• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Я.Энхээ: Хөгжингүй орнуудад ресторануудын нэгдсэн ХАБ байдаг

2021-08-24 07:00

Ц.МЯГМАРБАЯР 

 

“Silk Road Magic”  ХХК-ийн захирал Я.Энхээг  “Бизнес, хөгжил” булангийн зочноор урьж ярилцлаа.

 

-Цар тахлын үед  хоол үйлдвэрлэлийн салбар хүнд байдалд орж ихэнх нь хаалгаа барилаа. Танай компани ажлын байраа хэрхэн хамгаалж  үлдэв?

-Манай компани одоогоор   дөрвөн чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнд  хоол үйлдвэрлэл,  нийтийн хоолны үйлчилгээ буюу ресторан,  талх нарийн боов, бяслагийн  үйлдвэр. Covid-19 монголчуудыг нэлээд хүнд байдалд оруулж халаасыг нь сэгсэрлээ. Зарим хүн дуусахыг нь хүлээсэн байх. Миний хувьд дуусах хугацаа чухал биш хэрхэн дасан зохицох, бизнесээ яаж  хамгаалах уу, сөрж зогсох уу, цаашид ямар тактиктай ажиллах вэ гэдгээ бодож эхэлсэн.

Гэхдээ нийтийн хоолны салбарууд хаагдаж  жил шахуу  хугацаанд тууштай ажиллаагүй ч бид ажлын байраа 100 хувь хадгалж чадсан. Ажилчидтайгаа  ярилцаад цалингийн хэмжээг багасгах, нийгмийн даатгалыг таслахгүй төлөх, бусад урамшуулал болон орон сууцны зээлийн төлөлтөд туслах зэргээр тохиролцсон. Ер нь ажилчдынхаа өмнөөс сэтгэл өвдөж амаргүй  байсан. Түүнчлэн бяслаг, талх нарийн боовны үйлдвэрлэлийн  ажилчдаа мөн 100 хувь авч үлдсэн. Манайх нийт 100 орчим  ажиглагсадтай. Хүнсний  болон бусад  үйлдвэрлэл цар тахал, хөл хорионы үер зогсоогүй байсан нь  ажлын байраа хадгалах боломжийг өгсөн.

-Үйлдвэрлэл нь хэд хэдэн  чиглэлд  байсан болохоор ажлын байр болон бизнесээ хамгаалахад нөлөөлсөн байх нь?

-Тийм шүү, нэг нь нэгнээ нөхөх байдлаар үйл ажиллагаа явж байсан. Хэдий тийм ч нийтийн хоолны хоёр  ч салбараа хаасан. Манайх зургаан салбар хоолны газартай  байсан. Өндөр түрээстэй  учраас хаагдсан. Түрээслэгч байгууллага  уян хатан хандаж  хөнгөлөх боломж  олгоогүй учраас шууд  хаасан.  Харин мэргэжлийн цөм болсон ажилчдаа авч үлдсэн.

- Засгийн газраас эдийн засгийг дэмжих зорилгоор гурван хүүтэй зээлийг олгож эхэлсэн. Танайх үүнд хамрагдсан гэсэн. Зарим нь зээлээ аваад түрээсэндээ өгсөн гэж байсан л даа. Энэ зээлийг авахад хүндрэлтэй байсан уу?

-Манайх зээлээ аваад түрээсэнд өгөх шаардлага байгаагүй. Дээр хэлсэнчлэн түрээстэй ресторанаа хаасан учраас. Нийтийн хоолны орлого энэ үеэр 80 хувь буурсан. Харин манай зарим салбар түрээсгүй өөрийн өмчийн байранд байсан нь манай давуу тал байв. Хүүхдийн паркын ресторан, кофе шоп хоёр түрээстэй ч бид зохицсон. Гурван хувийн хүүтэй зээлийг нийтийн хоолны  үйлдвэрлэлд аваагүй. Бяслагны үйлдвэрлэлд авсан. Тус үйлдвэр маань хөл хорионоос шалтгаалж  хүнд байдалд орсон. Учир нь хот хоорондын хөдөлгөөн зогссоноос  шалтгаалж  /сүү нийлүүлдэг малчид, иргэд хөл хорионд орж/ түүхий эд тасалдаж төлөвлөгөөгөө биелүүлэх боломжгүй болсон.  Өөрөөр хэлбэл, түүхий эдийн хомсдолоос шалтгаалж үйлдвэр үндсэндээ зогссон. Би бяслагаа 2008 оноос бага багаар хийсээр өнөөдрийг хүртэл 13 жил болж байна.Үйлдвэр 2019 оноос  ажиллаж эхэлсэн учраас нөөц хөрөнгө бүрдүүлж чадаагүй байв.  Ингэснээр дараа жилийн эргэлтийн хөрөнгөгүй учраас гурван хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн.

-Хэдэн төгрөгийн зээлд хамрагдав. Зээлийн батлан даалтын сангаар орсон уу. Нөхцөл шаардлага нь хэр байв?

-400 сая төгрөгийн зээлд хамрагдсан. Зээлийн нөхцөлийг бүрэн  хангасан. Зээлийн батлан даалтын сангаас манай зээлийн 60 хувийг батлан даасан. Барьцаа хөрөнгө болгож өөрийн орон сууцаа тавьсан. Манайх олон жил нэг банктай харьцдаг байсан. Банкныхан маань компанийн судалгааг хийж Зээлийн батлан даалтын санд оруулсан. Бид шаардлагатай бичиг баримтаа л гаргаж өгсөн. Нэг их чирэгдэл болоогүй. Ажлын 14 хоногт багтаад гарсан. Энэ зээл бидний хувьд төрөөс үзүүлсэн том дэмжлэг байсан. Хөнгөлөлттэй  зээл байгаагүй бол манайх шиг олон компани дампуурах байсан. Тиймээс  Засгийн газар цагаа олж маш зөв хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж бодож байна. Түүнчлэн ЖДҮ-ийн газрынхан ч  биднийг байнга  дэмжиж ажиллаж байсны үр дүн гарсан. Олон газраас тодорхойлолт авдаг юм билээ.

-Зээлд хамрагдсан зарим компани зээлийн санхүүжилтээрээ  ажилчдын цалин болон түрээсээ төлсөн гэж байсан л даа. Танайх үйлдвэрлэлдээ зарцуулж чадсан уу, эсвэл цалиндаа  өгчихсөн үү?

-Манай зээлийн зориулалт зөвхөн үйлдвэрийн урсгал зардал, түүхий эд бэлтгэл, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулагдах учраас ажилчдын сул зогссон цалин, нийгмийн даатгалын төлөлт зэрэгт зарцуулаагүй. Бид өөрийн гэсэн нөөцтэй байсан учраас цалин, нийгмийн даатгалаа төлсөн. Гэхдээ сүүлийн олон дахин хөл хорионы үеэр ажилчдаа торгоож цалин өгөх нөхцөл байдал үүссэн. Энэ үед нийгмийн даатгалыг нь төлөөд явъя. Харин цалингаа ажилчидтайгаа зохицож өр үүсгэхээс өөр аргагүй байдалд орсон. Орлого жигдрээд ирэхээр цалинг нь нөхөж өгөхөөр тохиролцсон. Зарим ажилчиндаа өмнөх жилийн бонус, шагнал, урамшууллаа нөхөж олгох зэргээр зохицож байсан. Гэхдээ л хүнд байсан. Хамаг ачаа ажил олгогчдын нуруун дээр ирсэн ч ажилчид маань ухамсартай хандсан. Энэ зээлийн нэг онцлог нь зээлээ бараг гар дээрээ аваагүй. Шууд урсгал зардал, түүхий эд, тоног төхөөрөмжийн төлбөрт шилжүүлсэн. Банкны хяналттай зарцуулдаг болохоор өөр зүйлд зарцуулах боломжгүй.

-Танайх олон жил хэд хэдэн чиглэлд үйлдвэрлэл явуулдаг байсан тулдаа зээлд хамрагдаад  бизнес нь нэг нэгнээ нөхөх байдлаар цар тахлын хүнд үеийг дажгүй туулж байгаа юм байна. Гэтэл ийм боломжгүй жижиг цайны газар, өрхийн үйлдвэрлэлийн нэлээд нь хаалгаа барилаа. Ихэнх нь гурван хувийн зээлийн шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар. Зарим нь  хоол үйлдвэрлэлийн салбараа орхиод өөр бизнес рүү орох болж байх шиг. Гэтэл үүгээр гаршсан хүмүүс өөр салбарт амжилт олох нь мэдээж хэцүү.  Бизнес нь ийм байдалд орсон газруудад та юу гэж зөвлөх вэ?

-Бяслагын үйлдвэрлэлийн орлогоор бусад хоол үйлдвэрлэл, талх, нарийн боовны үйл ажиллагааг  нөхөөд явдаг гэсэн ойлголт буруу шүү. Цаг зуурын бэрхшээлтэй хүнд үед нэг удаа цалин тавих тохиолдол байсныг үгүйсгэхгүй. Ер нь элгээр хэвтсэн үйлдвэрлэл манай компанийн тухайд байгаагүй. Харин нэг зүйлийг хэлэхэд цар тахлын энэ хүнд үеийг монголчууд бид  нэлээд эв нэгдэлтэй, хүлээцтэй даваад гарсан гэж бодож байна. Тухайлбал, манай бараа нийлүүлэлтийн компаниуд бидэнд бараагаа зээлээр  нийлүүлсэн байх жишээтэй. Бид бэлэн мөнгө өгч чадахгүй учраас дараа төлбөрт  байдлаар уян хатан хандсан. Өр шир нэлээд үүссэн. Гэхдээ үйлдвэрлэл тус бүрийн  санхүү тусдаа явдаг. Цаашид  жилийн хугацаанд үүссэн өр ширийг үйл ажиллагаа жигдрээд эхэлбэл төлөх боломжтой.

-COVID-ийн дараах ажил үйлчилгээ нэлээд өөрчлөгдөж байна. Тухайлбал, хоол үйлдвэрлэлийн салбарт хүргэлтийн үйлчилгээ  зонхилох болж. Танайх энэ чиглэл рүү хөрвөж байгаа биз дээ?

-Хүссэн хүсээгүй  бүх үйлчилгээний салбар хүргэлтийн үйлчилгээ рүү  шилжиж байна. Манайх мөн хүргэлт рүү шилжих болж байна. Гэхдээ бидний орлого, заалаар үйлчилсэн үеийнхээс эрс буурна. Учир нь хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхэд  зардал өндөр болж буй юм. Хүргэлтийн үйлчилгээнээс it компаниуд өндөр ашиг хийж байгаа юм. Харин өргөн хэрэглээний барааны сүлжээ дэлгүүрүүдийн хувьд ашигтай байгаа байх. Манай салбарын тухайд  үйлчлүүлэгчид  цоо шинэ хэлбэрээр хоол, хүнсний хүргэлтийн үйлчилгээ авч эхэлж байна. Мэдээж  бизнесээ өргөжүүлэх ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд ингэхээс өөр аргагүй. Харин манай салбарынхан тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллах  вэ гэдгийг судлах шаардлага гарч байна. Тухайлбал, CU сүлжээ дэлгүүрүүдээр хоол хүргэлтээ  хэрхэн нийлүүлэх, хамтарч ажиллах, тэдний “но хау” судлах гэх мэт. Гэхдээ it хөгжүүлэлтээ өөрсдөө л  хөрөнгө  гаргаж  хийхгүй бол технологийн компаниар дамжуулж хийнэ гэвэл тэдэнд л ашигтай. Бидэнд зардал нь өндөр болж ашиг багатай байх юм билээ.

-Тэгэхээр цаашид ямар байдлаар бизнесээ өргөжүүлж, өөрчлөх хэрэгтэй бол?

 - Ер нь дэлхий ертөнц, улс төрийн байдал хэрхэхийг  мэдэхгүй байгаа энэ нөхцөлд  яаж уян хатан хөрвөх тухайгаа бодох хэрэгтэй цаг үед байна. Хамгийн гол нь төрийн дэмжлэг чухал. Засгийн газрыг шүүмжлэх нэг хэрэг. Гэхдээ цагаа олсон дэмжлэг их хэрэг болж байна. Магадгүй энэ зээлийг авч чадаагүй хүмүүс бухимдаж байгаа байх. Миний хувьд  хоолой дээр хутга тулчихсан үед урд өмнө нь  мөрөөдөөд ч  авч чадахгүй байсан энэ зээл үнэхээр цагаа олсон дэмжлэг байсан. Ялангуяа, над шиг жижиг, дунд бизнес эрхэлдэг олон аж ахуйн нэгжид “тэвдэж  явахад тэвнээр тусал” гэдэгтэй адил зүйл болсон. Яахав том аж ахуйн нэгжүүд ийм бага хүүтэй зээл, хөрөнгө оруулалт авдаг байсан  байх. Би 20 гаруй жил бизнес хийхдээ ийм бага хүүтэй зээл авч үзээгүй. Энэ удаа үнэхээр хүн үнэмшмээргүй гайхмаар зүйл болсон. Миний бизнесийг яалт ч үгүй  аварсан. Зээлийнхээ хүчинд үйлдвэрийн хүчин чадал, бүтээмжээ  40-50 хувиар нэмэгдүүлнэ. Нөгөөтэйгүүр ресторанууд хоол болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлье  гэвэл нэгдсэн, төвлөрсөн ХАБ байвал зүгээр юм шиг санагдсан. Нэгдсэн зах гэсэн үг. Гадны бусад оронд тийм зах байдаг. Тэгээд хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээний стандартуудаа мөрддөг.  Хэрэв тус тусдаа жижиг хоолны болон цайны газрууд хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ хийнэ гэвэл боломжгүй. Үйлдвэрлэл болчих учраас бичиг цааснаас эхлээд  нөгөө цайны газраа үйлдвэрлэлийн дамжлага болгох гээд бөөн стандарт шаардлага тавигдахын зэрэгцээ технолги, апп хөгжүүлэлтэд зардал өндөр гарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.24 МЯГМАР № 165 (6642)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.