Хувийн мэдээллийг хамгаалах болон ковидын хууль, томилгооны товыг хэлэлцэв

2021-06-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ дахь гурван байнгын хороо өчигдөр хуралдаж, зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Тухайлбал, өчигдөр үдээс өмнө болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. Мөн АТГ-ын дэд даргыг томилох томилгооны сонсгол явуулах товыг тогтлоо.  Харин үдээс хойш болсон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Ковидын үеийн нэг удаагийн хуулийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм.  Ийнхүү өчигдөр болсон байнгын хорооны хуралдаануудыг тоймлон хүргэж байна.

 

Төрийн, орон нутгийн өмчит компаниудын ажилчдын цалин, урамшууллын мэдээлэл нээлттэй болно

 

Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, парламент хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн батлахаар тогтсон билээ.  Өчигдөр болсон байнгын хорооны хуралдаанд ХЗДХЯ-наас хуулийн төслийг танилцуулж, гишүүд  байр сууриа илэрхийлсэн.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Бид арав гаруй жилийн өмнө Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг баталсан. Гэвч хуулийн  хэрэгжилт наанатай,  цаанатай байна. Энэ хуулийг Төрийн нууцын тухай хууль, Байгууллага болон хувь хүний нууцын тухай хууль таг гацаасан. Учир нь Төрийн нууцын тухай  хуульд хэрэгтэй, хэрэггүй олон зүйлс оруулсан. Тэгэхээр дээрх гурван хуулиа эргэж харж засч янзлахгүйгээр хүний хувийн мэдээллийн хуулийг яриад хэрэггүй. Тиймээс Засгийн газар нэн яаралтай Төрийн нууцын тухай хуулийг оруулж ир ээ.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 -2017 онд Бүртгэлийн багц хуулийг батлаад нэлээд олон мэдээллийг нээлттэй болгосон. Энэ хуульд нээлттэй болгоно гэж заасан ч хэрэгжихгүй байгаа ганц заалт нь газрын тухай мэдээллийг нээлттэй болгох. Сая гаруй иргэн болон хуулийн этгээдийн газар ашиглах, эзэмших эрхийн мэдээллийг газрын албаныхан мэдээллийн санд оруулахгүй байна. Дөрвөн жил хууль хэрэгжүүлсэнгүй. Миний ойлгосноор ил болгохоор газрын албаны мафи ханз үсрэх гээд байх шиг байгаа юм.

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Гурван жилийн өмнө бүртгэлийн багц хуульд газрын хаягийн сан, үл хөдлөхийн хаягийн мэдээллийн санд нээлттэй байна гэж зааж өгсөн. Үүний дагуу Засгийн газар ажлуудаа үе шаттай хийж байгаа. Газар эзэмших, ашиглах мэдээлэл нээлттэй байна. Таван төрлийн 67 чиглэлийн мэдээллийг нээлттэй болгоно.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Монгол Улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж хийсэн ажлууд яагаад нууцад хамаараад байдаг юм бэ. Тагнуулын болон Монголбанкны байр хэдэн төгрөгөөр баригдсан  болохыг надад хариулах хүн олдохгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нь гурван тэрбум төгрөгөөр боссон гэж байна. Тийм ч зүйл байхгүй  л дээ. Ард иргэд байтугай, УИХ-ын гишүүн хүртэл мэдээлэл авах эрхгүй болсон байна.

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Нийтийн мэдээллийн тухай хуульд таван төрлийн 67 багц мэдээллийг  мэдээллийг нээлттэй болгосон. Ямар давтамжтайгаар мэдээлэх журмыг  Засгийн газраас  батална. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ашиг, алдагдлын тайлан удирдах зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн цалин хөлс урамшууллын мэдээллүүд нээлттэй байна гэсэн үг. Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд хүртэл нээлттэй болно.

 

АТГ-ЫН ДЭД ДАРГААР Г.АЗЖАРГАЛЫГ ТОМИЛОХ ЭСЭХИЙГ ИРЭХ САРЫН 6-НД ХЭЛЭЛЦЭНЭ

 

Хууль зүйн байнгын хороо хуралдаанаар үргэлжлүүлэн АТГ-ын  дэд даргыг томилох сонсголыг долдугаар сарын 6-ны өдөр хийхээр товлов.  УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болгосон.  Энэ дагуу  АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нь Г.Азжаргалыг томилуулах саналаа байнгын хороонд оруулж иржээ. Г.Азжаргалын хувьд 1984 онд төрсөн, хуульч мэргэжилтэй. 2002-2007 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын дотоодын их сургуульд эрхзүйч мэргэжил эзэмшсэн.  2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтэй тэмцэх чиглэлээр, 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр суралцсан, 2017 онд  ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институцийг  төгсчээ.  Өнгөрсөн хугацаанд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын гуравдугаар хэлтсийн  тасгийн даргаар ажиллаж байгаад 2018 оноос өнөөдрийг  хүртэл АТГ-ын гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм байна.

 

“ЗАСГИЙН ГАЗАР, УИХ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ЁСТОЙ, ЦАГ АЛДАЖ БОЛОХГҮЙ”

 

Үдээс хойш болсон  Аюулгүй байдал байнгын хорооны хуралдаанаар КОВИД-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэн, байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Ковидын хуульд сунгачихаар нэг л юм байгаа. Өвчинтэй иргэдэд ямар тусламж үзүүлэх, хүний нөөцөө шавхах вэ гэж. Бусад нь чоно борооноор болчихоод байгаа юм. Төрийн бүх албанд төрийн албаны шалгалтгүйгээр бүтэн жил хүн томилсон. Одоо үүнийгээ дахиад зургаан сар сунгах гэж байгаа. Үүнийг дэмжихгүй.   НДС-гийн чөлөөлөлтөөр нэг их наяд төгрөг зарцуулсан. Үүнийг төлж чадахгүй байгаа. Одоо ЭМДС руу оруулж болохгүй. Засгийн газар нь сангийнхаа хөрөнгийг дур мэдэж зарцуулсан тохиолдолд дэлхийн түүхэнд нэг байгаа.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Засгийн газар бүхий л нөөц боломжоо шавхан ажиллаж байгаа. Энэ үед Засгийн газар, УОК мөнгө идээд сууна гэж бодохгүй байна. Тиймээс хуулийг дэмжээд хэлэлцүүлгийн үед засах юм байвал яриад явна биз. Бушуухан хуулиа гаргаад Засгийн газар, УОК-т ажиллах боломжийг гаргаж өгөх хэрэгтэй. Ямар ч хүчтэй, мөнгөтэй хүмүүс сөхөрсөн байна. Дэлхий даяараа тэнэг хүмүүс нь ажиллаж байгаа юм уу. Энэ үед Засгийн газар, УИХ хамтарч ажиллах ёстой болохоос цаг алдаж болохгүй.

 

ХУУРАМЧ ШАТАХУУНЫ ТҮҮХИЙ ЭДЭД ТАТВАР НОГДУУЛНА

 

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Б.Пүрэвдорж гишүүний өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн гол агуулга нь хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдүүдэд онцгой албан татвар ногдуулах юм. 2020 онд түлш нефтийн хүнд фракц, нафта, алкалит, керосин гэсэн дөрвөн бүтээгдэхүүн нийтдээ 210 мянган тонн орж ирсэн бөгөөд үүгээр тооцвол жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэх боломжтой. Цаашлаад энэ төрлийн бүтээгдэхүүн дизелийн түлшнээс 100 орчим ам.доллараар хямд байдаг тул аж ахуйн нэгжүүд үүнээс зөрүү ашиг олдог гэдгийг Б.Пүрэвдорж гишүүн хэллээ. Ингээд  байнгын хорооны гишүүд энэ хуулийг 2021 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн заалтыг дэмжлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.23 Лхагва № 125 (6602)

 

АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

11 цаг 13 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

12 цаг 44 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

13 цаг 50 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

13 цаг 59 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

14 цаг 0 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

20 цаг 58 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

20 цаг 58 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Уржигдар 18 цаг 53 мин
Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Уржигдар 18 цаг 43 мин
Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Уржигдар 18 цаг 40 мин