Бразилын алдартай ерөнхийлөгч Лула да Силва эргэн ирлээ

2022-11-04
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Бразил улсын ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт болж, Лула да Силва 50.8, Жайр Болсонароу 49 хувийн санал авчээ. Ингэснээр 35 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Лула да Силва улсынхаа 39 дэх ерөнхийлөгчөөр дахин ажиллахаар боллоо. 2003-2010 оны хооронд Бразилын ерөнхийлөгчөөр ажилласныхаа дараа улс төр, авлигын олон хэрэгт холбогдож, бараг хоёр жил шоронд хоригдож, дахин сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулж байсан Лула ийнхүү улс төрд дахин ирж байна.Тэрбээр гурав дахь удаагийн бүрэн эрхийнхээ хугацаанд Бразилд ямар шинэчлэл хийх талаар тоймлон хүргэе.

 

“БИДЭНД ТҮҮН ШИГ УДИРДАГЧ ДУТАГДАЖ БАЙЛАА”

 

Одоогийн ерөнхийлөгч нь дахин сонгуульд ялагдсан анхны тохиолдол гэдгээрээ энэ удаагийн санал хураалт онцлогтой юм. Хоёр нэр дэвшигчийн саналын зөрүү хоёр сая гаруй иргэн байгаа юм. Тус улс 2014 оны ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөгчийн саналын зөрүү 3.5 сая байсан билээ.Тиймээс саналын зөрүү маш бага учир 2019 оноос хойш Бразилийг удирдаж байгаа Жайр Болсонароу сонгуулийн дүнг эсэргүүцэх магадлал тун өндөр хэмээн “Aljazeera” мэдээлэв. Ялагч Силвагийн тухайд 60 гаруй сая иргэний санал авснаараа 2006 оны амжилтаа эвдсэн юм.

Санал хураалтын дүн гарсны дараа Лула да Силва “Энэ бол манай Хөдөлмөрчний нам, намайг дэмжсэн багийн ялалт биш.Өнөөдрийн ялагчид нь бразилчууд, Бразилын ард түмэн юм. Улс төрийн нам, хувийн ашиг сонирхол, үзэл суртлаас ардчилсан хөдөлгөөн ямагт илүү гэдгийг баталсан ардчилсан ялалт байлаа. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн надад санал өгсөн хүмүүсийг бус 215 сая Бразил иргэнийг би удирдана” гэж ярьжээ.

 Тэтгэвэртээ гарсан улстөрч 65 настай Луйз Карлос Гомес “Хөдөө орон нутаг, ядуу иргэдийн хувьд хамгийн зөв сонголт нь Лула да Силва байв. Бидэнд гагцхүү түүн шиг удирдагч дутагдаж байлаа” гэж ярьжээ. Тэрбээр Бразилын зүүн хойд зүгт орших Маранхао хэмээх ядуусын тосгоноос ирсэн байна.

Силвагийн хоёр удаагийн бүрэн эрхийн хугацаанд Бразилын ДНБ-ий хэмжээ өсч, улсын өрийн хэмжээ багасч, инфляц буурахын сацуу 20 сая хүн ядуурлаас ангижирчээ. Эдгээрээс гадна тэгш бус байдал, ажилгүйдэл, хүүхдийн эндэгдэл, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт эрс буурч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, дундаж орлого өсч, сургуулийн хүртээмж нэмэгдэж, эрүүл мэндийн үйлчилгээ өргөжсөн гэсэн нийгмийг бүхэлд нь өөрчилсөн учир түүний ялалт бразилчуудыг хамгийн ихээр баярлуулжээ. Тиймээс ч Силваг Бразилын түүхэн дэх хамгийн алдартай ерөнхийлөгч хэмээн үздэг юм.

Харин Олон улсын харилцааны профессор Оливер Стуенкэл “Бразилчуудын тал хувь нь Лулаг дахин төрийн эрхийг барихаар болсонд эмээж байна. Учир нь Бразил бол хоёр өөр бүлэгт хуваагдсан, бухимдлаар дүүрэн маш ядуу орон. Хүн бүр огт өөр үзэл санаа, үнэт зүйлтэй. Сонгуулийг хууль ёсны эсэхэд олон хүн эргэлзэж байгаа учир Лула үгээ цэгнэх шаардлагатай” гэв.

 

ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫГ СИЛВА ХЭРХЭН ШИЙДЭХ БОЛ?

 

COVID-19 цар тахлын улмаас хямарсан эдийн засгийг сэргээх, тэгш бус байдал газар авсан нийгмийг зөв залах гэсэн маш хэцүү үүргийг Силва авлаа. Тодруулбал, 2019-2021 оны хооронд хоёр жилийн хугацаанд Бразилын 9.6 сая иргэн ядуусын эгнээнд нэгдэж, сургууль хамрагдалт, бичих үсэг тайлагдалтын түвшин эрс буураад байгаа юм. Үүн дээр Амазоны ойн нөөцтэй холбоотой байгаль орчны асуудал, гүнзгий хагаралтай иргэд гэсэн зайлшгүй шийдвэрлэх ёстой олон асуудал Силвагийн өмнө тулгараад буй. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны үеэр эдийн засгийн стратегиэ дэлгэрэнгүй танилцуулаагүйг өрсөлдөгчид нь шүүмжилсэн. Тухайлбал, албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр зэхэж буй өмнөх ерөнхийлөгч Жайр Болсонароу “Миний өрсөлдөгчийн Сангийн сайд нь хэн байх юм бэ. Энэ талаар тэр ганц ч үг цухуйлгасангүй. Улс төр, эдийн засгийн ямар бодлого баримтлах талаар ч мэдэх зүйл алга” гэж ярьсан юм. Силва бага орлоготой иргэдийг орлогын албан татвараас чөлөөлөх татварын шинэчлэл хийх саналыг Конгресст гаргахаар төлөвлөсөн гэж “CNN” мэдээлэв. Харин иргэдийн олонх нь Хөдөлмөрийн шинэчлэлийн тухай хуульд ажилчдын эрх, үр ашгийг ажил олгогчидтой зөвшилцөж, үйлдвэрчний эвлэлүүдийн  шимтгэлийг сонголттой болгох талаар тусгасан оновчтой өөрчлөлтийг хийх болов уу гэсэн хүлээлттэй байна.

Амазоны ойн нөөц одоогоор хамгийн дээд хэмжээгээр багасаад байгаа юм. Тиймээс үүний эсрэг анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ Силва кампанит ажлынхаа үеэр мэдэгдсэн билээ. Тэрбээр ойг хамгаалснаар гоо сайхны бүтээгдэхүүн болон эмийн үйлдвэрүүд биологийн олон талт байдлын үр ашгийг илүүтэй хүртэх боломж бүрдэнэ гэдгийг энэ үеэрээ онцолжээ. Мөн байгалийн нөөцөө хамгаалахын тулд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Бразилд гол үүргийг гүйцэтгэх ёстойг онцлон дурдаж байв.

Лула да Силвагийн Засгийн газрын төлөвлөгөөг хариуцсан албаны даргын мэдээлснээр энэ сард болох НҮБ-ын хуралд Бразил, Индонез,Конго зэрэг улсууд нэгдэн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцуулах юм байна. Эдгээр улсуудын бүлэг ойг хамгаалах санхүүжилтийг баян орнууд төлөх шахалтыг үзүүлэхээр зэхэж буй аж. Тиймээс Силвагийн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх байр суурь Бразилын олон улсын харилцаанд шинэ зам татна хэмээн ажиглагчид үзэж байна.

 

ЕВРОПЫН ХОЛБОО БРАЗИЛыН ХАРИЛЦААНД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛНӨ

 

Лула да Силвагийн ялалт нь Латин Америкийн орнууд болоод Европын холбоо Бразилын харилцаанд онцгой ач холбогдолтой хэмээн зарим судлаач байна. Европын олон улсын улс төр, эдийн засгийн төвийн ахлах судлаач Эмили Рис “Жайр Болсонароу ялагдсанаар Бельги болон Бразилын харилцаа огцом өөрчлөгдөнө. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байсан 77 настай Силва өнгөрсөн хугацаанд сэвтээд байсан Европын холбоо болон Бразилын харилцааг сэргээж, эерэгээр өөрчилнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэж “Euronews”-т ярьжээ. Үүнээс гадна Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Силвад баяр хүргэж, хүнсний аюулгүй байдал, худалдаа, уур амьсгалын өөрчлөлт гэсэн гурван том асуудал бүс нутагт тулгамдаад буйг онцлон тэмдэглэсэн юм.Тэрбээр энэ мэдэгдлээрээ Европын холбоо-Меркосурын худалдааны хэлэлцээрийг Бразил соёрхон батлах ёстойг санууллаа хэмээн шинжээчид үзэж байна. Аргентин, Бразил, Парагвай, Уругвай улсын Өмнөд Америк болон Европын холбоотой 2019 онд эцэслэн байгуулсан гэрээг Европын холбоо-Меркосурын худалдааны хэлэлцээр гэж нэрлэдэг юм. Үүнийг Европын орнууд соёрхон батлах шаардлагатай билээ.Украинд үүссэн хурцадмал асуудалтай холбоотойгоор Бразил өнөөг хүртэл ОХУ-ын эсрэг ямар нэг хориг арга хэмжээ аваагүй нь Европын холбооны харилцаанд сөргөөр нөлөөлнө хэмээн зарим ажиглагч таамаглаж байна.

217 сая хүн амтай, газар нутгийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт, хүн амын хэмжээгээр долдугаарт эрэмбэлэгддэг Бразилын улс төрийн амьдрал бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд чухал нөлөөтэй юм. Тиймээс Америк, Канад, Аргентин, Чилийн удирдагчид Лулад баяр хүргэжээ. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден маш шударга, найдвартай сонгууль боллоо гэсэн бол Канадын ерөнхийлөгч Жастин Трюдо Лулатай хамтран хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд ажиллана гэдэгтээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Харин Чилийн ерөнхийлөгч “Латин Америкийн түүхэнд нэгэн шинэ эрин эхэллээ” гэжээ.

Дашрамд дурдахад Бразил цэргийн дэглэмтэй байх үед 1978-1980 онд өрнөсөн ажилчин ангийн өлсгөлөнгийн тэмцлийг удирдаж байх үедээ Силва Хөдөлмөрчдийн намыг байгуулах эхлэлээ тавьжээ. Мөн тэрбээр ардчилсан сонгуулийг шаардаж байсан томоохон хөдөлгөөний гол удирдагч байсан юм. Анх Сан Пауло мужийн холбооны депутатаар 1986 онд сонгогдон улс төрд хөл тавьжээ. Үүнээс ердөө гуравхан жилийн дараа тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээсэн байдаг. Тэгсэн ч Силва шантралгүйгээр 1994,1998 онд дахин өрсөлдөж ялагдсан ч 2002 онд анхны ялалтаа байгуулсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 215 (6947)

 

Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

1 цаг 39 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

8 цаг 24 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

8 цаг 51 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

14 цаг 47 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

14 цаг 47 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

14 цаг 47 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Өчигдөр 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин