
С.УЯНГА
Зөрчлийн хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ж.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Зөрчлийн хууль хэрэгжиж эхлээд жил болох гэж байна. Хуулийн нэр томьёо, хүлээлгэх хариуцлагын талаар тодруулахгүй юу?
-Зөрчлийн тухай хууль өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсний дагуу прокурорын байгууллага эрх бүхий байгууллагуудын зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Зөрчлийн тухай хууль өмнө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1992 оны Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбар 220 гаруй хуулиар шийтгэл оногдуулж байсан зөрчлүүдийг төрөлжүүлэн нэгтгэж, хүний хууль ёсны эрх, эрх чөлөөг хамгаалах бодлогыг шинээр авч үзэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан, үүнд нийцүүлэн шинэчлэн найруулсан зөрчлийн тухай анхны хууль юм. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь эрх бүхий байгууллага, хууль хяналтын байгууллагаас аливаа зөрчлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тогтоох, зөрчил үйлдсэн бол шийтгэл оногдуулах, хэрэв зөрчил гаргаагүй бол шийтгэлээс чөлөөлж шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, зөрчил шалгах явцад бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хангаж ажиллах зорилт бүхий хууль гэж ойлгож болно. Зөрчлийн тухай хуульд “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж хуулиар тодорхойлсон. Бид хууль зөрчсөн үйлдэл гэж юу болохыг амьдрал дээр ойлгож, төсөөлдөг боловч эс үйлдэхүй гэж чухам юуг хэлээд байгааг тэр бүр ойлгож, мэддэггүй, тиймдээ ч зөрчилд холбогдох явдал нийтлэг байдаг. Тэгвэл эс үйлдэхүй гэдэг нь тухайн хүн нийгмийн харилцаанд оролцохдоо түүнд хүлээлгэсэн нийтээр дагаж мөрдөх эрх зүйн үүргийн дагуу хийх ба үйлдэх ёстой байсан үйлдлийг хийгээгүйн улмаас гэм хор учирсан, гэм буруутай, нийгэмд аюултай, хүний идэвхгүй зан үйл гэж ойлгож болно. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа зөрчил үйлдэхэд ашигласан аливаа эд зүйл, хэрэгсэл, хууль бус олсон орлогыг хураах, зөрчлийн улмаас бусдад учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах, албадан эмчилгээ, албадан сургалтад хамруулах зэрэг албадлагын арга хэмжээ хэрэглэж болохыг хуулиар зохицуулж өгсөн.
-Хуулийг хэрэгжүүлэхэд эрх бүхий байгууллагуудад тулгарч байгаа бэрхшээл?
-Хуулиар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 28 албан тушаалтан, улсын байцаагчийн бүрэн эрх, чиг үүргийг тодорхойлж өгсөн. Тухайлбал, мэргэжлийн хяналтын, гаалийн, татварын, оюуны өмчийн, бүртгэлийн , санхүүгийн, хилийн төлөөлөгч, төрийн тусгай хамгаалалтын эрх бүхий албан тушаалтан, консулын ажилтан гэх мэт. Өөрөөр хэлбэл, ямар зөрчлийг харьяалан, хэрхэн шалгаж тогтоох, эрх бүхий албан тушаалтан хуульд заасан ямар ажиллагааг бие даан хийх, ямар ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулах, нотлох баримтыг хэрхэн цуглуулж, шалгах, ямар шийдвэр гаргаж болох талаар зохицуулсан байгаа. Үүнээс гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны бас нэг хэрэгжүүлэгч бол шүүх байхаар хуульчилсан. Тэгэхээр зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн гэм буруутай эсэх, түүний үйлдэлд шийтгэл оногдуулах эсэх асуудлыг эрх бүхий албан тушаалтны явуулсан зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчлийн талаар маргаантай асуудлыг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаагаар шалгаж тогтоосноор хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчим, зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө сэргээх эрх зүйн бүрэн боломж энэ хуулиар бүрдсэн гэж үзэж болно. Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болох эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчээс хууль эрх зүйн хүрээнд зарим нэг шинэчлэл хийх, захиргааны байгууллагууд болон хууль, шүүхийн байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоог ойртуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагуудтай хамтарч ажиллах, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг илүү шинэлэг төвшинд хүргэх нөхцөл шаардлага бий болж байгаа нь өнөөдөр бидний өмнө тулгамдсан асуудлын нэг юм.
-Прокурорын байгууллага зөрчлийг арилгуулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хуулийн заалтыг хангуулах талаар хэрхэн хяналт тавьж, ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Прокурорын тухай хуульд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд прокурор хэрхэн хяналт тавих эрх хэмжээг тодорхойлсон байдаг. Чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахдаа Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомж, мэргэжлийн байгууллагатай хамтран гаргасан тушаал шийдвэрүүд болох эрх зүйн баримтуудыг удирдлага болгон хяналт тавин ажиллаж байна.
Прокурорын байгууллагад хянагдаж буй хэрэг материалыг прокурор хянаж шийдвэрлэх явцад гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг тогтоож, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх зорилгоор холбогдох хуулийн этгээд, төрийн байгууллагуудад шаардлага хүргүүлж зөрчил дутагдлыг тухай бүр нь засуулах арга хэмжээ авдаг. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр прокурорын байгууллагаас тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлийн хэргийн дугаар олгох, эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалгах ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тавих хяналтын ажлын ачаалал, үүрэг хариуцлага нилээд нэмэгдсэн гэж үзэж болно. Прокурорын байгууллагын мэдээ тайлангаас үзэхэд гарч байгаа зөрчлийн тоо өндөр байгаа харагддаг. Энэ нь урьд өмнө бусад холбогдох хуулиудад зөрчил гэж үздэггүй байсан үйлдлийг зөрчилд тооцож шалгадаг болсон, мөн зөрчил гэж үзэж байсан үйлдлүүд нь бүрэн бүртгэгдэж, шалгагдаж байгаагүйтэй холбоотой.
Ингэснээр зөрчлийг багасгахад хууль хяналтын байгууллага, иргэдийн оролцоо чухал болсныг харуулж байгаа юм. Тухайлбал, Нийслэлд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зөрчлийн шинжтэй 249530 гомдол мэдээлэл хүлээн авч, 9848 нь татгалзаж, 4548-д нь зөрчлийн хэрэг нээсэн. Мөн 233615 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, прокурор зөрчлийн улмаас иргэд, хуулийн этгээдэд учруулсан 253387180 төгрөгийн хохирлыг барагдуулах үйл ажиллагаанд хяналт тавилаа. Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаан дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийг 30 удаа шалгаж, 74 зөрчил илрүүлж, 25 шаардлага бичиж, 28 хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн. Мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад эрх бүхий албан тушаалтанд зөрчил шалгах ажиллагааны талаар 540 даалгавар бичиж, биелэлтийг нь тооцож ажилласан.
Хуулийг практик үйл ажиллагаанд хэрэгжүүлж эхлэхэд хүндрэл бэрхшээл, тулгамдсан шийдвэрлэх асуудлууд нэлээд гарч байгаа. Зөрчлийн тухай хуулийн ач холбогдол, давуу талыг дээр дурьдсанчлан бид үгүйсгэж болохгүй. Харин засч залруулах өөрчлөн шинэчлэх заалтууд ч нэлээдгүй байгаа. Бид энэ тохиолдолд хууль хэрэглээний явцад гарч буй нөхцөл байдал, зөрчилдөөнтэй асуудлуудыг тухай бүр нь дээд шатны прокурорт танилцуулж, хууль тогтоох байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.
-Гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх нь хувь хүний ухамсартай холбоотой. Түүнчлэн хууль, хяналтын байгууллага урьдчилан сэргийлэх ажлыг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй болов уу?
-Гэмт хэрэг, зөрчил хоёр нь нийгэмд аюултай байдлын шинж чанараараа ялгагддаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирч байгаа хор уршиг, хохирол зөрчлийнхөөс илүү байдаг онцлогтой. Хүн бага багаар зөрчил гаргасаар байгаад гэмт хэрэг үйлдсэн тохиолдол цөөнгүй байдаг. Жишээлбэл, Ой модыг хууль бусаар огтлох зөрчил бага хэмжээний зөрчил мэт харагдавч учруулсан хохирол нь их хэмжээтэй бол эрүүгийн гэмт хэрэг болдог. Ер нь хүн амьтнаас ялгагдах хамгийн том ялгаа буюу аспект, хүчин зүйл нь ёс суртахуун /moral/ юм. Зөрчилд холбогдохгүй, зөрчил үйлдэхгүй байна гэдэг хүний ухамсар, ёс суртахуунаас ихээхэн хамааралтай. Тиймээс бид аливаа зүйлд ёс суртахуунтай хандаж, хууль дүрмээ биелүүлж явах нь чухал.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин