ШУТИС-ийн суурийг ганхуулах санаархал хэнд байна вэ?

2021-04-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улсад баялаг үйлдвэрлэдэг, бүтээлч аж  үйлдвэрийн салбарын дээд боловсролтой инженер, технологич, дизайны өндөр ур чадвартай мэргэжилтэн  бэлтгэн гаргадаг цор ганц сургууль нь ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль юм. Гэтэл орчин үеийн инженер, технологич, зохион бүтээгч, дизайнерын оюутнуудын сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулах тус сургуулийн 200-аад багш, ажилтан, 2000 гаруй сурагч, оюутнууд хөөгдөхдөө тулаад байна.

Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн барилга нь  1951 онд ашиглалтад орж, хожим 1996 онд ШУТИС-ийн харьяалалд шилжин, 1998 оноос хичээлийн байр болгон зориулалтыг өөрчлөн өрөө хоорондын ханыг буулган томсгон, их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн байгууламж юм. Өдгөө 70 гаруй жилийн настай тус барилга нь түүхэндээ үргэлж л боловсролын байгууллагын мэдэлд байж ирсэн.  Гэвч олон арван жил ашиглагдсан тоосгон барилгад төр хайхрамжгүй хандаж, сүүлийн 25 орчим жилд их засварын хөрөнгийг шийдвэрлэж өгөөгүй. Сургууль өөрийн боломжоороо засваруудыг хийж, тордож иржээ.  Гэвч удаан хугацаанд их засвар хийгээгүйгээс барилга элэгдэж, сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаа хэвийн явуулахад эрсдэлтэй болсон учраас Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн зүгээс мэргэжлийн байгууллагуудад хандаж үнэлгээ дүгнэлт гаргуулж, чамгүй тооцоо судалгаа хийсэн байна. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагын насжилттай учир сайжруулах хэрэгтэй гэсэн дүгнэлтийг "сугалж аваад" нураах шалтаг болгосныг эрдэмтэн багш нар, оюутнууд хүчтэй эсэргүүцэж байгаа аж. Сургуулийнхан шинэ барилга барихын тулд шаардлагатай санхүүжилт, техникийн бичиг бүрдүүлж МХЕГ-аас дүгнэлт гаргуулж, зураг төслөө хийхэд ТУЗ-өөс 200 гаруй сая төгрөг гаргаж оюутнууд, багш нарын саналыг тусгажээ. Тухайлбал, судалгааны их сургуулийн хөгжлийн дэд бүтцийг бий болгох, хамт олныг нэгдмэл нэг ойлголтод хүргэх, оюутан суралцагчдынхаа дэмжлэгийг авах зэргээр дөрвөн жил уйгагүй зүтгэсэн байдаг. Гэтэл эцэст нь сургуулийн газраа булаалгаж, сургалт судалгааны байргүй болж буй сургууль, профессор багш нар, сургалтын төлбөрөө төлчихөөд чанартай суралцах эрхээ хязгаарлуулж буй оюутан сурагчид хөсөр хаягдах нөхцөл байдалд ороод байна.

Багш нарын хэлж буйгаар БШУЯ-наас ШУТИС-ийн захиргаанд хичээлийн IV байрны сургалт судалгааны үйл ажиллагааг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн I дүгээр байр луу шилжүүлэх талаар гэрээний төсөл ирүүлсэн. Түрээслэх гэрээ нь 2021 оны гуравдугаар сарын 15-наас 2022 оны наймдугаар сарын 31 хүртэл хэмээн заасан байна. Энэ нь цаашид ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн барилгыг шинээр барих улсын төсвийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн, барилга баригдаж дуусаад бид шинэ байрандаа орох хугацаа мөн болохыг баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Гэвч Монгол Улсын хөгжлийн зорилтод нийцсэн орчин үеийн сургалт, судалгаа, инновацийн бүтээлч төв байгуулагдана гэсэн олон зуун хүний итгэл, төсөөллийг үгүй хийж  Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд, ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга Г.Ганбаяр тэргүүтэй хүмүүс Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн байрны газрыг чөлөөлөх эрхзүйн чадамжгүй “шийдвэр” гаргасан. Өөрөөр хэлбэл, УЗ-ийн дарга нь сургууль, багш, оюутнуудынхаа эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан гэнэ. Сургуулийн барилгыг буулгаж, шинээр барих барилгадаа Боловсролын үнэлгээний төвийг оруулах гэж байгаа гэнэ. Харин Боловсрол, шинжлэх ухааны яам болон ШУТИС-ийн удирдлагын зүгээс барилгыг шинээр барихдаа ямар байгууллагыг оруулах тухай албан ёсны шийдвэр гараагүй гэж байгаа ч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д барилгыг буулгах, барихтай холбоотой дулааны сүлжээний асуудалд зөвшөөрөл авахдаа Боловсролын үнэлгээний төвийн нэрийг барьжээ.  Уг асуудлаар Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш нар ШУТИС-ийн удирдлагуудтай уулзаж, тайлбар өгөхийг удаа дараа шаардаж байгаа ч тоймтой хариу өгөхгүй аргацаасаар байгаа гэлээ.

Элэгдэж, хуучирсан барилгыг нурааж шинэ байртай болох хүсэлтийг сургуулийнхан өөрсдөө гаргаж таван жилийн турш салбарын үе үеийн сайд нар хандаж ирсэн ч тоогоогүй. Харин гэнэт хөл хориог ашиглан сургуулийг нь нураан буйран дээр нь шинэ барилга барьж, өөр байгууллагад шилжүүлэх гэж байгааг эсэргүүцэж байгаа юм. Яамны зүгээс гэнэт тус сургуулийн барилгын асуудалд анхаарч эхэлснийг хотын төвийн А бүсэд хамаарах газартай нь холбоотой гэж хардаж байгаагаа сургуулийн төлөөлөл хэлсэн. Боловсрол шинжлэх ухааны яам тус газрыг чөлөөлөхөөр эртнээс төлөвлөж, элдэв тендер зарлаж явсныг профессор багш нар, суралцагч оюутнууд мэдээгүй гэнэ.  Тиймээс БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Газраасаа зарсан төрийн өмчийн сургуулиудын захирлыг шууд хална” гэж хэлснээ хэрэгжүүлж, судалгааны их сургуулийн суурийг ганхуулах санаархлыг тас цохихыг хэдэн зуун багш, оюутнууд хүлээж байна. 

Бид дээрх асуудлаар хоёр талын байр суурийг тодруулан хүргэж байна.

 

ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат:  37.6 тэрбум төгрөгийн төсвөөр есөн давхар барилга барихаар төлөвлөсөн

 

-ШУТИС өөрийн хөрөнгөөр барих, дахин төлөвлөх боломжгүй учраас тооцоо судалгаа, зураг төсөл, холбогдох зөвшөөрлийг гаргуулсан. Ингээд Үйлдвэрлэлийн технологи судалгаа инновацийн есөн давхар сургалт судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй цогцолбор байдлаар барихаар төлөвлөсөн. Одоогийн барилга нь 14 мянган м2 орчим бол шинэ барилга 22 мянган м2 37.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байхаар төлөвлөсөн. Дөрөвдүгээр сарын 9-ны өдөр тус сургуулийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд дэмжсэн. Сайдын зүгээс дэмжиж ирэх оны төсөвт суулгаад явж байна. Хэрэв сургуулийг өөр газарт дахин барих асуудал шийдэгдвэл энэ суурин дээр барих барилгад боловсролын чиглэлийн хэд хэдэн байгууллагыг оруулах боломжтой юм. Боловсролын үнэлгээний төв, Боловсролын мэдээллийн технологийн төв зэрэг байр шаардлагатай нэгжүүд олон байна. Гэхдээ эцсийн байдлаар аль байгууллагыг оруулах, сургуулийг хаана яаж барих асуудал шийдэгдээгүй байна.

 

Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, доктор /Ph.D/ Р.Бадмаанямбуу: ШУТИС-ийн удирдлага салбар сургуулийн удирдлага, багш ажилтнуудад сонсгол хийх хэрэгтэй

 

- 50000 хүнийг байнгын ажлын байраар хангадаг хөнгөн аж үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг цогцоор нь бэлтгэдэг Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн бага тойрог дахь байрны газрыг БШУЯ авч барилгаа барихыг санаархаж байгаатай санал нийлэхгүй. Тиймээс өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ШУТИС-ийн удирдлага салбар сургуулийн удирдлага, багш ажилтнуудад сонсгол хийж, цаашид нэгдмэл байр суурьтай дээд байгууллагуудад хандмаар байна. Үйлдвэрлэл технологийн сургуулийн газарт "яамны барилга барихгүй, харин төлөвлөлтийн дагуу зориулалтаар нь ашиглана" гэдэг дээр яг таг тохиролцож, баталгаажуулмаар байна. Шинэ барилгын зардлыг эрсдэлээс сэргийлж цаг алдалгүй 2022 оны төсөвт суулгаж, барилгын ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Төсөв батлагдаж, барилгын ажил эхэлтэл орох оронгүй болохгүйн тулд одоогийн барилгыг буулгахгүй байж, сургалтын үйл ажиллагааг намраас хэвийн явуулах зэрэг бодитой шийдэл, үр дүнд хүрэх л чухал байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.29 ПҮРЭВ № 86 (6563)

 

Зочин
Захирал Очирбат гэгч дээдэс дарга нарт үйлчилсэн, гүлдгэнэсэн нөхөр болимоор байна. Ганцхан энэ асуудал ч биш, өөр олон асуудал бий. Судалгааны их сургууль болно гэдэг том том зорилт тавьдаг ч наад захын сургалтын орчин байхгүй, багш нараасаа их удирдлагын орон тооны хэрэгтэй хэрэггүй хүнтэй, бараг цэвэрлэгч нь хүртэл захирлын мэдлээр ордог ялзарсан дампуу байдалтай. Бадарч ректор захирал болоосой, тэгвэл олон шинэчлэлт хийгдэнэ дээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХЛАА

19 цаг 33 мин
Парламентын дарга буцаж, Амбан захирагчийн айлчлал эхэллээ

Төв талбайд төстэй хоёр далбаа намирч, сониуч зарим нь Шинэ Зеланд, Австрали

23 цаг 58 мин
Ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолду

23 цаг 58 мин
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй

Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тав

23 цаг 58 мин
Тавантолгойд нүүрсний хулгайг “дахиулж” болзошгүй тогтоолын төсөл УИХ-д очжээ

Нэгэн цагт, нийтээрээ жигшин эгдүүцэж байсан нүүрсний хулгай мартагдаж, нүүрсний хулгайч

23 цаг 58 мин
Эх оронч монголчуудын түүхэн ялалт, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлнэ

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн түүхт ойн өдөр Аривын ерөнхий газар, Үндэсний төв архи

Уржигдар 06 цаг 00 мин
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна

“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж ба

Уржигдар 06 цаг 00 мин
“Алтай трейдинг”, “Энержи ресурс” компаниудаас болж Ашигт малтмалын хуулийг 2006 онд шинэчилжээ

УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан.

Уржигдар 06 цаг 00 мин
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан парад Бээжинд болов

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан парад Бээжинд болов

2025-09-03
“Бодь”-ийн барьсан төмөр замын хэргийг шалгах уу

Сүүлийн өдрүүдийн улс төртэй зэрэгцээд, “...Мөрдөх байгууллагууд “Бодь”-ийн барьса

2025-09-03