Д.ОТГОНБАЯР
Хүүхдийн хэвлэлийн Я.Сумьяа
Улирч буй энэ 2025 онд Монголын хүүхдийн байгууллага 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэсэн. Энэ ойд зориулан “Зууны мэдээ” сонинд гаргасан тусгай найман нүүрийг бэлтгэх ажлыг хэн, хэнд хариуцуулах вэ гэдэг дээр Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлийн дарга асан Ч.Цэрэндулам гуай Я.Сумьяа... гэж нэр заажээ. Яагаад энэ сэтгүүлчид хариуцуулж байгааг мэдэх хүн олон ч, мэдэхгүй хүн ч бас олон. Учир нь УБДС-ийн монгол хэлний анги төгссөн Я.Сумьяа Хэвлэлийн нэгдсэн редакцад хэсэг ажиллаж байгаад 1981 онд “Пионерийн үнэн” сонинд Утга зохиолын ажилтнаар томилогдон ирж тус хэвлэлд 10 жил ажилласан намтар түүхтэй хүн.
“Пионерийн үнэн” сонин нь тухайн үеийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны Хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцад харьяалж байсан хэвлэл. Тус редакцад “Пионерийн үнэн” сониноос гадна “Залгамжлагч”, “Пионерийн удирдагч” сэтгүүл харьяалагддаг байжээ. Я.Сумьяа “Пионерийн үнэн” сонинд Захидал харилцаа хариуцсан хэлтсийн эрхлэгч, улмаар Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллажээ. Пионерийн хэвлэлд эрхлэгч Ц.Дашдондов, Ж.Дашдондог нарын удирдлагад 10 жил ажилласан, тухайн цагийн хүүхдийн байгууллагаас хийж хэрэгжүүлж байсан ажлыг сайн мэдэх, түүнийг хэвлэлээр олон түмэнд хүргэх ажлыг гардан ажиллаж байсан хүмүүсийн нэг бол Я.Сумьяа. Тиймээс түүхт ойд зориулан хэвлэлийн хуудаснаа үлдэх дурсамж нийтлэл материалуудыг хариуцах үүрэг хүлээж, “Пионерийн үнэн” сонины Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Даариймаа болон Хүүхдийн байгууллагад ажиллаж байсан Жавзан нарын хэдэн хүний хамт “Зууны мэдээ”-гийн редакц дээр хэдэн өдөр сууж, сонинд нийтлүүлэхээр ирүүлсэн 200 шахам хуудас материалаас 50 хуудсыг шигшин гаргах ажлыг хийсэн нь редакцын залуу сэтгүүлчдэд нэг ёсны практик хичээл болсон.
Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан хурал тавдугаар сарын 8-нд Төрийн ордонд болоход ирсэн зочдод бэлэг дурсгалын хамт тухайн өдрийн “Зууны мэдээ” сонины шинэхэн дугаар тэдэнд хүрч, тэнд гарсан ярилцлага, дурсамж, зураг, түүхээ уншиж, сэтгэгдэл өндөр байсан билээ.
Я.Сумьяа сэтгүүлч Б.Энхмартад өгсөн ярилцлагадаа “Миний редактор болохын гол үүдийг “Пионерийн үнэн” сонин тавьсан гэж боддог. Сонинд очоод тун удалгүй Захидал, харилцаа хариуцсан хэлтсийн эрхлэгч болсон юм. Долоо хоногт уншигч хүүхдүүдээс хэдэн 10, 100 захидал ирнэ. Тэр бүрийг уншиж, мэдэрч, засахыгаа засаж, янзалж, сониндоо нийтэлдэг, хариу бичдэг байсан минь надад их зүйл сургасан” гэж дурсжээ.
Хариуцлагатай нарийн бичгийн дарга Я.Сумьяа
“Хариуцлагатай нарийн бичгийн даргаар хамгийн олон жил ажилласан хүн бол Я.Сумьяа”. Ийм тодорхойлолтыг сэтгүүл зүйн доктор Н.Чойсамба гаргасан байдаг. Учир нь Я.Сумьяа 1985 онд “Пионерийн үнэн” сониноос эхлээд “Эх хэл” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга хүртэл ийм ажлыг 40 гаруй жил хийжээ.
“Пионерийн үнэн” сонинд ажиллаж байгаад 1989 онд МАХН-ын төв хорооны тогтоолоор “Багш” сониныг үүсгэн байгуулахад анхны эрхлэгчээр нь С.Дан-Аажав, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар нь Я.Сумьяа нар томилогдож байжээ. Энэ бол нийгмийн шилжилт өөрчлөлтийн зааг дээр гарсан шийдвэр, бас үргэлжлүүлэн ажилласан хугацаа нь өөрчлөлт, шинэчлэлээс гадна их улстөржилттэй нүүр тулсан цаг. Энэ үеийнхээ тухай Я.Сумьяа “Улс төр, улстөржилт нэгдүгээрт тавигдсан тэр үед нийгмийн анхаарлыг боловсрол руу хандуулах, чиглүүлэх хариуцлагатай ажлыг манай баг хийж байсан. Баг хүчтэй ч байлаа, сайн ч ажилласан. Гэтэл 1992 онд яамны хэмжээнд их цомхотгол болсон. Тухайн үед редакц дотроо хамгийн залуу нь би байсан. Дарга, удирдлага, томчууд үгээ хэлж байх үед надад “Эдэндээ нэг ч гэсэн орон тоо үлдээе. Ер нь надад бол ажил олдоно” гэсэн шүү юм бодогдоод Эрхлэгчийнхээ үгийг тасалж байгаад бодлоо хэлээд, ажлаа хүлээлгэж өгч байлаа” хэмээн ярьжээ.
“Багш” сонины Хариуцлагатай нарийн бичгийн даргын ажлаа өгөөд хэд хоног сайхан амарч аваад ажил төрөл бодно гэж төлөвлөсөн ч санаснаар нь болоогүй гэнэ. Хоёр хоногийн дараа Ү.Хүрэлбаатар эрхлэгч утасдаж, “Улаанбаатар” сонинд ажиллахыг урьжээ. Ингээд нийслэлийн төв хэвлэл, өдөр тутмын “Улаанбаатар” сонины Нийтлэл эрхэлсэн орлогч эрхлэгчээр томилогдон ажиллажээ. Хавсралт хэвлэлүүдтэй, даацтай нийтлэлүүдтэй, олон сайн залуу сэтгүүлчийг төрүүлсэн тус сонины чанар чансааг Я.Сумьяа гэдэг эмэгтэйн зохион байгуулах, хүнтэй ажиллах эв дүй, бичиж редакторлах ур чадвар, сэтгэл хөдөлмөргүйгээр төсөөлөх аргагүй. Дашрамд дурдахад тэрээр хэвлэлүүдэд гол төлөв “гал тогоо” хариуцаж, бусдын бүтээлийг сайн болгох ажлыг хийсэн ч гэлээ, сэтгүүлчийнхээ хувьд бичихээ орхиогүй.
Төв шуудангийн хойно байрлах “Улаанбаатар” сонинд ажиллаж байхад нь анх танилцаж, энэ хүнээс суралцаж, өнөөг хүртэл олон сайн сайхан үйлс бүтээлийнх нь гэрч болж яваа хүний нэг нь сэтгүүлч миний бие билээ.
Тэрээр “Улаанбаатар” сониноос 2002 онд Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ рүү шилжиж, тус агентлагийн Дотоод мэдээллийн газрын дарга, редакторын алба хашжээ. Энэ албыг түүнд итгэж хариуцуулсан хүн нь Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Т.Баасансүрэн аж.
Харин 2006 оноос ШУА-ийн “Монголын үндэсний нэвтэрхий толь”-оо шинэчлэн гаргахад академич Б.Чадраа гуайн байгуулсан багийн бүрэлдэхүүнд багтаж ажилласан байна. ШУА-аас эрхлэн гаргадаг “Эх хэл” сэтгүүлийн Эрхлэгч нь академич Д.Цэрэнсодном, Хариуцлагатай нарийн бичгийн дарга нь Я.Сумьяа байсан.
Товчоор тодорхойлбол, Я.Сумьяа хэвлэл мэдээллийн салбарт ажилласан 50 шахам жилийн дийлэнхэд сонин, сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга бөгөөд редактораар дагнан ажилласан мэргэжлийн редактор.
2008-2012 онд сэтгүүлчдийн байгууллагыг эхлээд Д.Сарангэрэл, дараа нь Т.Баасансүрэн дарга нар удирдаж байхад Ерөнхий нарийн бичгийн даргаар нь Я.Сумьяа ажилласан. Энд ажиллаж байхдаа Монголын сэтгүүлчдийн шилдэг нийтлэл цувралын 17 дахь ботийг ахмад сэтгүүлч Д.Үржинбадамын хамт бичиж, Монголын сэтгүүлчдийн байгууллагын түүхийг баринтаглан үлдээжээ. Шилдэг нийтлэлийн цувралд багтсан арав гаруй сэтгүүлчийн бүтээлийн ботийг хариуцан бэлтгэж, ариутган шүүж, эцэслэн хэвлэлд шилжүүлжээ. Энд соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрай, Д.Амбасэлмаа, Х.Цэвлээ, Г.Жамц, М.Цэрэнжамц... гээд сэтгүүл зүйн салбарын ахмад үеийн алдартнуудын цуврал багтаж байна. Бас “Балдорж сангаас зохион байгуулдаг Сэтгүүлзүйн шилдэг бүтээлийг шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгээр ажиллаж байсан гээд сэтгүүл зүйн салбараасаа холдоогүй нэгэн.
Толь бичгийн редактор
ШУА-аас эрхлэн гаргасан “Монголын нэвтэрхий толь” хоёр боть 1990 онд, “Монголын Үндэсний нэвтэрхий толь” гурван боть 2011 онд тус тус хэвлэгдэн гарсан. Өдгөө бол эрэл сурал болж олдог ховор номын тоонд орсон нэвтэрхий толиудын редактор нь Я.Сумьяа. “Академийн таван боть гэхэд зохиогчид, оролцсон хүмүүс өөр өөрсдөдөө хамаарах бүлгээ голлон харж байхад би бүгдийг нь нэг бүрчлэн уншиж, давхар хянаж, монгол, латин, үндэсний монгол бичигтэй нь нэг бүрчлэн тулгаж уншиж, редакторлах жишээтэй” гэж энд хийсэн ажлаа товч тодорхойлжээ. Үндэсний хэмжээний том нэвтэрхий толиудад ажилласан ийм туршлагатай редактор өнөө цагт ховор.
Нэвтэрхий толиудаас гадна Шинжлэх ухааны академиас эрхлэн гаргасан академич Ш.Бирагийн бүтээлийн чуулган 10 боть, академич Б.Чадраагийн “Сансрын гараа” ном, “Академич Баатарын Чадраа” боть, О.Намнандоржийн “Америкийн индианчуудын омог аймаг, түүх соёл” бүтээлүүд мөн л Сумьяа редакторын гараар дамжин уншигчдад хүрчээ.
СУИС-ийн хүндэт профессор
Сүүлийн арав гаруй жил Я.Сумьяа СУИС-д ажиллаж байна. СУИС-ийн захирал байсан доктор Э.Сонинтогос “Тайлбар толийн энэ чимхлүүр нарийн ажил дээр Я.Сумьяа шиг суух редактор байхгүй” гээд түүнийг СУИС-д ажиллахыг урьсан байдаг. Ингэснээр СУИС-аас эрхлэн гаргасан Соёл урлаг судлалын цуврал тайлбар “Дүрслэх урлаг”, “Шашин соёл”, “Музей”, “Хөгжим”, “Бүжиг”... тайлбар толиудын редактораар ажилласан. Мөн Н.Норовбанзад, Г.Хайдав, Д.Амбасэлмаа, Н.Сувд, Н.Жанцанноров, Д.Хишигт, Ш.Лувсанвандан гээд СУИС-ийн профессоруудын цуврал, СУИС-ийн “Өв соёл” цувралаар, доктор профессор Ж.Баянсангийн “Монгол хэлний зүйрлэсэн хэлц хэллэгийн тайлбар толь”, доктор Д.Тангадын “Домын тайлбар толь”, С.Жамбалдоржийн “Морин эрдэнэ”, “Тэмээ тэнгэрийн амьтан” хоёр боть, СУИС-ийн судлаачдын Швед улсад хийсэн судалгааны үр дүнгээр хэвлүүлсэн доктор Д.Даваасүрэн, С.Соронзонболд нарын “Шведийн хааны музейгээс дуурьсах эртний монгол дуу” ном... зэрэг тус сургуулиас гаргаж байгаа чанартай чансаатай олон бүтээл редактор Я.Сумьяагийн гарын үсэгтэйгээр хэвлэгдэн уншигчдад хүрч байна. Энэ сарын дундуур болсон СУИС-ийн 35 жилийн ойн үеэр хүндэт профессор цол хүртсэний тайлал энэ олон бүтээлд бий гэсэн үг.
Итгэмжит редактор
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, нэрт сэтгүүлч Х.Цэвлээ гуай өдөр тутмын сонинд гаргах нийтлэлээ бичиж бэлдсэн тухайгаа ярихдаа “Сумьяа чам руу нэг юм шиднэ шүү...” гэж эхэлдэг байлаа. Сонинд гарах нийтлэлээс эхлээд сүүлийн жилүүдэд Х.Цэвлээ гуайн бичиж хэвлүүлсэн 20 гаруй бүтээлийн редактор нь Я.Сумьяа. Энэ тоо бол нэрт сэтгүүлчийн итгэлийг хүлээсэн итгэмжит редактор нь хэн байсныг харуулах баримт. Итгэмжит редактор Я.Сумьяагийнхаа бага нас, түүний ээж аавын туулсан ээдрээ нугачаат амьдралын тухай “Хойд хангайн хонгорхон эжий” нийтлэл Х.Цэвлээ гуайн “Алтан тууж” номонд бий. Харин Я.Сумьяа эгч “Он цаг бүрд олон тохиогоод байхгүй шилдэг сэхээтэн, намайг тоож, надаар номоо редакторлуулна гэдэг миний хувьд их том хувь заяа” хэмээн бахархан ярьдаг билээ.
Я.Сумьяа эгч бол Х.Цэвлээ эрхлэгч шиг олон хүний итгэмжит редактор нь аж. Улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Балхаажав, ахмад сэтгүүлч Г.Баатарчулуун, дипломатч Ж.Ломбо, түүхийн ухааны доктор Ч.Жазаг, Зава Дамдин ринбүүчи... гээд түүнд итгэж найдаж бүтээлээ редакторлуулсан хүмүүсийн нэрсийг гарга гэвэл нэлээд урт жагсаалт гарахаар аж.
Энэ нь цаашаагаа доктор Ч.Жазагийн “Гэгээн судар” 10 боть, Зава Дамдин гавжийн Монголын түүхийн “Алтан дэвтэр” судрын Зава Дамдин ринбүчийн хийсэн хадмал орчуулга, сонгодог монгол бичгээр, Зава Дамдин Ринбүчий “Томъёолшгүй” бэсрэг роман гэх мэтээр улам задарна. Эндээс түүний редакторын ажлын цар хүрээ ямар өргөн болохыг харж болно.
Гэхдээ редакторын хийж байгаа бүхэн нь хүний нүдэнд ил харагддаг ажил биш. Хүний бичсэн номын үг, үсэг, бүтэц, найруулга, зохиомж гээд бүх зүйл рүү орж, мэдэрч байж хийдэг ажил. Бас нэмж засаж, илүү сайжруулахын тулд хэнтэй уулзах, ямар баримт сэлт нэмэх гэхчлэн зохиогчтой хамт бүтээлцээд явдаг ажил. Гэхдээ редакторын энэ сэтгэл, хүний мөс, хөдөлмөр номоос харагддаггүй, ард далд үлддэг. Харин алдаа гарвал хамгийн түрүүн чичлүүлдэг алба. Ийм албанд чимээгүйхэн зүтгэж, олон бүтээлийг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх ажлыг хийсэн Я.Сумьяа эгч “Редакторын ажлыг хүн чанартай, хүний мөстэй, ёс зүйтэй хүн л хийх ёстой гэж боддог. Би хэн нэг хүний номд редактор гэж нэрээ тавиулж л байгаа бол тэр номын хувь заяа, хариуцлагыг давхар үүрэх хэрэгтэй” гэдгийг онцлон хэлдэг.
“Надаар бичсэн, бүтээсэн ном, ботио уншуулж, хянуулах гээд итгэл хүлээлгэж, тоож өгнө гэдэг өөрөө хамгийн өндөр үнэлгээ юм даа” гэх үгс түүний ямар хүн гэдгийг харуулна.
Редактор гэдэг ямар үүрэгтэй хүн бэ гэдгийг толь бичигт “Хэвлэгдэх зүйлийн эх бичгийг хянан үзэх хүн” гэж тодорхойлжээ. Энэхүү “эх бичгийг хянах үзэх” гэдэг дөрвөн үгийн цаана ямар өргөн агуулга, гүн утга, нөр их сэтгэл зүтгэл байдгийг 40 гаруй жилийн хөдөлмөрөөр харуулж байгаа эрхэм бол Ц.Намсрайн нэрэмжит Шилдэг редакторын шагналт сэтгүүлч Ядамжавын Сумьяа мөнөөсөө мөн билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 243 (7740)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn