Дэлхийн манлай

2022-05-26
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

1974 оны өлзийт намар тал нутгийн эрчит салхи эртний Османы нийслэлд шуургалан дэгдэв. Тэнд Туркийн Станбулд дэлхийн чөлөөт бөхийн шилдгүүд аваргаа шалгаруулж, ЗХУ, АНУ, Турк, Иран, Болгар, Японы 30 орчим орны 170 гаруй хүчтэн ур, бяр, ухаан бодлоо уралдуулан хүч үзсэн. Монголын бөх Зэвэгийн Ойдов дэлхийн аварга болов. Чөлөөт бөхийн төрлөөр Монголын анхны аварга мэндлэв. Билгийн дөрвөн улирлын хэмнэл, хөдөлгөөн дунд түүхийн лугшсан халуун алга өвгөн Орхоны хөндийг өгсөж уруудаж, уйлж дуулж, гуниж баярлаж, догширч зөөлөрч эрийн цээнд хүрсэн, Баянхонгорын барилгын ТМС-ийн багш Ц.Бямбаагийн унаган шавь, 26 настай, ер бусын шөрмөслөг, идэр жавхлант энэ монгол холын Станбул хотноо чухам ямархан ялалт байгуулж олныг бишрүүлсэн гэж сананам. Болгарын алдарт бөх, дэлхийн аварга Дончо Жековыг оноогоор, Югославын аварга Александр Иорданов, БНАГУ-ын бөх, дэлхийн аваргын мөнгөн медальт Хайнц Штар, АНУ-ын аварга Жеймс Хэмфри, ХБНГУ-ын аварга Эдвард Гирэ нарыг цэвэр ялж тэргүүн байр булаалдахаар дэвжээний эзэн Туркийн бөх, олимпийн мөнгөн медальт Вехти Акдатай шалгарч үлдэв.

Гавьяат Д.Сэрээтэр дэвжээнд гарахад нь “За, Ойдов оо, урьд нь чи зөвхөн учраатайгаа барилдаж байсан бол одоо өрсөлдөгчөөсөө гадна шүүгчтэй барилдах нь. Үзэгч, ард түмэнтэй барилдах нь. Гарцаагүй цэвэр дарахгүй бол цэвэр ялахгүй бол чи аварга болж чадахгүй шүү” гэж хэлсэн байдаг. Барилдаан эхэлж, хоёр хүчтэн чухам л сүн далайг цалгитал сүмбэр уулыг доргитол тулалдаж манай бөх Актаг даралтад оруулсан ч шүүгч оноо, ялалт өгдөггүй. 20, 30, 50 секунд. Тэр хооронд З.Ойдов өчнөөн юм бодоод амжиж. Би ямар өмнө нь нэг бөхийг чанга хаяж байсан биш. Нэг шүүгчтэй маргаж, ам зөрж байсан биш. Яалаа гэж энэ вэ. Бүр 81 секунд дарсны эцэст сая нэг шүүгчийн шүгэл дуугарч, цэвэр ялалт өгөв. Ийн дэлхийд түрүүлэв. БНМАУ-аа тунхагласны 50 жилийн ойн босгон дээр дэлхийн аваргын алтан бүс гардав. 1974 оны тархин дээр нэг ийм зүйл болсон байдаг. Тухайн үед социалист уралдаанд үүрэг, амлалт авдаг байж. Тэр бол том шахаа, том даваа. Бөхчүүдийн хувьд оролцох тэмцээн уралдаанаа жагсааж бичээд “Интернационал” тэмцээнд гуравт орно. Дан-Коловын тэмцээнд хоёрт орно гэдэг ч юм уу, өөрийн боломжийг харгалзан амлалт авна. Авсан үүрэг, амлалтаа биелүүлэхгүй бол бангадуулна, донгодуулна. Хариуцлага хүлээнэ.

Үүрэг амлалтын хуралд хоцорч ирсэн З.Ойдовыг шигшээгийн дасгалжуулагч Жигжидийн Мөнхбат аварга загнаж, бичгийн цаас өгөөд “Үүн дээр социалист уралдааны үүрэг амлалтаа 3-4 үгээр хурдан бич” гэхэд мань эр тэр дор нь “Орсон бүх тэмцээндээ түрүүлнэ” гэж бичээд өгч. Тэгсэн энэ чинь юу гэж байна. Тэгэхээр нь та амлалтаа 3-4 үгээр бич гээ биз дээ гэхэд “Нөхөөр, ингэж болохгүй ээ. 1-3 дугаар байрт орно” гэж засуулж бичүүлээд авчээ. З.Ойдов тэр жил дэлхийн аварга болно гэдэгтээ дүүрэн итгэлтэй байсныг үүнээс харж болох. Мөн Турк руу мордохдоо “Ах нь дэлхийн аварга болоод ирнэ. Амьтан хүн дайлж цайлах айраг цагаа ахиухан бэлдээд байж байгаарай” гэж З.Дүвчин дүүдээ хэлж захьсан байдаг. Станбулын дуулианы туурайн чимээ холдож амжаагүй байхад буюу дараа жил нь З.Ойдов гавьяат “Минск-1975” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин шуугиан дэгдээж ЗХУ-ын Б.Базаев, Францын Теодюль, БНАГУ-ын Штурмер, Болгарын Дончо Жеков, БНСУ-ын Ян Жун Мо нарыг ялж магнайлан аваргын алтан медалиа ихэрлүүлж орхих нь тэр. Дэнж толгодын хүү дэлхийн хошой манлай болов.

Дэлхийд гурван жил босоо байсан орос домог, 1972 оны олимпийн аварга, 1971, 1973 оны дэлхийн аварга Загалав Абдулбеков тэмцээн эхлэхийн өмнө 62 кг-ын жин бий болсноос хойш капиталист орны бөхөд түрүүгээ алдаж байгаагүй. Чи энэ жил заавал түрүүлнэ шүү гэж үүрэг өгсөн гэж байгаа. З.Ойдов аваргын шилэн хүзүүний шөрмөс үе үе татчихаад жаахан хэцүү байгаагаа хэлэхэд “Хүзүү чинь өвдсөн болохоос хугарсан биш” гэж загнажээ. Монголчуудын түүхэндээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол “Минск-1975” буй за. Тэнд манай хүчирхэг эрс хоёр алт (З.Ойдов, Х.Баянмөнх), нэг мөнгөн (Ц.Нацагдорж) медаль хүртсэн үнэмлэхүй амжилт өнөөг болтол эвдэгдээгүй. Дэлхийн хошой аварга З.Ойдовыг ямархан чанга сэтгэл зүйтэй эр болох тухай хийгээд дэвжээн дээр өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг хатуу ширүүн дайралтаар хэзээ ч зад цохидоггүй тухай, хэнийг ч хүчээр нугачин дардаггүй талаар үеийнхэн нь ярьдаг. Тэрбээр учраагийнхаа биед аяархан хүрч аясыг нь дагаж байснаа гэнэт л хуурнин шуугиж, санаачилгыг гартаа авч угсраа олон мэхээр сэхээ, самбаа өгөлгүй дайлж өгдөг байсан гэнэм. Хавирна, хавсарна, дэгээднэ, өсгийднө, өлмийднө, болохгүй бол тохно, баруун, зүүн хөлийн аль нэгэнд суух юм уу, эсвэл давуулаад гуядна. Тонгорох барьцгүй атлаа тонгорно. Санаанд орох аргагүй юмс дараа дараагаараа ирнэ. Аюул хаанаас нүүрлэхийг ойлгохоо байж, баримжаагаа алдсан өрсөлдөгч нь сандран тэвдэж, алдаа эндлийг цувуулсаар ялагдах.

Түүний барилдах нь эгээтэй л мөсөн чихэр хүлхэх мэт. Учраадаа халгаатай хатуу ч, үзэгчдийн сэтгэлийн шүлсийг асгаруулсан дэндүү амттай, тансаг. “Монреал-1976” зуны олимпийн мөнгөн медальт, БНМАУ-ын Спортын гавьяат мастер, Хөдөлмөрийн баатар, ХХ зууны манлай тамирчин, золбоолог энэ монгол шиг өөрийн хийдэг, өрсөлдөгчийнхөө толгойг уургалсан байдлаас хөлд ордог дархан мэхээ “ойдовдох” нэрээр Дэлхийн бөхийн холбоонд данслуулж чадсан хүчтнийг халхын хавтгайгаас хайгаад хэн ч үл олном. Эгшиглэнт, ариун дагшин уст Орхон мөрний хөвөөнд төрж, хөндийнх нь салхийг үймүүлж өссөн хүн хийморьтой, өнгө жавхаалаг явахгүй гээд ер яанам билээ.

 

Ц.ГАЛБАДРАХ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (6837)

 

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Өвөг дээдсээс монголчууд бидэнд үлдээсэн үүц болох Оюутолгойн зэс-алтны орд газар нь олон жил

14 цаг 41 мин
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхий дахинд зэсийн үнэ өсч, эрэлт ихэсч байгаа үед манай улстай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч болох Р

14 цаг 41 мин
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

УИХ-ын намрын чуулганы өчигдрийн хуралдаан төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлгээр

14 цаг 41 мин
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмж

Өчигдөр 19 цаг 34 мин
Нийслэлийн данснаас алданги хасагдаагүй гэж хотын дарга мэдэгдэв

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Туулын хурдны замы

Өчигдөр 19 цаг 17 мин
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт аравдугаар сард харьцангуй тогтворжино гэж харж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа шатахууны хомсдолто

Өчигдөр 19 цаг 13 мин
Brent газрын тос 102 доллар орчимд хэлбэлзэж байна

Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох Brent өнгөрсөн баасан гаригт нэг баррель нь 102 доллар орчимд арилжаалагд

Өчигдөр 16 цаг 41 мин
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

Өчигдөр 06 цаг 00 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

Өчигдөр 06 цаг 00 мин