• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Энэтхэг цар тахлын “цунами”-д өртлөө

2021-04-27 07:10

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хэдхэн долоо хоногийн өмнө цар тахлыг хяналтдаа авснаа зарлаж, бусад улс оронд вакцин хандивлаж байсан Энэтхэг улс COVID-19-ийн “цунамид” өртлөө. Тав хоногийн турш өдөрт 300 мянга гаруй хүнээс халдвар илэрч, 2000 гаруй хүн амиа алдлаа. Нийт халдварын тохиолдол 17.3 саяд хүрч, АНУ-ын дараа жагсах болов. Даваа гарагт Энэтхэгт 352 мянган хүнээс халдвар илэрч, 2812 хүн нас барсан нь дэлхий дахинаа нэг өдөрт илэрч байгаа хамгийн олон халдварын тохиолдол гэдгийг Жон Хопкинсийн их сургууль онцоллоо.

Өдөрт хэдэн мянган хүн халдвар авч байгаагаас эмнэлэг, эрчимт эмчилгээний орноос эхлээд шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн дутагталд оров. Үүнээс үүдэн хэвтэн эмчлүүлэх дарааллаа хүлээн эмнэлгийн гадаа зогсож байхдаа олон мянган хүн амиа алдаж байна. Хүчилтөрөгч хүрэлцэхгүй болсон тул Дели хотын эмнэлгүүд шинэ өвчтөн хүлээж авахаас татгалзахад хүрчээ.Ийн зарим том мужид нас барагсдыг оршуулах газар дүүрч, түр зуурын байгууламжинд эхнээс нь цогцосыг нь шатааж байгаа эмгэнэлт дүр зургаар дэлхийн хэвлэлүүд “амьсгаллаа”. Вакцины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Энэтхэгт вакцины нөөц ч асуудал дагуулж вакцины дутагдалд орсноо зарласан. Мөн AstraZeneca вакцины экспортоо зогсоож, хүчин чадлаа нэмэгдүүлэх төсөв байхгүй тул зургадугаар сараас өмнө бусад улсад вакцин нийлүүлэх боломжгүй гэдгээ Энэтхэгийн төдийгүй дэлхийн вакцин үйлдвэрлэгч хамгийн том Серум хүрээлэн мэдэгдсэн юм.

 

Оршуулгын газрууд дүүрч, цогцосыг шатааж эхэллээ

Хүчилтөрөгч хүрэлцэхгүй болсон тул Дели хотын эмнэлгүүд шинэ өвчтөн хүлээж авахаас татгалзахад хүрчээ. Ийн зарим томоохон мужид нас барагсдыг оршуулах газар дүүрч, түр зуурын байгууламжинд эхнээс нь цогцосыг нь шатааж байгаа эмгэнэлт дүр зургаар дэлхийн хэвлэлүүд “амьсгаллаа”.

Тус улсад үүссэн энэ аймшигт дүр зургийг Ерөнхий сайд Нарендра Моди үндэстнийг хамарсан “шуурга” хэмээн нэрлэв. Тэрбээр “COVID-19 халдвар яг одоо шаналлыг хэр удаан тэсэх бидний тэвчээрийг шалгаж байна. Хайртай олон хүнээ харамсалтайгаар алдлаа. Эхний давалгааг амжилттай давсан бид итгэл дүүрэн байв. Гэвч дахин үндэстнийг хамарсан “шуурганд” өртлөө” гэлээ. Мөн ДЭМБ-аас “COVID-19 халдвар хэрхэн хурдацтай тархаж, хүмүүсийн амьдралыг хурдан үгүй хийж чаддагийг Энэтхэг дэх аймшигт нөхцөл байдал бидэнд сануулж байна” гэв.

Эмнэлгийн ор хүрэлцэхгүй болсноос өвчтөнүүдийг гэрээр эмчлэх арга замыг эрэлхийлж эхэллээ. Гэвч хүчилтөрөгч баяжуулагч төхөөрөмж, бусад зайлшгүй шаардлагатай эмийн үнэ хар зах дээр хэд дахин нэмэгдсэн нь гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн амиа алдах эрсдэлийг нэмэгдүүлэв.Тухайлбал, иргэн Аншу Прия хар захаас хүчилтөрөгчийн цилиндрийг 50 мянган рупи буюу 1.9 сая Монгол төгрөгөөр авчээ. Энэ нь жирийн үед  228 мянган төгрөг буюу 6000 мянган рупи байдаг юм. Түүний аав халдвар авсан ч эмнэлэгт ор хүрэлцэхгүй, эмийн сан болон бусад дэлгүүрт хүчилтөрөгчийн цилиндр нь дууссан байна. Тус улсад өдөрт 200-300 тонн хүчилтөрөгч шаардлагатай байгаа юм. Мөн гэрээр эмчлүүлэхэд хамгийн их хэрэгтэй Remdesivir эмийн нийлүүлэлт тасарч, үнэ нь хэд дахин нэмэгджээ. Засгийн газраас долоон үйлдвэрт тус эмийг үйлдвэрлэх зөвшөөрлийг олгосон юм. Гэвч хүрэлцээтэй хэмжээнд хүртэл үйлдвэрлэж чадахгүй байна. Үүнээс үүдэн хар зах дээр хуурамч Remdesivir эмийг худалдаалах, хуурамч зар тавьж луйвардах гэсэн шинэ асуудал үүсчээ.

 

BBC:Халдвар хурдацтай тархахад сонгууль нөлөөлсөн үү?

 

Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Харш Вардхан гуравдугаар сарын эхээр цар тахлыг ялснаа зарлаж байв. Учир нь хоёрдугаар сарын дунд үеэр өдөрт 10 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж, халдварыг хяналтдаа авлаа хэмээн тэд итгэж байлаа. Гэвч  гуравдугаар сарын дунд үеэс хоёрдугаар давалгаа эхэлсэн юм. Энэ нь тус улсад тархсан COVID-19-ийн B.1.617 мутацид орсон хувилбар, олныг хамарсан шашны үйл ажиллагаа, сонгуулийн сурталчилгаа гэсэн хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан хэмээн ажиглагчид өөрсдийн таамгийг дэвшүүлж байна. Тухайлбал, зарим шинжээч мужийн сонгуулийн кампанит ажлын хүрээнд олон хүн цугларсан нь халдварыг тархахад нөлөөлсөн хэмээн үзэв. Учир нь Энэтхэгийн улс төрийн намууд Ассам, Керала, Тамил Наду, Баруун Бенгал гэсэн хэд хэдэн мужид сонгуулийн кампанит ажлыг гуравдугаар сарын эхээр эхлүүлсэн. Сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын дунд үеэс дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилсэн нь халдварын оргил үетэй давхцаж байгаа юм. Энэ үеэр нэр дэвшигчид болон кампанит ажлынхан халдвар хамгааллын дэглэмийг бариагүй байна. Тодруулбал, сонгуулийн сурталчилгааны үеэр олон хүнийг нэг дор цуглуулж, хүн хоорондын зай бариагүйгээс гадна цөөнх нь маск зүүсэн байсан аж. Үүний дараахан дээрх нэр дурдсан мужуудад халдварын тоо эрс нэмэгдсэн юм. Гэхдээ санал хураалт болоогүй Махараштра, Уттар Прадеш, Карнатака мужид халдвар богино хугацаанд хурдацтай тархсан юм. Тиймээс тархалтад зөвхөн сонгуулийн кампанит ажил  нөлөөлсөн гэх бүрэн баталгаа байхгүй.

Энэтхэгт өнгөрсөн жил хамгийн анхны тохиолдол нь бүртгэгдсэн мутацид орсон B.1.617 вирус халдварын хоёрдугаар давалгааны хамгийн гол “буруутан” хэмээн зарим ажиглагч таамаг дэвшүүллээ. Гэхдээ тус улсад тархсан хувилбар нь Их Британи, Бразил, Өмнөд Африкийн алинаас нь гаралтайг нарийн тодорхойлоогүй байна. Мөн тус улсад Кумб Мела шашны баяр гуравдугаар сарын эхэн үеэр болсон нь тархалтад нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ баярт муж мужаас олон сая хүн цугларч, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй. Үүний дараахан энэ сарын 10-14-ний хооронд тус баярт оролцсон 1600 гаруй хүнээс халдвар илрээд байгаа юм.Харин  эрх баригчид “Халдварын олон тохиолдол шашны болон улс төрийн цугларалтай холбоогүй” гэж эсэргүүцэв. Бусад сайд болон орон нутгийн эрх баригчид хоёрдугаар сараас хойш хоёрдугаар давалгааг эхлэх гэж буйг анхааруулсан ч  Моди тэргүүтэй Засгийн газрын удирдагчид нөхцөл байдал хүндэртэл чимээгүй байсан хэмээн шүүмжлэв.

Түүнчлэн Энэтхэгийн тэргүүлэх баячууд эх орноосоо зугтаж эхэлжээ. Тодруулбал, хамгийн их хөрөнгөтэй, халдвар авсан эсэх нь тодорхойгүй толгой баячуудыг тээвэрлэсэн хувийн найман онгоц  энэ сарын 25-ны орой Лондонд газардсан байна. Тэргүүлэх баячуудыг авахаар Дубай хотоос хөөрсөн тансаг зэрэглэлийн онгоц Мумбай хотод хязгаарлалт эхлэхээс ердөө 44 минутын өмнө амжиж буужээ.

Одоогийн байдлаар Энэтхэгт 140 сая гаруй хүн вакциндаа хамрагдаад байна. Энэ нь вакцинжуулалтын тоогоороо АНУ, Хятадын дараа жагсаж байгаа юм. Одоогоор эрсдэлт бүлгийнхнээ вакцинжуулж байгаа бөгөөд 18-аас дээш насны иргэд тавдугаар сарын 1-нээс вакцинд хамрагдах боломжтойг даваа гарагт зарлалаа. Вирус судлаач Гагандип Кан “Бид энэ халдварыг ялахын тулд зайлшгүй биш үйл ажиллагааг хязгаарлах хэрэгтэй. Тухайлбал, хурим, олныг хамарсан цуглаан, гэр бүлийн хүрээний уулзалт, бизнес болон улстөрчдийн хурал, зөвлөгөөн гээд бүгдийг зогсоох шаардлагатай. Ингэхдээ улс даяар хөл хорио тогтоох хэрэггүй. Харин халдвар эрчимтэй өсч байгаа газруудад хатуу хөл хорио тогтоох нь зөв” гэж “BBC-д ярьжээ.

 

Улс орнууд Энэтхэгт тусламжийн гараа сунгав

 

Их Британийн Засгийн газар Энэтхэг улс руу 600 гаруй эмнэлгийн хэрэгслийг ням гарагт илгээлээ. Үүний 495 нь хүчилтөрөгч баяжуулагч байна. Учир нь  Энэтхэгт хүчилтөрөгчийн дутагдлаас болж өдөрт мянга мянган хүн амиа алдаж байгаа юм.

Энэ талаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Бидний “найз”, хамтрагч Энэтхэг улс цар тахлын эсрэг маш хүнд байдалтайгаар тэмцэж байгаад санаа зовниж байна. Тиймээс бид үүний эсрэг Энэтхэгтэй хамт зогсож, чадах бүхий л дэмжлэгийг үзүүлнэ” гэж мэдэгдэв. Их Британийн илгээсэн есөн чингэлэг бүхий тусламж өнөөдөр өглөө Дели хотод очих юм. Үүнээс гадна Европын холбоо Энэтхэгт шаардлагатай хүчилтөрөгч, эмнэлгийн хэрэгсэл болон бусад зүйлээр туслахаа амлаад байна.

Мөн АНУ халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхээр голомтод ажиллаж буй эмч нарыг түргэвчилсэн оношлуур болон бусад зайлшгүй шаардлагатай хэрэгслээр хангаж байгааг Цагаан ордон ням гарагт зарлав.  Мөн хүчилтөрөгч үйлдвэрлэх болон өөр бусад арга замыг эрэлхийлж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Цар тахлын эхэн үед Энэтхэг Америк руу тусламж илгээсэн шиг бид хэрэгцээтэй үед нь Энэтхэгт туслах ёстой. Тиймээс Энэтхэгийн Covishield вакциныг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдээр нэн даруй хангах болно” гэв. Мөн АНУ эрүүл мэндийн шинжээчдийн багийг Энэтхэг рүү илгээхээр болжээ. Үүнээс гадна Герман улс эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлэхээр боллоо. Тус улс даваа гарагаас эхлэн Энэтхэгээс өөрийн улсын шинжилгээний сөрөг хариутай иргэнийг зөвхөн нэвтрүүлэх бөгөөд 14 хоног тусгаарлахаар болсон юм. Энэтхэгээс ирсэн гадаад иргэдийг Германд нэвтрэхийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа юм. Мөн Өмнөд Солонгос Энэтхэгийн аяллын журмаа чангатгажээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.27 МЯГМАР № 84 (6561)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.