
Б.НАРАНЦЭЦЭГ
Хуульч судлаач
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр 2018.04.02-ны өдөр Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод “Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэх тухай” албан бичиг хүргүүлснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэсэн. Албан бичигт Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэж байгаа буруу практикийг залруулж, хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах мөн холбогдох шүүхийн шийдвэрүүдийг хянаж, шаардлагатай арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг мэдэгдсэн.
Үүний дараа 2018.04.18-ны өдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Дондогмаа “Засгийн газрын хэрэг эрхлэх газар ... Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд асуудал тавиулахаар иргэнээр мэдээлэл гаргуулсан. Мэдээлэлд холбогдуулаад Цэцийн 2005 оны 2/02 дугаар дүгнэлт хүчинтэй байгаа талаар Дээд шүүхэд бичиг явуулсан. Хууль зүйн яаман дээр Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл явж байна” гэх мэдээлэл өгсөн.
Дээрх асуудалд мэргэжлийн талаас нь харах, ярих шаардлагатай хоёр асуудал байна. Нэгт, Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэх эсэх, Хоёрт, Цэцийн дарга хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх ёстой юу.
НЭГ. ЗАХИРГААНЫ ШҮҮХ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ТАЛААРХ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЭСЭХ
Цэцийн даргын албан бичигт дурдсан Цэцийн 2005 оны 2/02 дугаар дүгнэлтэд 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Цэцийн энэ дүгнэлт 2015 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуульд шууд хамаарахгүй. Учир нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно” гэж тодорхой заасан. Үүний дагуу Үндсэн хуулийн цэцийн 2/02 дүгнэлт гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.1 дэх заалтыг 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Зохих хууль, журам хүчингүй болох Үндсэн хуулийн зохицуулалттай тул одоо үйлчилж буй хуульд шууд адилтган хэрэглэх хууль зүйн боломжгүй.
Мөн Цэцийн дүгнэлтэд дурдсан Засгийн Газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохынхоо хувьд түүний шийдвэр хуульд нийцээгүй тохиолдолд өөрөө эсхүл УИХ хүчингүй болгоно. Тиймээс Захиргааны хэргийн шүүх Засгийн газар, УИХ-ын энэ эрх хэмжээнд халдсан гэх зөрчлийг 2015 оны Захиргааны ерөнхий хуулиар бүрэн арилгасан гэж Үндсэн хуулийн болоод Захиргааны эрх зүйн судлаач доктор, профессорууд, мөн Захиргааны ерөнхий хуулийн төслийн багийн судлаач хуульчид үндэслэл бүхий тайлбар хэлдэг. Тухайлбал,
- 2015 оны Захиргааны ерөнхий хуульд Захиргааны хэргийн шүүхийн хянах байгууллага, албан тушаалтныг нэрлэж жагсаадаг хууль зүйн техникээс татгалзаж, маргааны агуулга мөн чанараар тодорхойлох, хуваарилах зарчмын өөрчлөлт орж ирсэн. Эдгээр хуульд маргааны агуулга, мөн чанарыг Засгийн газраас гаргадаг шийдвэрийг улс төрийн шийдвэр, Цэцэд хамаарах маргаан, Захиргааны шийдвэр гэж ялгаж зохицуулсан. Тодруулбал, Засгийн газар Захиргааны Ерөнхий хуулийн тавдугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэдэгт улс төрийн бус захиргааны шийдвэр гаргасан, тэр захиргааны шийдвэр нь Цэцэд харъяалагдахгүй тохиолдолд л Засгийн газрын харъяа байгууллагуудын адил Захиргааны хэргийн шүүхийн хяналтад орж ирж байгаа.
- Цэц Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх дээр дүгнэлт өгөхгүй, Захиргааны хэргийн шүүх Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлт хийхгүй. Мөн иргэн, аж ахуй нэгжийн зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гаргахгүй. Яагаад гэвэл, Цэцийн бүрэн эрхийг Үндсэн хуулиар Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, энэ талаарх маргааныг магадлан шийдвэрлэх хүрээнд тодорхойлсон байдаг.