Сэхээнд байсан Хөгжлийн банк сэргэж эхэлсэн жил

2022-12-23
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

       "ТВ9" телевиз, "Зууны мэдээ" сонин 2022 онд Монгол Улсад болсон онцлох үйл явдлуудыг экспертүүдтэй хамтран нэрлэж байна

 

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул бичиж байна.

 

БАНКНЫ НИЙТ ЗЭЭЛИЙН 55 ХУВЬ НЬ ЧАНАРГҮЙ АНГИЛАЛД ОРСОН БАЙВ

 

2022 оныг эргэн харахад Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан компани, хувь хүмүүс зээлээ эргэн төлөөгүйн улмаас банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтсан хүнд цаг үетэй нүүр тулж, асуудлыг даван туулах гэж бүх талаар хичээж ажилласан. Амар байгаагүй, гэхдээ эхлүүлсэн ажил үр дүнд хүрч эхэлсэн жил байлаа. 
Асуудлыг хөндөж эхэлсэн 2021 оны эцэст Монголбанкнаас хийсэн шалгалтаар Хөгжлийн банканд акт тавьсан. Уг шалгалтаар Хөгжлийн банкны өнгөрсөн оны эцэс дэх ₮3.2 их наядын активын ₮1.8 их наяд нь чанаргүй зээл гэсэн дүгнэлт гаргасан. Яг энэ нөхцөлд банкны хувьд цаашдаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрээд байсан юм. Мөн ирэх жил гадаад талдаа бондууд төлөх ёстой. Хэрвээ түүнийгээ төлж чадахгүй бол Засгийн газрыг дефолтод оруулах эрсдэлд тулаад байлаа. Олон жилийн чанаргүй зээл, түүний шүүхийн асуудал, байнгын шалгалт, байцаалт, хүний нөөц, бондын өр төлбөр зэрэг маш олон асуудал үүссэн байсан. Тиймээс бид нэгдүгээр сарын дундуур бүх зээлдэгчдийн мэдээллийг ил болгосон. Үүний үндсэн санаа нь Хөгжлийн банк бол арилжааны банк биш, Хөгжлийн банк төрийн нэрийн өмнөөс Монгол Улсын хөгжилд нэмэртэй төслүүдэд санхүүжилт олгосон, хэрэв эдгээр зээлүүд төлөгдөхгүй бол Засгийн газар бүх өрийг төлөх шаардлага үүсэх буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлөх болно гэдгийг ойлгуулах явдал байлаа. Түүнчлэн төрийн бүх мэдээлэл ил байх ёстой гэсэн утгаараа уг мэдээллийг ил тод болгосон. Цаашлаад Хөгжлийн банк төлөөлөн удирдах зөвлөлөө бүрэн сольж, дотоод мэдээллүүдээ цэгцэлж төрийн байгууллагуудад илгээх, хэвлэл мэдээлэлд үнэн зөв байр сууриа илэрхийлэх, зээлтэй компаниудтай уулзах зэрэг ажлуудыг хийсэн. 
АТГ-т эрүүгийн шугамаар шалгуулахаар 41 зээл дээр гомдол гаргаснаас 20 зээлд эрүүгийн хэрэг үүссэн. Үүнээс гадна Иргэний шүүхэд 33 зээлдэгчид хамаарах 1.4 их наяд төгрөг нэхэмжилсэн. Үүнээс шүүхэд хэлэлцэгдэж буй 17 зээл, шүүхийн шийдвэр энэ онд эцэслэгдсэн есөн  зээл, одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн 11 зээлтэй холбоотой хэрэг байна. 

 

ОНЫ ТӨГСГӨЛД ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРГЭНЭ

 

Өнгөрсөн хугацааны алдааг дүгнээд харахад Хөгжлийн банкны зээлийн хөрөнгө хаана, хэнд байна, төслүүд амжилттай хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэгт анхаарлаа сулруулсан байсан. Нэг анзаарахад их хэмжээний зээлүүд чанаргүй болж хувирсан байсан нь явцын хяналт дутуу дулимаг байсантай холбоотой. Тиймээс банк явцын хяналтад ач холбогдол өгч, анхаарч эхэлсэн юм. Олон жил хуримтлагдсан алдаа дутагдлыг олж илрүүлж, олон нийтэд ил зарласнаас хойш /2022.01.20/ жил хүрэхгүйн хугацаанд одоогийн байдлаар ₮810 тэрбумын зээлийг эргэн төлүүлээд байна. Энэ үр дүнд хүрэхэд банкны нийт ажилчдаас гадна төр засгийн дэмжлэг, хамгаалалт, хууль, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, олон нийтийн дэмжлэг маш чухал байсан. Бид энэ оны эцэс гэхэд нэг их наяд төгрөгийн эргэн төлөлтийг хангуулах зорилготой ажиллаж байна.
Энэ онд Засгийн газар хуралдаанаараа төрийн өмчит компаниудын өр төлбөрийг барагдуулах асуудлыг олон удаа авч хэлэлцсэн. Засгийн газрын тогтоолоор Төрийн өмчит компаниудын 590 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулах шийдвэр гаргасан нь зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэхэд чухал түлхэц болсон юм. Төрийн өмчит компаниуд, холбогдох яамдтай хамтран ажилласны үр дүнд 320 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг шийдвэрлэлээ. “Эрдэнэс Монгол” ХХК, “МИАТ” ХХК зээлээ бүрэн төлсөн зэрэг тодорхой ахиц гараад явж байна. Тун удахгүй ТОСК-ийн ₮180 тэрбум төлөгдөхөөр бүх гэрээ хэлцэл байгуулагдаад байна. ЗГХЭГ-аас бидэнд тус нэмэр болж төрийн өмчит компаниудад зээлийн эргэн төлөлтийг шуурхай эргүүлэн төлөх үүрэг чиглэл өгч ажиллаж байна. 

Хөгжлийн банкны бүх зээлийг муу юм шиг ойлгож болохгүйг мөн онцлох хэрэгтэй. Төсөл нь хэрэгжсэн ч валютын ханш, эдийн засаг, бизнес циклээс шалтгаалан хүндрэлд орсон төслүүд бий. Эргэн төлөлт дээр асуудал үүсэж, банканд хүндрэл дагуулж байгаа ч том зургаар харах юм бол тухайн төслүүд хэрэгжсэнээр улс орны эдийн засгийн хөгжилд бодит дэмжлэг болох төслүүд ч байна. Жишээ нь, манайх “МАК”, “Монполимет”, Хөтөлийн цемент, шохой, Ховдын “Вестерн Холд” ХХК-ийн цементийн дөрвөн төсөлд хөрөнгө оруулсан. Гурав нь үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллавал манай улс цементийн хэрэглээгээ дотоодоосоо хангах чадамжтай болно. Мөн Хөгжлийн банк эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсэн. ДЦС-3 ТӨХК, ДЦС-4 ТӨХК-ийн төсөл хэрэгжиж байна. Амгалан дулааны станц ХХК-ийн өргөтгөлд олгосон зээл үр дүнтэй хэрэгжсэн. Энэ станц ашиглалтад орсноос хойш нийслэл БЗД тийш тэлж, барилгажиж байна. Үр дүнгээр нь тооцвол улс орны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 30 орчим хувиар өсгөх боломжийг Хөгжлийн банкны зээлүүд бүрдүүлсэн. Ингээд харахаар сайнтай, муутай, алдаатай, оноотой жилийг бид ардаа үдэж байна.

 

“САМУРАЙ” БОНДЫН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ТӨСӨВТ ДАРАМТГҮЙГЭЭР ШИЙДЛЭЭ 

 

Хөгжлийн банк 2023 онд $750 саяын зээлийн эргэн төлөлт хийнэ. Бид энэ жилд л зээлийн төлбөрөө цуглуулж авахгүй бол хүнд байдалд орохоор байсан. Банкнаас зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлсний үр дүнд 30 тэрбум иенийг Монголбанк дахь тусгай дансанд байршуулж, “Самурай” бондын эргэн төлөлтийг төсөвт дарамтгүйгээр шийдлээ. Энэ он гарснаас хойш ам.доллартой харьцах иений ханш 20-иод хувиар суларч 1990 оноос хойших түүхэн доод түвшинд хүрсэн байгаа нь иен худалдан авах таатай нөхцөл бүрдээд байгаа юм. “Самурай” бондын үндсэн төлбөрийг төлөхөд шаардлагатай иений нөөцийг бүрдүүлснээр иений ханшийн эрсдэлийг удирдах зорилгоор гадаадын банк, санхүүгийн байгууллагатай байгуулдаг санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн зардлыг хэмнэж ажиллах боломж бүрдэж байна.
2022 оны эхэнд 1.3 хувь байсан өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт өнөөдөр 14.9 хувьд хүрч зохистой түвшинд хүрч банк дампуурах эрсдэлээс гарлаа. Мөн энэ онд олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд болох S&P, Fitch, Moody’s агентлагууд Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг шинэчлэн тогтоохоор ажилласан ба эдгээр гурван байгууллага гурвуулаа Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг B тогтвортой буюу өмнөх зэрэглэлтэй адил түвшинд хэвээр хадгалсан. Хөгжлийн банк зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалснаар цаашид дахин санхүүжилт авах, шинэ санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татан төвлөрүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх алхмыг энэ онд тавьж чадлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 249 (6981)

Монгол-Оросын бүс нутгийн харилцаа холбоог өргөжүүлэх нь хамтын ажиллагааны чухал хөдөлгөгч хүч

Геополитикийн болон гео-эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдал нь хөрш орнуудын бүс нутги

17 мин
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 202

17 мин
Вьетнамын парламентын дарга 23 жилийн дараа манай улсад айлчилж байна

УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ү

17 мин
Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

Тайзан дээр Сычуаны уламжлалт дуурийн жүжигчин нүүрээ хормын төдийд сольж байна

13 цаг 4 мин
“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

16 цаг 17 мин
Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

16 цаг 25 мин
Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

17 цаг 33 мин
Зарим сургуулийн I ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь аюулгүй байдал, суралцах эрхийг зөрчиж байна

60-70 хүүхэд суралцаж, хүүхдийн аюулгүй байдал, суралцах эрх зөрчигдөж байгааг ХЭҮК онцоллоо

17 цаг 39 мин
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй

ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй

17 цаг 43 мин
“Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ

“Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ

17 цаг 45 мин