Орос COVID-19-ийн III давлагаатай нүүр туллаа

2021-07-02
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Сүүлийн үеэс дэлхий нийтийг сандаргах болсон бас нэгэн “тахал” гарч ирсэн нь COVID-19-ийн мутацид орсон вирус болох дельта хувилбар юм. Энэтхэг улсад өнгөрсөн жил бүртгэгдсэн энэ хувилбар өдгөө дэлхийн 90 гаруй оронд хурдацтай тархаж, том аюул дагуулаад байна. Вакцины тусламжтайгаар тархалтыг хумьж, халдвар болоод нас баралт буурч байсан Израйль тэргүүтэй улс орон дельтагийн өмнө өвдөг  сөхөрч, хяналтаа дахин чангарууллаа. Энэ хувилбарт хамгийн хүчтэй өртөж байгаа улсын нэг нь бидний хөрш ОХУ юм. Тус улсад бүртгэгдсэн халдварын 90 хувь нь дельта хувилбар болохыг эрх баригчид нь зарлаж, хязгаарлалтын дэглэмээ дахин чангаллаа. Тиймээс ОХУ-ын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

Халдварын тархалт долдугаар сард оргилдоо хүрнэ

 

ОХУ-д өчигдрийн байдлаар 5.5 сая хүн халдвар авч, 135 мянга гаруй хүн нас баржээ. Тус улсад тавдугаар сараас халдварын тохиолдол буурч байснаа өнгөрсөн сараас эхлэн дахин хурдацтай нэмэгдэж, өдөрт 20 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж, нас баралт 21 хувиар өсөөд байгаа юм. 

Тэр дундаа Москва болон Санкт Петербургт илүү өндөр байна. Тодруулбал, Москва хотод эмнэлэгт хэвтэх, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлэх иргэдийн тоо эрс ихэсч, ноцтой нөхцөлд хүрснийг захирагч Сергей Собянин мэдэгдэв. Москвад өчигдөр 5823 тохиолдол бүртгэгдэж 117 хүн нас барсан бол Санкт Петербургт 1503 тохиолдол бүртгэгдэж 111 хүн нас баржээ.

 Үүнийг халдварын гуравдугаар давлагаа хэмээн нэрийдэж байна. Москва хотын төв эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко “Москва болон Санкт Петербург хот одоо халдварын гуравдугаар давлагаанд өртөөд байна.  Бусад мужууд долдугаар сараас ийм нөхцөлд хүрч болзошгүй. Одоогийн байдлаар манай эмнэлэг өдөр бүр 200 шинэ өвчтөн хүлээн авч, 400 гаруй хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Энэ нь өмнөх хоёр давлагааны оргил үеийн тооноос их юм. Тиймээс маск зүүж, хоорондын зайгаа барих гэсэн энгийн зүйлсээ үргэлжлүүлэн хэрэгжүүлье. Хүмүүсийн сэрэмж багасч, дээрх журмыг мөрдөөгүйгээс халдвар дахин нэмэгдлээ” гэв.

Харин Санкт Петербург хотын эмч, доктор  Михайль Черкашин “Халдварын тоо долдугаар сард өнгөрсөн өвлийнх шиг оргил цэгтээ хүрнэ гэж бид таамаглаж байна. Тиймээс одооноос бэлтгэлээ сайн хангаж, тоног төхөөрөмжүүдээ нэмэгдүүлэх ёстой. Одоо манай эмнэлэг өнгөрсөн оны хаврынхаас ч олон өвчтөнг эмчилж  байна. Юу тохиолдохыг урьдчилан хэлэх нь хэцүү ч намраас тархалт буурна гэж итгэж байна. Дельта хувилбар бусдаасаа илүү их аюултай ч COVID-19-ийн суурь шинж тэмдэгт нөлөөлөхгүй. Иргэдээ вакциндаа хамрагдаасай хэмээн хичээнгүйлэн зөвлөж байна. Харамсалтай нь манай улсад одоо ч вакцинжуулалт нь удаан байна ” гэж ярьжээ.

Тархалт нэмэгдсэнээс зарим мужуудад эмнэлгийн ор дүүрчээ. Энэ талаар Красноярск хотын эмч Елена Колчина “Хоёр өдрийн турш там шиг л байлаа.Гуравдугаар давлаганаас үүдэн сэтгэлээр унаж эхэллээ.Манай эмнэлэг олон эмч, ажилтантай ч  би 12 цаг тасралтгүй ажиллаж, маш их ядарч, ярих ч чадалгүй болсон. Би ганцаархнаа байхад нэг өдөр халуунтай 62 хүн ирэхээс гадна  52 хүн өрхийн эмч рүүгээ залгасан. Эмнэлгийн ор дүүрсэн.Өмнө нь бид ийм нөхцөлд ороогүй. Энэ тархалт шалтгаан нь вакцинжуулалт удаан байгаатай холбоотой. Учир нь энд ердөө 3000 хүн вакциндаа хамрагдсан” гэсэн юм.

 

В.Путин:Тархалтыг зогсоох цор ганц арга нь вакцин

 

COVID-19-ийн эсрэг анхны вакциныг гарган авснаа жил орчмын өмнө зарлаж байсан ОХУ-д вакцинжуулалт удаан байгаа нь хамгийн ихээр анхаарал татаж байна. Арванхоёрдугаар сард вакцинжуулалт эхэлсэн ч пүрэв гаригийн байдлаар 39 сая тун вакцинд иргэдээ хамруулснаас 17 сая буюу хүн амын 12 орчим хувь нь вакцины бүрэн тундаа хамрагджээ. Вакцины нөөц бага учраас зарим муж дархлаажуулалтаа зогсоож байгаагаа өнгөрсөн долоо хоногоос эхлэн зарласан.

Үүний дараа Кремль халдварын тоо эрс нэмэгдэж вакцины нийлүүлэлт ихэссэн мөн хадгалах нөхцлийн хүндрэлтэй байдлаас үүдэн вакцины дутагдалд орсон тул энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа  зарласан. Ингэхдээ нэг тунгаар хэрэглэх “Sputnik Light” вакциныг энэ долоо хоногоос ашиглахаар төлөвлөж байгаагаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн юм. Одоогоор тус улсад халдварын эсрэг дөрвөн вакциныг дотооддоо ашиглах зөвшөөрөл олгож, бусад улс оронд нийлүүлээд байна. Sputnik V вакцинд 67 орон зөвшөөрөл олгосноос 30 гаруй  нь бүх нийтийн дархлаажуулалтдаа тус вакциныг ашиглажээ. Жил бүр иргэдийнхээ асуултад хариулдаг шууд уулзалтын үеэр В.Путин зөвхөн вакцинжуулалт цар тахлын тархалтыг зогсооно гэж ярив. Тэрбээр “Вакцин бол халдварын тархалтаас сэргийлэх цорын ганц арга зам гэдгийг  мэргэжилтнүүд хэвлэл мэдээллийн бүх суваг болох телевиз, интернетээр дамжуулан цаг үргэлж хэлж байгааг та бүхэн сайн мэдэж байгаа. ОХУ өндөр технологи ашиглан аюулгүй, үр дүн өндөртэй дөрвөн вакцинд зөвшөөрөл олгосон учир вакцинаар тархалтыг зогсоох бүрэн боломжтой. Энэ вирус хаашаа ч алга болохгүй. Тиймээс зарим иргэдийн буруу ойлголт арилж вакциндаа идэвхитэй хамрагдана гэдэгт би итгэж байна” гэж ярилаа.

Гэхдээ эрх баригчдын зүгээс тархалтыг дельта хувилбартай холбон тайлбарлаж байгаа бол ажиглагчид вакцинжуулалтын явц удаан байгаа нь тархалтад хамгийн их нөлөөлсөн хэмээн үзэж байна. Санал асуулгаар иргэдийн 60 хувь нь вакцинд хамрагдахгүй гэсэн дүн гарсан тул 16 мужийн үйлчилгээний салбарын ажилчид тэргүүтэй эрсдэлт бүлгийнхнийг албадан вакцинд хамруулж эхлээд байна.

Энэ тухай Путин “Би албадан вакцинжуулалтыг эсэргүүцдэг. Гэхдээ хөл хорионоос сэргийлэхийн тулд зарим хэсэг бүлэг зайлшгүй вакцинд хамрагдах шаардлагатай байна. Вакциндаа идэвхтэй хамрагдсан боловсролын байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчид, томоохон компаниуддаа баярлалаа. Эцэст нь сүргийн дархлаа тогтож, ажил хэвийн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Тэрбээр өөрөө Sputnik V вакцин хийлгэснээ нэвтрүүлгийн үеэр зарласан юм. Гэхдээ Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков намар гэхэд сүргийн дархлаа тогтож амжихгүй гэж мэдэгдэж байсан билээ.

 “Цар тахлыг хурдтай, өргөн хүрээг хамарсан вакцинжуулалтаар зогсооно. Өөр шийдэл үгүй” гэж Москва хотын захирагч Сергей Собянин ярив. Зоогийн газраар үйлчлүүлэхийн тулд вакцины гэрчилгээгээ, үгүй бол шинжилгээний сөрөг бичгээ үзүүлэх гэсэн журам даваа гарагаас хэрэгжиж эхлээд байна.  Учир нь хүмүүсийн анхаарал эрс суларч, нэг дор олноороо цугларах болсноос гадна энэ удаагийн давлагаа залуу хүмүүс рүү илүү чиглэж байна. Халдвар авсан, вакцинд хамрагдсан ч халдвар авсан хүмүүс аль аль нь зургаан сарын дараа вакцинд хамрагдахыг тус улс зөвлөжээ. Эдгээр хүмүүс вакциндаа хамрагдсаны дараагаар насанд хүрсэн хүн амын 60 хувь нь  буюу 69 сая хүн вакциндаа хамрагдаж, сүргийн дархлаа тогтоно гэсэн зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн байна.  Мөн дельта вирусаас сэргийлэхийн тулд Герман мягмар гарагаас эхлэн ОХУ-тай хилээ хаалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.2 БААСАН № 132 (6609)

 

Давос-2026: Монгол Улсад хүрэлцэн ирж, баяр наадам үзэхийг урилаа

Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна.  Ө

5 цаг 2 мин
Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ

Засгийн газар бол танхимын зарчмаар ажилладаг. Нэг сайдынх нь “эвэр” доргиход нөгөөдүүлийнх нь хамт доргидо

5 цаг 2 мин
Энэтхэг–Монголын Худалдааг Дэмжих уулзалт хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэв

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2026 оны 01 дүгээр сарын 2

19 цаг 39 мин
Ө.Шижир: Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм, Т.Доржханд сайд аа

Ө.Шижир: Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм, Т.Доржханд сайд аа

21 цаг 13 мин
“Хэлэлцээ, ойлголцлын амин сүнс” уриатай Давосын чуулган эхэллээ

Жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо дэлхийн улс төр эдийн засгийг тодор

Өчигдөр 06 цаг 00 мин
Трампын нэг жил: Амжилт ба Сорилт

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөснөөс хойш яг нэг жил өнгөрөөд байна. 2025 оны нэгдүгээр сарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Малайзын холбооны шүүхээс С.Шаарийбуугийн нэхэмжлэлийн эсрэг шийдвэр гаргажээ

зын холбооны шүүхээс С.Шаарийбуугийн нэхэмжлэлийн эсрэг шийдвэр гаргажээ

Уржигдар 13 цаг 19 мин
АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

Уржигдар 13 цаг 07 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Хуулийн төсөл батлагдвал иргэдийн өмчлөх эрх баталгаажна

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээс зарим зүйлийг тодруулж ярилцав. 

Уржигдар 06 цаг 00 мин