“Шүүхийн багц хуулийг Үндсэн хуулийн цэц гацааж байна”

2021-08-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар хууль санаачлагчид болон албаны хүмүүсийг дуудан мэдээлэл сонсчээ.   Парламент өнгөрсөн нэгдүгээр сард  Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгож, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг баталгаажуулсан хэмээн үзэж буй.  Тэгвэл хууль хэрэгжсэнээс дээрх зорилгоо хэрхэн биелүүлж байгаа талаар талууд байр сууриа ингэж илэрхийлжээ.  

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Шүүхийн сахилгын хороо байгуулах ажил Цэцийн дүгнэлтээс үүдэн гацсан

-Шүүхийн сахилгын хороог нээлттэй сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Парламентаас томилох 10 орон тоон дээр 50 гаруй хүний материал хүлээн аваад байгаа. Тус үйл ажиллагаа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээс үүдэн саатаад байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дээрх дүгнэлтийг УИХ хүлээн аваагүй тул Дээд суудлын хуралдаан болох ёстой.  Түүнээс ямар шийдвэр гаргахыг хүлээж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Цэц энэ сард багтаж хуралдах ёстой

-Шүүхийн тухай хууль хэрэгжээд зургаан сар болсон.  Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтээс болж Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулах ажил гацаад байна.  Үндсэн хуулийн цэц өнөөдрийг хүртэл дээд суудлын хуралдаанаа хийгээгүй, хэзээ хийх нь тодорхойгүй. Цэцийн энэхүү үйлдлээс үүдэн шүүхийн эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчдийг сонгон шалгаруулах чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөл,шүүгчийн алдаа оноог дэнслэх Шүүхийн сахилгын хороо зэрэг “шударга ёсны араа шүд” болж байх ёстой хоёр байгууллага нь байгуулагдаж чадахгүй өнөөдрийг хүрлээ.  Тиймээс шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэц энэ сард багтаан дээд суудлын хуралдаанаа хийж, шийдвэрээ гаргах шаардлагатай.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр: Шүүгч нарыг шилжүүлэн томилохыг хуулиар хязгаарласан учраас бэрхшээл үүссэн

-Шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгохоор хуульд заасны дагуу энэ оны гуравдугаар сарын 1-нээс 15-ны өдрийн хооронд нийт шүүхийн Ерөнхий шүүгчээ сонгосон.  Мөн шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийг батлаж Улсын дээд шүүхтэй зөвшилцөхөөр саналаа хүргүүлсэн. Энэ  шалгуур үзүүлэлтийг баталсны дараа Засгийн газарт холбогдох саналаа хүргүүлж, УИХ-д танилцуулан шийдвэрлүүлснээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн чухал хэсэг болох тойргийн болон дагнасан шүүх байгуулна.  Гэхдээ шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг хянан үзээд түдгэлзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн сахилгын хороо байгуулагдаагүйн улмаас энэ төрлийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.  Мөн шүүгч нарыг шилжүүлэн томилох бололцоог хуулиар хязгаарласан учраас боловсон хүчний нөөц хуваарилалтад бэрхшээл үүсээд байна.  Хуульд “сэлгэн ажиллуулах” гэсэн шинэ арга хэлбэрийг тодорхойлсон, холбогдох судалгаа, бэлтгэлийг ханган ажиллаж байгаа

 

Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр: Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх саналаа удахгүй хүргүүлнэ

-Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг холбогдох дүрэм, журмын хүрээнд зохион байгуулсан бөгөөд ойрын хугацаанд саналыг хүргүүлэхээр төлөвлөсөн.  Мөн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд ажиллуулахаар заасан.

Эл хүрээлэнг байгуулж, шүүхийн шийдвэрийг мэдээлэх, олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулна.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Авлигын хэргийн дагнасан шүүх байгуулна

- Нэн тэргүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулах шаардлагатай. Олон жилийн турш бид бүгдийн ярьж ирсэн “Шударга бусын хонгил”-ыг нураах зорилгоор, шүүх засаглалыг нэг албан тушаалаас хамааралтай байдаг байдлыг халах зорилготой заалтыг хэрэгжүүлэх ёстой. Тус зөвлөлийг олон улсын жишгээр нийтэд ил тодоор, нээлттэй, хараат бусаар сонгон шалгаруулж байгуулах юм. Хамгийн гол энэ заалт хэрэгжихгүй байгаа нь шүүхийн нэр хүндийг ч бууруулж байна. “Шударга бусын хонгил”-ыг нураах эл зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд парламент онцгой анхаарал хандуулна. Мөн авлигын асуудлыг таслан зогсоодог хамгийн сайн жишиг бол авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах юм. Авлигын хэргүүдийг цэгцэлдэг олон улсын ийм туршлага байдаг, судлаач эрдэмтэд нь ч үүнийг зөвлөдөг.  Тиймээс авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах асуудлыг судалж, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шуурхай ажиллаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.23 ДАВАА № 164 (6641)

 

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

5 цаг 39 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

5 цаг 54 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

5 цаг 54 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

21 цаг 41 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

21 цаг 44 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин