М.Зоригт: “Дан дээл”, “давхар дээл” гэж туйлширмааргүй байна

2022-06-24
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Үндсэн хуульд  оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан М.Зоригттой ярилцлаа.

 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж эхэлсэн.  Монгол Улсын иргэний хувьд таны байр суурь ямар байгаа вэ?

-Одоогийн яригдаж байгаа үзэл санаагаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна.  Ардчилсан Монгол Улс ардчиллын гол үзүүлэлт  болсон парламентын сонгуулиа ч зохион байгуулж чадахаа больсон. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ нь хоорондоо зөрчилдөөнтэй. Нэг зүг рүү харж, нэгдмэл бодлогоор улс орноо авч явж чадахгүй байна.  Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг үүнээс шалтгаалсан гажуудал нийгэмд газар авлаа.  Авлига, хээль хахууль, тэгш бус хуваарилалт салбар бүрд бий болж, ардчилсан Монгол Улсын иргэдийн суурь эрх, эрх чөлөө ч ганхаж эхэллээ. Энэ бүхний шалтгаан нь ердөө төрийн тогтолцооны гажуудал болж байна.  Цаашлаад дэлхийн улс орнууд, геополитик талаасаа харсан ч Монгол Улс  Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарч ирлээ.  Хойд хөрш маань тайван бус байна.  Дэлхийн улс орнууд ч өөр өөрийн тоглолтыг хийж эхэллээ. Энэ цаг үед бид улс орны тусгаар тогтнолоо улам бэхжүүлэх шаардлагатай.  Бид өнгөрсөн хугацаанд сонгуулиа ч хийж чадахгүй, олон жил гадны нөлөөнд явсан нь үнэн шүү дээ. Дэлхийн том гүрэн манай цөөн хэдэн дарга нараар дамжуулж нөлөөгөө бэхжүүлж ирсэн.  Цаашид ийм нөлөөллийг газар авахуулахгүйн тулд Үндсэн хуулиа өөрчилж, парламентын ардчиллаа улам бэхжүүлэх нь зүйтэй.

-Та хуулийн үзэл санааг нь дэмжиж байгаа юм байна. Тухайлсан ямар өөрчлөлтийг заавал орох шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Энэ цаг үед сонгуулиа маш зөв тогтолцоогоор явуулдаг болох хэрэгтэй. Ингэснээр жирийн иргэний оролцоо, дуу хоолой төрийн шийдвэрт нөлөөлж чаддаг байхаас гадна тусгаар тогтнолын ач холбогдолтой.  Парламентын сонгуульд холимог системийг оруулж ирснээр заавал мөнгөтэй, хүчтэй хүн УИХ-ын гишүүн болно гэсэн ойлголт байхгүй болно.  Мэдлэгтэй, мэргэжлийн, шинжлэх ухаанч хүмүүст олны дэмжлэг аваад гарч ирэх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл,  парламентад Монголын нийгмийн бүхий л төлөөлөл орж чадна.  Ингэснээрээ олон ургальч мэргэжлийн парламент бүрдэх боломжтой.   Мөн Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс биш  парламентаас сонгодог байх заалтыг дэмжиж байна.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай ярьж байна.  Энэ асуудалд иргэд янз бүрийн л байр суурьтай байх шиг?

-Монгол Улсад зөв засаглал тогтоох гэж өнгөрсөн хугацаанд олон сонголт хийж байсан.  Хоёр танхимтай парламент эмхлэн байгуулж байсан.  АИХ, Бага хуралтай байж үзлээ. Холимог болон 76 тойргоор сонгууль явуулсан. Гэхдээ бид нэг л учраа олохгүй байна. Цаашид парламентын  гишүүдийн тоог нэмэх шаардлагатай.  Үндсэн хуулиа өөрчилж, төрийн тогтолцоогоо зөв замд оруулах ёстой.

-Та Засгийн газрын бүтцэд сайдаар ажиллаж байсан хүн. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Засгийн газар ялангуяа Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалт орж ирсэн?

-Үнэхээр хүчтэй Ерөнхий сайдтай байж улс орны хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүд урагш явна.  Улсын төсвийг парламент нь батлахгүй байвал тараах санал өгөх эрх нь Ерөнхий сайдад байх ёстой.  Энэ бол зөвхөн манайд бий болгох гээд байгаа эрх үүрэг биш.  Парламентын засаглалтай дэлхийн олон оронд ийм жишиг бий. Одоогийн байдлаар УИХ-тай хэн ч хариуцлага тооцож чаддаггүй.  Ерөнхийлөгчтэй ч хариуцлага тооцох систем байхгүй.  Ийм байдалтай их удаан явж ирсэн.  Төрийн энэ  тэнцвэргүй байдал нь сүүлдээ засаглал хоорондын тогтворгүй байдал үүсгэж байна.  Засгийн газар улс орны хэмжээний том асуудал шийдэх гээд байдаг гэтэл нэг аймгаас сонгогдсон гишүүн тойргийнхоо төсвийн асуудлаас шалтгаалаад шүүмжилдэг.  Цаашлаад фракц үүсгэж, Засгийн газраа татан унагадаг.  Төсвөө ч зөв баталж  зарцуулж чадахгүй байгаа нь манай төрийн тогтолцоотой холбоотой.

-“Давхар дээл”-ний асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

- Хуучин цагт сайд нарт зангараг хэрэгтэй гэдэг байв.  Тэр өнцгөөс нь харж УИХ-ын гишүүдийг Засгийн газарт оруулдаг байсан тал бий.  Мөн 76 гишүүнтэй парламентаас сайд  тодрохоор Засгийн газрыг олон солих, унагах асуудал харьцангуй бага байлаа.  Энэ утгаараа хүмүүс “давхар дээл”-нд дургүй болж эхэлсэн.  Одоо ажиллаж байгаа Засгийн газрыг харахад УИХ-ын гишүүн биш ч залуу сайд нар ажлаа мэргэжлийн хэмжээнд хийж байна. Улс төр хийхгүй, ажлаа л хийгээд байна.  Энэ өөрөө их зөв жишиг. Тэгэхээр цаашид давхар дээл болно, болохгүй гээд туйлшираад байхаас  илүүтэй аль алинд нь боломжийг олгодог байх хувилбартай  байх нь зүйтэй. Магадгүй нэг салбарын асуудлыг үнэхээр онцгой авч үзээд 4-5 жил бодлого хэрэгжүүлэх гэж байгаа бол түүнийг нь бодлогын яам болгоод УИХ-ын гишүүн, нөлөө бүхий хүнийг ажиллуулах нь зүйтэй. Нөгөө талаас мэргэжлийн хүмүүсээр ажил хийлгэхийн давуу талыг ч ашиглах хэрэгтэй.  Тэгэхээр энэ асуудалд аль нэгийг хаах биш, хосолсон хувилбарыг үлдээх ёстой гэж харж байна.

-Гишүүдийн тоог нэмж сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр  улс төрийн намуудыг төлөвшүүлнэ гэж үзэж байгаа юм билээ.  Үр дүнд хүрэх болов уу?

-76 тойргоос 76 хүн сонгохоор мэргэжлийн ёс зүйтэй гэхээс илүүтэй хуучны танил мөнгөтэй хүмүүс л эргэж орж ирээд байдаг. Тухайн тойргоо базчихсан,  худалдаад авчихсан, тэндээ ажиллаад бүр сурсан байдаг.  Тэгэхээр сүүлдээ тэр 76 хүн нам байтугай хэнийг ч тоохоо байж эхэлдэг.  Түүнээс болоод улс төрийн намууд зөв хөгжиж чаддаггүй, төлөвшдөггүй.  Манай АН-ын өнөөгийн нөхцөл байдлын суурь шалтгаан ч ердөө энэ шүү дээ. Нэг тойргоос гишүүн болоод сурчихсан "нөгөө гар" намын, үзэл санаа, гишүүдээсээ илүү өөрсдийгөө л бодож намаа сүйтгэдэг. Тэгэхээр намын төлөвшил гэдэг чухал.  Нам гэдэг улс орныхоо эрх ашгийн төлөө үзэл бодлоороо нэгдсэн ард иргэдийн сайн дурын нэгдэл шүү дээ. Тэд хамтраад, нэгдээд явахад намын нэр барьсан 2-3 хүн УИХ-д гарчихаад өөр юм яриад байж болохгүй.  Тэгэхээр сонгуулийн тогтолцоонд холимог системийг оруулж ирснээр намын гишүүд улс орныхоо өмнө хариуцлага хүлээдэг болно. Цаашдаа Монгол Улс 2-3 хүчтэй намтай л баймаар байна.   Ямар ч салхинд ганхаад байхгүй бат бөх гэрийн багана гэдэг шиг үзэл санаанаасаа ухардаггүй хүмүүсийн нэгдэл чухал.

-2019 онд бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байсан.  Эцэг хуульд ойрхон гар хүрлээ гэж шүүмжлэх хүмүүс байна?

-Бид Үндсэн хуулиа ойр ойрхон өөрчилж болохгүй гэдэг шалтгаанаар дахиад 20-30 жилийг алдмааргүй байна. Дэлхийн улс орнуудын хөгжил хол тасраад явчихлаа. Одоогийн байгаа төрийн бүтэц зохион байгуулалтаар бол Монгол Улсад нөгөө л суусан шавартаа хий эргэсэн хэвээр байна. Тэгэхээр бид зоригтой хөдөлж,  урагшаа явах хэрэгтэй.  Хэнээс ч хараат бусаар улс орныхоо ирээдүй хөгжлийг тодорхойлчихдог баймаар байна.  Нэгэнт нийтээрээ өөрчлөөд урагшлая гэсэн бол цаг алдах хэрэг байхгүй. МАН-ын зарим ахмад гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа харагдсан. Тэд намдаа гомдсон уу аль эсвэл хүүхдийг нь ажилд оруулж өгөөгүйд гоморхсон уу, тийм л хүмүүс.  Тэгэхээр иргэд маань болж өгвөл Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцож саналаа өгч тусгуулаарай гэж уриалж байна.  Бид улс  орныхоо тусгаар тогтнолыг бүх нийтийн санал асуулгаар баталгаажуулж чадсан ард түмэн шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 124 (6856)

 

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдсангүй. Харин Төрийн ордонд хөдөө аж ахуйн сал

3 цаг 56 мин
М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ ээлжит нэгэн сонсголоо хийж байна. Тодруулбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байн

3 цаг 56 мин
Р.Болд: Генерал хүн нэн тэргүүнд төрөө дээдлэх учиртай

Түүхийн ухааны доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 56 мин
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага 2026 оны өсөлтийн таамгаа бууруулав

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын /UN Tourism/ есдүгээр сарын "Дэлхийн аялал жуулчлалын барометр"-т 202

19 цаг 27 мин
Трамп Ираны долоо хоног гал зогсоох саналыг няцаав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон долоо хоногийн  хугацаатай гал зогсоох саналы

19 цаг 29 мин
Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

21 цаг 49 мин
С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

21 цаг 52 мин
Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

22 цаг 19 мин
Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч, тэргүүлэгч компаниуд хүртэл хүндрэлтэй нөхцөл байдлыг д

Өчигдөр 06 цаг 00 мин
Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д төрийн айлчлал хийсэн

Өчигдөр 06 цаг 00 мин