
Б.СОЛОНГО
Чингис Гүнжид анхны харцаар дурлаж гэнэ. Зураач мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуугийн хувьд дурлалт бүсгүйгээ анх харснаас хойш толгойд нь өөр зүйл багтахаа больжээ. Тэгээд тэр бүсгүйг зурж эхлэв. Сургуулиа төгсөх үлдсэн хугацаандаа хайртай бүсгүйнхээ цуврал 15 хөргийг зурж, түүнийхээ гурван зургаар нь дипломын ажлаа хамгаалав. Үеийн залуус нь кино үзэж, ресторанд уулзаж байхад тэд хамтдаа будаг, зотонгоо үүрээд гэр хороолол, гудамж талбай, уул толгодоор тэнүүчилж, зураг зурангаа болздог байжээ. Ийнхүү уран зургаар амьсгалж, амьдарч яваа нэгэн залуу зураач, түүний гэр бүлийг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа урьсан юм.
Тэр бол хөрөг зургуудаараа хэдийнэ олны танил болсон зураач Т.Чингис. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр олон улсын төлөөлөгчдийн 53 хөргөөр үзэсгэлэн гаргаж байснаар нь хүмүүс сайн мэддэг. Харин нөхрийнхөө дипломын ажлын сэдэв нь болтлоо өөртөө дурлуулсан бүсгүйг Ц.Амаржаргал гэдэг. Яг шоргоолж болсон мэтээр цэцгийг дотроос нь урлаж зурдаг өөрийн өвөрмөц техниктэй, энэ чиглэлээрээ дагнасан зураач эмэгтэй. Уран бүтээлийнх нь нэр Гүнж бөгөөд зургаа зурахын хажуугаар “Гүнж кидс арт” урландаа хүүхдүүдэд уран зургийн хичээл заадаг. Тэдний хувьд гэр бүлийн урланд нь бид зочилсон бөгөөд хүн чаддаг зүйлээрээ өөрсөддөө төдийгүй бусдад хэрхэн аз жаргалыг түгээж болдгийг энэ газраас илүүтэй мэдэрч байлаа.
“Бидний амьдрал тэр чигтээ уран зураг гэж болно. Хүүхэд төрөхөөс өмнө их дэврүүн байж. Харин том хүү маань төрснөөс хойш уран бүтээл биш хүүхэд нэгдүгээрт юм байна гэдгийг ойлгосон. Уг нь би урлагаас өөр зүйлийг урдаа тавьж чадахгүй оюутан байсан. Харин одоо бол хүүхдийн урд урлагийг хэзээ ч тавьж чадахгүйгээ ойлгоод байлаа. Уран бүтээлчийн хувьд карьераа хөөж болох ч бидний хувьд тийм төрлийн хүмүүс биш бололтой. Зураачид натурт олон сараар явах нь байдаг. Би бол гэрээсээ өглөө гарчихаад орой ирэхэд л гадаад явчихаад ирж байгаа юм шиг хүнд санагдаад байдаг юм. Манайхан ч тийм сэтгэгдэлтэй угтаж авна. Магадгүй бид хүүхэдтэй болоогүй бол одоо ийм гэрэлтэй, гэгээтэй ажил хийхгүй байсан байх. Уран бүтээлч хүн нийгэмд сайн сайхныг түгээх ёстой. Хүүхдүүд ямар хөөрхөн сэтгэлээсээ үнэн зурдаг гээч. Пикассо хүүхэд шиг зурахыг мөрөөддөг байсан гэдэг шүү дээ. Цаанаа гоё гэрэл гэгээтэй бүтээл хийдэг. Тэднээс маш их энерги авдаг. Одоо ингээд харахад бид сайхан зүйл эхлүүлжээ гэж бодож байна” хэмээн Т.Чингис зураач онцолж байв. Тэд естэй, зургаатай хоёр хүүтэй. Хоёр хүү нь амралтын өдрүүдээр ээжийнхээ явуулдаг сургалтанд аавтайгаа хамт туслах багшийн үүрэг гүйцэтгэн урланд нь өнждөг гэнэ. Т.Чингис байсхийгээд л эхнэрээ “Гүнж ээ” гэж өхөөрдөн дуудна, ярилцлага өгөхдөө ч миний эхнэр, миний хоёр хүү гэж байнга ярина. Хайр, аз жаргал нэвт гэрэлтсэн энэ гэр бүлийг нэгэнгүйгээр нь салгаж бичих аргагүй юм билээ.
ЖИНХЭНЭ БҮТЭЭЛЭЭ ХИЙЖ АМЖААГҮЙ ЯВНА ГЭЖ БОДДОГ
[caption id="attachment_37389" align="aligncenter" width="645"]
“Хамгийн сүүлд зурсан Н.Түвшинбаяр аваргын хөрөг өөрт минь их таалагдсан. Хүн алдаж байгаад онодог шиг бүтээл тэгж л төрөх ёстой”[/caption]
Т.Чингисийн зураач болох эхлэл дунд сургуульд нь тавигджээ. Нийслэлийн 84 дүгээр дунд сургуульд сурдаг байхдаа Оюунбаатар багшийн зургийн дугуйланд хичээллэдэг байж. Өдгөө машин засвар, чимэглэл, хөгжүүлэлтийн чиглэлээр “Obo customs” нэрээр олон нийтийн сүлжээнд багагүй нэр хүндтэй болсон Оюунбаатар багш мэргэжлийн зургийн хичээлүүд болох натюрморт зуруулах, этюд хийлгэх зэргийг дугуйлангийн сурагчдаараа хийлгэдэг байж. Тав, зургаахан удаа орсон тэр хичээлүүд өнөөдрийн зураач Т.Чингисийг бүтээхэд асар их нөлөөлснийг тэрээр онцолж байв.
“-Бидний ажиллуулж байгаа урлан ч олон хүүхдийн ирээдүйг сайн сайхан болгоно гэдэгт итгэдэг. Хүүхэд нэгэнт юм бүтээгээд сурчихвал цаашдын амьдралдаа бүтээлч хандлагатай болдог. Нэг эхлүүлсэн ажлаа заавал дуусгадаг болдог. Та цонхоор хар даа. Тэр машин, байшин.. Бүгд урлаг шүү дээ. Дүрслэх урлаг бол яалт ч үгүй амьдралын суурь эрдэм...”
Тэрээр 2000 оноос бие даан зураг зурж эхэлжээ. Мэргэжлээ сонгох шаардлагатай цаг үе нь ч ирсэн байна. Өөрийн ганц өмч болох гантилаа 8000 төгрөгөөр зараад зургийн дэлгүүрээс арьсны өнгөтэй гэж сураглаж байгаад анхны тосон будгаа худалдаж авчээ. Дараа нь урт цагаанаас орос зураачийн хоёр ном худалдаж аваад гэртээ зурж эхэлсэн байна. Ингээд 2003 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэн оржээ. Тэрээр мөн байгалийн чиглэлээр дагнан зурдаг Ц.Нарангэрэл багшийн шавь. Суралцаж байх хугацаандаа хамгийн сайн натур зурдаг оюутан байжээ. Т.Чингисийн хувьд хөрөг зургийн чиглэлд түлхүү хүч үзэх болсон нь оюутан үеэс эхлэлтэй гэнэ. Дипломат төлөөлөгч, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Ш.Алтангэрэл ахдаа хамгийн их баярлаж явдгаа манай сониноор дамжуулан уламжлав. Тэр хүн 2006 онд Ц.Нарангэрэл багшийн үзэсгэлэнг үзэж байхдаа сайн зурдаг оюутнаар хөрөг зуруулья гэсэн санал тавьж. Ингээд багш нь Т.Чингисийг санал болгосноор сургуулиа төгсөхдөө зөвхөн тэр хүний захиалгаар 108 хүний хөрөг зурсан байжээ.
“-Би ер нь сургууль дээрээ амьдардаг байсан гэхэд хилсдэхгүй. Өдөр шөнөгүй л хөргөө зурдаг байсан. Алтангэрэл ах, бас түүний ээж нь уран зурагт маш сонирхолтой хүмүүс байсан. Надад захиалга өгөхдөө фото зургуудыг нь хүртэл угаагаад бэлдчихсэн байсан. Ингээд зөвхөн тэр хүний захиалгаар 108 хөрөг зураад оюутан байхдаа тэр зургуудаараа үзэсгэлэн гаргаж байлаа...”
“Та ер нь хэдэн хөрөг зурсан бэ” гэж асуухад “Одоо бараг 700 гарч байгаа байх” гэж тэрээр хариулсан юм. Төрийн ордны А танхимд байдаг Чингис хааны хөрөг, УИХ-ын дарга асан З.Энхболдын хөрөг, хамгийн сүүлд зурсан Олимпийн аварга Н.Түвшинбаярын хөрөг гэх мэтчилэн түүний гайхалтай бүтээлүүдээс дурдаж болно. Гэхдээ зураач Т.Чингис өнөөг хүртэл өөрийн жинхэнэ бүтээлээ хийж амжаагүй байгаа гэж өөрийгөө дүгнэдэг юм билээ.
“- Бид амьдралаа зөвхөн энэ гараараа л босгож байгаа тул одоогоор зөвхөн захиалгын зурагнууддаа л анхаарал хандуулж байна. Илүү цаг ч гарахгүй юм. Гэхдээ удахгүй их гоё үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа. Сүүлийн үед залуус бүтээл, ажил гэдэг хоёр зүйлийг ялгахгүй байх шиг санагдаад байна. Жишээ нь Холливудад продюсерүүд 10 кино хийхэд нэг нь бүтээл байдаг. Би ч бас бүтээлдээ тэгж ханддаг. Мэдээж захиалгуудаа тултал сайн хийхийг хичээнэ. Гэхдээ зарим нь өөрт их таалагдаад, зарим нь таалагдахгүй байх үе бий. Хамгийн сүүлд зурсан Н.Түвшинбаяр аваргын хөрөг өөрт минь их таалагдсан. Хүн алдаж байгаад онодог шиг бүтээл тэгж л төрөх ёстой. Тасралтгүй хийх хэрэгтэй. Зурж сураагүй байхдаа бүтээл хийнэ гээд үсрээд байх хэрэггүй. Гол нь сайн л хийх хэрэгтэй. Сайн хийхийн тулд их хийх хэрэгтэй. Хүн амьдрал үзээд, зовж шаналаад, өөрийгөө зольж байж л урлагийн бүтээл төрнө гэж би боддог. Өөрийнхөө хувьд жинхэнэ бүтээлээ туурвиж амжаагүй л явна гэж дүгнэдэг...”
БАГА ХҮҮДЭЭ АСА АВАРГЫН НЭРИЙГ ӨГСӨН
[caption id="attachment_37391" align="aligncenter" width="645"]
“Энэ миний өөрийн хөрөг. Дээр нь хоёр хүү минь хөхөө хөхөж байна. Аав минь намайг зургаан настай байхад бурхан болсон. Ах маань бас 28 настайдаа бурхан болсон. Тиймээс том хүүгээ аав төрлөө, бага хүүгээ ах төрлөө гэсэн утгаар бэлгэдэн зурсан. Миний барьсан хар аяга бол залуу хүний хувьд үзэж туулсан хүнд бэрх өдрүүдээ өгүүлсэн хэрэг. Харин дээшээ харсан сав байгаа нь амьдралаас гуйж байгаа философи гэх үү дээ. Өөрийнхөө ард аавын минь нутагт байх Увс нуурыг дүрсэлсэн”[/caption]
Чингис, Гүнж хоёрын том хүүг Жамуха гэнэ. Бага хүүг нь Аса гэнэ. Том хүүгийнх нь овог нэрийг асуухад Чингисийн Жамуха гэж хариулахаар итгэдэггүй тохиолдол олон гэлээ. Энэ нэрийг Ш.Алтангэрэл ах нь хүүд нь хайрлажээ. Харин одоо зургаан настай бага хүү Асагийн нэр нь содон түүхтэй аж. Т.Чингис төрсөн ганц ахтай бөгөөд 2010 онд ах нь Япон улсад сурч байхдаа залуугаараа нас баржээ. Түүний ахтайгаа ярьдаг байсан ганц сэдэв нь Асашёорюү аварга. Гэр хорооллын гудамжаар ус түрээд явж байгаа бяцхан хүүгийн цээжинд “Би яг Аса аварга шиг агуу хүн болно. Агуу зураач болно” гэсэн итгэл зориг асдаг байж. Тэр том ертөнцөд өөрийнхөө эр зоригоор ялан дийлж гарч ирсэн их аварга Чингис гэх хүүгийн ирээдүйг эр зоригоороо хурцалж өгсөн хэрэг.
“...Би түүнийг аварга болохоос нь өмнө хөрөг зургийг нь зурж эхэлсэн байсан. Ингээд 2003 оны эхээр аварга болсныхоо хоёр хоногийн дараа Монголдоо ирэхээр нь гурван сар сууж зурсан зургаа бэлэглэж байлаа. Сүүлд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Асашёорюү аваргыг Монголын салхин хүү гэж ярьж байсан. Харин миний 2003 онд зурсан зурганд аваргыг хуй салхин дунд сууснаар дүрсэлсэн байдаг, сонин шүү. Асашёорюү аварга зодог тайлаад л удалгүй миний ах нас барсан. Хоёр жилийн дараа бага хүү минь төрөхөд би ахыгаа буцаж ирлээ гэж бэлгэшээн бидний хамгийн хайртай шүтээн байсан аваргын Аса гэдэг нэрийг өгсөн юм. Тэр агуу хүн бол миний хүүхэд насны итгэл найдвар, зориг, бас ах, бид хоёрын дурсамжийн эзэн юм л даа...”
“Чингис их найрсаг. Хоёр хүүгээ хэзээ ч загнаж байгаагүй. Заримдаа ажлаасаа ирэхэд нь би ховлодог юм. Гэтэл өө тэгсэн үү гээд л тэврээд авна, загнахгүй. Ам хэлээрээ биш аль болох хөдөлмөрөөрөө хүүхдүүддээ үлгэр дууриал үзүүлдэг. Хүүхдүүдээ юм хийгээд үзүүлэхэд нь надаас илүү магтдаг. Ямар гоё юм бэ, чи үнэхээр мундаг юм аа гээд зургийг нь аваад л. Аавыгаа тэгж гоё урамшуулдаг болохоор миний хоёр хүү үргэлж л нэг юм бүтээж, хийхийг эрмэлздэг. Түүнийгээ аавдаа үзүүлэхийг хичээдэг. Энэ нь нөхрийн маань хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барил. Манайх яг амьтны хүрээлэн шиг. Аквариум дүүрэн загас байна. Нохой байна. 2015 онд үүрнээсээ унасан тагтааны дэгдээхэйг Жамуха олж ирээд тэжээсэн. Одоо тэр тагтаа манайхаас явдаггүй. Цонх онгорхой байсан ч нисдэггүй. Чингисийг орж ирэхээр нь мөрөн дээр нь суучихдаг. Амьтад хүртэл түүнд ийм хайртай. Нохой нь үсэрч харайгаад байхад л “Яах вэ, тэгж л байг. Биеийн чилээ нь гараг” гээд сууж байдаг хүн дээ. Хүүхдийн бага насны дурсамж нь яг л үлгэр шиг гоё өнгөрөг л дээ. Гэр цэвэрхэн байх ёстой гээд цэмбэгнээд байж болохгүй гэж Чингис дандаа ярьдаг юм. Эмэгтэй хүнийг хайрлахдаа ч өөрийгөө бодож байгаа юм шиг гайхалтай хайрладаг. Миний зураг зурах цаг, материалыг бүгдийг бэлдэж өгнө. Хэрэв би түүнтэй суугаагүй бол зураач болж чадахгүй байсан байх” гэж Ц.Амаржаргал бидэнд ярив.
БИ ОНГИРОО ХҮН
[caption id="attachment_37390" align="aligncenter" width="645"]
“Эх булаг” тэр гоо сайханд тэмүүлнэ, үнэндээ тэр ирээдүйд төрөх амин хайрт үрээ амьдралын эх булагт хүргэх гэж тэмүүлж буй ..... Зураач Т.Чингис сүүлийн үед “Nude art” чиглэлд бүтээл туурвиж байна.[/caption]
Зураач Т.Чингис нарийн бийрээр бичиж зурдаг техниктэй. Түүний зургуудыг ойрхноос харвал яг л тоосго өрсөн мэт. Өөрийнх нь хэлснээр дүрсэлбэл, спортын авьяас гэдэг нь хурдан хөдөлгөөнийг арай удаашруулсан юм шиг харж тэр дунд нь сэтгэхийг хэлдэг бол тэрээр лазерын тусгал шиг нарийн цэг бүхэнд төвлөрч, мэдэрч зурдаг гэсэн үг. Нэг хөргийг зурахад дунджаар 20 хоног зарцуулдаг гэнэ. Олон цагаар ийнхүү нэг цэгт төвлөрөн суухад эрүүл мэндийн хувьд таатай биш гэдэг нь тодорхой. Удаан сууж зураг зурснаас гар нь ямар ч судасгүй болж, зүрхний цохилт нь удаашран, дөрвөн мөч нь хүв хүйтэн болох тохиолдол олон гардаг ажээ. Харин тэрээр олон жил ийнхүү тэвчээртэй зураад байгаагийнхаа нууцыг ширээний теннис гэж тодорхойлов. Сүүлийн зургаан жилд ширээний теннисээр идэвхтэй хичээллэж байгаа гэнэ.
Зарим шүүмжлэгч түүний хөргүүдийг гэрэл зургаас ялгагдахгүй гэж шүүмжилдэг. Харин өөрөө ийм хариулт өгөв. “ Уг нь бол тэгж зурж сурах гэж л энэ олон жил зовоод байгаа юм шүү дээ. Хүмүүсийн яриад байгаа гэрэл зураг шиг гэдгийг гаргах хамгийн хэцүү. Гэрэл зурагнаас хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяад хэд дахин илүү хөргийг би зурж байна. Би натураас зургаан жил зурсан. Тэгэхдээ агаар, гэрэл сүүдэр, сүүдэр доторх гэрэл гэж юу байдгийг суралцсан. Тэр мэдлэгийг авсан учраас одоо гэрэл зурагнаас зурахдаа баяжуулж чадаж байна. Тэрнээс нэг авьяастай хүүхэд гэрэл зураг дууриалгаад зураад байвал жинхэнэ үхмэл болно. Ярих амархан хийх хэцүү. Би хийчихээд, хийснийхээ дараа таван үг холбоод юм ярья л гэж боддог хүн”.
Т.Чингис зураачийг харахад нээлттэй, найрсаг хүн шиг боловч эхнэрээсээ өөр найзгүй гэх. Даруухан, төлөв юм шиг хэрнээ “би онгироо” гэх. Өөрийн дотоод хүнийг онгироодуу гэж тодорхойлоод харин түүнийгээ дарахыг хичээдэг тухайгаа тэр ярив. Онгироо бай, түрэмгий бай, өөртөө итгэлтэй бай, чадна л гэсэн бол эргэлзэлгүйгээр дайр, гэхдээ хөдөлмөрлө гэж тэр залуучуудад захив. “-Манай монголчуудыг хараад байхаад эготой хүмүүст их дургүй юм. Дэлхийд харахаар хамгийн эготой хүмүүс дээд рекордуудыг эзэмшиж байгаа харагдах юм. Гэхдээ зүгээр орон дээрээ хэвтчихээд эго хийхийг хэлээгүй л дээ. Хэрэв хөдөлмөрлөж чадсан, мэргэжлээ эзэмшиж чадсан бол эго нь тэр хүнд бензин болж өгөх ёстой. Тийм болохоор залуучуудад дахиж амьдрахгүй гэдгийг нь л сануулмаар санагддаг юм. Үхэх гэж байгаа юм шиг хичээлээ хий л дээ. Хэдэн шөнө нойргүй яваад үхсэн ч яадаг юм. Дараа нь хогийн амьдарч байхаар тэр нь дээр. Сонгосон мэргэжилдээ тэгж л үнэнч зүтгэж, өөрийгөө зольж байж сурна биз дээ”.
Залуу хүний залуучууддаа хандаж хэлсэн түүний үгний гол утга энэ. Өөрөө ч үүнийгээ үлгэрлэн үзүүлж байгаа залуу уран бүтээлч. Ийм нэг өвөрмөц ертөнцөөр аялсан бяцхан тэмдэглэлийг уншигч танд хүргэхэд таатай байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


