Б.Пүрэвгарам: ХАБЭА-г хангахад удирдлагын манлайлал, ажилтны оролцооноос хамаардаг

2022-06-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Н.ДАЯН

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, НДЕГ, МҮЭХ хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааны Боловсруулалт, үйлдвэрлэлийн салбарын тэргүүний хамт олноор “Милко” ХХК шалгарсан. Энэ талаар “Тэсо фүүдс” группийн ХАБЭА-ын бодлогын менежер Б.Пүрэвгарамтай ярилцлаа.

 

-Юуны өмнө боловсруулалт үйлдвэрлэлийн салбарын тэргүүний хамт олон болсонд баяр хүргэе. Тэргүүн байрт шалгарсан туршлагаасаа хуваалцахгүй уу?

-Баярлалаа. Манай компаний хувьд “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны Боловсруулалт, үйлдвэрлэлийн салбарын шилдгээр 2019, 2021 онд тэргүүн байр эзэлж байсан. Миний хувьд ХАБЭА-н чиглэлээр ес дэх жилдээ ажиллаж байгаагаас боловсруулах үйлдвэрлэлийн салбарт тав дахь жилдээ энэ компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцан ХАБЭА-н бодлогын менежерээр ажиллаж байна.

-“Милко” компани ажилчдынхаа эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцөлийг хэр бүрдүүлж ажилладаг вэ?

-Бидний хувьд 2019 оноос эхлэн MNS ISO 45001 2018 хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг менежментийн тогтолцооны стандартыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж 2021 онд амжилттай баталгаажуулсан. Ингэснээр байгууллагынхаа үйл ажиллагаанд ХАБЭА-н эрсдэлийг зөв удирдах олон улсад хүлээн зөвшөөрсөн загвар стандартыг нэвтрүүлж чадсан.

-Энэ чиглэлд ямар ажлуудыг шинээр санаачлан хийсэн бэ?

-Бид компанийнхаа үйл ажиллагаанд холбогдох ХАБЭА-н хууль тогтоомжийн шаардлагуудыг тогтоож нийцлийг хангах, ажилтнуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээ зохион байгуулах, ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, удирдлагынхаа манлайллыг бий болгоход чиглэсэн олон ажлыг төлөвлөн ажилдаг. Тухайбал, ажлын байрны үйл явц бүрт аюулыг тодорхойлж эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлүүдийг хянах, менежментээ тогтмол сайжруулахад анхаарч ажилладаг. Мөн ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, хэвийн бус нөхцөлтэй ажлын байрыг хэвийн болгох, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулахад сайжруулах төлөвлөгөөнүүдийг боловсруулж хэрэгжилтийг ханган ажилладаг юм.

-ХАБЭА-ын хангахын тулд ажилтан болон ажил олгогч нарын оролцоо чухал байх?

-ХАБЭА үйл ажиллагааны ажлуудаас онцлог гэх юм бол ажилтнуудын оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, ХАБЭА-н зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссын багийг чадавхжуулах сургалт арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажилтнуудтайгаа хамтран ажилладаг. ХАБЭА гэхээр нэг л хүний хийх ажил гэж буруу ойлголтууд байдаг. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд ажилтан, албан тушаалтан бүрт тодорхой хэмжээнд өөр өөрийн хүлээх эрх, үүрэг хариуцлагыг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Тиймээс тэр шаардлагуудыг хангаж ажиллахад анхаарч ажиллах нь чухал. Ажил ологчийн хувьд ХАБЭА-н эрх үүрэг хариуцлагыг оновчтой тодорхойлж дотоод ХАБЭА-н дүрэм, журмууддаа тодорхой зааж өгч мөрдүүлэх хэрэгтэй. ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд өөрсдөө удирдлагууддаа энэ талаар мэдлэг мэдээллийг сайн өгч ойлгуулж ажиллах шаардлагатай байдаг. Ажил олгогч нар ХАБЭА-н талаар мэдлэг дутмагаас ажилтнуудын эрх зөрчигддөг тохиолдол цөөнгүй гардаг бол байгууллага. Мөн адил санхүүгийн эрсдэл хүлээх цаашлаад үйл ажиллагаа доголдох хүртэл асуудал тулгарч болно. Тиймээс ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд үйл ажиллагаанд тохирсон менежментийг бий болгож байгууллагад учирч болох эрсдэл боломжийн талаар ажил олгогчтойгоо тогтмол мэдээлэл солилцож хамтран ажиллах нь чухал юм.

-Танай компани хэчнээн ажилтантай вэ. ХАБ-ын хэдэн мэргэжилтэн байдаг вэ?

-“Милко” компани 350 орчим ажилтан, дөрвөн үйлдвэртэй. “Тэсо” группийн салбар хүнсний чиглэлийн компани. “Милко” компанийн хувьд хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан хоёр ажилтантай. Манай удирдах ажилтнууд ХАБЭА-н асуудал дээр манлайлалтай оролцдог. Үйлдвэрийн дарга, албаны дарга нар өөрсдийнхөө эрх, үүрэг хариуцлагын хүрээнд ажилтнуудаа ХАБЭА-н сургалтад хамрагдахад шаардлагатай цагийг зохицуулж өгөх, Хамтран эрсдэлийн үнэлгээ хийх гээд ХАБЭА-н асуудал дээр сайн хамтарч ажилладаг. Үйлдвэрийн менежерүүд маань өдөр тутмын зааварчилгын бүртгэлээ өөрсдөө хэвлээд хяначихдаг байх жишээтэй.

-Үйлдвэрлэлийн байгууллагуудад хөдөлмөр аюулгүй байдал талаас юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Аж ахуйн нэгжүүдэд ажиглагдаж байгаа нэг асуудал бол үйлдвэрийн осол гарахгүй ХАБЭА ажилтан хэрэггүй юм шиг ойлгож анхаарал суларч эхэлдэг. Ажил олгогч нар ХАБЭА-г зардал гэж хардаг. Аюулгүй байдлыг тогтмол хангаж байж, ажил олгогч сайн ойлгож, дэмжиж хүлээн авч байж ажилтны аюулгүй байдал хангагдана. Эрсдэлийн талаар ярихаар муу ёр гэдэг уламжлалт сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Эрсдэлийг тогтмол хянаж байж урьдчилан сэргийлж чадна. ХАБЭА-н ажилтан хариуцлагатай ажил хийдэг. ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг 124 цагийн сургалтаар бэлтгэж байгаа нь хангалтгүй гэж миний хуьд үздэг. Богино хугацаанд хангалттай мэдлэг эзэмшээд явдаг нь ховор байх. Тэгэхээр ядаж сургалтын байгууллагууд нь төгсөгч нараа цаашид сайн чадавхжуулахад анхаарч ажиллах ёстой болов уу. Миний хувьд боловсруулах үйлдвэрийн салбарын компаниудынхаа ХАБ-ын ажилтнуудыг хоорондоо мэдлэг, туршлага солилцъё мэдлэг мэдээллээ үнэ төлбөргүй хуваалцъя гээд клуб хүртэл байгуулсан байгаа. Манай байгууллага ХАБЭА-ын сарын аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ЗДТГ, ХАБЭА-ын зөвлөлтэйгөө хамтраад туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй ААН байгууллагын, хөдөлмөр аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтнууд манайд ирж ХАБ-ын хэрхэн ханган ажиллаж байгаатай танилцаж, туршлага солилцоод явсан.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 109 (6841)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

17 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

18 цаг 31 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

18 цаг 33 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

18 цаг 35 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

18 цаг 35 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин