Монголчууд багийн спортоор дэлхийд тэргүүлэх боломжтой гэдгээ баталлаа

2022-12-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

-"ТВ9" телевиз, "Зууны мэдээ" сонин 2022 онд Монгол Улсад болсон онцлох үйл явдлуудыг экспертүүдтэй хамтран нэрлэж байна-

 

 

Спортын сэтгүүлч Д.Жавхлан бичиж байна

 

Цар тахлын дараа спортын тэмцээн уралдаан идэвхжиж, Монголын тамирчид тив дэлхийн аваргад оролцон, ур чадвараа сорьсон жил боллоо.  Мөн Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн наадам 2022 онд тохиосноороо онцлог байв.  Түүнчлэн Монголын сагсчид олон улсад амжилт үзүүлж,  Монгол Улс багийн спортоор ч дэлхийд тэргүүлэх боломжтой болохыг зарлан тунхагласан жил боллоо. Ийнхүү 2022 оны спортын амжилтуудыг тоймлон хүргэж байна. 


Цар тахлын улмаас нэг жил хойшилсон Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн наадам 2022 онд тохиож, монгол хүний дархлааг сэргээлээ.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх удаагаа баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ “Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай түүхэн зарлигийг Төрийн тэргүүн буулгаж байна” гэсэн ч зүгээр ч нэг хэлчихээгүй болов уу.  Түүхт 100 жилийн ойн барилдааны үзүүр, түрүү булаалдахаар Б.Орхонбаяр, О.Хангай нар тунаж, Ховд аймгийн харьяат О.Хангай давж, олон жил бөх сонирхогчдын хүсэн хүлээсэн түрүүг хүртсэн билээ. Мөн улсын наадамд олон жил зодоглож, олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн Дархан аварга О.Баянмөнх зодог тайлж буйгаа зарлаж, сүүлийн удаагаа зүлэг ногоон дэвжээнээ, наадамчин олныхоо өмнө гарч ирсэн юм. Энэ жилийн наадмаас нэг аварга, нэг арслан, гурван заан, дөрвөн харцага, 14 начин цолтон төрж, монгол бөхийн спорт өрнүүн дэлгэр боллоо. 


Манай урд хөршид 2022 оны өвлийн олимп өнгөрсөн хоёрдугаар сарын 4-20-ны өдөр болов. Өвлийн олимпод Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар өрсөлдсөн. А.Энхтуул эмэгтэйчүүдийн спринт төрөлд 79 дүгээр байр, Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд 77 дугаар байр тус тус эзэлсэн. Харин үндсэн төрөлдөө А.Энхтуул 85 дугаар байрт орсон бол Б.Ачбадрах өөрийн үндсэн төрөл буюу эрэгтэйчүүдийн 15 км-т 65 дугаар байрт оржээ. "Бээжин-2022” паралимпод Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын төрөлд оролцсон билээ. Цар тахлын үеэр болсон “Бээжин-2022” өвлийн олимпийг дижитал платформ болон телевизороор 2.1 тэрбум хүн үзэж рекорд тогтоож байв. 


2022 онд Жүдо, Чөлөөт, Буудлагын гурван дэлхийн аварга болсон. Жүдо бөхийн 2022 оны ДАШТ аравдугаар сарын 6-13-ны өдөр Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болж, манай 18 жүдоч өрсөлдсөнөөс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай ирлээ.   Алтын төлөөх барилдааныг онцолбол,  эрэгтэйчүүдийн -73 кг-д Ц.Цогтбаатар С хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарч, Италийн Мануэль Ломбардо, Японы Соичи Хашимото зэрэг дэлхийн шилдгүүдийг ялснаар аваргын алтан медалийн эзнээр тодорсон юм. Түүнээс өмнө Монголоос Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Сумъяа нар тус амжилтыг үзүүлж байсныг дурдах нь зүйтэй.  Мөн Монголын төр засаг түүний амжилтыг мялааж Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Монгол Улсын гавьяат цолоор мялаасан билээ. 


“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШ)-ээс Монголын баг хоёр мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн.  Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон ОУХМ Д.Отгонжаргал аваргын төлөө олимп, дэлхийн аварга Японы Юи Сүсакад цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр олимпод медалийн төлөө хүчтэй өрсөлдөх тамирчин болохоо харуулав.  Мөн ДАШТ-д анх удаа оролцож буй тивийн аваргын мөнгөн медальт Б.Хулан 53 кг-д мөнгөн медаль хүртсэн  амжилт үзүүллээ. 
Египетийн Каир хотод буудлага спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн ДАШТ болсон.  Монголын гурван тамирчин медалийн тавцанд гарсан бөгөөд Ц.Мөнхзул алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүнтэй мөр зэрэгцэн цэц сорьсон Т.Баярцэцэг мөнгө, Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртсэн. Буудлага спортын ДАШТ-ий түүхэнд монгол тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг нэг дор хүртсэн удаагүй. Энэ бол түүхэн амжилт юм. 


Түүнчлэн Монголын сагсчид олон улсад амжилт үзүүлж,  Монгол Улс багийн спортоор ч дэлхийд тэргүүлэх боломжтой болохыг зарлан тунхагласан жил боллоо. Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээний D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо болсон. “Хөх чононууд” гэгддэг Монголын шигшээ баг эх орондоо Тайланд, Вьетнам, Малайз, Таити зэрэг улсуудтай өрсөлдөж, хэсгийн хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарав. Ирэх хоёрдугаар сард болох тус тэмцээнд Монголын шигшээ баг Тайланд, Гуам, Сингапур, Хонк Конг, Малайз гэх улсуудтай нэг хэсэгт орж тоглох юм.  Энэ үеэр тоглогч Т.Санчир фанатуудаа “Талбай дээрх зургаа дахь тоглогч” гэж тодорхойлсон. Үнэхээр л монголчууд сагсан бөмбөгт хайртай гэдгээ харуулсан билээ. Монголын шигшээ багт Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Н.Батбаяр тэргүүтэй гадаадын лигт тоглож буй залуучууд нэмэгдэх боломжтой. Дашрамд дуулгахад, Ш.Энхийн-Од NCAA-ийн нэгдүгээр дивизоны их сургуулиас тэтгэлэг авсан анхны монгол тамирчин болсон бол Д.Баясгалан Тайванийн дээд лигт амжилтаа түүчээлэн яваа нь сагсанбөмбөгийн спортын бас нэгэн онцгой үйл явдал байлаа. 


Мөн Монголын спортын салбарт чимэг, шигтгээ болсон нэг амжилт бол “Moon Dance” хамтлагийнх байв.  Герман улсын Брауншвейг хотноо бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ бол,  Монгол Улсаа төлөөлөн  стандарт бүжгийн төрөлд “Moon Dancе”  хамтлаг хоёрдугаар байр эзэлж, дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд болов.  Энэ нь Монголын бүжгийн спортын түүхэнд томоохон үйл явдал болсон юм. Бүжгийн ертөнцийн хос болох О.Саранхүү О.Оюунбат нар 2009 онд клубээ байгуулж, 2013 онд анх хамтлагаа байгуулжээ. “Moon Dance” хамтлагийн бэлгэ тэмдгийг Монгол Улсын Төрийн сүлдийг бүтээсэн урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Ойдов гуай "Дэлхийн аварга болоорой" хэмээн бэлгэшээн бүтээж өгсөн гэдэг.  Тэгвэл түүний энэхүү бэлгэшээл биелэл болсон жил боллоо. 
2023 он бол Монголын спортын салбарт нэн чухал, хариуцлагатай он билээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн уухай болсон олимп ойртон ирлээ.  Тиймээс баг тамирчид маань Монгол Улсынхаа Төрийн дууллыг тив дэлхийн тэнгэрт олон удаа эгшиглүүлэх болтугай. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 251 (6983)

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 34 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 39 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 39 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 7 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин