С.Болд-Эрдэнэ: Театрыг олон төрлөөр нь байгуулж чадвал өрсөлдөөн бий болно

2021-10-18
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ.Энэ удаа бид Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнийг урилаа.

ТЕАТР ТАСРАЛТГҮЙ ШИНЭЧЛЭГДЭЖ, ХӨГЖИХДӨӨ УЛАМЖЛАЛАА ГЭЭЖ БОЛОХГҮЙ

-Улсын драмын эрдмийн театр бол мэргэжлийн урлагийн ууган байгууллага, төв театр. Тиймдээ ч цирк, филармони, үе үеийн продакшн гээд урлагийн байгууллагууд театраас үүсч, салаалж гарсан байдаг. Энэ жил Монголд орчин цагийн мэргэжлийн театр үүсэн байгуулагдсаны 90 жилийн түүхт ой тохиож байна. Манай театр уран сандаа 500 орчим уран бүтээлтэй.  Энэ ч утгаараа хүүхэд залууст зориулсан, академик буюу сонгодог түвшний уран бүтээлийг туурвиж театрын урлагийн бүхий л үүргийг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд залуусын урлагийн хэрэгцээ, оюуны хөгжилд хувь нэмэр оруулах үүрэг, хариуцлага бидэнд оногдож байна.
Аливаа зүйл унаж, босч байж хөгждөг. Үүнтэй адил Монголд театрын урлаг эрчимтэй хөгжиж байна. Тэр дунд хамгийн чухал нь тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирснээрээ онцлогтой. Мэдээж бусад улс оронтой харьцуулахад дутуу дулимаг зүйл бий. Техник технологи, ур чадвар, сэтгэлгээний хувьд шинэчлэгдэх шаардлага байнга тулгарч байгаа ч он цагийн эрхээр хувьсан өөрчлөгдөхдөө өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг хадгалж явах ёстой. Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, нийгмийн сэтгэлгээний онцлогийг харгалзаж хэрхэн хөгжих вэ гэдгээ үргэлж эрэлхийлж байж хөгжиж дэвшинэ. Ингэж орчин үетэй хөл нийлүүлж тасралтгүй шинэчлэл хийхдээ уламжлалаа гээж болохгүй. Улам сэргээж хадгалах хэрэгтэй. Мөн театр бол монгол хэлний дархлааг хадгалж үлдэх ёстой газруудын нэг. Тайзан дээр яригдах үг, хэл яриа монгол онцлогийг харуулж, мартагдаж байгаа үгийг сэргээж хэрэглэх учиртай. 
Театрын урлаг эрхэмсэг тансаг, бардам, омголон бүхний илэрхийлэл. Тэр эрхэмсэг  оршихуйг зорьж ирсэн хүмүүсийн сэтгэгдэл, мэдрэмж үргэлж шинэ, давтагдашгүй  байдаг. Үзэгчид нь ч театрт тоглож байгаа жүжгийг үзэхдээ зохиолыг нь уншчихсан, дотроо төсөөлөөд харчихсан ирдэг тийм л гайхалтай орчны зохицол юм. Тиймээс театрын тайзан дээр тоглож байгаа уран бүтээлчид болон үзэгчид аль аль нь амьд мэдрэмж авдгаараа онцлогтой. Жүжигчин хүн тайзан дээр бүхий л мэдрэмж, авьяас, оюун бодлоо дайчилдаг. 
Үзэгчдийн уур амьсгал, хамтран тоглогчоо нарийн мэдрэхээс гадна өөрийгөө хянаж байх ёстой. Аливаа зүйл зохих хэмжээндээ байхыг гоо зүй гэдэг. Харин хэтэрч эсвэл дутаж болохгүй. Яг тэр цаг үед тухайн дүрээрээ амьдрах хэрэгтэй. 

Нийгэм хувьсахын хэрээр хүмүүсийн амьдралын горим нэгэн хэвийн технологийн “машин”д орж байна. Тэр “машин” шиг болж хатуурч байгаа зүрхийг театр оюун бодол, урлагийн бүтээлээрээ  дамжуулж буцаан уярааж хүнлэг болгох ёстой. Нэг ёсондоо, зүрх, сэтгэлийг нь хөгжүүлж байгаа хэрэг. Энэ л урлагийн зорилго юм.

ХҮМҮҮСИЙН “МАШИН” ШИГ ХАТУУРСАН ЗҮРХИЙГ ТЕАТР  УЯРААЖ ХҮНЛЭГ БОЛГОХ ЁСТОЙ

-Бид ойгоо “Соён гэгээрүүлсэн 90 жил” гэж хэмээн тодотгож буй. Нарийн яривал урлаг заавал сэтгэлгээнд баригдаж, заавал үзэгчдийг хүмүүжүүлэх албагүй. Чөлөөт сэтгэлгээн дээр үндэслэх ёстой. Мэдээж сайн сайханд уриалан дуудаж, амьдралын өөр өнгийг харуулж соён гэгээрүүлж байгаа. Бүхий л зүйлд ёсзүй, зарчим байх ёстой. Үүнийгээ л алдахгүй нэгнээ хүндэлж, урагшаа алхахад болно. Нийгэм хувьсахын хэрээр хүмүүсийн амьдралын горим нэгэн хэвийн технологийн “машин”д орж байна. Тэр “машин” шиг болж хатуурч байгаа зүрхийг театр оюун бодол, урлагийн бүтээлээрээ  дамжуулж буцаан уярааж хүнлэг болгох ёстой. Нэг ёсондоо, зүрх, сэтгэлийг нь хөгжүүлж байгаа хэрэг. Энэ л урлагийн зорилго юм. Манай театр ч энэ үүргээ тодорхой хэмжээнд биелүүлж үндэсний болоод сонгодог уран бүтээлээ туурвиж явна.  
Манай театр үндэсний болоод дэлхийн сонгодогуудыг аль алийг нь орхилгүй тавьж ирсэн. Үндэсний урлаг, соёлынхоо давтагдашгүй онцлогийг заавал авч явах ёстой. Монголынхоо аль ч түүхэн хүнээр уран бүтээл хийхэд давтагдахгүй. Үүн дээр нүүдэлчдийн соёл иргэншлийг харуулсан сэтгэлгээг шингээж, уламжлалаа орхиж болохгүй. Мөн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог урлагийг тайзнаа амилуулаахаас аргагүй. 
Дэлхий нийтийг хамарсан цар тахал бүхий л салбарт өөрөөр ажиллаж, амьдрах боломж байгааг харууллаа. Тийм шаардлага ч гарч ирж байна. ОХУ-д гэхэд театрууд онлайнаар жүжиг нээлээ. Гэхдээ театр гэдэг бол амьд мэдрэмж  болохоос кино биш гэсэн мэтгэлцээн өрнөж байна. Үүнийг бодолцож онлайн хэлбэрээр туршиж үзэх л хэрэгтэй санагддаг. Сорилтыг даван туулж, зохицохын  тулд шинэ гаргалгаа гаргаж, тасралтгүй сайжирч туршихаас аргагүй.  

ТӨР БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ, УРЛАГ СОЁЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ БОЛНО 

-Төр мөнгө өгдөггүй юм гэхэд урлагийн салбараа дэмжихээс аргагүй. Тэр дундаа үндэсний онцлогоо хадгалсан болон сонгодог урлагаа зайлшгүй дэмжих ёстой. Бусад нь арилжааны хэлбэрээр өрсөлдөөд явж болно.
Хүүхэд, залуучуудын театр байхад миний аав урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор профессор, багш Сугар ерөнхий найруулагчаар ажиллаж олон уран бүтээлийг тайзнаа амилуулж байлаа. Бүхий л амьдралаа урлагт тэр дундаа боловсон хүчин бэлтгэхэд зориулсан. Харин одоо Хүүхэд,  залуучуудын театрыг дахин сэргээх санаачлага гаргаж байгааг дэмжиж байна. Харин дахин сэргэхдээ драмын театртай өрсөлдөхүйц хэмжээний баг, бүрэлдэхүүнтэй хүчирхэг театр байгуулах хэрэгтэй. Ер нь төрөл төрлөөр нь олон театр байгуулж байж уран бүтээлийн өрсөлдөөн бий болно. 1990-ээд оныг бодоход театрыг зорьж ирдэг үзэгчид асар их нэмэгдсэн. Үүнд манай үе үеийн уран бүтээлчдийн зүтгэл, роль их. 
Монголын урлагийн салбарт сэтгэлгээний шинэчлэл хэрэгтэй. Олон төрөл жанар, арга барилаар туурвисан уран бүтээлийг театрын тайзаа тавих хэрэгтэй. Тиймээс дахид өөр олон театр хэрэгтэй болж байна. Өрсөлдөөнөөс хөгжил, дэвшил бий болно. Өрсөлдөх зүйлгүй бол хөгжихгүй. Уран бүтээлчид ч гэсэн өрсөлдөж, мэргэжлийн амбицитай байхгүй бол өөрсдийгөө мундаг гэж бодохоос хэтрэхгүй. 
Театруудыг олон төрлөөр байгуулахад төр, хувийн хэвшлийн дэмжлэг хөшүүрэг чухал. Төр татварын бодлогоор ч юм уу дэмжиж урамшуулаад урлаг соёл, бизнес эрхлэгчдийн гүүр болж өгөх нь театр урлагийн салбарыг хөгжүүлэх бас нэг чухал алхам юм. Бизнес эрхлэгчдийг боломжит хувилбараар дэмжиж өгье. Харин урлаг соёлд хөрөнгө оруулаач гэх мэтээр зохицуулалт хийж болно. Тэгж байж өрсөлдөхүйц хэмжээний байр, орон тоотой, эсвэл олон жижиг театр үүсч хөгжиж, жүжигчдийн ур чадвар, үнэлэмж ч дээшилнэ. Зөвхөн жүжиглэх нарийн ур чадварыг харуулдаг театр яагаад байж болохгүй гэж. Гэтэл өнөөдөр боловсон хүчин хангалттай байгаа ч зарим үед ёс зүй, хэм хэмжүүр дутагдаж байна. 

Блиц

-1999 онд: СУИС-ийн Жүжигчний ангийн бакалавр 

-2015 онд: СУИС жүжиглэх урлагийн магистр 

-2000 оноос: УДЭТ-т жүжигчнээр өнөөг хүртэл ажиллаж байна. 

 

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ЭЛСЭГЧДЭЭ ЧАНАРЖУУЛЖ, БОСГОО ӨНДӨРСГӨХ ХЭРЭГТЭЙ

-Урлагийн салбарын үндсэн боловсон хүчнийг СУИС бэлтгэж байна. Өмнө нь Багшийн дээд сургуулийн дэргэдэх Кино драмын ангид дөрвөн жилд нэг удаа элсэлт авдаг байлаа. Тэр ч утгаараа авьяастай хүүхдүүдийг цуглуулахаас гадна чанартай, ур чадвартай жүжигчдийг бэлтгэдэг байж. Гэтэл өнөөдөр хүссэн бүхэн  урлагийн сургуульд орж байна. Их, дээд сургуулиуд зах зээлийн жамаар элсэлтээ бодох нь зөв байх. Гэхдээ тодорхой хэмжээний унаган авьяастай, урлагийн төлөө гэсэн чин сэтгэл, тууштай хүмүүсийг элсүүлж, бэлтгэхэд анхаараасай. Мэдээж авьяастай залуус олон бий. ОХУ-д ч цөөн тоогоор боловсон хүчин бэлтгэж байна. Мөн манай драмын театр дэргэдээ студи ангиар дамжуулж шинэ төгсөгчдийг давтан бэлтгэж, шалгаруулах хэлбэрээр давхар боловсон хүчний нөөцөө сургаж авч байна.
Хүн өөрийгөө эрж хайж, хүсэл сонирхлоо дагах нь зөв. Гэхдээ урлаг тодорхой хэмжээний авьяас чадварыг заавал шаардаж байдаг. Тэр авьяасаа хөдөлмөрөөр өнгөлж, зүлгэж оюутан байхдаа тултал туршиж үзэх хэрэгтэй. Тиймээс их, дээд сургуулиуд боловсон хүчнийг элсүүлэхдээ ур чадварыг харгалзан үздэг ч юм уу. Тооны хувьд жаахан хумьж, чанаржуулж босгоо өндөрсгөх хэрэгтэй юм болов уу гэж боддог.  Мөн уран бүтээлчид гадны театруудтай харилцах, хамтрахад зайлшгүй хэлний мэдлэг, чадвар шаардлагатай. 
Орчин цагийн залуус сэтгэлгээний хувьд өөрчлөгдсөн. Давуу тал ч бий. Дутагдалтай зүйлс ч их байна. Тэдний өмнө дэлхий нээлттэй байгаа учраас чаддагаа үзүүлж болно. Гэтэл нөгөө талд бүхнийг бэлэнчлэх, хялбарчлах хандлага ажиглагддаг. Ном уншихаас илүү сошиал орчинд хэтэрхий их татагдаж байна. Мөн монгол ахуйгаас холдоод байна уу гэж санаа зовдог. Монгол ахуй уран бүтээлчдэд маш олон давуу тал олгодог. Эмнэг сургадаггүй юм гэхэд морьтойгоо харьцаж мэддэг, зүсэлдэг, сайхан эдлээд сурчихвал уран бүтээлдээ ч хэрэгтэй. 
Ер нь нийтээрээ монгол ахуйгаас хөндий өсч байна. Хөдөө морины оронд мотоцикль, машиныг түлхүү унаж байна. Тиймээс монгол ахуйг харуулж, өв соёлыг  тээсэн сум, суурин яагаад байгуулж болохгүй гэж. Гадны аялагч жуулчдаас гадна монголчууд ч гэсэн хүүхдээ аваачиж өв соёлыг нь таниулж болно шүү дээ. 
Мөн кино зураг авалтаа зөвхөн тэр суманд очоод хийдэг, түүнийхээ хариуд урамшуулал өгдөг байя. Энэ бол гадаад гэлтгүй дотоодод ч хэрэгтэй. Гэтэл Солонгосын соёлын бодлого ямар мундаг байна. Зөвхөн хоолны соёлоо сурталчилсан олон ангит кино байх жишээтэй. Хамтлагууд нь дэлхийг байлдан дагуулж, оскарыг “түүж” байна. Маркетингийг ч тултал хийж, олон нийтийн далд ухамсарт нөлөөлж байна. Үүнээс бид суралцаж, монгол өв соёлоо авч үлдэх шаардлага тулгарч байна. Монголынхоо онцлогийг харуулсан соёлыг хэрхэн сурталчлах, экспортлох вэ гэдгээ бодох л хэрэгтэй. Боловсон хүчин ч боловсорч хөгжих шаардлага тулгарч байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.18 Даваа № 204 (6681)

Танилц: Төв цэнгэлдэхийн газраас шилжүүлж авсан компаниуд ХЭН бэ

Танилц: Төв цэнгэлдэхийн газраас шилжүүлж авсан компаниуд ХЭН бэ

2 цаг 5 мин
“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдад нэр дэвшээд байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илрэлгүй 26 дахь жилдээ ороод байна. 

5 цаг 35 мин
Хийж бүтээснээрээ овоглогдоно гэдэг эрхэм сайхан

Хийж бүтээснээрээ овоглогдоно гэдэг эрхэм сайхан

22 цаг 10 мин
“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

22 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

22 цаг 18 мин
Д.Ганбат: Би Зүүнбаянд гурван жилийн цэргийн алба хааж, УИХ-д сонгогдсон хүн

Д.Ганбат: Би Зүүнбаянд гурван жилийн цэргийн алба хааж, УИХ-д сонгогдсон хүн

23 цаг 28 мин
“Цэрэг” нэртэй 14, “Цэргийнбаяр” нэртэй хоёр хүн байна

“Цэрэг” нэртэй 14, “Цэргийнбаяр” нэртэй хоёр хүн байна

Өчигдөр 11 цаг 28 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэв

Өчигдөр 11 цаг 20 мин
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна

ОХУ-ын ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд энэ жил гурван өдөр буюу гуравдугаар сарын 15-17-ны хооронд үргэлжилж байна.

Өчигдөр 09 цаг 17 мин
Амьдралаас алдсан жилүүд буюу хэнэггүй монгол эрчүүд

Эрэгтэйчүүдтэй холбоотой цөөн тоо баримт сөхөхөд л хэнэггүй зан нь хэтэрхий дэндсэнийг ойлгоно. Эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг.

Өчигдөр 09 цаг 11 мин