Тойм:Олон улсад болсон онцлох таван үйл явдал

2022-09-23
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхий хэмээх гарагийн тухайд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулган эхэлж, хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдэж, ОХУ цэргийн дайчилгаагаа зарласан, Далай ван гарагийн зургийг дэлгэсэн гэсэн олны анхаарлыг татсан, гэнэтийн чухал үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Эдгээр үйл явдлуудаас тоймлон хүргэе.

Есдүгээр сарын 19-ний даваа гараг

Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдлээ

Их Британи болон Хамтын нөхөрлөлийн 15 орны хамгийн олон жил хаан ширээнд суусан хатан хаан II Элизабет энэ сарын 8-нд таалал төгсөж, дэлхий нийтээр эмгэнэн гашуудсан тухай бид өмнөх тоймоороо хүргэж байсан. Хаан ширээнд 70 жилийн турш заларсан цог жавхлант хатан хаан II Элизабетыг сүүлчийн замд нь үдэх төрийн оршуулгын ёслол энэ сарын 19-ний даваа гарагт болсон нь энэ долоо хоногийн онцлох мэдээлэл яахын аргагүй мөн байв. Тус ёслолд оролцохоор олон орны төрийн тэргүүн, гэргийн хамт Их Британийг зорьсоны улмаас НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн хугацаанд өөрчлөлт орсон нь хатан хаан II Элизабетэд дэлхий ертөнц ямар их хүндэтгэл үзүүлдэгийн тод жишээ мөн юм.

Энэ талаар Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Д.Золбоо Хүн төрөлхтний түүхэнд тасралтгүй 70 жил хааны титэм зүүсэн хүн ховор. Тэдний нэг нь Британийн хатан хаан II Элизабет. Зөвхөн нэг улс биш хамтын нөхөрлөлийн 15 орны өмнө өдий зэрэгтэй нэр хүнд, үлгэр дууриал хувь хүний байр суурийг хадгалж чадна гэдэг эмэгтэй хүнд  ховор заяах тохиол. II Элизабет хувь хүн талаасаа мундаг ажил хэрэгч, манлайлагч байсан гэдэг. Хошин шогийн нарийн мэдрэмж өндөртэй. Хувцаслалт загвар талаасаа ч ХХ зууны эмэгтэйчүүдийг өнгөлсөн хүмүүсийн дунд хатан хаан маргаангүй багтана. Улсынхаа түүхэнд гурван эмэгтэй ерөнхий сайдыг томилохыг ёсчлон баталж, эхний хоёртой нь хамтарч ажилласан. Энэ утгаараа эмэгтэйчүүдийн манлайлалд сайн жишиг тогтоож чадсан гэж боддог” гэж “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Хатан хаан II Элизабетийг эцсийн замд нь үдэх төрийн оршуулгын ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс 500 орчим удирдагч, тэргүүлэх зэргийн зочин тэргүүтэй 2000 орчим зочин оролцлоо. Тухайлбал, Их Британийн удирдагчдаас Борис Жонсон, Тереза Мэй, Дэвид Камерон, Тони Блэйр нар оролцсон юм. II Элизабет хатан хаан байх хугацаандаа анхны ерөнхий сайд Винстон Черчиллиэс эхлээд саяхан томилогдсон Лиз Трасс хүртэлх 15 ерөнхий сайдтай биечлэн уулзаж, хамтран ажиллаж байв.

Харин бусад орноос АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Шотландын тэргүүн сайд Никола Стержеон, Уэльсийн тэргүүн сайд Марк Дрейкфорд нар гэргийтэйгээ хүрэлцэн иржээ. Мөн Бельги, Нидерланд, Испани, Денмарк , Япон гэсэн хааны удирдах ёс уламжлалтай орноос хаан, хатан хаад нь ирсэн байна. Хатан хааныг үдэх энэ ёслолд оролцсон нийт зочдын тоог дөрвөн жилийн өмнө болсон ханхүү Харри, түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хуримаас хэд дахин их байна гэсэн тооцооллыг “BBC” гаргав.

Хатан хаан II Элизабетийг түүний аав VI Жорж хаан, ээж, эгч Маргарет гүнж болон нөхөр Эдинбургийн гүн, ханхүү Филипп нартай хамт нэг сүмд оршуулсан юм.

Есдүгээр сарын 20-ны мягмар  гараг

Японд Нанмадол хар салхины улмаас хоёр хүн нас барав

Японы түүхэнд хамгийн хүчтэйд тооцогдох далайн хар салхинуудын нэг Нанмадол даваа гарагаас эхлэн Японы үндсэн дөрвөн арлын хамгийн өмнөд арал болох Кюүшүг дайрсан байна. Хар салхинаас өмнө 13 сая хүн амтай Кюүшү арлын эрэг орчмын нам дор газарт амьдардаг хүмүүсийг өндөрлөг газарт нүүлгэн шилжүүлжээ. Гэвч мягмар гарагийн өглөөний байдлаар Кюүшү аралд нүүрлэсэн гамшгийн үеэр хоёр хүн амь үрэгдсэн нь батлагдаж,  90 орчим хүн гэмтэж, 350 гаруй мянга орчим айл өрхийн цахилгаан хангамж тасарсан байна. Үүнээс гадна тээврийн хэрэгслүүд зогсож, бүх нислэг цуцлагдаж, бүх байгууллага хаалгаа барьсан юм.

Энэ хар салхи мягмар гарагийн орой төв бүсийн Хоншү арал руу шилжжээ.

240 км цагийн хурдтай Нанмадол нь энэ онд дэлхий дахинд ажиглагдсан хамгийн хүчтэй хар салхинуудын 14 дүгээрт бичигдэж байгаа юм. Бас Япон улсын түүхэнд албан ёсоор бүртгэгдсэн тав дахь хамгийн хүчтэй хар салхи болжээ.

Нанмадол хар салхи одоо Хоншү арлын Ямагүчи мужийн нутагт 20 км/цаг хурдтай зүүн хойд зүгт нүүж байгаа ба хоёр өдрийн дараа арлаас гарч, Номхон далайд шилжих төлөвтэйг Японы цаг уурын хүрээлэн мэдээлж байна.

Есдүгээр сарын 21-ний лхагва гараг

Путин  цэргийн дайчилгаа зарлаж, иргэд нь дүрвэж эхэлжээ

Оросын Жанжин штабын газар, Батлан хамгаалахын яамнаас санал болгосны дагуу ОХУ хэсэгчилсэн цэргийн дайчилгаагаа лхагва гарагаас эхлүүлэхээр болсноо зарлалаа. Тодруулбал, Украины цэргийнхэн Оросын хилийн бүс рүү дайрч, чөлөөлөгдсөн бүс нутгууд руу довтолж байгаа учир цэргүүдийн нөөцийг бүрдүүлж, тоог нь нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гэж Оросын төрийн мэдлийн “tass.com” сайт мэдээллээ.

Ингэхдээ цэргийн алба хааж байсан цэргүүдээ ур чадварын сургалтад хамруулахаар болсон байна. Хэсэгчилсэн  гэдэг нь армийн бэлтгэл хүчийг буюу зөвхөн цэрэгт алба хааж байсан иргэдийг дайчлахаар болсонтой холбоотой нэр томьёо юм байна. Эдгээр нөөц цэргүүд болон Донбассын сайн дурын ажилтнууд гэрээт цэргийн албан хаагчидтай ижил эрх эдлэх юм.

Энэ үеэр В.Путин “НАТО дэвшилтэт систем, нисэх онгоц, хөлөг онгоц,  хиймэл дагуул ашиглан Оросын өмнөд хэсэгт тагнуулын ажиллагаа явуулж байна. Цэргийн дайчилгааны зорилго нь эх орон, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн ардын аюулгүй байдлыг хамгаалах юм. Хэрэв манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулбал эх орон, ард түмнээ хамгаалахын тулд бид байгаа бүх боломжоо ашиглана. Энэ бол хоосон яриа биш. Эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаална. Байгаа бүх боломжоо ашиглана гэдгийг давтан хэлье” гэж ярьжээ.Цэргүүдийн бэлтгэхэд шаардлагатай санхүүгийн болон бусад хэрэгслээр Оросын эрх баригчид бүрэн хангах зарлигт гарын үсэг зурсан байна.

Цэргийн дайчилгаа зарласны дараагаас эхлэн ОХУ-ын бараг бүх хөрш орнуудын хилийн нэвтрүүлэх хэсэгт иргэдийн урт цуваа үүсэж, ачаалал нэмэгдсэн тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.

Тухайлбал, Финланд улсын хилээр лхагва гарагт ОХУ-аас 4800 гаруй хүн нэвтэрсэн нь долоо хоногийн өмнөх 3100 хүнээс бараг 50 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Харин Балтийн тэнгисийн сав газрын Латви, Литва, Эстони улсууд цэргийн дайчилгаанаас зугтсан Оросын иргэдийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж, хилээ хаагаад байгаа юм.

Гэхдээ Кремлийн хэвлэлийн алба хилийн шалган нэвтрүүлэх хэсгүүдийн ачаалал нэмэгдсэн тухай мэдээллийг “хэтрүүлэг”, сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгүүдийг “хуурамч” гэж үзэж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдээд байна.

Есдүгээр сарын 22-ны пүрэв гараг

Далайн Ван гарагийн гэрэл зургийг НАСА дэлгэлээ

Сансар хэмээх өөр нэгэн “ертөнц”-д суурилуулсан “James Webb” телескоп Далайн Ван гарагийн гэрэл зургийг дэлхийд ирүүлснийг NASA нийтэд үзүүллээ.

Далайн Ван гарагийг тойрсон тоосонцроос бүтсэн цагарагууд байдаг ч олж харахад маш хэцүү байдаг. Хамгийн сүүлд 1989 онд нарны системийн зах хязгаар руу аялж яваа “Voyager 2” хөлөг тус гарагийн гэрэл зургийг дэлхийд ирүүлэхэд цагарагуудыг анх удаа тод харж байв. Үүнээс 33 жилийн дараа “James Webb” илүү тод харуулсан гэрэл зургийг ирүүлсэн нь шуугиан тариад байна.

Далайн Ван гараг хөх өнгөтэй харагддаг нь түүний агаар мандалд байдаг метан хийтэй холбоотой. James Webb телескопоос өмнө өнгөрсөн онд сансарт ажиллаж байсан Hubble телескопын буулгасан зургаас үүнийг харж болно.Hubble телескопын камер хүний нүдэнд харагдах гэрлийн долгионыг буулгадаг тул хөх өнгө нь бодитоор харагджээ.

Харин James Webb-ийн камер хүний нүдэнд харагддаггүй хэт улаан туяаг бүртгэдэг тул Далайн Ван цайвар өнгөтэй гарсан байна. Hubble телескоп тус гарагийн цагарагуудыг буулгаж чаддаггүй байлаа.

Харин НАСА-гийн танилцуулсан гэрэл зураг дээр Далайн Вангийн мэдэгдэж байгаа 14 дагуулын долоо нь тод гарсан байна. Гарагаасаа илүү тод гэрэлтэж байгаа хөх өнгийн од мэт биет нь Далайн Вангийн хамгийн том дагуул болох Тритон аж.

Hubble телескопыг залгамжилсан James Webb телескопыг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд дэлхийгээс хөөргөж байв. Үүнийг бүтээхэд хорь гаруй жил, 10 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Одоо James Webb нь дэлхийгээс 1.5 сая километрийн зайд байрлаад нарыг тойрон эргэж байгаа юм.

Есдүгээр сарын 23-ны баасан гараг

Хятадын хамгийн том  цэнгэг Поян нуур ширгэх аюул айсуй..

Хятадын төв хэсгийн Жянши мужид оршдог Хятадын  хамгийн том цэнгэг устай нуур Поян гангийн улмаас анх удаагаа ширгэх аюулд хүрч, тус мужийн усан хангамжийн систем түгшүүрт түвшинд хүрсэнийг мужийн захиргаа баасан гарагт буюу өнөөдөр зарлалаа. Хөх мөрөнд цутгадаг Поян нуурын урт 19 метрээс сүүлийн гурван сарын хугацаанд долоон метр болж бараг гурав дахин багасчээ. Бороо орохгүй энэ хэвээр үргэлжилвэл нуурын усны түвшин эрс багасахыг Жянши мужийн Ус сувгийн удирдах газраас мэдээлэв. Өмнөх жилтэй харьцуулахад Поян нуурын усны түвшин зургадугаар сараас хойш гэхэд 60 хувиар багассан байгааг тус газраас анхааруулжээ. Энэ нь мужийн усан цахилгаан станцын үйл ажиллагаа доголдоход хүргээд байгаа нь эрх баригчдыг түгшээд байна.

Хятадын баруун өмнөд хэсэгт үргэлжилсэн хүчтэй бороо орж, ган тайлагдсан ч төв хэсгийн Жянши мужид хоёр саруй хугацааны туршид бороо ганц ч дусаагүй учир гангийн аюулд нэрвэгдээд байна.

Ган гачигт дор хаяж 2.46 сая хүн амд нэрвэгдэж, Сычуань, Хэбэй, Хунань, Жянши, Аньхуй, Чунчигийн 2.2 сая га газар тариалангийн талбай өртжээ. Зарим газарт ундны усны хомсдолд орж, ачааны машинаар авчирч эхлээд байна. Эдийн засгийн хохирлын хувьд зөвхөн долдугаар сард тус улс хоёр тэрбум 730 сая юанийн алдагдал хүлээсэн байна.

2021 онд “Greenpeace”-ийн мэргэжилтнүүд Хятадын том хотууд уур амьсгалын өөрчлөлтөд ноцтой өртөнө гэдгийг анхааруулж байсан. Тус байгууллагын мэдээлснээр 2100 он гэхэд тус улсын зарим томоохон хотуудад дулааралт Цельсийн 2.6 хэмд хүрч болзошгүй ба үүний үр дүнд эдгээр бүс нутагт зун нэг сар орчим үргэлжилнэ. Хамгийн эрсдэлтэй газрууд нь Бээжин, Шанхай болон Гуанжоу, Шэньжэнь хотуудын хоорондох бүс нутаг байсан. 2040 онд дэлхийн утаа дээд цэгтээ хүрвэл агаарын температур хамгийн ихээр Бээжинд өснө гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Эх сурвалж:BBC, Tass,Aljazeera

 

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

18 цаг 53 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

19 цаг 17 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

19 цаг 21 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин