Харин энэ удаад бол ажилтай, орлоготой бөгөөтлөө төрөөс төрдөг ядуучуудын тухай ярьж байгаа юм. Бидний сэтгүүлчид төрөөс төрсөн тэрбумтны тухай хангалттай бичсэн, шүүмжилсэн байтал өөрсдийнхөө нэгэн адил төрөөс төрдөг төрмөл ядуусын тухай олигтой ярьсангүй хорин хэдэн жилийг түүх болгон улираасан байна. Чоно үүрэндээ өлзийтэй гэгч нь тэр байх. Тэгтэл тэр сиймхийгээр ажил хийж төрөөс цалин хөлс авдаг иргэдийн эрх, эрх чөлөө,эдийн засгийн баталгаа огт байхгүй болсон байна.
“Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арван есдүгээр зүйлийн нэгдүгээр заалт ингэж л зөрчигдөж байдаг юм байна аа. Эдийн засгийн баталгаагүй эрх гэдэг бол хоосон мөрөөдлөөс цаашгүй ажээ. Манай үнлсэн хуулийн арван тавдугаар зүйлд жирийтэл жагсаан бичсэн байдаг арван зургаан зүйл эрхийн ихэнх нь эдийн засгийн баталгаа алдсанаас болж зүүд зэрэглээ мэт болжээ. Дэлхий нийтийн сонгодог ойлголтолор бол манайд“хүний эрхийн гуйланчлал”гээч гамшиг зовлон тохиолдоод байгаа юм шиг байна.
Элээний сүүдэр мэт хар мөр татуулж бүхий цалин хөлсний тухай цухас тэмдэглэхэд иймэрхүү л байдагюм байна. Ингээд л байгаад байх уу эсхүл өөрчлөлт хийх үү? Ер нь өөрчилж болох уу? Бид өөрчлөлт хийж чадах уу? Юуг хэрхэн яаж өөрчлөх вэ? гэх зэрэг олон асуултын тэмдэг бидний өмнө матийгаад зогсож байна. Мэдээжээр элээний сүүдэр нь цалин хөлс,тэтгэвэр тэтгэмж байдаг юм бол мөнөөх айхтар ёнхор элээ гэгч нь өөрөө хаана юу байж таарна вэ?
Хамаг ажлаа хийлгэж авчихаад адаг сүүлд нь авах ёстой цалин хөлсийг мэдсээр байж олон улсын нийтлэг жишгээс хэд дахин доогуур тогтоож олгодог тэдгээрцалин хөлс,олгогчдын хармын сэтгэл эцсийн бүлэгтулсын хэмжээгээр хамсан нийлж нэг том ёнхорэлээ болчихдог гэмээр байгаа юм. Ёнхор элээ гэдэг энэхүү хамсал нь орчин үеийн нийгэм, улс төрийн шинжлэх ухааны ойлголтоор чухам юу гэгч нь болж таарна вэ? Хэцүүхэн асуулт энэ л байна .Мөнөөх өөрийн мөрөн дээрх өвгөрсөн буурал толгойгоо онгичиж нэгжлээ. Тусыг эс олов. Гацлаа. Гайхалзлаа. Гарах гарц хайлаа. Гэвч гарц, гарам гэхээр юм харагдахгүй сатаарлаа. Гэтэл “аз хүү ирвэл ёозхүүгээр гэр барина” гэгч нь болдог юм байна. Онцын сонирхолтой эрдэм шинжилгээний бага хурлын урилга ирлээ.
Одоогоос жилээр тоолбол хоёр зуун жил, хоногоор бол далан гурван мянган хоногийн өмнө буюу 1818 оны тавдугаар сарын 5-нд алс өрнөдийн Герман оронд нэгэн суут хүү төрсөн юм байжээ.Тэр хүү энэ хорвоогийн зовлон бүхнийгтуулан насан турш тэмцэж яваад орчин үеийн хүмүн төрөлхтөнд өөрийн дотоод ертөнцийг харж, өвчин эмгэгээ оношилж байх онц хүчирхэг дуран бай бүтээж өгсний учир шинжлэх ухааны туяат оргилд хүрч чадсан байх тул тэр их хүний ойг дэвшилтэт улс түмний хамт тэмдэглэж байгаа юм байна. Тэр их хүнийг Карл Маркс гэдэг.Ахмад нь андахгүй, залуус нь мэдэхгүй талдаа. Түүний бүтээсэн оюун ухааны гайхамшигт тэр дуранбайг “Капитал” гэдэг ажээ.Тийм нэг золтой учирлаарАрдын намын дэргэдэх сургалт, судалгаа стретиг академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Удирдлагын академиас хамтран зохион байгуулж байгаа “Карл Марксын онолын өв ба орчин үе" хэмээх нэртэй эрдэм шинжилгээний хурал юм байна. Очлоо. Таньдаг ч юм шиг, таньдаггүй ч юм шиг сонин санагдаж байв. 1989, 1990, 1991 оны туйлын хуйсгануур агаад тун ч их дүвчигнэсэн тавтиргүйонжилүүдэд К.Маркс хэмээх тэр хүний зохиол бүтээлийн заримыг шатаагаад, зарим номыг хаягдал цаасны үйлдвэрт ачуулж байсан. Ер нь өнгөрсөн зууны гуч дөчөөд оны бурхан шашны ном судар, сүм хийдийг сүйтгэж хаясантай нэлээдгүй адил зэргэмжийн хийрхэл болж байсныг олон түмэн мартаагүй.
Түүх сөхвөл 1950-иад оны дундуур шинэхэн байгуулагдсан намын түүхийн хүрээлэнгийн захирал Д.Төмөр-Очир бээр Бүрэнгийн Бирваа гэдэг залуухан судлаач хүүд герман оронд очиж К.Марксын онол сургаалыг судалж, герман хэл сурч ирээд юуны өмнө “Капитал” зохиолыг эх хэлнээс нь орчуулах эх орны тусгай даалгавар өгч явуулсан. Германд суралцаж ирээд олон жил хичээн зүтгэж мөнөөх алдарт Капиталыг орчуулж дууссан тэр үень ерээд оны эхэн үетэй таарсан байх тул түүнийг хэвлүүлэх эзэн олдохгүйд хүрч харин аз болоход гадаадынтом хөрөнгөтөн Соросын монголд байгуулсан сан ивээн тэтгэж нэгдүгээр ботийг мянга, 2, 3 дугаар ботийг тав, таван зуун хувь хэвлүүлж тус болсон байна. Мөн зохиолын дөрөвдүгээр ботийн ихэнхийг орчуулсан боловч хэвлүүлэхээс өмнө орчуулгын эхийг ширээнийх нь нүднээс авч шатаасан сураг хүртэл дуулдаж байсан гэх зэргийн баримтыг эргэцүүлэн бодоход тэр цаглашгүй их эрдэмтэн сэтгэгч, шантаршгүй зоригт тэмцэгч буурал багшаасаа яалт ч үгүй нүүр буруулж байсан тийм л улс оронд энэ удаад харин ийм тохьтой сайхан хурал болж байх тул “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэгч болж байна даа хэмээн олзуурхаж суулаа.
Тус хуралд Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан илгээлт ирүүлснийг уншин сонсголоо Би өөрөө К.Марксыг судлаач Монгол Улсын гавъяат багш У.Камбараар тэр алдарт зохиолыг заалгаж байсан болохоор ихэнхийг мартсан ч зохих хэмжээний төсөөлөл эрхбиш үлдсэн байдаг юм. Одоогоос зуун тавь гаруй жилийн тэртээ 1867 оны дөрөвдүгээр сарын эхээр К.Маркс бээр “Капитал” зохиолоо үнэлсэн нэг захидал анддаа бичсэн байдгийг санаж байна. Тэнд “Өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр ботийнхоо бичмэл эхийг ноён Майснерт гардуулж өгөхөөр Лондонгоос хөлөг онгоцоор гарч, салхи шуургатай тэнгэрийн муухай дундуур явсаар баасан гаригийн үдийн алдад Ханбургт ирэв. Энэ долоо хоногийн эхээр хэвлэж эхэлжээ. Зохиол маань гурван ботиор гарна. Энэ маань капиталт ертөнцийн толгой руу нь урьд өмнө бууж байгаагүй хамгийн аймшигтай сум болно гэдэг ч маргаангүй хэрэг“ гэж бичжээ. Түүнээс хойш таван сар болоод 1867 оны есдүгээр сарын 14-нд Германы Хамбург хотноо “Капитал” зохиолын нэгдүгээр боть хэвлэгдсэн байдаг юм билээ. Харин “Капитал”-ыг хэвлэн гаргаснаас тавин жилийн дараа 1917 онд Орос оронд Октябрийн хувьсгал ялан мандаж улмаар тэрхүү алдарт бүтээлийн зуун жилийн ойг тэмдэглэж байхад дэлхийд бүхэл бүтэн социалист систем бүрэлдэн бий болсон түүхтэй билээ. Эдүгээ Хятад, Куба, БНАСАУ зэрэгт сургаал номлол нь хэрэгжиж, хүмүүнлэг хөгжлөөрөө дэлхийд цахиур хагалж яваа зүүн хойт Европын Норвег зэрэг хэсэг бүлэг оронд социал демократ засаглалын ноёрхол тогтоосны ач үрийг алсаас харж тэдгээрээс ухаарал авах таатай завшаан өнөөгийн монголчууд бидэнд тохиожээ.
Нэг хүний нээсэн онол сургаал дэлхий дахиныгКарл Мраксын “Капитал” шиг ийм их хүч нөлөөтэй хувьсган өөрчилж байсан түүх ховор байдаг биз. Ойрын он жилүүдэд Герман, АНУ зэрэг орны эрдэмтэн судлаачид төдийгүй, улс төрийн зарим нэртэй том удирдагчид Марксын онолын өвийг тусгайлан судалж “Энэ онол бол өнөөгийн дэлхий дахинынийгэм, эдийн засгийн хямралыг давж гарахад хонгилын үзүүрт үзэгдэх гэрэл гэгээ мөн” гэж хүлээн зөвшөөрч байгааг олон улсын соён гэгээрүүлэгч хэвлэл мэдээллээр үе үе нэвтрүүлсээр байна.
Ингэж үзвээс аливаа том том даяаршсан асуудлыг Марксын өнцгөөс харж,“Капитал”-ын онолын цонхоор сэхээрцгээж байх шиг байна. Монголд энэ давалгаа одоо эхэлж байгаа ч юмсан уу, хэн мэдлээ. Энэ зохиолыг бичих явдлыг К.Маркс бээр дэлхийн шударга хүн төрөлхтнөөс даалгасан даалгавар гэж ойлгож, бүх хүч, амь насаа зориулсан гэж дэлхийн нэрт судлаачид үнэлсэн байдаг аж.
Манай эрдэм шинжилгээний хуралд илтгэсэн эрдэмтэн Б.Даш-Ёндон, Б.Батхишиг,С.Түмэндэлгэрболон үг хэлсэн Нямзагд, Л.Энхтайван,Ц.Балхаажав, Намсрай, Я.Долгоржав, Сүхбаатар Р.Рааш, Төртогтох болон Наранбаяр, Ариунаа, Батсүх нарын тус гурван газрын удирдлагууд, эрдэмтэн судлаачид К.Маркс гэх тэр хүний эх орноосоо гадуурхагдаж Бельги, Франц, Англи оронд цагаачлахдаа дөрвөн сайхан хүүхдээ амьдын хорвоогоос алдаж,гашуун бэрх зовлон амсаж явсан ч хүн төрөлхтний тусын тулд тэр бүхнийг давж, үүрэг зорилгоо нэр төртэй биелүүлсэн гавьяатайг зүй ёсоор үнэлж байв.
Монголын учир мэдэх эрдэмтэд, улс төрийн зүтгэлтнүүд К.Маркс багшдаа элэг зөвтэй ханддаг хэвээр байх шиг байна. Марксын нээсэн шинжлэх ухааны гарамгай нээлт“Капитал” зохиолын дотор олон байдгийн нэг нь капитал гэдэг бол “Амьд хөдөлмөрийг ороолон шиг сорж л байвал амьдарч байдаг бөгөөд амьд хөдөлмөрийг хэчнээн их залгивал төчнөөн цатгалан байдаг амьгүй хөдөлмөр юм.” гэсэн тодорхойлолтонд чухал нээлт болдог аж. Ингэж л “Капитал гэдэг болмөнгө биш, эд таваар биш,үйлдвэрийн хэрэгсэл биш, харин амьд хөдөлмөрөөс нэмүү өртөг шахаж авдаг амьгүй хөдөлмөр юм” гэдгийг зааж өгсөн байдаг.
К.Маркс бол улс төрийн эдийн засгийн ухааны шовхрох оргилд хүрсэн гарамгай ганц эрдэмтэн. Түүнээс дээш гарах эрдэмтэн байхгүй. А.Смит, Давид Рекардо хоёрыг сонгодог эдийн засагч гэдэг боловч манай мянганы алдарт зуун эрхэм хүнийг эрэмбэлсэн жагсаалтын эхний долоогийн дотор суут их эрдэмтэн И.Ньютон,Ч. Дарвин нарын хамт К.Марксыг эрэмбэлсэн байдаг нь тухайн салбартаа тэдгээртэй эн чацуу тийм л эрдэмтэн мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн дэлхий нийтийн үнэлэлт байж таарна. Харин энэ жагсаалтын 20 дугаарт А. Смитыг оруулсан байдаг билээ. Өнөөдөр монгол гэдэг энэ улс ямар ч атугай “Капитал” хэмээх тэрхүү гайхамшигт сонгодог зохиолыг эх хэлээрээ уншдаг өндөр соёлт улс гүрний нэг болсондоо нүүр бардам байгааг энэхүү их ойн өдрүүдэд бахархан тэмдэглэх учиртай биз ээ. Харин энэхүү гавьяат түүхэн их үйл хэргийг бүтээж өгсөн Бүрэнгийн Бирваа хэмээх өвгөн буурал эрдэмтэнд өнөөг хүртэл төрийн соёрхол, хөдөлмөрийн баатар зэрэг төрийн дээд шан харамж олдоогүй л байдаг юм байна.
Сүүлийн гучаад жилд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан манай төрийн тэргүүнүүд “Капитал”-ыг уншаагүй, мэддэггүй,эсхүүл буурал багшаас ухаангүй айдаг юм байлгүй гэмээр санагдах нь бий. Гэхдээ арай ч тиймгүй байх аа.
Энэ удаагийн хуралд илтгэгчид болон үг сургаал айлдсан эрдэмтэн хүмүүс “капиталын ашиг 50 хувьх үрвэл толгойгоороо хад мөргөнө,100 хувь хүрсэн бол хууль ёсноос дээгүүр гарч тонгочно, 300 хувь бол хүн төрөлхтөнд дуулдаагүй аюул тарина” гэсэн Марксын онч мэргэн үгийг дахин давтан тэмдэглэж байлаа. Нэмүү өртөг завших энэхүү их шуналыг гярхай танин мэдэж, хязгаарлаж байхгүй бол эцсийн эцэст хүн төрөлхтнийг устгах аюулхөнөөл тэндээс гарч ирэхийг сануулснаараа К.Марксын энэ онч мэргэн үг их үнэ цэнтэй гэдэг билээ. Дэлхийн нэг, хоёрдугаар дайн, сүүлийн үеийн тив,орон нутгийн чанартай олон дайн самуун, хүйтэн дайн, цаг агаарын дулаарлыг өөгшүүлж байгаа, элдэв төрлийн аюулт зэвсэг,техник зохион бүтээж байгаа зэрэг нь энэ аюулыг сануулж, сэрэмжлүүлдэг байгаа юм. Би энэ их хүний онолын цонхоор шагайж мөнөөх ёнхор элээ гэгчийгээ олж харахсан гэж хэрээ мэдэхгүй хорхойслоо.Тэгээд зарим зүйл олж харсан шүү. Харагддаг л юм байна.
Мөнөөх эрэл сурал болж хайсан айхтар ёнхор элээ маань Монгол төрийн ажилтны амьд хөдөлмөрийг ороолон шиг сорохын төлөө хамсан нэгдсэн төр, хувийн хэвшлийн капиталын монопол бүлэглэлюмбайна гэдгийг сая л ухаарлаа. Энэ цагийн МонголУлсад иймэрхүү ёнхор элээ маягийн капиталтны бүлэглэл өөр салбарт ч өндөглөн үржиж байгааг бас анзаарлаа.
Долларыг хөөсрүүлж монгол төгрөгийг үнэгүйдүүлсэн “Чингис бонд”-ын ар талд элээнүүд эргэлдэж байсан байна. Үнэ тогтворжуулахын ар талд, түлш шатахууны хангалтын ар талд, мөнөөх мөнгөхүүлэх зээлийн ар талд том том цатгалан ёнхор элээ унгалдан эргэлдэжбайсан, одоо ч нисэлдсээр л байна. Оюутолгойн гэрээг ашиггүйдүүлсэн, Эрдэнэтийн 49 хувийг хувьд авахыг оролдсон гэрээ зэргийн ар талд үндэстэн дамнасан тарган цатгалан эрлийз ёнхор элээ эргэлдэж байдаг юм байна.
Монголд өнөөдөр төрийн мэдлийн улсын капитал болон хувийн эзэмшлийн капитал гэх хоёр өөр төрлийн капитал зэрэгцэн оршиж байдаг нь үнэн баримт. Тийм нэгэн өвөрмөц учир шалтгааны улмаас өнөөгийн Монгол Улсын төр, хувийн хэвшлийн том капиталын монополь хамсал болсон ёнхор элээнүүдтус орны улс төр-эдийн засгийн бүхамьдралд маш хүчтэй нөлөөлдөг болсонбайна. Ерөөсөө капиталын хүчирхэг монопол холбоод Монгол орны улс төр-эдийн засгийн хамаг зовлон бэрхшээлийг бийболгож,түмэнолныг ядууруулж, төр засгийг олонтаа төөрөлдүүлж байсан нь үнэн шүү дээ. Уг нь манайд ёнхор элээний сүргийг үргээж, болохгүйг нь хашрааж байх үүрэг зорилготой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар” гэж нэг байгууллага байдаг. Гэвч төр засгийг бүхлээр нь худалдан авсан чогт хотойхгүй их бэл бинчинтэй монополиудтай тэмцэлдэхэд тэр жижигхэн байгууллагын эрх хэмжээ, хүн хүч,нэр нөлөөнь хүрдэггүй юм шиг байна. Аргагүй юманд арга байхгүй ээ.Монопол ноёрхлын эсрэг тэмцэхээс илүү чухал, илүү бэрхтэй, илүү ач холбогдолтой зорилт гэж өнөөдрийн монголд байхгүй.
Би энд зөвхөн ажиллах хүчний үнэ хөлсийг монопол ноёрхлын арга замаар унагаж байгаа ганц асуудлын зах сэжүүрийг сөхөх гэж оролдлоо .
Цалин хөлстэй холбож нэг зүйлийг онцолж хэлье. Манай улсын эмч, багш, дуучин хөгжимчин жүжигчин, цэрэг цагдаа, байцаагч, харуул манаач, үйлчлэгч тэргүүттөр засагт ажиллах хүчээ таваар болгон худалддаг хүмүүс европ ази, америк африк, австрали гээд тив тивийн адил ажил мэргэжилтэй нөхдөөс дутахгүй үүрэг гүйцэтгэж, бас тэдний адил уран нарийн бүтээл туурвиж байгаа нь маргаангүй үнэн. Гэвч тэдгээр ажилтан ажилчдад гадаадын адилхан ажил мэргэжлийн ажилтан ажилчдаас хоёроос гурав, заримдаа тав, арав дахин бага хэмжээний үнийг цалин хөлс нэрээр олгодог.
Хийсвэрээр жишээлж бодоход барууны аль нэг орны нэг багш сард дөрвөн мянган долларын үнэ хүрэх хичээл зааж байна гэж жишихэд монголын нэг багш монголдоо нэг сард ердөө дөрвөн зуун долларын үнэ хүрэх хэмжээний хичээл заасантай тэнцэх хэмжээний цалин хөлс авч байна. Ав адилхан хөдөлмөрт тэнгэр газар хоёр шиг хол зөрүүтэй үнэ хөлс олгож байгааэнэ баримт туйлын шударга бишийн тод жишээ мөн.
Асуудлын гол гогцоо хаана байнавэ гэвэл монголын төрийн ба төрийн үйлчилгээний ажилтны цалинг боддог үнэлгээний нэгж нь гадаад орны үнэлгээнээс хэд дахин бага байгаа учраас тэр зөрүүн дээр дангаар ноёрхогчдын хамаг луйвар тонуул тогтож байна. Монголын төрөөс тогтоосон цалин бодох үнэлгээний нэгж хэмжээ нь европын, эсхүл Япон, Сингапур, БНСУ зэрэг Азийн улс орны үнэлгээнээс хэд дахин бага байдаг учраас л монголын цалин хөлс нь айл гэрийн аз жаргалын санхүү мөнгөний эх сурвалж болж хүрэлцэхгүй,харин гачигдал зовлон бүхний үүр ноохой болжээ. Ингэж л хонгилын нэгүзүүрт цалинтай ядуус төрж байна. Харин хонгилын нөгөө үзүүрт мянга мянган ядуусын авч чадаагүй үлдээсэн мөнгөөр төрөөс төрдөг тэрбумтны тоо нэмэгдсээр байдаг бололтой.
Хэрэв бидний санаснаар болдогсон бол гагцхүү цалин хөлс тэтгэврийн үнэлгээг зуун наян хэмээр эргүүлж, одоогийнхоос наад зах нь нэг дахин нэмээд, цалин, тэтгэврийн сангаас бусад улсын төсвийн зардлыг нэг дахин хасаад орхивол Монгол Улсын өнөөдрийн бүхий л хямрал бэрхшээлийг үндсэнд нь нааштай шийдэж болмоор харагддаг. Ингэж чаддаг юмсан бол ерэн оны цагаан морин жилийн хувьсгалаас дутахгүй их гавьяат үйл хэрэг болох байх. Гэвч санаснаар болдог хорвоо гэж хаанаас байх билээ. Бичсэнийг минь тоох ч үгүй, унших чүгүй, уншсан ч ухаанаа уралдуулж, хуруугаа хөдөлгөхийг хүсэхгүй.
Өмнө хэлснийгээ тодорхой тоогоор жишээлэх аваас, Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын даргын сарын цалинг наймаас арван сая, сайд, том дарга нарынх зургаагаас долоон сая, багш, эмч, байцаагч зааварлагч зэрэг ажилтны цалинг дөрвөөс таван сая төгрөг, ТҮ-1 ангиллын цалинг нэг сая төгрөг болгож болдогсон бол тэгээд л бүх зүйл зохих ном горимондоо ороод Монгол Улсын улс төр –эдийн засгийн амьдрал эрүүлжээд явчихна. Ийм цалин үнэхээр авдагсан бол сайд дарга нар ч баярлана, тэд үүнийг хүсэж л суугаа. Гагцхүү сайд нэрэндээ бантаад ил хэлж чадахгүй байгаа биз. Ийм цалинтай болдогсон бол ерөөс хэнд ч сайхан л байж таарна. Гэхдээ зориг байвал энэ онд ч биелж болох хүсэл мөн гэмээ нь мөн билээ. Цалингийн үнэлгээг энэчлэн өөрчлөхгүй бол авилга, оффшор, банкны мөнгө хүүлэлт, Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт гэж мянга дахин яриад, хэдэн арван жагсаал цуглаан хийлээ гээд дорвитой өөрчлөлт гарахгүй л болов уу. Тэгэхлээр цалингийн үнэлгээг нэмэгдүүлэхэнэ хүмүүнлэг гэгээн зорилтыг шийдвэрлэх үзэл санааны боломж нь хүн хүнээ хайрлах зүүний үзэл баримталдаг Ардын нам төрийн эрх барьж байгаа өнөө үед л биелэх боломжтой.Тиймээс ойрын хоёр жилд бага боловч ахиц гарч магадгүй гэж горьдож байна.
Ийм л дэг жаягаар монгол түмэн ёнхор элээний сүүдрээс ангижирч тэгш дүүрэн, амар тайван амьдралын замд орох учир жанцантай буй заа.