Жижигхэн багачуудын өргөө “жишиг” цэцэрлэг “Болор-Эрдэм”

2021-12-15
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Өглөөний нар мандахтай зэрэгцэж, өөдөсхөн охин нүүрээ угаана. Нойроо харамладаггүй, сэргэлэн болжмор шиг болохоор нь ээж нь түүнийг “Миний шулга” хэмээн өхөөрдөх юм. Охин “Өнөөдөр эрвээхэйтэй боолтоор үсээ боож, ягаан даашинзаа өмсөнө шүү” гэж хэзээний насанд хүрчихээд, төгсөлтийн баяртаа яарч байгаа юм шиг хэрсүү гэж жигтэйхэн. Ийнхүү түүний нэг өдрийн амьдрал эхэлдэг юм. Жаахан ч болтугай ам хуурай байдаггүй тэр охин таван настай. Цэцэрлэгийн ахлах бүлгийн сурагч. Хоёр нас хүрээгүй шахуу цэцэрлэгт явсан учир үеийнхнээсээ эрт биеэ даасан гэмээр. Өглөөний 07:30 –тай уралдаж, ээжийгээ баяртай гэсээр цэцэрлэгийн хаалгаар орсон үрдээ санаа зовохгүй ажлаа хийнэ гэдэг эх хүний сэтгэлийн нэг амар амгалан билээ.

 

“Яагаад зөвхөн Зайсанд л тухтай орчин байна гэж”

 

Үүдэнд багачуудын хийсэн бүтээл, зурсан зургийг өлгөжээ. Хүүхдүүд өнгө өнгийн цаасаар цэцэг хайчилж, цаасны цавуугаар наасан байв. “Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу” гэсэн дуу эгшиглэнэ. Энэ өдрийн  жижүүр багш үүдэнд сууж, хүүхдүүдээ бүртгэнэ. Охин үргэлж ангийнхнаасаа хамгийн эрт ирдэг юм. Хувцсаа тайлж чамбай гэгч нь эвхээд цэцэгтэй шүүгээндээ хийчихэв. Хөлдөө хөнгөн шаахай углаад ангируугаа гүйснээ ямар нэг юм санав бололтой цонхны тавцан дээрх цэцгийг харж зогсоно. Өчигдөр багш нь цэцэг арчлах тухай хичээл заажээ. Жижигхэн гараараа дэлбээнүүдийг нь зөөлхөн барьж байгаад цэвэрхэн алчуураар тоосыг нь арчаад, услачихав. Энэ бол “Болор-Эрдэм” цэцэрлэгийн өглөөний дүр төрх. Үүднээсээ эхлээд нүд гялбам энэ цэцэрлэг анх 2017 онд үүдээ нээсэн юм. Жилээс жилд хүүхдээ өгөх хүсэлттэй эцэг эх нэмэгдсээр. Учир нь тохилог, дулаахан, аюулгүй, сургалтын чанар сайтай  гэж тэд ам сайтай байдаг. Одоогоор дөрвөн бүлэгтэй, бүлэг бүхэн хоёр багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Цэцэрлэгийн эрхлэгч А.Дожил “Анх заавал яагаад Зайсанд л тав тухтай орчин байдаг гэж. Төвөөс алслагдсан Сонгинохайрхан дүүрэгт ч тохилог цэцэрлэг байж болно” гэсэн сэтгэлээр цэцэрлэг байгуулах зорилго тавьжээ. Мөн Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролд багахан ч гэсэн хувь нэмэр оруулах юмсан гэсэн хүсэл байсан учир хувийн цэцэрлэг байгуулжээ.  Тэд эхний жилүүдэд охидын боловсролд зориулсан балетын сургалт, оюун ухаан хөгжүүлэх спорт өрөлтийн сургалтаас гадна Англи хэлний анхан шатны мэдлэг олгож байв. Харин цар тахлын нөхцлөөс шалтгаалаад гаднаас багш авчрахаа түр зогсоогоод байгаа юм.

 

Хоёр насанд хүүхдийн хүмүүжлийн суурь тавигддаг

Цэцэрлэгт хүүхдээ өгч буй эцэг эхийн хувьд  сургалтын чанар, тохилог орчноос гадна хоол тэжээлийн чанар хамгийн чухал байдаг. Бидний хүүхэд эрүүл, тэжээллэг хоол идэх учиртай. Тэгвэл энэ цэцэрлэгийн хувьд өдрийн таван хоолтой ажээ. Өглөө сүүн хоол өгдөг бол өдөр нэг хоёрдугаар хоол гэх мэт. Өвлийн улирал, ковидын нөхөл байдлаас шалтгаалаад аль болох амин дэмтэй, ичлэг, кальци ихтэй хүнсээр хангахаар ажиллаж байгаа тухайгаа цэцэрлэгийн тогооч онцолж байв. Өнөөдрийн өдрийн хоол ясны шөлөнд хийсэн гурилтай шөл, аньсны шүүс байна. Хүүхдүүд хоолоо амтархан идээд, өдөр өдрийн жижүүр нь багшдаа аяга таваг хураахад нь тусладаг юм байна. Багш нарын хувьд улирал бүр онцлогт нь таарсан хичээлийн сэдвийг батлуулдаг ажээ.

“Намар” гэсэн сэдэв ороход тэр өдрийн хичээл бүгд  л энэ улирал, онцлогийнх нь тухай мэдлэг олгоход чиглэдэг. Намрын тухай дуу, шүлэг сурч шаргал цаасаар навчис хайчилж наах жишээтэй. Сургуулийн өмнөх насны боловсролын тухайд цэцэрлэгийн эрхлэгч А.Дожил “Дөнгөж сургууль төгсөөд л аав ээж болчихсон залуус хүүхэд хүмүүжүүлэхээсээ өмнө эхлээд өөрийгөө төлөвшүүлж хүмүүжүүлэх нь чухал. Өөрөө хүмүүжил муутай эцэг эх хүүхэд  хүмүүжүүлж байгаад жаахан харамсдаг. Одоогоор боловсролын яаманд боловсролын тухай шинэ хуулийн төсөл яригдаж байна. Үүнд 1-3 насны хүүхдийн боловсролыг орхигдуулчихсан. Гэтэл хүүхэд дөнгөж орчлонг таниж мэдэрч эхлэх хоёр наснаасаа хүмүүжлийнх нь суурь тавигддаг. Даанч гэрт нь юм уу, хүүхэд харах үйлчилгээнд найдчихлаа” гэв.

 

Ахлах ангийн хүүхдүүдийн дунд “АХА” тэмцээн зохион байгуулжээ

Өглөө ээжийгээ баяртай гээд үлдсэн өнөөх охин бяцхан хүүхэлдэйгээр тоглож сууна. Энэ анги 22 сурагчтай. Үүний 80 хувь нь ирэх намар сургуульд орох таван настангууд юм. Ангийн багш Э.Тунгалаг нь Баянхонгор аймгийн зургадугаар цэцэрлэгт 30 гаруй жил ажилласан туршлагатай багш юм байна. Э.Тунгалаг багш “Хүүхдүүд маань удахгүй сургуульд орох учир сурагч болоход бэлдэх нь бидний үүрэг. Миний хувьд хичээл заахаас илүү хэрхэн хүүхдийг зөв сууж сурах вэ, яаж зөв төлөвшүүлэх вэ гэж боддог. Мөн юм бичих дадалтай болгохын тулд гар хурууг нь зүгширүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм. Гэхдээ хүүхдийг хичээлээр шахахаас илүү тоглонгоо хөгжүүлэх аргыг чухалчилдаг ажээ. Тэрбээр “Би орон нутгийн цэцэрлэгт 31 жил ажилласан.

Анх энэ цэцэрлэгт ирээд орчин болон хамт олны уур амьсгал таалагдсан. Миний хувьд өглөө ажилдаа ирэхдээ хамгийн жаргалтай байдаг. Анхны шавь нар одоо 30 гарчихсан хоёр, гурван хүүхдийн ээж, аав болчихсон байна” гэсэн юм. Энэ анги саяхан ес, аравдугаар сард үзсэн хичээлээ бататгаж, “АХА” тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ. Таван настай Д.Мишээл “Би цэцэрлэгтээ ирэх дуртай. Учир нь найзуудтайгаа тоглож, цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг. Манай багш бидэнд үргэлж гоё дуу шүлэг зааж өгдөг. Би гүзээлзгэнэ дуунд хамгийн дуртай. Бид өнөөдөр монгол бүжиг сурсан” гэв. Б.Энэрэл “Миний хамгийн сайн найз бол Д.Мишээл, Б.Эгшиглэн. Бид гурав тоглоомоороо их эвтэй тоглодог. Өглөө цэцэрлэгтээ ирэх их дуртай. Найзуудтайгаа тоглох хамгийн гоё. Мөн бидэнд дандаа гоё дуу шүлэг зааж өгдөг багшдаа хайртай шүү” гэсэн юм.

 

Охин маань энэ цэцэрлэгт хүмүүжсэнээр их нээлттэй болсон

 

Өглөө цэцэрлэгтээ үлдсэн охин ээжийгээ авахаар ирэхэд хошуугаа цорвойлгоод “Яасан эрт авдаг юм бэ. Найзуудтайгаа тоглох байсан юм”  гэх нь өхөөрдөм. Тэр цэцэрлэг дээрээ байх ийм л дуртай. Орой 17 цагаас эхлээд хүүхдээ авах гэсэн эцэг эхийн цуваа хөврөх ажээ. Ахлах бүлгийн Ичинхорлоогийн ээж “Манай хүүхэд энэ цэцэрлэгт яваад гурван жил болж байна. Хичээлээс гадна хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрүүд нь таалагддаг. Сургалт нь их сайн. Хүүхэд маань гурван жилийн хугацаанд их олон зүйл сурсан. Багш нар нь хүүхдүүдтэйгээ их найрсаг харилцдаг” гэв. З.Батбаянгийн аав “Манай хүү бүр бага ангиасаа энэ цэцэрлэгт хүмүүжиж байна. Улсын цэцэрлэгийн хувьд ачаалал их байдаг. Болор цэцэрлэгийн хувьд хүүхэд бүхэнтэй тулж ажиллахаас гадна хүүхдийнх нь онцлогт тааруулсан сургалтын хөтөлбөр бэлтгэдэг.

Миний хүү энэ хугацаанд биеэ их сайн даадаг боллоо” гэсэн юм. Б.Энэрэлийн эмээ “Манай гэр бүлийн хувьд анх энэ цэцэрлэгт хүүхдээ өгөхдөө гэр ойрхон учраас сонгож байлаа. Миний охин одоо ахлах бүлэгт явж байна. Дараа жил сургуульд орно. Ангийнх нь багшийн хувьд туршлагатай, сайн учир санаа зовох зүйлгүй. Охин маань энэ цэцэрлэгт хүмүүжсэнээр их нээлттэй болсон. Өмнө нь дуу шүлгээ уншдаггүй байсан бол одоо хэний ч өмнө гараад биеэ барилгүй өөрийгөө илэрхийлж чадаж байна” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Ийнхүү багачуудын дуу цангинаж, салбартаа “жишиг” болж яваа “Болор-Эрдэм” цэцэрлэгийн тухай сурвалжлагаа энэ хүргээд өндөрлүүлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.15 ЛХАГВА № 245 (6722)

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

2 цаг 17 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

2 цаг 40 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

2 цаг 41 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

2 цаг 42 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

3 цаг 53 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

4 цаг 27 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

4 цаг 49 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

5 цаг 10 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

5 цаг 27 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

5 цаг 43 мин