
Б.ТУУЛ
Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болон “Хувьсгал яагаад гардаг вэ?” номын нээлт өнөөдөр МУИС-ийн хурлын зааланд боллоо. Уг арга хэмжээнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын зарим төлөөлөл, МУИС-ийн эрдэмтэн доктор профессорууд, МАХН-ын удирдлагууд, МУИС-ийн оюутан залуус оролцсон юм. Мөн хуралд оролцож буй эрдэмтэн судлаачид, МУИС-ийн доктор, профессор Ч.Өлзийсайхан, МУИС-ийн доктор, дэд профессор Ц.Батболд, доктор, профессор Г.Цэнд Аюуш, МУИС-ийн доктор, профессор О.Мөнхбат, доктор профессор Д.Баярхүү, А.Жамбал зэрэг эрдэмтэд XIX зууны нэрт философич, улс төрийн эдийн засагч болон хувьсгалч, нэрт сурган хүмүүжүүлэгч, улс төрийн зүтгэлтэн Карл Марксийн үзэл онол, хөдөлмөрчдийн хувьсгалд үзүүлсэн нөлөө, капитализмын үүсэл хөгжил, мөн чанар зэргийг харьцуулсан олон сонирхолтой илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн юм.
Карл Маркс гэж хэн байв?
XIX зууны хамгийн нөлөө бүхий улс төрийн эдийн засагч, хамгийн бүтээлч нийгмийн философч Карл Маркс нь капитал гэх бүтээл бичиж, ангийн тэмцлийн онолыг тодорхойлсон гэдгээр нь бид сайн мэддэг. Түүний амьдрал уран бүтээлийн замналын талаар эрдэмтэн судлаачдын өгүүлснийг энд сийрүүлбэл тэрээр ихэнх суут сэтгэгчдийн адил эрдэм судалгааны ажлаа дагнан эрхэлсэн эрдэмтэн хүн байсангүй. Мөн ядуу тарчиг амьдрал дунд идэр залуугаасаа капиталист нийгэм дэх дарлал, мөлжлөг бурангуй ёсыг илчлэн шүүмжилэн, сонин хэвлэл дээр хатуухан нийтлэлүүдийг бичиж нийтлүүлдэг зохиолч, редактор төдийгүй улс төрийн хувьсгалч, тэмцэгч хүн байсан. Амьдрал уран бүтээлийн хувьд, “Карл Маркс нь Германы Трийр хотод 1818 онд төрсөн. Боловсролын хувьд хууль болон философийн мэргэжлээр суралцсан байна. Тэрээр Германы тэр үеийн улс төр, үндэсний эдийн засгийн тогтолцоог хурцаар шүүмжилж, Европын чөлөөт хэвлэлүүдэд нийтэлдэг байсан учраас Германд улс төрийн талаар хавчигдаж, мөн Францын Парис, Бельгийн Брюссельд ч ажиллах боломжгүй байсан тул 1849 оноос хойш Английн Лондонд 1883 онд насан эцэслэх хүртлээ амьдарсан. гэдгийг эрдэмтэн судлаачид яриандаа онцолж байсан юм.
Марксын үзэл онол, суут бүтээлүүд одоо ч эрэлттэй байна
МУИС-ийн доктор, профессор О.Мөнхбат Карл Маркс, О.Вебер нарын үзэл онол, харьцуулсан үзэл санааг тайлбарласан илтгэлдээ “ К.Маркс бүтээл туурвилаараа коммунизм, социализмын олон хэлбэрийн онолын үндсийг тавьсан. Тэр дундаа капитализмын үүсэл хөгжил, мөн чанар болон үйл явцыг нь капиталист үйлдвэрлэл түрүүлж хөгжиж байсан Английн Манчестер хотод газар дээр нь олон жил судлан, хөлсний хөдөлмөр, нэмүү өртөг, таваар мөнгө, тогтмол ба хувьсах капитал, анхны хуримтлал зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлсон. Энэ суут бүтээлийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрөн үнэлдэг тул хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудын номын сангийн фондын салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь болдог гэдгийг онцолж байв. Энэ эрдэм шинжилгээний хуралд оролцож буй оюутан залууст ч хэрэгтэй мэдээлэл байв. Нөгөөтэйгүүр түүний үзэл онолыг тусгасан алдарт бүтээлүүд нь одоогийн оюутан залууст нь эдийн засгийн онолын түүхэн хөгжил, капиталист зах зээлийн эдийн засгийн мөн чанар, үндсийг таньж мэдэх, нийгмийн шинжлэх ухааны онолын олон урсгалыг харьцуулан судлаж хөгжүүлэхэд ихээхэн тус нэмэр болно гэдгийг МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлж байсан юм.
Хувьсгал яагаад гардаг вэ? номын тухайд...
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын санал санаачлагаар Октябрийн хувьсгалын 100 жил, К.Марксын “Капитал” зохиол хэвлэгдсний 150 жилийн ойд зориулсан дугуй ширээний ярилцлага, илтгэлүүдийг багцлан “Хувьсгал яагаад гардаг вэ?” номыг эмхэтгэсэн байна. Уг номд Монгол Улсын тусгаар тогтнол сэргэж төлөвшихөд гол нөлөө үзүүлсэн хувьсгалт үйл явдлыг онцолсон байна. Тухайлбал, 1789 оны Францын хувьсгал, 1911 оны Хятадын Синхайн хувьсгал, 1917 оны Оросын Октябрийн хувьсгал, 1921 оны ардын хувьсгалын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Жишээ нь Францын 1789 оны хувьсгал нь Монголд Оросын Октябрийн хувьсгалаар дамжин нөлөөлсөн. Энэ хувьсгал нь хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголтыг аливаа асуудлын төвд тавих ёстой гэдгийн эхлэлийг төвьж, хүний эрх, эрх чөлөөний асуудал нь тухайн улс орны Үндсэн хуулийн амин чухал зүйл байх ёстой гэдгийг тогтоосон гэдгийг онцлон дурьджээ. Мөн жинхэнэ ардчилсан оронд дарангуйлал тогтох боломж бололцоо олгохгүйн тулд ард иргэдэд хувьсгал хийх эрхийг нь тогтоож өгсөн байдаг. Хувьсга бол хуул бус үйл явдал бус харин хууль ёсны үйл хэрэг мөн юм. Хувьсгал гарах, хувьсгал хийх нөхцөл бүрдүүлсэн бурууг эрх баригчид хүлээх ёстой гэдгийг хувьсгал хийсэн дээрх орнуудын тунхаг баримт бичгүүдээс харж болно гэдгийг “Хувьсгал яагаад гардаг вэ?” номд орсон бүтээлүүдээс харж болохоор байна. Номд Н.Энхбаярын “Түүхэн үйл явдал ба авах гээхийн ухаан”, Д.Бямбасүрэн “ Октябрийн хувьсгал, Монголын түүхийн шинэ эрин”, Ч.Баатар “Октябрийн хувьсгал, олон улсын харилцаа”, Ц.Жамбалсүрэн “Октябрийн хувьсгал ба Монгол Оросын харилцаа” зэрэг бүтээлүүдийг багцалсан байна.
Эрдэм шинжилгээний бага хурал болон “Хувьсгал яагаад гардаг вэ?” номын нээлтэд оролцсон зарим хүний сэтгэгдлийг сонссон юм.
Түүний үзэл санааг өнөөгийн нийгэмд тохируулж хэрэглэх нь чухал
БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консерсион:
- Карл Марксийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болон “Хувьсгал яагаад гардаг вэ?” номын нээлтэд намайг хүндэтгэн урьж оролцуулсан МАХН, МУИС-ийн удирдлагуудад баярласнаа илэрхийлье. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөгийн нийгэмд зохион байгуулж байгаа нь маш чухал ач холбогдолтой зүйл гэж бодож байна. Капиталист, шударга бус нийгмийг өөрчлөх, үүнийг илүү шударга хөдөлмөрчин ард түмний төлөөх нийгэм болгон цогцлооход Карл Марсксын үзэл санаа, түүний дэвшүүлсэн онолуудыг өнөөгийн оюутан залуус илүү их судлах, өнөөгийн нийгэмд тохируулж хэрэглэхэд энэ хурал нь чухал ач холбогдолтой гэдгийг хэлэхийг хүсч байна.
Марксын үзэл баримтлал хэзээ ч мартагдаж алга болоогүй
МУИС-ийн доктор, профессор Ч.Өлзийсайхан:
-1990 оноос хойш монголчуудын дунд ямар үзэл баримтлал давамгайлаад байна вэ гэвэл одоогийн нийгэмд Карл Марсксын сургааль, үзэл онол мартагдсан юм шиг, худлаа байсан юм шиг нийгмийн сэтгэлгээ бий болоод байна. Гэтэл үнэн хэрэгтээ нийгмийн шинжлэх ухааны дотор Марксын энэ үзэл баримтлал хэзээ ч алга болоогүй, өөрийнхөө жинтэй байр суурийг эзэлсээр ирсэн том сургааль. Тиймээс бид энэ сургаалийн онцлогийг, дахин өөр нийгмийн өнцгөөс харахад ямар ач холбогдолтой, ямар гүн гүнзгий агуулгатай байна вэ гэдгийг олж харахад энэхүү эрдэм шинжилгээний бага хурал илүү ач холбогдолтой юм. Түүний аль ч цаг үед сонгодог байж чаддаг онолыг буруушаахаас илүү түүний ямар санаануудыг ямар цаг үед дэвшүүлж байсан бэ гэдгийг шүүн тунгаах нь илүү юм.
“Хувьсгал яагаад гардаг вэ?” ном нь октябрийн хувьсгалын 100 жил, Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойд зориулсан эмхэтгэл болон гарч байгаагаараа онцлог юм. Нийгмийн харилцаагаа зөв зохицуулж чадахгүй байгаа энэ үед, нийгмийн тодорхой нэг хэсэг нь хөрөнгө мөнгө завшаад, нэг хэсэг нь гадуурхагдсан байдалтай амьдраад, төр нь үүнийг шийдэж шийдвэрлэж чадахгүй яваад байвал хувьсгал төрдөг гэдэг уур амьсгалтайгаар энэ номыг бүтээж туурвисан. Дан ганц Монгол гэлтгүй дэлхий нийтэд томоохон өөрчлөлтийг авчирсан хувьсгалын үйл хэрэг, үзэл санаануудыг эрдэмтэн судлаачид бүтээлдээ онцлон тусгасан бүтээл болсон.
Эх сурвалж: www.polit.mn



