С.Төрболд: Уртын дууны аялгуу онцгой мэдрэмж төрүүлдэг

2022-05-20
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Монгол түмний үндэсний гайхамшигт өв соёлын нэг бол уртын дуу юм. Тиймээс уртын дуу эгшиглэсэн газар хүний бие сэтгэлийн жавар үргэдэг гэж  бэлэгшээдэг. Уртын дууны газраас алсарч огторгуйн уудамд шингэх мэт аялгуу айзам эгшигт хүмүүний сэтгэлийг хөглөх увидас оршдог гэлтэй.  Энэ гайхалтай өв соёлыг өвлөн яваа “Цагаан лавай” чуулгын уртын дуучин С.Төрболдыг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр “Миний цэцэн хурга”  хүүхдийн дуулалт жүжгийн дүлий чонын дүрд тоглож бяцхан багачуудтай уулзаж байгаа юм.

 

-“Миний цэцэн хурга” хүүхдийн дуулалт жүжгээр хүүхэд багачуудтай уулзаж байна. Уртын дуучин хүнд шинэ мэдрэмж хөглөсөн цаг хугацаа болов уу?

-“Миний цэцэн хурга” хүүхдийн дуулалт жүжиг манай  чуулгын хүүхдийн  анхны уран бүтээл. Өмнө нь “Цагаан лавай” чуулгын найруулагч Д.Ганболд гурван удаа хүүхдийн жүжиг тавьж байсан туршлагатай. “Миний цэцэн хурга” жүжгийг 2020 оны гуравдугаар сард тавьсан хэдий ч цар тахлын улмаас хүүхдүүддээ хүргэж чадаагүй. Тиймээс энэ сараас эхэлж  бяцхан багачуудтайгаа уулзаж байна. Миний анхны хүүхдийн уран бүтээл бөгөөд дүлий чонын дүрд тоглосон. Хүүхэд бол гэгээн, цагаахан ертөнц. Тиймээс тайзан дээр хүүхэд шиг л жүжиглэж, багачууддаа хүргэхийг зорьдог. Жүжгийн дунд хэсэгт  туулай лусын хааны зарлиг хэмээн худлаа зүйл уншиж хоёр чоно айгаад зугтдаг. Энэ үед тайзнаас буугаад, хүүхдүүдийн хажуугаар гүйдэг. Тэр үед хүүхдүүд чоныг барьж авах гэж  араас хөөнө. Танхимаас гараад хаалга хаахаар түлхээд барьж авах гэдэг. Хүүхдүүд  хүн байна гэж бодохгүй  жинхэнээсээ хурга, чоно байна гэж хардаг.

- Та “Цагаан Лавай” чуулгад хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-“Цагаан лавай” чуулга 2018 оноос үйл ажиллагаа  явуулж эхэлсэн. Миний хувьд байгуулагдсанаас хойш нэг жилийн дараа энэ том айлын гишүүн болох хувь тохиосон. Үндэсний урлагаа дэлхийд сурталчилах, гадаадын олон орны үзэгч, жуулчдад зориулж, ардын урлагийн тоглолтыг үзүүлэхэд оролцож байгаадаа баярладаг. Манай “Цагаан лавай чуулга”- д олон чадварлаг уран бүтээлч, шижигнэсэн залуус, атгасан гар шиг ажилладаг. Манай чуулгын найруулагч Д.Ганболд Үндэсний урлагийн их театраас эхлээд урлагт олон жил бие, сэтгэлээ зориулсан мундаг уран бүтээлч бий.

-Таны амьдрал хэзээнээс уртын дуутай холбогдсон бэ?

-Би Дундговь аймгийн Гурвансайхан сумын уугуул. Их газрын чулуу, нэрт уртын дуучин Н.Норовбанзад гуайн нэрэмжит задгай театр байрладаг, дуу хуурын өлгий сайхан нутагт төрсөн. Өвөө маань морин хуур тоглодог, уртын дуу дуулдаг авьяастай хүн байсан гэж ярьдаг. Тиймээс өвөөгийн  минь авьяас өвлөгдсөн болов уу гэж боддог.

Багаасаа дуулах дуртай хүүхэд байсан учраас дуучин болох мөрөөдөлтэй байсан. Тиймээс хүсэл мөрөөдлөө дагаж 2009 онд СУИС-д орсон. Багадаа гавьяат дуучин С.Жавхлан, Т.Баясгалангийн дууг сонсож, дуулж, хувцсыг нь дуурайлгаж хийлгэж тэмцээнд оролцдог байсан. Намайг СУИС-д ороход  уртын, дуурь, эстрадын дуулаачийн төрөлд сонгож суралцах боломжтой байсан үе. Тиймээс  уртын дуулаачаар шалгалт өгч, анх уртын дуутай танилцаж байсан. Мэргэжлийн багш маань гавьяат багш Ц.Дэлгэр. Монголын урлагийн салбарын томоохон төлөөллүүдийн нэг Ц.Дэлгэр, Ц.Чулуунцэцэг, Н.Нэргүй гэсэн багш нараар хичээл заалгаж, мэргэжлийн ур ухаанаас нь суралцсандаа баярладаг. Багш нар маань бидэнд хүүхэд шигээ хандаж, зөвлөж, сургадаг учраас энэ бүхнийг амьдралдаа  хэрэгжүүлэхийн төлөө хичээж явна. 2014 СУИС-ийн Хөгжмийн урлагийн их сургуулийг уртын дуулаач буюу хослол дуучин мэргэжлээр төгссөн.

-Анх ямар уртын дууг дуулж тайзнаа гарч байв?

-СУИС-д орох шалгалтдаа бэлдэж Ц.Чулуунцэцэг багшаасаа “Наян шарга”, “Гандан уулын цэцэг” хэмээх уртын дууг сурч байсан. Уртын дууны хөг аялгуу нь сайхан мэдрэмжийг өгдөг. Сэдэв агуулгын хувьд монгол ахуйгаас үүссэн учраас аав ээж, нутаг ус, байгаль дэлхийгээ магтсан, аргадсан өнгө аясыг шингээсэн байдаг. Сургуульдаа орсны дараа  Ц.Дэлгэр багшаасаа “Хулст нуур” гэсэн дууг сурсан.

-Сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байв. Энэ цаг хугацаа уран бүтээлч хүний мартагдашгүй замналын нэг болов уу?

-Төгсөлтийн баярын үед Ц.Дэлгэр, Ц.Чулуунцэцэг багш маань “Миний хүү нутагтаа очиж ажиллаарай” гэж захисан. Дундговь аймагт Төв халхын дуулалт жүжгийн театр бий. Тухайн үед театрын  дарга н.Доржсүрэн холбогдоод нутагтаа ажиллах санал тавьсан. Тэгээд ажлынхаа гарааг төрсөн нутгийнхаа театраас эхэлсэн. Мэргэжлийн урлагийн байгууллага хүнийг  задалж хөгжүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Өөрийгөө зөвхөн уртын дуучин гэж боддог байсан бол  мэргэжлийн театрт очоод жүжигт туслах дүрд тоглож үзсэн. Хөдөө орон нутгаар тоглолтоор явна. Тэр бүхэн надад мэргэжлийн олон ур чадварыг суулгасан.

-Дуучин хүний хамгийн аз жаргалтай үе тайзан дээр ая дуугаа эгшиглүүлэх мөч байх?

-Уртын дуу эгшиглэхэд хүмүүс жаргалтайгаар сонсож, тайвширлыг мэдэрдэг. Тэгэхээр уртын дуу монгол хүний цусанд нь булгилж байдаг  гайхамшигт өв соёл юм. Үзэгчдийн алга ташилт, хүлээн авч буй нь сайхан мэдрэмж, баяр баясал, илүү ихийг хийж бүтээх хүсэл өгдөг. Мөн уул ус, мод, байгалийн сайхныг хараад  уртын дуу дуулахад хоолой сайхан гарахаас гадна сайхан мэдрэмж төрүүлдэг. Мөн нутаг нутгаас шалтгаалж  зүүн, баруун, боржигон, баян бараат, хардал гэсэн сайхан аялгуу байдаг. Миний хувьд төв халх дууг голчилж дуулдаг.

Уртын дуу дуулахад амьсгааны техник чухал. Дууг зөвхөн хоолойгоор дуулахгүй. Ухаанаараа дуулдаг юм шүү гэж багш нар маань захьдаг байсан. Мөн дууны утгыг ойлгож, мэдэрч  дуулах хэрэгтэй. Дуулах бүртээ шинэ мэдрэмж, туршлагыг хуримтлуулж, насан туршдаа суралцдаг гэж боддог.

-Уртын дуучин хэмээх мэргэжлийг эзэмшсэнээрээ өөрөөрөө ямар үед хамгийн их бахархаж байсан бэ?

-Сургуулиа төгсөөд хонхны баяраа хийсний дараа урлагийн сургуулийн оюутнууд  тайлан тоглолтоо хийдэг. Тэр үед сурч мэдсэн зүйлээ ээждээ үзүүлсэн тэр мөч их сайхан санагдаж байсан. Уртын дуу Монголын дууны урлагийн сонгодог ноён оргил. Энэ өвийг тээж, эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг хугацаанд өв соёлоо мартагдуулахгүйн төлөө бусдад түгээж буй гэгээн үйлийн нэг  хэсэг нь болж дуугаа эгшиглүүлж яваадаа баярладаг. Энэ бол уртын дуучин хэмээн овоглож яваагийн минь үнэ цэн, аз жаргал нь болов уу. Эзэмшсэн мэргэжлээрээ түмэн олондоо танигдаж, хайр ивээлийг нь хүртэнэ гэдэг уран бүтээлч хүний нэг эрхэм зорилго байдаг. Тиймээс  үүний төлөө тууштай, мэргэжилдээ үнэнч байж, ая дуугаа өргөж явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 101 (6833)

 

Уран бүтээлийн өндөр амжилт хүсэе
Тойм: Украйн, Польшийн харилцааны хямрал гүнзгийрч байна

Тойм: Украйн, Польшийн харилцааны хямрал гүнзгийрч байна

12 цаг 53 мин
УИХ-ын гишүүн Х.Болормааг ТЕГ-т шалгуулахаар ханджээ

УИХ-ын гишүүн Х.Болормааг ТЕГ-т шалгуулахаар ханджээ

Өчигдөр 14 цаг 03 мин
Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд  өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхлэв.  Хуралдааны эхэнд Эмнэлгийн т

Өчигдөр 06 цаг 00 мин
Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна

Уржигдар 16 цаг 34 мин
С.Баярцогт: Увс аймгийн 1-р тойрог дээр л гэхэд сонгуулийн өмнөхөн 800 гаруй хүний “царцааны нүүдэл” хийгдсэн

арим аймаг, сумдад зохион байгуулагдсан ИТХ-ын нөхөн сонгуулийн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтоос тодрууллаа. Тэрбээр "Ардын намынхан зарим сумдад сурталчилгааны уулзалтын үеэр урлагийн тоглолт, сугалаа зохион байгуулж, хууль зөрчсөн. Увс аймгийн 1-р тойрог дээр л

Уржигдар 16 цаг 12 мин
З.Мэндсайхан: Хамрын тамхинаас авдаг байсан 20 хувийн гаалийн татварыг онцгой албан татвараар тооцно

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-нд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хууль батлагдсанаар янжуур тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины онцгой албан татварыг 30 хувь болгох юм.  Хэлэлцүүлгийн үеэр хамрын тамхины онцгой албан татвартай холбоотой асуудал хөндөгдлөө.

Уржигдар 16 цаг 07 мин
Х.Мөнхзул: Сүүлийн жилүүдэд ганц бие эрэгтэй малчдын тоо эрс нэмэгдэж, 81.6 хувиар өссөн

Х.Мөнхзул: Сүүлийн жилүүдэд ганц бие эрэгтэй малчдын тоо эрс нэмэгдэж, 81.6 хувиар өссөн

Уржигдар 16 цаг 01 мин
Их Британийн Ерөнхий сайд огцорч байна. Яагаад...

Зургаадугаар сарын 22-ны даваа гарагийн өглөө Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер огцрохоо мэдэгд

Уржигдар 13 цаг 24 мин
Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

Уржигдар 12 цаг 09 мин