Д.Эрдэнэ-Очир: Хозегийн дүрээр 10 дахь удаагаа тайзнаа гарлаа

2022-03-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Хүний сэтгэлийн амар амгалан хийгээд тайвшралыг хөглөх уран бүтээлийг нийгэмд түүчээлдэг газар бол сонгодог урлагийн ариун сүм болсон ДБЭТ. Энэ л газраас дэлхийн гайхамшигт олон дуурь, Монголын  авьяаслаг уран бүтээлчдийн хөдөлмөрөөр бүтэж, үзэгчдэд хүрсээр ирсэн билээ. Цар тахлаас үүдэж, үзэгчтэйгээ уулзаагүй удсан уран бүтээлчид маань энэ удаад дэлхийн сонгодог урлагийн охь бүтээлийн нэг болох  Ж.Бизегийн “Кармен” дуурийг дахин тайзнаа эгшиглүүллээ.

Дуурийг Францын зохиолч П.Меримегийн “Кармен хүүхэн” зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Үйл явдал нь Сивель хотод өрнөх дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь юм. Хозе гэх залуу тосгоноос цэргийн албанд мордсоноор үйл явдал эхэлдэг. Гол дүрийн залуу маань эрх чөлөөт цыган бүсгүйд дурлаж, тэдний гал халуун хайр дурлалын жаргалтай хийгээд гашуун, тааварлашгүй үйл явдал өрнөнө. Энэ удаа Хозег тайзнаа амилуулсан ДБЭТ-ын гоцлол дуучин Д.Эрдэнэ-Очиртой ярилцсанаа хүргэе.

 

-Та хамгийн анх тайзнаа “Кармен” дуурийн Хозегийн дүрээр хэзээ гарч байв?

-Би 2010 онд ДБЭТ-т найрал дуучнаас ажлын гараагаа эхэлж байсан. Театртаа ажиллаж эхэлснээс хойш гурван жилийн дараа буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 14-нд “Кармен” дуурийн Хозегийн дүрээр үзэгчидтэйгээ анх уулзаж байлаа. Мөн энэ хугацаанд Ж.Вердийн “Трубадур” дуурийн Манрико, Ж.Пуччинийн  “Тоска” дуурийн Каварадоссид дуулсан. “Кармен” бол миний дуулсан гурав дахь том дуурь юм.

-Анхны тоглолт дээр хамтарч  дуулсан Кармен хэн байв?

-Тухайн үед Монголд бүх дууриудыг эх хэл дээр тавьж, эхэлж байсан. Үүний дагуу хамгийн сүүлд “Кармен" дуурийг эх хэл дээр нь буюу франц хэлээр тавьж байв. Удирдаачаар МУУГЗ Н.Туулайхүү, МУАЖ  Ж.Бүрэнбэх найруулагчаар ажилласан. Миний хамгийн анхны хамтарч дуулсан Кармен бол гавьяат жүжигчин Р.Доржхорол. Чадварлаг, туршлагатай дуучин учраас анхны тоглолт дээр хамтарч дуулахад их түшигтэй байсан. Анхны Кармен дуурь тавьснаас хойш гурван карментай хамтарч дуулсан. 2019 онд Улаан-Үдэ хотод урилгаар “Кармен дуурийн Хозед тоглож дуулж байлаа. Тухайн үед Буриадын нэг карментай хамтарч дуулсан.

-Анх дуулахад сандрал догдлол дүүрэн байсан уу?

-Тэгэлгүй яахав. “Кармен” бол миний хоолойны өнгийг тодорхойлдог, дуулах  дуртай хайртай дууриудын минь нэг. Миний хоолойг драматик тёнор гэж ярьдаг. Тёнор хоолойг таримал хоолой гэж үздэг. Монгол эрчүүд нийтлэг баритон дунд хоолойтой байдаг. Миний анх дуулсан  “Трубадур”, “Тоска”, “Кармен” дуурьт нас тогтож, хоолойн бяр сууж байж дуулдаг. Тухайн үед анх “Кармен”-д дуулж байхдаа нас бага байсан. Тийм болохоор хоолойндоо ачаалал өгч, эрсдлийг давж, хоолойгоо эвдчихээгүй сайхан дуулсандаа баяртай байдаг. 

-Та хэд хэдэн дуурийн гол дүрд дуулсан. “Кармен” дуурийн ялгарах онцлог гэвэл юуг хэлэх  вэ?

-Итали хэл дээр олон дуурь дуулдаг. Кармен дуурийг Франц хэл дээр нь буюу эх хэлээр нь тавьсан учраас бага зэрэг хэцүү байсан. Гол дүр Хозегийн хувьд галт луу гэдэг хочтой, өөрийгөө галт луугаар төсөөлдөг, цэргийн дүр. Хөдөөний тосгоноос цэргийн албанд мордсон залуу, нэг бүсгүйд дурладаг. Эхний үзэгдэл дээр нутгийн бүсгүйтэй хамтарч дуулж байхдаа намуухан дуулдаг ч  үйл явдлын өрнөлөөс үүдэж, дурласан бүсгүйнхээ амийг нь хөнөөгөөд  зан нь эвдэрч хувирдаг. Үүнийгээ дагаад дуулалт, жүжиглэлтийн хувьд цочмог, олон төрлийн зан төлөвийг илэрхийлж дуулдаг учраас хоолойнд их ачаалал өгнө. “Кармен” дуурийн хувьд гурван цаг үргэлжилдэг бөгөөд анх дуурь үзэж буй хүнд сонирхолтой, уйдахааргүйгээр үйл явдал, өрнөлтэй. Хөгжмийн онцлог, бүжиг, өнгө үзэмж, сэдэв санаа, гоо сайхан гээд бүхий л зүйлийг цогцлоосон өргөн цар хүрээтэй дуурь юм. Тийм болохоор хичнээн олон цаг дуулж байгаа ч тухайн дуурийн үйл явдалд хөтлөгдөж, дүрээрээ тайзнаа амьдарч, мэдрэмж бүрээ үзэгчдэд хүргэхийг хичээдэг.

-Энэ удаагийн Хозегоос үзэгчид ямар өөрчлөлт, онцлогийг олж харах бол?

-Цар тахлаас болж нэлээд хугацааны дараа үзэгчидтэйгээ уулзаж байна. Тийм болохоор их бэлтгэл хийх, эргээд дууриа харах шаардлага гарсан. Хозегийн дүрээр 10 дахь удаагаа, үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Энэ удаагийн тоглолтын онцлог гэвэл анхны кармен Р.Доржхорол дуучны хамгийн сүүлийн тоглолт. Тийм болохоор хамтрагчаа сайн мэдэрч, сүүлийн тоглолт дээр нь сайн дуулж өгөхийг хичээнэ. Бусдаар жүжиг тавилт гээд бүх зүйл хэвээрээ байгаа.

-Нэг дуурийн нэг дүрээр тайзнаа гарч байгаа ч тоглолт бүрийн мэдрэмж, өөр байдаг болов уу?

-Тухайн дуурийн үйл явдал, хүмүүсийн харилцаа бодит мэт өрнөж гэмээн хүмүүсийн таашаалд хүрч, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадна.Тэгэхээр тухайн цаг хугацаанд “Хозе”-гоор л тайзан дээр амьдрах хэрэгтэй. Хоолойны өнгө  өдөр өдрөөр өөр байдаг. Үүнд нөлөөлж байгаа олон зүйл бий. Тоглолтын бэлтгэл, тухайн үеийн биеийн онцлог, сэтгэлзүй ямар байхаас шалтгаална. Мөн хамтрагчид маань ямар харилцаа үүсгэж, дуулах вэ гэдэг чухал. Дуурь бол амьд харилцааны  урлаг учраас, тайзан дээр гарах мэдрэмж бүхэн шинэ байдаг. Тоглолт бүрээс их зүйлийг сурдаг учраас, дараагийн удаа ахисан байх ёстой гэж боддог. Хичнээн нэг дуурийн нэг дүрээр тайзнаа гарч байгаа хэдий ч бүх зүйлийг нь бүрэн төгс үзүүлсэн, сурсан гэсэн үг биш. Хүн аливаа зүйлд насаараа суралцдаг гэж Г.Хайдав багш маань хэлдэг. Би багш шавь хоёрын  эрдмээс суралцаж, хүмүүжсэн бүтээгдэхүүн шүү дээ. Г.Хайдав багш маань нас өндөр гараад асент багшаараа өөрийнхөө шавь болох Д.Баясгалан багшийг урьж, ажиллуулсан. Намайг дуурийн дуучин болох замд Д.Баясгалан багш маань хөтөлсөн дөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 62 (6794)

 

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

5 цаг 3 мин
Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

17 цаг 6 мин
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

17 цаг 16 мин
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Өчигдөр 17 цаг 10 мин
Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

Өчигдөр 14 цаг 55 мин
М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

ИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилох асуудлыг шийдвэрлэлээ.  Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн. 

Өчигдөр 12 цаг 47 мин
Ж.Өсөхбаяр: Марш тактикийн тэмцээний үеэр гарсан осолд хариуцлага алдсан найманд хүнд арга хэмжээ авсан

Төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах марш тактикийн ээлжит тэмцээн энэ оны зургаадугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болжээ. Тэмцээний үзүүлэх тоглолтын үеэр хугацаар цэргийн хоёр алба хаагч гэмтсэн осол гарсан байна. Энэ талаар өнөөдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-аас мэдээлэл өгөв.​​​​​​

Өчигдөр 12 цаг 43 мин
Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Өчигдөр 06 цаг 00 мин
Хельмут Вебер: Монголын аялал жуулчлалд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол нэгдсэн концепц

Азийн аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаад

Уржигдар 06 цаг 00 мин