Б.Сүх-Очир: Аж үйлдвэр, экспортыг дэмжих төслүүдийг аль болох төсөвт хамааралгүйгээр санхүүжүүлнэ

2022-01-24
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очирийг урилаа.

 

ШИНЭ СЭРГЭЛТ БОЛ  “COVID-19”-ИЙН ХЯМРАЛЫГ ДАВАХ ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН БОДЛОГО

 

-Шинэ сэргэлтийн бодлого Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлнэ гэж харж байгаа.

Мөн эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох юм. Энэхүү бодлогыг боловсруулахдаа эдийн засгийг потенциал хэмжээнд тэлэхэд хязгаарлах нөлөөг үзүүлж буй хүчин зүйлс байгааг олж тогтоон, тэдгээр гацааг арилгах хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөө, ногоон хөгжил, төрийн бүтээмж гэсэн зургаан сэргэлтийн хүрээнд бодлогын арга хэмжээг хувааж авч үзсэн.

Бидний өмнө батлуулж, үйл ажиллагаандаа чиглэл болгон ашиглаж байгаа бодлогын баримт бичгүүд “COVID-19” цар тахлаас өмнө боловсруулж суурь тооцоолол нь хийгдэж байсан. Өөрөөр хэлбэл, “COVID-19”-ийн нөлөөллийг тооцоолоогүй байсан гэсэн үг. Иймд Монгол Улсын хөгжлийн болон бусад бодлогын дэвшүүлсэн зорилго, зорилтод хүрэхийн тулд шилжилтийн үеийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Энэхүү арга хэмжээг зөвхөн манай улс гэлтгүй дэлхийн олон орнууд авч хэрэгжүүлж байгаа бөгөөд түүхэн туршлагуудаас харахад хямралын үеийн эдийн засгийг давахад тусгай бодлого хэрэгжүүлж улс орныхоо хөгжлийг эрчимжүүлдэг. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого хоёр дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Боомтын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг хоёр дахин өсгөнө гэж тооцоолсон. Ингэснээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилго, зорилт хангагдах суурь нөхцөл бүрдэх юм. “Шинэ сэргэлтийн бодлого” нь бодлогын арга хэрэгжүүлэх 97 арга хэмжээ, 20 багц хөгжлийн төсөл, 26 багц хуулийг  Улсын Их хуралд өргөн мэдүүлэх, яаралтай хэлэлцүүлэхээр зэргээс бүрдсэн.

Түүний дотроос Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан 20 багц төслийг бүтцийн хувьд задалж үзвэл, эрчим хүчний сэргэлтийн 21, боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжих 44, аж үйлдвэрийн 15, хот хөдөөгийн сэргэлтийн зургаа, Ногоон хөгжлийн сэргэлтийн таван төсөл болон Төрийн бүтээмжийн сэргэлтийн гурав, нийт 94 төслийг 100.0 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хэрэгжүүлэхээр байна.  Эдгээр төслүүдийн хэрэгжилтийн явцаас танилцуулахад, 62 төсөл хэрэгжиж эхэлсэн бол 32 нь төлөвлөлтийн үе шатанд байна. 2022 онд долоон төсөл, 2023 онд 12, 2024 онд 35, 2025 онд 10, 2026 онд тав, 2027 онд хоёр, 2040 онд нэг төсөл хэрэгжиж дуусна гэж төлөвлөсөн. Харин хугацаа нь тодорхойгүй 22 төсөл байна.

 

 ЖИЛД 10 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ШААРДЛАГАТАЙ

БЛИЦ

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир

Боловсрол:

-Монгол Улсын Их сургууль

-Эдийн засгийн математик загварчлал (Бакалавр)

-Австрали улсын Сиднейн их сургууль

-Эдийн засгийн онол (Магистр)

Ажлын туршлага:

-Сангийн яамны Төрийн сангийн газар мэргэжилтэн

-Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар мэргэжилтэн, хэлтсийн дарга

-Сангийн яамны Санхүүгийн бодлогын газар хэлтсийн дарга, газрын дарга

-Гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд бид олон улсын байгууллага, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудын өмнө хүлээсэн санхүүгийн сахилга батыг хангаж, Монгол Улсын санхүүгийн салбарыг бүхэлд нь тогтоон барьж шаардлагатай реформ, шинэчлэлүүдийг санаачилж хэрэгжүүлж байх нь чухал. Энэ ч үүднээс олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-аас гаргадаг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт (саарал, хар жагсаалт), Европын холбооны "Татварын зорилгоор хамтран ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт"-д орохгүй байх, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулахаас сэргийлэх тал дээр голчилж анхаарах болно. Түүнчлэн төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоож, төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийн тоог бууруулах бодлого баримталснаар төрийн хүнд суртлыг бууруулснаар зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдаар хязгаарлагдаагүй, дотоодын хөрөнгө оруулалтыг мөн хөхиүлэн дэмжих таатай орчин нөхцөл бүрдүүлэх чухал алхам болно гэж үзэж байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 100 орчим их наяд төгрөгтэй тэнцэх төсөвт өртөг бүхий төсөл, хөтөлбөрүүдийг арван жилийн хугацаанд хэрэгжүүлснээр жилд дунджаар 10 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж ойлгогдож байгаа байх. Хөрөнгө оруулалтыг татах цаглабарын хувьд бид одоо нэгэнт санаачилж, хэрэгжүүлж эхлээд байгаа дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх замаар 2024 он хүртэл анхаарч ажиллах болно. Цаашид улс орны хөгжилд томоохон ач холбогдол бүхий мега төслүүд хэрэгжүүлэх цаглабар өөр хоорондоо дэд бүтцийн хувьд харилцан холбоотой, логик дарааллаар  хэрэгжих учраас төсөл ашиглалтад орох хугацаа янз бүр байхаар хүлээгдэж байна. Тухайлбал, аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг цогц байдлаар нь харахад эрчим хүч, тээвэр логистик, ус хангамжийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр хүлээгдэж байгаа ба энэ нь ч одоо хэрэгжиж буй бодлогын арга хэмжээний нэг хэсэг юм. Түүний дараа дэд бүтцээр хангагдсан эдийн засгийн үр өгөөж өндөртэй, худалдан авагч болон нийлүүлэгч тал баталгаажсан, аж үйлдвэр, экспортыг дэмжих төслүүдийг бид аль болох төсөвт хамааралгүй байдлаар буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт тэр дундаа төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилтийн арга механизмыг түлхүү хэрэгжүүлэх бодлого  баримтална. 

 

ХӨГЖЛИЙН БАНК  НЬ БОДЛОГЫН БАНК ГЭДЭГ УТГААРАА ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГОД ТОДОРХОЙЛСОН ТОМООХОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

 

-Хөгжлийн банкууд үйл ажиллагаа явуулах мөчлөгийн хугацаандаа олон төрлийн сорилттой тулгардаг. Тэр дундаа зээлийн болон зах зээлийн эрсдэл хамгийн тулгамдсан асуудал байдаг. Учир нь Хөгжлийн банк улсын төсвөөс болон хувийн сектороос бие даан санхүүжүүлэх боломжгүй томоохон хэмжээний төсөл, арга хэмжээг санхүүжүүлдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрууд өртгөө нөхөх боломжгүй, нийгмийн ач холбогдолтой төсөл, арга хэмжээг улсын төсвийн орлогоор санхүүжүүлдэг бол хувийн сектор буюу арилжааны банкууд өртгөө нөхөх, барьцаа баталгаагаар 100 хувь хангагдсан эрсдэл багатай төслүүдэд санхүүжилт олгодог. Харин Хөгжлийн банк эдгээрийн хооронд үүсэх орон зайд санхүүжилт олгодог буюу нийгэм, эдийн засгийг дэмжих үүрэгтэй бодлогын байгууллага юм.

Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн түгжээг арилгахын тулд Хөгжлийн банк  бодлогын банк гэдэг утгаараа нэн тэргүүнд шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тодорхойлсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Нөгөө талдаа уул уурхайн бус экспортыг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад худалдааны санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх чиглэлээр экспортлогч компаниудад хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох зорилттой байна. Ингэхдээ банк нь санхүүжилт хүсэгч, зээлдэгчийн үйл ажиллагаа, бизнесийн мөчлөг, санхүүжилтийн зориулалт, өрсөлдөх чадвар, санхүүгийн болон эрсдэл даах чадамжид нийцсэн санхүүжилтийн төрөлжсөн арга хэрэгслийг ашиглах буюу төслийн хөгжүүлэлт бойжуулалтаас эхлэн схемийг тодорхойлж санхүүжүүлнэ. Мөн салбарын уялдааг харж кластер байдлаар, хамтын санхүүжилт, синдикат хэлбэрээр санхүүжүүлнэ.

 

БИЗНЕСИЙН ШИЙДВЭРИЙГ “УЛС ТӨРИЙН  НӨЛӨӨЛӨЛ”-ӨӨС АНГИД ГАРГАДАГ БОЛНО

 

-Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх, шугам сүлжээг шинээр барьж байгуулан, хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ. Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн, усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой  байдлыг ханган, эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлэх томоохон үр дүн төлөвлөж Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний салбарт нийт 21 төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр байгуулж, 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ нь одоо бидний нефтийн жилийн хэрэглээний 60 орчим хувийг хангах чухал ач холбогдолтой төсөл юм. Тус төслийн хувьд үйлдвэр барьж байгуулах ажил Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр баригдаж байна. Төслийг бүрэн ашиглалтад оруулахад зайлшгүй шаардлагатай газрын тос дамжуулах хоолойг барьж байгуулах ажил одоогийн байдлаар ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах шатандаа явж байна.

Шинэ сэргэлтийн бодлогын суурь судалгаа тооцооллыг хийхдээ Монгол Улсын хөгжилд хамгийн том нөлөөтэй, суурь хязгаарлагч хүчин зүйлийг олж, тэдгээрийн асуудлыг шийдэхийг эрэлхийлсэн. Шинэ сэргэлтийн бодлого амжилттай хэрэгжихэд мэдээж төрийн оролцоо, бүтээмжийн өсөлт, ирээдүйд бидний харж буй төр гэсэн ойлголт чухал юм. Бид төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэхэд анхаарч ажиллана.

Цаашид төрийн байгууллага тэр тундаа  төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах нь нэн тэргүүнд тавигдах арга хэмжээ болох учиртай. Үүний тулд өнөөг хүртэлх алдааг давтахгүй байх нь чухал. Тухайлбал, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн стратегийн ач холбогдол бүхий салбарт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор, мөн төрөөс үнэ тарифын зохицуулалт хийдэг, хувийн салбарын хүчрэхгүй, нийтийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй эрхлэх үйл ажиллагааны чиглэлд компани байгуулдаг байх, бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх байдлыг хязгаарлаж, бизнесийн шийдвэрийг “улс төрийн  нөлөөлөл”-өөс ангид гаргадаг байх зэрэг зарчмыг мөрдөж ажиллах юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 17 (6749)

 

Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа

Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 10.00 цаг эхлэв. 

2 цаг 9 мин
Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэрээр Байгаль орчны сайд байсан хүн гэхэд итгэмгүй, ойг ашиглахад тусгай зөвшөөрөл шаардахаа болих, түүгээрээ ойд дайсагнасан Ойн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Гэвч Б.Бат-Эрдэнэ энэ үйлдлээ яг л кинон дээрх “еэвэнгийн хоёр тал” гэдэг шиг төөрөлдүүлж тайлбарлаад байгаа юм. Тиймээс түүнийг бай

2 цаг 9 мин
Идэр сумын Соёлын төвийн номын санд "Сонгогчийн булан"-г тохижуулав

Иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн эр

Уржигдар 07 цаг 00 мин
Б.Найдалаа: 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулна

Б.Найдалаа: 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулна

2026-06-19
Г.Дамдинням: Ойрын хугацаанд АИ-92-ын үнэ нэмэгдэж магадгүй

Г.Дамдинням: Ойрын хугацаанд АИ-92-ын үнэ нэмэгдэж магадгүй

2026-06-19
Ерөнхий сайд Н.Учрал С.Шаарийбууд 3 өрөө байр бэлгэлжээ

Ерөнхий сайд Н.Учрал С.Шаарийбууд 3 өрөө байр бэлгэлжээ

2026-06-19
Н.Учрал: 14 ТӨК-ийг татан буулгахад хүний, өөрийнгүй л сандарч байна. Тэр тийм сонин юм уу

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, үр ашиг засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэл

2026-06-19
П.Сайнзориг: Нийслэл гэлтгүй аймгуудад байгаа улс төрөөс хамаарал бүхий томилгоонууд хууль гарснаар цэгцрээд явна

Энэ бол маш чухал хууль. Үнэхээр Төрийн өмчит компаниудын ил тод байдлын сайжруулахгүй бол нууцын гэрээ гэдэг зүйлийн дор маш том худалдан авалтууд хийгддэг. Татвар

2026-06-19
Н.Алтаншагай: Хууль батлагдснаар төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал улс төрөөс хараат байж чадах уу

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг боллоо.  Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

2026-06-19
Сумуудын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхлэв

Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний номын сантай хамтран “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”, нийслэл, 9 дүүрэг, 21 аймгийн Номын санд “Сонгогчийн булан” ажиллуулж байгаа.

2026-06-19