Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор нээлтээ хийлээ

2021-05-25
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх сарын 9-нд болно. СЕХ-ноос өчигдөр Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг гардууллаа. Ерөнхийлөгчийн  сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас  С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нар дэвшиж байгаа юм.  Ийнхүү тэд үнэмлэхээ гардснаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор нээлтээ хийлээ. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн монгол”  АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол-Ардчилсан Монгол” “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат “Монгол чадна” уриатайгаар энэ удаагийн сонгуульд оролцож байгаа юм.

 

У.Хүрэлсүх: Ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг Ерөнхийлөгч байна

 

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх СЕХ-ноос үнэмлэхээ гардаж аваад, Тусгаар тогтнолын ордонд сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ.

 У.Хүрэлсүх сурталчилгааны нээлтийг эхлүүлж хэлсэн үгэндээ “Ахмад буурлуудынхаа зээлийг тэглэж, зээлгүй ахмадууддаа тус бүр нэг сая төгрөг олгож, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны зардлыг төрөөс хариуцаж байна. Сайн түлшний үнийг 75 хувиар бууруулж, хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж 100 мянган төгрөг болголоо. Мөн иргэн тус бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэгийг олгосон. Энэ бол байгалийн баялгийн хишиг хувь юм. Мөн Тавантолгой орд газрын ногдол ашгийг тарааж эхэлсэн нь та бидний шударга ёсны төлөөх тэмцлийн үр дүн гарч эхэлж байна. Цаашид Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойн гэрээг шинэчлэн сайжруулж, Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах ёстой. Миний бие ард түмнийхээ итгэлээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, монгол хүн байгалийн баялагтаа эзэн байхын төлөө төр засаг ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэж, ажиллах болно.

Миний бие ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг, эрхэмлэн дээдэлдэг Ерөнхийлөгч байхын төлөө энэ сонгуульд нэр дэвшиж байна. Сүүлийн жилүүдэд Та бидний эхлүүлсэн Газрын тосны үйлдвэр, Гангийн үйлдвэр, Байгалийн хийн хоолой, Цэвэрлэх байгууламж, сайн түлшний үйлдвэр, шинэ Нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, автозам, төмөр замын салбарт хийсэн томоохон бүтээн байгуулалтууд, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуй, газар  тариалан, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хийсэн томоохон төсөл хөтөлбөрөө цаашид улам бүр эрчимжүүлж, үр дүнг нь үзэх зайлшгүй шаардлагатай байна. Мөнх тэнгэрийн дор Монгол Улс минь мандан бадрах болтугай” гэв.

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Бүтэн нэртэй бүтэн намын үйл хэрэг бүрэн бүтэн байх болно

 

- Би өөрөө одоогоос яг 12 жилийн өмнө МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд индрийн ард зогсож байсан. Харамсалтай нь тэр сонгуулийн үр дүн МАХН-д, цаашилбал нийт Монгол Улсад ихээхэн хор хохиролтойгоор туссан. Түүнээс хойш 12 жилийн турш МАХН, одоогийн МАН Төрийн тэргүүний сонгуульд ялагдсан байна. Энэ хооронд “МАНАН” хэмээх аюулт үзэгдэл бий болж, Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн бие эрхтэнийг хорт хавдар мэт мэрэн идэж, “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ” гэсэн нэртэй гэрээгээр халхавчилсан залилан болж, энэ алдааг өөрчлөн засах гэж одоогийн Засгийн газар үйлээ үзэж байна. “Дубайн гэрээ” гэсэн хууль бус баримт бичиг байгуулагдсан. Одоо энэ гэрээ гэгчийг нэн даруй хүчингүй болгох шаардлага тулгарч байна. “Эрдэнэтийн 49 хувийн луйвар” хийгдэж түүнийг таслан зогсоох гэж Хүрэлсүхийн Засгийн газар ихээхэн эр зориг гаргаж, цаг хугацаа зарцууллаа. Өнөөдөр Монгол Улсад, монголчуудад эрчтэй, хурдтай ажиллахын тулд нэгдсэн зорилго, гар нийлсэн ажиллагаа, итгэлээр тэтгэгдсэн зүтгэл шаардлагатай. Чухамхүү ийм эгзэгтэй үед МАН-аас Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдүүлэхээр Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүллээ. Итгэвэл итгэсэн шиг итгэдэг, тусгаар тогтнолоо нүдний цөцгий мэт хайрладаг, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ямагт сэтгэл санаагаа тавьж байдаг. Хүнд хүчрийг давах сэтгэлийн тэнхээтэй, хөдөлмөрч хичээнгүй, уучламтгай уужим сэтгэлтэй Монголын ард түмнийхээ сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээхийг чин сэтгэлээсээ хүсэн зорьж байгаа МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялах ёстой. Бүтэн нэртэй бүтэн намын Монголын ард түмнээ гэсэн үйл хэрэг бүрэн бүтэн байх болно, “Сүхээр эхэлсэн нам Сүхийн ялалтаар улам бэхжинэ” гэдгийг энэ хүндтэй индэр дээрээс онцлон тэмдэглэж байна.

 

С.Эрдэнэ: Үндэснийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ

 

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Түүний сонгуулийн менежерээр Д.Эрдэнэсувд ажиллана.   АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Түүхийн энэхүү эмзэг бөгөөд хариуцлагатай цаг үед үндэснийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, энэ хүнд байдлаас гаргах нэр төртэй Ерөнхийлөгч байна. Би Ардчилсан намд шургалсан хар хүчийг ялж, одоо Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хоёр дахь тулаандаа бэлэн зогсч байна. Нэг намыг өөрсдийн өчүүхэн эрх ашиг, шунал хүсэлд мулгуйдан бидний үнэт зүйлийн нэгдлийг хуваагдмал болгох гэсэн энэ хар хүч өнөөдөр өөрсдийн эрх мэдлээ алдаж чадахгүй, өчүүхэн эрх ашгийнхаа төлөө нэг цул үндэстнийг хагалж, хуваан үнэт зүйлсийг маань дэвсэлж, устгахаар улаарч байгааг бид харж байна. Тиймээс бид өөрт байгаа хүч чадлаа дайлчлан энэ тулаанд итгэл төгс ялна гэдгээ илэрхийлж байна. Энэ хар хүчний учруулах хор хохирол дэндүү том гэдгийг сайн ойлгож байгаа. Бид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадахгүйд хүрвэл сүүлийн чөлөөт сонгууль болно гэдэгт сэтгэл эмзэглэж байна. Улс орон, ард түмнийхээ хувь тавиланг ямар ч мэдлэг, туршлагагүй популист эсвэл дарангуйлалд амташсан анхлан суралцагч хүмүүсийн гарт өгөх нь аюултай. Бид чөлөөт нийгэм байгуулах гэж тэмцсэн бүх цаг хугацааныхаа хичээл зүтгэлийг үгүй хийхэд хүрэх болно. Монгол Улс дэлхий дахинд чөлөөт ардчилсан улс гэх онцгой статусаа алдвал монгол хүний эрх, эрх чөлөө тэр даруйд хумигдаж, улс орны маань эдийн засгийн чадавхыг хөгжүүлэх суурь болсон гадаадын хөрөнгө оруулагчид татгалзах суурь үндэс болно. Хатуу дарангуйллын дэглэмтэй улс орнуудын нэгэн адил гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуучлалын өмнө үүдээ бүрэн хааж, бидний эх орон дэлхийгээс тусгаарлагдахад хүрнэ. Хүчирхэг хөршүүд маань ч халддаггүй энэ дархлаагаа бид алдахад хүрнэ. Зургадугаар сарын 9-ний өдөр бид шийдвэрлэх түүхэн сонголтоо хийх болно. Энэ бол аль намыг, аль нэр дэвшигчийг сонгох сонгууль биш. Харин ирээдүйн гурван салаа замын нэгийг нь сонгох сонгууль юм. Та бүхэн гурван төрлийн амьдралын алинаар нь амьдрах сонголтоо хийгээрэй” гэв.

 

Д.Энхбат: Монгол Улс их сонголтын өмнө ирж байна

 

“Зөв хүн-электорат” эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ.   Нэр дэвшигч  Д.Энхбат энэ үеэр “Зөв хүн электорат эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Энэ сонгуулиар бид Монгол Улсынхаа ардчиллыг бэхжүүлж, нийгэм эдийн засгийг төгөлдөржүүлэх ялангуяа, монгол иргэдийн аж амьдралыг дээшлүүлж, шударга ёс тогтоож, авлигатай тэмцэхийн төлөө, монгол хүн бүрийг Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө ажиллана. Монгол Улс их сонголтын өмнө ирж байна. Бид дараагийн 30 жилд хэрхэн амьдрах, залуус, хүүхдүүдэд ямар өв үлдээхийг шийднэ. Бид туулсан замаа эргэн харж, шинэ үедээ итгэн XXI зууны шинэ Монголыг байгуулахын төлөө ажиллана. Монгол хүн чадна гэдэг бидний уриа. Бүх зүйлийг төр гартаа авч байгаа, бүлэглэлүүд бүх зүйлийг эзэмшиж байгаа энэ байдлыг өөрчлөх ёстой. Гурван сая хүн бүгд хөдөлж байж хавтгайрсан халамжийг таслан зогсоож байж бид хөгжинө. Мэдлэг, чадвар, технологид итгэж ХХI зууны шинэ Монголыг байгуулна гэж итгэн ажиллана. Нээлттэйгээр аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно. Монголын малчид чадна, Монголын инженерүүд чадна, Монголын залуучууд чадна, монголчууд бүгд чадна гэсэн уриатай байгаа. Бидний зорилт нэг намын төлөө биш нийт олныхоо төлөө байгаа. Бид хичээх болно. Зүтгэх болно” гэлээ.

 

“Таван удаа мэтгэлцээн зохион байгуулахыг уриалж байна”

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд  Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн менежерээр ажиллаж буй. Тэрбээр “Монголчуудын, залуусын хүсэлтийг хүлээн авсан Д.Энхбатад талархаж байна. Энэ бол бидний амжилт. Бид чадсан. Цаашид ч чадах болно. АН-аас гаргасан уриалгыг “Зөв хүн электорат” эвсэл дэмжиж байна. Цар тахлаас болж бид стресстэй бухимдалтай нэг жилийг өнгөрөөж байна. Бид төрийн тэргүүнээ сонгож байгаа тул бид харилцан сөрөг хар мэдээллийг цацахгүй байя. Харин нийгэмд гэрэл асаах, стресс бухимдлыг тайлах чиглэлд ажиллана. Багадаа таван удаа мэтгэлцээн хийе. Үүнийг уриалж байна. Мэтгэлцээнийг нэг талаас хийх буруу байна. Гурван талаас нэг нэг сэтгүүлчийг сонгон баг болгож, асуултаа бэлдэж, таван удаа мэтгэлцээн явуулъя” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.25 МЯГМАР № 106 (6583)

 

АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

14 цаг 9 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

15 цаг 40 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

16 цаг 45 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

16 цаг 55 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

16 цаг 55 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

23 цаг 53 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

23 цаг 53 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Уржигдар 18 цаг 53 мин
Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Уржигдар 18 цаг 43 мин
Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Уржигдар 18 цаг 40 мин