• Зууны мэдээ сонин онлайн захиалга

З.Баттогтох: Өөртөө хориг тавих чадвартай хүмүүс амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж чадаж байна

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа АНУ-ын Алабама мужийн Алабама их сургуулийн доктор, хүний их эмч З.Баттогтохыг урилаа.

 

ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИАД ОРХИХ НЬ  РАЦИОНАЛ СЭТГЭЛГЭЭГЭЭР АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГАА ЗОХИЦУУЛДАГГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ

Блиц

Загдсүрэнгийн Баттогтох

-2009 он: Тяньжин хотын Анагаах ухааны дээд сургууль

-2014 он: “Western Kentucky” их сургуульд магистр

-2022 он: Алабама мужийн Алабама их сургуульд спортын шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

-Би аавынхаа мэргэжлийг залгамжлан АНУ-ын Алабама мужийн Алабама их сургуульд спортын шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

Спортын шинжлэх ухаан нь дотроо олон салбартай. Булчингийн хөгжил, фитнесс, био энерги, биомеханик, спортын ур чадвар гэсэн салбараас гадна нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн хөдөлгөөний тусламжтайгаар архаг өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх салбар гэж байдаг. Миний судалгааны ажил энэ салбар дээр төвлөрсөн. Докторын судалгааны ажлаа хийхдээ хүний тархины үйл ажиллагаа, биологийн зохилдлогоо хүний хөдөлгөөний хэв маягт хэрхэн нөлөөлдөг талаар судалсан юм. Хүнд хоёр төрлийн мэдээлэл боловсруулах систем байдаг. Энэ нь автомат болон рационал систем юм. Хүний шийдвэр сонголтууд рационал сэтгэлгээнд тулгуурлаж хүн зөвхөн өөрт хэрэгтэй, ашигтай гэсэн зүйлээ сонгодог гэж үздэг байсан. Харин 1950-1960-аад онд тaaшаал хүсэл гэсэн ухагдахууныг Саймон Хеберт, Даниел Канеман нар эрдэмтэд гаргаж ирсэн. Тэд  энэ судалгааны ажлаараа Нобелийн шагнал хүртэн автомат-рационал хосолсон теоремийн эх үүсвэр болсон юм.

Энэ ухагдахууныг нийгмийн ухааны салбарт өргөнөөр ашигласан. Харин биеийн хөдөлгөөний чиглэлд сүүлийн  зургаан жил  судалж байгаа шинэ салбар юм. Рационал мэдээлэл боловсруулах систем нь баримт дээр тулгуурласан байдаг. Өөрөөр хэлбэл, биеийн хөдөлгөөн нь зүрх судасны архаг өвчлөл, чихрийн шижин өвчин, бодисын солилцооны хам шинж, цаашлаад олон төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх гол хүчин зүйлийн нэг болдог. Үүнийг ихэнх хүмүүс ойлгож, мэддэг. Гэвч хөдөлгөөний хомсдолтой хүний тоо их хэвээр байна. Хүмүүс хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийж эхлүүлээд дундаас нь хаях тохиолдол элбэг байдаг. Энэ нь хүмүүс зөвхөн рационал сэтгэлгээгээр амьдралын хэв маягаа зохицуулдаггүй гэсэн үг юм.

Рационал мэдээлэл боловсруулах систем нь тархины үйл ажиллагаа ихээр шаарддаг учраас хүмүүс амархан шантардаг. Жишээ нь, нэг судалгааны ажил дээр оролцогчдын өмнө амттан тавиад идэж болохгүй гэж хэлээд хагас цаг орчим тархины бичлэг хийсний дараа энгийн тоо бодох даалгавар өгсөн байна. Амттан хориогүй оролцогчидтой харьцуулахад эдгээр оролцогчдын тархины ачаалал харьцангуй их байсан бөгөөд тоо бодох даалгавар дээр хамгийн их алдаа гаргасан байна.

 

АВТОМАТ МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ СИСТЕМД АМЬДРАЛЫН ТУРШЛАГА НӨЛӨӨЛДӨГ

 

-Харин автомат мэдээлэл боловсруулах систем нь тархины үйл ажиллагаа бараг оролцдоггүй эмоци, ой санамж дээр тулгуурладаг. Энэ системд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг бол хүний байгалийн инстинкт буюу зөн. Сүргээрээ амьдарч байх эрт үед хүмүүсийн хувьд илүү хөдөлгөөн хийх нь утгагүй. Оршин тогтноход  нь сөргөөр нөлөөлдөг байсан тул аль болох энерги хэмнэх зөн хувьсалын үед тогтсон байна. Орчин үеийн нийгэмд хоол хүнс элбэг, хөдөлгөөн шаардсан ажил багассан ч энерги хэмнэх сонирхол хүмүүсийн оюун ухаанд хэвээрээ байгаа нь судалгаагаар батлагдсан. Жишээ нь, хүмүүс зам гарахдаа гарц руу алхаж очихын оронд гарцгүй газраар гүйдэг, шатаар өгсөхөөс илүүтэйгээр цахилгаан шатанд суухыг сонгодог.

Бас нэг сонирхолтой судалгаагаар цахилгаан шатны хурдыг 20 секундээр удаашруулахад хүмүүсийн 50 хувь нь шатаар алхаж эхэлсэн байна. Бие хүчний энергийн болон оюун ухааны хөдөлмөрийг хэмнэх зөнгөөс гадна цаг хэмнэх гэсэн хүчтэй хүчин зүйл бас нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Биеийн хөдөлгөөний хувьд ч бас тулгамдсан шалтгаангүйгээр хөдөлгөөн хийх цаг зарцуулалтын хувьд бас хоригтой тулгардаг.

Автомат мэдээлэл боловсруулах системд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл нь амьдралын туршлага болоод ой санамж. Удаан хугацааны ой санамж нь холбоос үүсгэж тогтдог. Жишээ нь, удирдлага хараад хамгийн эхэнд зурагт санаанд орж, үзэх мэдрэмж төрдөг.

Хөдөлгөөнтэй холбоотой жишээ авбал анх дугуй унаж сурч байхдаа эерэг сэтгэгдэлтэй байсан бол ирээдүйд хэзээ ч дугуй унахад сэтгэлгээний хувьд сөрөг  мэдрэмж үүсэхгүй. Хэрэв сөрөг нөхцөлтэй буюу унасан, айсан, зэмлүүлсэн гэх мэт сөрөг холбоос нь ирээдүйд тэр үйл явдлыг санахгүй ч гэсэн далд ухаанаараа дугуйнаас хол эсвэл дугуйтай холбоотой үйл явдлыг анзаарахгүй өнгөрдөг болно гэсэн үг юм.

 

БУРУУ ЗҮЙЛД ХОРИГ ТАВИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЖ БОЛДОГ

 

-Хүүхдийг биеийн хөдөлгөөн болон эрүүл амьдралын хэв маягтай эерэг харилцаатай болгож өсгөх нь маш чухал юм. Энэ хоёр мэдээлэл боловсруулах систем нь хоёулаа харилцан хамааралтайгаар хүний амьдралын хэв маягийг бүрдүүлж байдаг. Аль систем нь аль нөхцөл байдалд давамгайлж шийдвэр болон хэв маягт нөлөөлдөг болох нь олон зүйлээс шалтгаалдаг.

Бидний оюун ухаан энерги, оюуны хөдөлмөрийг хэмнэх сонирхолтой учраас автомат мэдээлэл боловсруулах систем нь хамгийн түрүүнд хариу үйлдэл хийдэг. Хэрэв хоёр систем нэг чиглэлийн мэдээлэл дамжуулах тогтолцоог дэмжиж байвал амьдралын сонголт хэв маяг хамгийн хүчтэйгээр тодорхойлогдоно. Жишээ нь, алхах дуртай (алхах хөдөлгөөнтэй эерэг холбоотой) байхад эмч сайн алх гэж зөвлөвөл өдөр болгон алхах хэвшлийг амархан хэрэгжүүлж чадна. Хэрэв хоёр систем маань эсрэг мэдээллийн чиглэлийг дэмжвэл бие биедээ хориг тавьж эхэлдэг. Жишээ нь, алхах хэрэгтэй боловч алхах дургүй эсвэл турах хүсэлтэй боловч амттанаас татгалзаж чаддаггүй гэх мэт. Хөдөлгөөнтэй ижил бидэнд бас илчлэг ихтэй хоолонд татагддаг байгалийн зөн гэж байдаг. Энэ нь сүргийн системийн үеийн хоол хүнс хомс, энергиэ нөөцлөх хүсэлтэй холбоотой юм.

-Бидний судалгааны ажлын явцад ажиглагдсан бас нэг зүйл нь хоёр системийн зохилдолгоог хянаж чаддаг тархины удирдлагатай холбоотой асуудал. Үүний нэг нь өөртөө хориг тавих чадвар. Төрөлхийн өөртөө хориг тавих тархины олон бүтцээс хамаарсан захиргаа байдаг гэсэн үг юм. Хүмүүсийн таашаал дур хүсэлд донтохоос урьдчилан сэргийлсэн байгалийн удирдах төв гэж ойлгож болно. Энэ нь хүн бүр их, бага хэмжээгээрээ ялгаатай байж болно. Өөртөө хориг тавих чадвар сайтай хүмүүс өөрт ашиггүй эсвэл ирээдүйд сөргөөр нөлөөлөх түр зуурын таашаалд хориг тавьж чаддаг. Энэ чадвар нь хүн бүрт харилцан адилгүй. Жишээ нь, архи дарсанд хориг тавьж чаддаг боловч амттан эсвэл мөрийтэй тоглоомд хориг тавьж чадахгүй байж болно. Ямар үйлдэлд ямар хариу урвал үзүүлдэг, тухайн хяналт, хоригийг хөгжүүлж болох эсэх, даавар биохимийн зохилдлогоо хэрхэн нөлөөлдөг тал дээр судалгааны ажлууд хийгдсээр байна. Одоогийн байдлаар өөртөө хориг тавих чадварыг хөгжүүлж болно гэсэн баримтууд ар араасаа батлагдан гарсаар байна.

 

ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ЭЕРЭГЭЭР ДҮРСЛЭХ НЬ  ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ

 

-Бидний судалгаагаар өөртөө хориг тавих чадвартай хүмүүс хангалттай эрчимтэй хөдөлгөөнийг хэвшүүлж чадсан гэсэн үр дүн гарсан. Тиймээс захиргаа, удирдлагын төв нь сул хүмүүс хөдөлгөөний хомсдол ихтэй байж болно гэсэн үг юм. Үүнийг шийдэж болох гарцын хувьд хүмүүсийг тэр даруй урамшуулах, таашаал авах гэсэн сэтгэлгээг хөдөлгөөнтэй холбож өгч болно. Жишээ нь, зарим орны метроны билетийг 30 удаа суулт хийсэн хүнд үнэгүй олгодог арга юм. Өмнөд Америкийн зарим орон үүнийг бас хэрэгжүүлсэн байдаг. Японы улсад  зарим орон сууцанд угаалгын машин нь хөл педалаар ажилладаг буюу дугуй шиг жийж хувцсаа угаадаг гэх мэт.

Эдгээр үзүүлэлтийн үр дүнгээс рационал сэтгэлгээгээр амьдралын хэв маяг өөрчлөх аргачлалууд тэр бүр амжилтад хүрдэггүй гэдгийг ойлгож  болно. Харин амьдралын зөв хэв маягтай эерэг холбоос тогтоох аргачлалууд давхар хэрэгжүүлснээр амжилтад хүрнэ. Хэрхэн зөв эерэг холбоос үүсгэх вэ гэдэг нь зөвхөн хүний өөрийн асуудал биш. Үүнд нийгэм, захиргааны хамаарал шаардлагатай байдаг. Жишээ нь, эрүүл амьдралын хэв маягийг олонд таниулах ажилд зөвхөн баримт, мэдээллээр хангах биш. Тухайн мэдээлэл нь хүмүүст эерэг сэтгэл хөдлөлийг төрүүлж байх хэрэгтэй. Эдгээр аргачлалыг зар сурталчилгаанд их ашигладаг. Рекламны үед бүтээгдэхүүнтэй эерэг холбоос үүсгэх амархан цээжлэгдэх холбоос үг, ая, болон өнгөний сонголтыг хүртэл далд ухамсарт нь шууд тусах маягаар маш олон давтамжтайгаар сонгож хийдэг. Дараа нь тэр хүнийг дэлгүүрт явж байхад тухайн бүтээгдэхүүн хамгийн түрүүнд нүдэнд тусдаг. Кока кола, Марлборо гэх мэт алдарт бүтээгдэхүүнүүд ийм аргыг 1970,1980-аад оны үед их хэрэглэж байсан. Энэ нь хүний далд ухамсарт хэтэрхий нөлөөлж эхэлсэн тул иймэрхүү сурталчилгааг хорьж эхэлсэн байдаг. Марлборог Формула-1 уралдаанд сурталчлахыг хориглосны дараа, харахад цагаан машин боловч бага зэрэг улаан кант оруулсан нь уралдааны замд хурдтай явж байхад Марлборогийн эмблем харагдахаар хийсэн байх жишээтэй.

Улс төрийн сонгуулийн үед ч ийм аргуудыг түгээмэл хэрэглэдэг. Иймэрхүү жишээнүүд шиг хэтэрсэн байдлаар биш ч, эрүүл амьдралын хэв маягийг эерэгээр дүрслэх нь харьцангуй үр дүнтэй санагддаг. Сүүлийн үед Америкт хөдөлгөөний ач холбогдлыг хүмүүст аз жаргалтайгаар гэр бүлээрээ дугуй унаж байгаа эсвэл гүйж байгаа зураг, бичлэгийн аргаар танилцуулдаг болсон, Ийм сурталчилгаа нь эрүүл аз жаргалтай гэдгийг хөдөлгөөнтэй холбож эерэг холбоосыг үүсгэхэд нөлөөлж байна гэсэн үг. Хэдхэн жилийн өмнө дан мэдээлэл, баримт оруулсан гарын авлага тараадаг байсан. Энэ нь хүмүүсийг энэ мэдээллийг уншаад ухамсраараа амьдралын хэв маягаа өөрчил гэсэн агуулгатай боловч хүмүүсийн эерэг хандлагыг өдөөж чаддаггүйг яаж өөрчлөх вэ гэдгийг одоо илүү анхаарч байна. Эерэг холбоос тогтоох компьютерын олон аргыг сүүлийн үед  хүмүүс судалж байна.

Миний ирээдүйн зорилго судалгааны ажлаа практикт хэрэгжүүлэх юм. Одоогийн байдлаар Америкийн Хавдрын эсрэг судалгааны хоёр ч төвд судлаач эрдэмтнээр ажиллах санал аваад байна. Хавдар болон архаг өвчний үед амьдралын хэв маягийг тохируулах, дижитал эрүүл мэндийн хүрээнд хүмүүст хамгийн амархан болон хямдхан аргаар мэдээлэл, туслалцаа авах боломжийг судлах зорилготой юм. Цаашид тархи мэдрэлийн үйл ажиллагааг амьдралын хэв маягтай холбон гүнзгийрүүлэн судлах төсөвт ажлуудад өрсөлдөх сонирхолтой байна.

 

СУУЛТЫН ДАСГАЛ НЬ ЯСНЫ СИЙРЭГЖИЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ

 

-Миний аав хүний их эмч, спортын анагаах ухааны доктор, профессор хүн байсан юм. Монголын тамирчдын ажиллах чадварыг анх тодорхойлж, нийгмийн эрүүл мэнд хөдөлгөөний чиглэлээр Монголдоо олон зүйлийг хийж бүтээсэн Д.Загдсүрэн гэж хүн байлаа. Аав минь “10000 алхацгаая” уриаг анх санаачилж ард иргэдэд хөдөлгөөний ач холбогдлыг ойлгуулах, уриалах ажлуудыг олон жилийн өмнөөс хэрэгжүүлсэн. Тухайлбал, 1990-ээд онд буюу монголчуудын  ихэнх нь фитнессийн талаар тодорхой ойлголтгүй байх үед одоогийн фитнессийн трэнд болоод байгаа суулт, сандал дээр өгсөж уруудах зэрэг гэрийн нөхцөлд хийх боломжтой дасгалуудыг багтаасан “Яаж өндөр болох вэ", "Яаж турах вэ" зэрэг цуврал ном гарган олон нийтэд дасгал хөдөлгөөний ач тусыг сурталчилж байлаа. Одоо мэргэжлийн хүний өнцгөөс харахад суулт, хагас суулт гэсэн дасгалууд нь түнхний хөгжил, бэхжилтэд онцгой сайн нөлөөтэй. Мөн ясны сийрэгжилт, түнхний хугаралтаас урьдчилан сэргийлэх ач холбогдол бүхий чухал дасгалууд. Энэ бүхнийг бараг 30 жилийн өмнө хийж байсан ааваараа бахархаж, бас аавтайгаа адил мэргэжил эзэмшиж, судалгаа хийж яваа нь миний хувьд нэр төртэй бөгөөд хариуцлагатай ажил.

Америкийн спортын анагаах ухааны нийгэмлэгээс архаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд долоо хоногт 150 минут эрчимтэй, хоёр удаа булчингийн масс дэмжсэн дасгалыг хий гэж зөвлөсөн байдаг. 150 минутыг долоо хоногийн таван өдрөөр тооцож бодвол өдөрт 30 минут дасгал хийнэ гэсэн үг. Гэхдээ 30 минут фитнессээр хичээллэчихээд өдрийн ихэнх цагийг суугаа байдалтай өнгөрүүлдэг хүмүүсийг бас л хөдөлгөөний хомсдолтой гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, 30 минутын эрчимтэй хөдөлгөөн нь удаан хугацаанд суусны хор нөлөөг арилгаж чадахгүй гэсэн үг юм. Суултыг бага багаар таслах бусад хөнгөн хөдөлгөөнөөр орлуулах нь их чухал. Тиймээс энгийн сонголтууд болох шатаар өгсөх, алхах нь өндөр ач холбогдолтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. Даваа ГАРАГ. № 125 (6857)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол охид үнэхээр мундаг бахархууштай,
маш өгөөжтэй сайхан мэдээлэл ярилцлага байна, энэ охинд баяр хүргэе амжилт хүсье, Зууны мэдээд баярлалаа,