Н.Болорхүү: “Timely.mn” ухаалаг платформыг 100  байгууллага ашигладаг

2022-04-05
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Start-Up” булангийн энэ удаагийн дугаарт “Текстрим” компанийн  захирал Н.Болорхүүг урьж ярилцлаа.

 

-Танай Start-up компани цаг бүртгэлийн платформыг хөгжүүлснээр хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл тархах эрсдэлээс сэргийлж чадсан гэх юм билээ. Танайх хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?

- Бид 10 жилийн туршлага дээрээ үндэслэн 2021оны зургадугаар сард “Текстрим” компаниа гурвуулаа нийлж  үүсгэн байгуулсан. Технологийн Start-up компани. Одоогоор найман ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсанаасаа хойш   монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон болзооны “Singles.mn” аппликейшн, зохиогчийн эрхтэй кино контентийн үйлчилгээ үзүүлдэг “Torl.mn” кино цахим мөн байгууллагуудад зориулсан хэрэглэгчийн санал гомдол авдаг “Myqr”,  платформ, ажилтны цаг бүртгэлийн ухаалаг платформ “Timely.mn” гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргасан. Эдгээрээс “Timely.mn дээр сүүлийн үед илүү төвлөрч ажиллаж байгаа. Энэ  платформыг хийх болсон нэг томоохон шалтгаан нь ажилтан цагаа бүртгүүлэхийн тулд өөрийн халдашгүй мэдээллээ өгөх нь  зүй тогтлын хувьд буруу байсан. Харин “Timely.mn” шинэ хуулийн шаардлагад бүрэн нийцсэн. Тодруулбал,  2021 оны арванхоёрдугаар сард  “Хувь хүний нууцын тухай” хуулийн шинэчлэлийн дагуу хувь хүний давтагдахгүй өгөгдөл буюу биометрик гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч гэсэн генетик мэдээллийг хориглож өгснөөр байгууллагуудад ашиглаж байгаа цаг бүртгэлийн хуруу уншдаг төхөөрөмжүүдийг хязгаарлахад нөлөөлсөн. Хэрэв үүнийг хязгаарлаагүй бол төхөөрөмж алга болсон тохиолдолд иргэний мэдээлэл ч дагаад алга болно гэсэн үг. Түүнчлэн тухайн мэдээллээр дамжуулаад сонгууль, гэрээ контракт гэх мэтчилэн олон зүйлд ашиглагдах өндөр эрсдэлтэй байсан. Хууль батлагдсанаар дээрх эрсдэлийг хаасан юм. Энэ хууль ирэх сараас хэрэгжихээр болсон нь манай бизнесийн хувьд хууль эрх зүйн хүрээнд том давуу тал болж өгсөн.

- Анх бизнес  санаагаа хэрхэн олж юунаас эхэлж байв. Хэр өгөөжтэй бизнес вэ?

-“Timely.mn ” ажилтны цаг бүртгэлийн ухаалаг платформын хувьд developer- уудын өдөр тутамдаа хийдэг нэг зүйл нь үргэж шийдэл хайж явдаг. Өнөөгийн бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа нэг асуудал нь яах аргагүй ажилтны цаг бүртгэлтэй холбоотой  байсан. Үүнд хуруу бүртгэл болон царай уншигч төхөөрөмж байршуулах нь хэт үнэтэй. Тэдгээрийг дагаад заавал IT мэргэжилтэн байх шаардлагатай байсан.Төхөөрөмж байлаа ч тэдгээр нь HR болон нягтлангуудад хэрэгтэй мэдээллүүдийг гаргах хэцүү мөн Covid-ийн эрсдэлийг бий болгодог гээд асуудлууд дуусдаггүй. Бид эдгээр асуудлыг шийдэхийг зорьж бизнес санаагаа анх олсон. Тодруулбал, “Timely.mn” нь Location based аппликейшн бөгөөд хувь хүний нууцлалтай холбоотой хуулийн шаардлагад бүрэн  нийцсэн платформ. Нэмэлт төхөөрөмж ашиглахгүйгээр ажилтан “Timely” аппаар ирэх, явах цагаа бүртгүүлж, захирал, менежер нь апп болон вэбээр ажилтны цаг бүртгэлийг бүрэн хянах боломжтой. Мөн ирцийн тайлан, хүсэлт, цалин, цагийн тохиргоо, судалгаа, асуулга гэсэн боломжуудтай. Хэдэн ч ажилтантай байсан ашиглаж болно. “Timely” платформын хувьд анхны POC буюу “proof of conceptоо” 2021 оны гуравдугаар сараас таван сарын хооронд баталгаажуулж энэ санаа маань цааш илүү тэлэх боломжтой  юм байна гэдгийг мэдсэн. Харин   хөгжүүлэлтээ тухайн ондоо долоон сараас эхлүүлсэн. Тэгээд 2021 оны есдүгээр сарын 17-нд болсон “Digital nation”-аар анхны MVP хувилбараа танилцуулж байгууллагуудаас өндөр үнэлгээ авсан. Үүнээс хойш  олон удаагийн хөгжүүлэлт, сайжруулалт хийсэн.

-Цар тахлын дараах бизнесийн чиг хандлага өөрчлөгдөж уламжлалт бизнесээс илүү технологи руу чиглэж байх шиг байна?

- COVID-19 дэлхий нийтийг түгшээсэн цар тахал эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө их. Бид шинэ зүйлд суралцаж, шинэ сорилтой учирч түүнийг амжилттай даван гарч байна гэж харж байгаа. Үүнийгээ дагаад бидний уламжлалт бизнесийн орчин өөрчлөгдөж байна. Нэг илрэл нь байгууллагуудын ажиллах хэв маяг өөрчлөгдөж босоо харилцаанаас хэвтээ харилцаа руу шилжиж шинэ хэв маяг бий болж байгаа. Өнөөдөр ажилтан заавал энэ түгжрээнд холоос оффис дээрээ ирж ажиллах шаардлагагүй болсон байна. Өөртөө аль ойр “co-working space”-үүдээр эсвэл гэрээсээ ажиллах, hr болон нягтлангууд  “one click payroll” буюу ганц товч дараад л өөрт хэрэгцээтэй мэдээллүүдээ авах, удирдлагуудын хувьд “bird’s-eye-view” өнцгөөс илүү нарийвчлалтай мэдээллүүдээ харахыг хүсдэг болж үүнд манай “Timely.mn” платформ илүү анхааран ажиллаж байгаа.

-Танай “Timely.mn” байнгийн хөгжүүлэлтээр шинэлэг байх нь чухал юм шиг санагдлаа. Цаашид  хэрэглэгчид, үйлчлэгчдээ татах тухайд илүү маркетинг хэрэгтэй байх?

-Яах вэ ERP болон бусад систем байдаг ч бид том зүйлийн нэг хэсэг байх гэхээсээ илүү бие даасан цаг бүртгэлийн асуудлыг цогцоор нь шийдсэн платформ болгохоор зорьж ажиллаж байгаа. Хүмүүс улаан өнгөтэй уудаг зүйл гэхэд Coca Cola гэж санаанд орж байгаатай  адилхан “Timely” гэхэд л ажилтны цаг бүртгэл санаанд ордог болчихвол сайхан байна. Харилцагч нарын хувьд бид илүү B2B, B2C гэж ангилж байгаа. Одоогоор манайхыг ашиглаж байгаа хамгийн цөөн хүнтэй харилцагч маань “Sunday” худалдааны төвд хоёр худалдагчтай хувиараа бизнес эрхлэгч байгаа бол хамгийн олон 400 хүнтэй “Зетта глобал” ХХК ашиглаж байна. Бидний мэдэх ШУТИС, “Brb”, “Ubcab”, “Zochil”, “Gem internatsional”, “Түмэн шувуут” гэсэн олон байгууллага хэдийнээ гэрээ хийгээд ашиглаад эхэлчихсэн байна.

-Дэлхий нийтээр ногоон технологи, ногоон санхүүжилт рүү чиглэж байна. Танайх мөн энэ чиглэлд үү?

- Бид бүхэн ямар салбарт ажилладаг, ямар бүтээгдэхүүн хөгжүүлдэг, таны өнөөдөр хэн байхаас үл шалтгаалаад байгаль орчноо хамгаалах, байгальд ээлтэй бизнес хийх  шаардлагатай болчихоод байгаа. “The World Count” статистикийн мэдээгээр хүн бүр цаг тутамд хоёроос илүү цаас хэрэглэдэг. АНУ, Япон, Европт нэг хүн жилд дунджаар 250-300 кг цаас хэрэглэдэг. “Тафтс”-ын их сургууль болон ашгийн бус “Forest Ethics”-ийн хийсэн судалгаагаар Америкийн дундаж оффисын ажилтан 12 минут тутамд нэг хуудас цаас хэрэглэдэг гэсэн тооцоо гарсан байдаг. Монголд ч гэсэн энэ судалгаа нэлээн дөхөж очих байх. Технологийн Start-up-ын тухайд мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрхэн илүү байгальд ээлтэй шийдлүүд боловсруулж болох вэ гэдэг асуултыг өдөр бүр асууж шийдэл хайж байдаг. Үүний үр дүн ч сайн гардаг. Цөөхөн хэдэн жишээ дурдахад. Бид цаасаар авдаг судалгааг “Timely.mn” платформоор авах боломжтой болсон. Түүнчлэн  цалингийн мэдээг апп-аас шууд харах, цаасан хүсэлтүүдийн оронд апп- аараа олон төрлийн хүсэлт илгээх гэх мэт хог хаягдал багасгах мөн эргээд байгууллагадаа хэмнэлтийг бий болгох бүтээгдэхүүн хөгжүүлээд явж байна.

 -Танайх хэчнээн ажилтантай вэ. Ололт амжилтаа дурдвал. Цаашдын алсын хараа, үнэт зүйлс, ойрын зорилго юу бол?

-Одоогоор найман ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн “Инновацийг дэмжих хөтөлбөр”-ийг “Шинэ эхлэх цэг” ТББ, “Стартап Монгол” хэрэгжүүлсэн хөтөлбөрт 140 багаас шилдэг эхний XV багт “MYQR” хэрэглэгчийн санал гомдол хүлээн авах платформ маань шалгарч грант авсан нь бидний хувьд урам зориг өгч анхны хөрөнгө оруулалт болж, их зүйл сурч мэдсэн хөтөлбөр болсон байдаг. Мөн шинэхэн Start-up-ын хувьд бүтээгдэхүүнээ гаргаад орлого олоод эхэлнэ гэдэг маш сайхан мэдрэмж байдаг юм байна. Анх зургаан ажилтантай байгууллагатай гэрээ хийхэд итгэж ядан “ямар сайхан юм бэ” гэж манай багийнхан урам орж байсан. Тэр урам зоригоороо дараа дараагийн байгууллагуудтай хамтарч ажиллах гэрээ байгуулсаар байна. Одоогоор 400 гаруй байгууллага тест хийж 100 гаруй байгууллагатай гэрээ байгуулж “Timely.mn” платформыг ашиглаж байна. Манай компани “Харилцагч, хамт олон, бүтээгдэхүүн” гэсэн гурван үнэт зүйлтэй. Үүнийгээ  үргэлж тордож анхаарал хандуулж байдаг.

-Ижил төстэй гарааны ком-паниудаас юугаараа ялгарах вэ?

-Бизнесийн санааны хувьд анхдагч гээд хэлэхэд буруудахгүй байх. Шалтгаан нь ажилтны цаг бүртгэлийг нэмэлт төхөөрөмж шаардахгүй ажилтан өөрийн гар утсаараа цагаа бүртгүүлдэг платформ одоогоор манайхаас өөр байхгүй. Мэдээж өрсөлдөгч гарч ирэх нь цаг хугацааны асуудал. Өрсөлдөгч байж гэмээнэ бүтээгдэхүүн үйлчилгээ сайжирдаг нь бизнесийн хууль. Гэхдээ манай багийн хувьд бүтээгдэхүүний талаар судалгаа шинжилгээ сайн хийж, бүтээгдэхүүний амин чухал асуудлыг ойлгочихсон гэдэг нь давуу юм болов уу гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 68 (6800)

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

23 цаг 48 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин