Н.Зоригт: Италичуудын гайхуулдаг технологи манайд байсан

2018-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ  

“Бизнес, хөгжил” булангийн зочноор “Хос аз” компанийн ерөнхий захирал Н.Зоригтийг урилаа.

  -Монгол Улс хэрэглээнийхээ 90 орчим хувийг импортоор авдаг. Тиймээс дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг бизнесийнхэн онцолж байна. Таны бодол? -Манай улсын хувьд өмнөх нийгмийн үед үйлдвэрлэл хөгжсөн байсныг мартаж болохгүй. Тэр ч бүү хэл мэргэжилтнүүдээ бэлтгэхэд улсаас их анхаарч байсан юм. Тухайлбал, гутлын үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг Чехэд суралцуулж байсан юм шүү дээ. 1979 онд Чех гутлын үйлдвэртээ өргөтгөл хийж би шинэ үйлдвэрт нь загвар зохион бүтээгчээр ажиллаж байв. Тухайн үед манайх руу явуулахаар 24 загварыг зохиоход би туслахаар ажиллаж байлаа. Ингээд 1982 онд төгсч ирээд Гутлын үйлдвэрт ажилд орсон. Хэдийгээр тухайн үеийн нийгмийн байдал хэцүү байсан ч мэргэжлээрээ ажилласан. Манай үйлдвэрийн дарга шинэ, залуу загвар зохион бүтээгчийнхээ ур чадварыг гаргах даалгавар өгч билээ. Хэсэг судалгаа хийсний дараа монголчуудад спорт гутал байдаггүйг анзаарч шинээр пүүз хийх санаагаа хэлж байв. Анх удаа “Наадам” гэдэг брэндийн пүүз зохиож байлаа. Дарга, сайд нарт таалагдсан юм. Би сурч байхдаа нэлээд өндөр зэрэглэлийн загварын товчоонд ажиллах боломж олдсон. Тэр маань эх орондоо ирсний дараа ажлын туршлага болж байсан юм. Загвар зохион бүтээхийн тулд хэдэн дамжлагаар гарах вэ гэдгээ тодорхойлсон. Мэдээж тухайн үеийн ажилтнуудад таалагдаагүй л дээ. Өөрөөр хэлбэл, гутлыг үйлдвэрлэхийн тулд эхлээд загвар зохион бүтээгч ямар хэлбэртэй байх вэ гэдгээ зохионо. Түүний дараагаар инженер дизайнер тухайн зохиосон загварыг үйлдвэрлэхэд бэлтгэх учиртай. Ингэхдээ ямар технологи ашиглах вэ, ямар материалаар хийх вэ гэдэг сонголтыг хийнэ гэсэн үг. Тэр ч бүү хэл хүний биеийн онцлогт тохируулахын тулд судалгаа хийх шаардлагатай. Ер нь бусад улс оронд инженер дизайнер гэдэг мэргэжил хамгийн их эрэлттэй байдаг. Харин манай улсад энэ мэргэжлийг төдийлөн ойшоохгүйгээр барахгүй загвар зохион бүтээгчтэй андуурдаг. -Таныг мэргэжил эзэмшээд ирж байх тэр үед гутлын үйлдвэрээс эхлээд хөнгөн үйлдвэр нэлээд эрчимтэй хөгжсөнийг тухайн үед ажиллаж байсан хүмүүс ярьдаг л даа? -Тиймээ. Бид өнгөрснөө үгүйсгэж болохгүй. Олон сайхан үйлдвэр байсан юм. Тэр байтугай 1985 онд гутлын үйлдвэр ирээдүйд ямар байх вэ гэдэг асуудлыг ярилцан туршилтын үйлдвэр байгуулж байлаа. Хэрэв зах зээлийн нийгэмд шилжих үед тэр үйлдвэрийг татан буулгаагүй бол одоо италчуудын дэлхийд гайхуулаад байгаа технологийг хэрэглэж байсан юм шүү дээ. Ер нь тухайн он цагт аж үйлдвэрийн паркийн хөгжил сайн байсныг ярих хүн ховорджээ. Манай улсын гутлын үйлдвэр тухайн үедээ Чехийг гүйцэхгүй ч Германыг хол хаясан хөгжилтэй байлаа. Учир нь Чех тоног төхөөрөмжөө өөрсдөө хийдэг байсан юм. Тэр үед бид урт хугацааны төлөвлөгөө гарган 2000 он гэхэд 15 сая гутал үйлдвэрлэхээр төлөвлөж байв. Мэдээж хүн амынхаа хэрэгцээг 100 хувь хангахын зэрэгцээ Иркутск, Өвөрмонгол руу гутлаа экспортлохоор тооцоолсон. Харамсалтай нь нийгэм солигдохын сацуу үйлдвэрүүдээ хувьчилснаар дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй. Манай гутлын үйлдвэр ид ажиллаж байх үедээ 500 мянган ажлын гутлын түрий оёж Чех рүү нийлүүлдэг байлаа. Мөн Иркутск руу нэг сая гутлын түрийг экпортлодог байсан. Тэр ч бүү хэл хятадууд ирж гутлын үйлдвэртэй танилцах нэрийдлээр тоног төхөөрөмжийг маань судалж байсан түүхтэй. Тэгэхээр бид өнгөрсөнд юу ч байгаагүй мэтээр аяглах хэрэггүй. -Тэгвэл одоо үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дутагдаж байгаа зүйл юу вэ? -Нэгдүгээрт, хүмүүсийн сэтгэлгээ, хандлага өөрчлөгдөх хэрэгтэй. Сургуулиа төгсч ирэхэд гутлын үйлдвэр хоёр байшинтай том хашаа байж билээ. Бид хагас бүтэн сайн гэж ялгалгүй их цэвэрлэгээ хийнэ. Мод тарина гээд бүгд л эрвийх дэрвийхээрээ ажилладагсан. Хэрэв улсынхаа эдийн засгийг чадавхжуулж, үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл хүний нөөцийн асуудлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Мөнгө, тоног төхөөрөмжтэй байлаа гээд ажиллах боловсон хүчингүй бол үйлдвэрлэл ч, эдийн засаг ч хөгжихгүй. Гэхдээ энэ нь зөвхөн манай асуудал биш. Японд ч тулгамдсан асуудал болж байна. 1992 онд Монгол Улсын төсөв 600 тэрбум төгрөг байсан бол одоо есөн их наяд төгрөг болсон. Гэвч хүмүүсийн амьдрал тэр үеийнхээс төдийлөн өөрчлөгдсөн үү гэдэгт анхаарах хэрэгтэй. -Магадгүй хүмүүсийн хэрэглээ өөрчлөгдсөн нь өсөлт гэж хэлэх байх л даа? -Хэрэглээний тухайд нийгмээ дагаад өөрчлөгдсөн байж болно. Харин тэр үеийн нийгэмтэй харьцуулбал ажлын байр хомс байна. Хүмүүсийн орлого тэгш бус байна. Тэгэхээр ажлын байрыг олноор бий болгож тогтвортой ажиллах нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой юм. Ер нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэл нэлээд жин дардаг. Социалист нийгмийн үед үйлдвэрүүдэд хүмүүс ажилладаг байсан. Хэдийгээр ажилчин анги гэж нэрлэдэг ч хүмүүс амьдралынхаа хэрэгцээг хангаж байсан юм шүү. Нөгөөтэйгүүр мэргэжилтэй, дунд шатны ажилтнууд нэр хүндтэй байлаа. Үе залгамжилсан ажилтнууд төрөн гарч, түүгээрээ бахархдаг байлаа. Гэтэл орчин цагт дээд боловсролыг эрхэмлэснээр мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орчихсон. Ийм байж үйлдвэрлэл хөгжүүлэх тухай ярих нь хэт өрөөсгөл. -Тэгвэл үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ? -Би үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг зүйлийг эрэмбэлж бичээд П.Очирбат Ерөнхийлөгчөөс эхлээд бүх ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлж байсан. Харамсалтай нь ганц нь ч биелээгүй. -Тухайлбал? -Манай улс нэг сая гаруй хүүхэдтэй. Тэдэнд жил бүр тэтгэмж олгох тухай ярихын оронд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэн үйлдвэрүүдээ дэмжихийг хүссэн. Хэрэв импортын татвараар дотоодын бүтээгдэхүүнээ хамгаалж чадахгүй бол үйлдвэр хөгжих тухай ярих ч хэрэггүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай 18 жилийн турш ярьж байна. Энэ хугацаанд гутлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж байгаагүй. Мөн оёдлын үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийг ч гаалийн татвараас чөлөөлөөгүй. Үүнийг гаалийн байгууллагын цахим хуудсаас харж болно. Үйлдвэрүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгож байна гэх юм. Гэтэл тэр хөрөнгө оруулалтын дийлэнх нь тоног төхөөрөмжийн зардалд явж байгаа. Гаалийн татвартаа “дарлуулж” байгааг олон хүн ярьж байна. Нөгөөтэйгүүр, хэн нэгний хийж байгаа бизнес ашигтай гэж харвал бүгд тэр салбар руу хошуурна. Энэ нь үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс илүүтэй дампууруулж байгаа юм. Энэ мэтчилэн болохгүй байна гээд тоочвол олон асуудал бий. Энд нэг л зүйлийг онцолмоор байна. Бид өнгөрсөн нийгмийн үед үйлдвэрлэлийг хөгжүүлж байсан туршлагатай. Үүнийгээ эргэж харах нь зүйтэй. Мэдээж тулгамдах асуудал нь мэргэжилтэй боловсон хүчин байх болно. Тэгэхээр энэ тал руугаа төрийн зүгээс анхаарлаа хандуулж нарийн мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэж, тогтмол ажлын байртай болох нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй юм. Үүний тулд бизнесийн болоод үйлдвэрлэлийн орчныг сайжруулах учиртай.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

7 цаг 22 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

7 цаг 33 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

7 цаг 37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

7 цаг 44 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

15 цаг 54 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

15 цаг 54 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

15 цаг 54 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин