Гадаадын хөрөнгө оруулалтын үнэ цэнээ өнөөдрийг хүртэл ойлгоогүй бид

2021-08-25
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Факт-чекэр Ц.Тамир

 

Гуравхан сая хүн амтай манай нутагт хөрөнгө оруулах гэж гаднын хоёр бизнесмэн Улаанбаатар хотод барилцаж авч байсан яриа олныг шуугиултал Монголыг дэлхий шохоорхож байсан үе бий. Энэ бол 2010, 2011 он. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт эхэлж, төсөл гараанаас хөдөлж байсан он жилүүд.

Тухайн үед 6 их наяд төгрөг буюу тэр үеийн манай үеийн эдийн засгийн тал орчим хувьтай тэнцэх хэмжээний валютын урсгал Монголыг чиглэж, эдийн засаг түүхэндээ байгаагүй хэмжээгээр буюу 17% хүртэл өсөж, дэлхийг шагшуулж байлаа. УИХ-д нэр дэвшигчдийг “Байнгын цахилгаанд холбож өгөөч” хэмээн ээрдэг байсан цаг үеийг энэ их хөрөнгө оруулалтын урсгал халсан.

Харамсалтай нь 2012 оны сонгуулийн дараах улстөрчдийн балгаар манай жижигхэн улсад хөрөнгө оруулж, бизнес хийж, хамтдаа өсөх хүсэл өвөртлөн Монголыг зорьсон тэр хүмүүсийг үргээхийг нь үргээж, шоглохыг нь шоглож, хөөхийг нь хөөгөөд гаргасан. Үр дүнд нь 2013-2016 онд бид эргэн хөрсөн дээрээ бууж, өөрсдийн бодит нөхцөл байдалтай нүүр тулсан юм. Эдийн засгийн тэр их өсөлт 3.5% хүртлээ 5 дахин агшиж, бүр дефляцад тулж, байж болох ёроол руугаа улсаараа уруудсан.

Хөрөнгө оруулалтын хүч нь ердөө л энэ. Эдийн засаг өөрөө хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг дагаж өсдөг жамтай.

Харин дээр өгүүлсэн балгаасаа бид өнөөдөр ч ангижирч чадаагүйгээр барахгүй монголчууд ч ухаан суусангүй. Хөрөнгө оруулагчдын итгэл одоо болтол сэргээгүйн дээр үе үеийн Засгийн газар үлдсэн ганц том хөрөнгө оруулагч, цар тахлын үед Монгол Улсын эдийн засгийг чирч яваа “Оюутолгой” төслийг гоочилсон хэвээр.

Яг үнэндээ гуравдагч хөршөөс орж ирж буй энэ хөрөнгө оруулалт ямар нэг байдлаар зогсоход Монгол Улс амаараа шороо үмхэхээр байгааг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн судлаачдын хийсэн судалгаа тоон үзүүлэлтүүдээр нотолж өгөв. Ил далд асуудлууд их гэдэг ч энэ төслийг хэрхэхээс цаашдын гадаадын хөрөнгө оруулалтын өнгө тодрох нь ойлгомжтой.

Уг судалгаагаар Оюутолгой төслийн ханган нийлүүлэгчид COVID-19 цар тахлын нөлөөнд бараг өртөөгүй бөгөөд 42% нь ажлын байраа нэмэгдүүлсэн болохыг харуулжээ. Энэ  хугацаанд Монгол Улсын 27,000 ААН орлогогүй болж, 98,000 аж ахуйн нэгж Х тайлан ирүүлсэн гэсэн судалгааг ҮСХ гаргасан.

Тус компани цар тахлын жилд төсвийн орлогын 13%-ийг дангаараа бүрдүүлж ирсэн байна.  Судалгааны хамгийн анхаарал татах үр дүн бол ОТ компанийн төлсөн төлбөр хураамж 1%-аар нэмэгдэхэд Монгол Улсын эдийн засаг 0.5% өсөж байгаа байдал. Өөрөөр хэлбэл, манай улсад ийм хэмжээний хувь нэмэр оруулж байгаагаас гадна Монгол Улс ганцхан төслөөс ийм өндөр хамааралтай байгааг харуулж байгаа юм. Үйлдвэрлэгч улс биш учраас тэр.

Ийнхүү 2011 онд 4 тэрбум доллар давж байсан гаднын хөрөнгө оруулалт өнөөдөр үүний ⅓-д хүрэхтэй үгүйтэй болжээ.

Өнгөрснийг харвал ОТ ямар нэгэн байдлаар саатахад улсын төсвийг тэтгэх төслүүд хэрэгжиж болох байв. Гэвч монгол зангаар манай улс гомдоогоод, үргээгээд туучихсан.

Үүний нэг нь Мардайн орд. Энэхүү ордыг 2007 онд Стратегийн ач холбогдол бүхий 15 ордын нэгээр баталсан байдаг. Улмаар Канадын “Хан ресурс” компани 58 хувь, Монгол, ОХУ-ын тус тус 21% эзэмшихээр тохирч, үйл ажиллагаа эхэлсэн байхад хууль эрх зүйн уялдаагүй байдлаасаа үүдэн гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчаа хохироосон байдаг.

Хөрөнгө оруулалтын бодлого дээр алдаа гаргаснаас хамгийн том хохирол бий болгосон бас нэг төсөл бол Тавантолгой. 2015 онд тухайн үеийн Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн ордыг Япон, Монгол, Хятад гурван улсын хамтарсан консорциумаар ашиглуулах хувилбар танилцуулсан. Гэвч төр өөрөө хэрэгжүүлнэ гэж зүтгэснээр 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг алдсан гашуун жишээ байна. Манай улсад цөөхөн үлдсэн Францын хөрөнгө оруулалттай компанийг монголчууд мөн л үйлийг нь үзэж байгаа. Гажиг төл мал төрж байна гэсэн шинжлэх ухааны үндэслэлгүй, нотлогдож батлагдаагүй мэдээллээр далайлгаж, “Бадрах Энержи” хэмээх компанийг юу юугүй хөөж явуулах гээд улайрч буй.

Ийнхүү харанхуй бүдүүлэг, аливаа мэдээллийг боловсруулж хүлээж авдаггүй, хоосон “эх оронч” иргэдийнхээ балгаар Монгол Улс гуравдагч хөршүүдээсээ улам алсарч, хөрөнгө оруулалтын бараа ховор харах болоод байна.

“Invest Mongolia”, “Coal Mongolia” гэх үйл ажиллагаанууд явуулаад дорвитой өөрчлөлт гарахгүй, сүүлийн жилүүдэд хурлуудыг нь тоож суух хүн улам цөөрсөөр цар тахалтай золгов.

Энэ бүх байдлаас болоод гаднын хөрөнгө оруулагчид “Монголд хөрөнгө оруулсан гаднын иргэн, аж ахуйн нэгжийг хууль эрх зүйн хүрээнд хангалттай хамгаалж чаддаггүй” гэсэн шүүмжлэл салахгүй байна.

Үүнийг сайжруулахын тулд юу хийх шаардлагатай талаар тусалж, дэмжихээр ОУСК 2013-2014 онд 70 аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа хийжээ. Ингэхдээ хөрөнгө оруулагчдын гомдол, тэдгээрийн үр дагаврын талаар авч үзсэн байна. Тэгвэл судалгаагаар хөрөнгө оруулагчийг хамгаалах орчин хангалтгүйн улмаас алдагдал хүлээж болзошгүй эрсдэл бүхий нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.9 тэрбум ам.доллар буюу хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 90 хувьтай тэнцүү байх хэмжээнд хүрсэн гэсэн тооцоо гаргасныг Үндэсний хөгжлийн газар саяхан зохион байгуулсан Invest in Mongolia - Seoul 2021 цахим форумын талаар мэдээлэхдээ дурдсан байна билээ.

Хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлуудаа тоочихдоо бодлого, зохицуулалтын ил тод бус байдал болон төрийн байгууллагуудын асуудалд үзэмжээрээ хандах, дур мэдэн шийдвэр гаргах байдал нь гомдол гаргах гол нөлөө бүхий хүчин зүйл болж байгаа гэжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчийн өмч хөрөнгийг хураах, эрхийг түдгэлзүүлэх (судалгаанд оролцогчдын 45%), ялгаварлан гадуурхах (судалгаанд оролцогчдын 24%) байдлыг томоохон хүндрэлүүдийн нэг гэж үзсэн байна.

Хөрөнгө оруулалт буурвал хөгжил оройтно гэж Азийн дөрвөн бар орны нэг Сингапур улс үздэг. Тэдний хувьд өнөөдрийн хөгжлийн нэг түлхэц нь хөрөнгө оруулалт амжилттай татаж, бусдын мөнгөөр өөрсдийн чадахгүй бүхнийг босгож, улсынхаа хөгжлийг шинэ түвшинд гаргаж чадсан.

Харин бид сүүлийн жилүүдэд ямархүү байр байдалтай байгааг энд дурдаж нурших ч илүүц биз. Муу нохойн ходоодонд шар тос тогтохгүйн үлгэрээр монголчууд бид амандаа орсон шар тосыг түлхэж, наашаа гэснийг цааш түлхсээр өнөөдөр тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод ч хөрөнгө оруулагчид энэ улсаас дөлөх болсон.

Гуравхан сая хүн амтай манай нутагт хөрөнгө оруулах гэж гаднын хоёр бизнесмэн Улаанбаатар хотод барилцаж авч байсан цаг саяхан ч өнөөх гаднын бизнесмэнээ бид өөрсдөө барьж авч зодсоор байвал хэн зодуулах гэж ирэх билээ.

Эх сурвалж: “Зууны эмдээ” сонин

2021.8.25 ЛХАГВА № 166 (6643)

 

Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

12 цаг 16 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

12 цаг 22 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 2 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 2 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 2 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18