• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Виктория Хатан хааны хайр ба өшөө авалт

2021-04-17 08:00

-Хатан хаан Виктория өөр ном бичин, түүндээ Брауныг сайнаар дурсан, номоо түүнд зориулжээ. Гэхдээ ном нь илүү товчхон-

 

З.БАТЦЭЦЭГ

Их Британийн Нэгдсэн Вант улсын  хатан хаан Виктория (1819-1901) нь 1937-1901 оны хооронд хаан ширээнд суусан билээ. Английн Виктория хатан хаан бусад хааны удмыхнаас тэс өөр байлаа. Хэрүүл шуугиантай, гаж этгээд, хөнгөн хийсвэр байсангүй. Түүний цорын ганц дутагдал бол- амттай хоол. Хүүхэд байхдаа хатуу гараар өсөж, бараг л ганц хатсан талх иддэг байсан нь хожим амттай хоолонд дурлагч болгожээ. Тэр тусмаа түүний амьдралд залуу, лалын шашинтай хүн орж ирхэд их гайхмаар. Тэр ч бүү хэл тэр залууд тансаг хүндэтгэл илэрхийлдэг, маш их бэлэг өгдөг байлаа. Хөгширсөн хойноо солиорсон юм болов уу? Гэхдээ түүнтэй уулзаж байсан хүн бүр түүнийг үхэн үхтэлээ эрүүл ухаантай байсан гэж ярьдаг. Бүр сонирхолтой нь гэрээслэлийн дагуу Викторияг нас барахад хажууд нь нөхрийх нь халаад, амраг Жоны хөрөг зургийг хийсэн. Харин Абдул Каримын юу ч байгаагүй. Олны нүдэн дээр тэгж их хайрлаж халамжилж байсан эр хүн, түүний амьдралд ямар орон зай эзэлж байгаагүй мэт.

 

Халамжит эхнэр

Түүнийг хаан ширээнд залах ёслолын дараагаас бараг л шууд ямар хүнтэй гэрлүүлэх талаар яриа гарав. Цаг хугацаа ч хангалттай байсан л даа. Виктория 18 настай хатан болсон. Хатан болмогцоо ээжийхээ өрөөнөөс нүүж, ганцаараа унтах шийдвэр гаргасан.

Түүнийг жаахан хүүхэд л байхад ирээдүйн хань ижлийг нь сонгож байсан. Түүнтэй чацуу үеэл Альберт, түүний холын хамаатан, нэг насаар ах, Голландын хан хүү Александр. Гүнж байхад нь аль алиныг нь түүнд харуулсан. Александрийн талаар тэрээр өдрийн тэмдэглэлдээ маш энгийн гэж бичсэн байжээ. Харин Альберт түүнд таалагдаж. Хоёр жилийн дараа Альбертыг Англид дахин авчирч, хатан хааны нөхөр болж чадах болов уу гэдгийг шийдэх болжээ. Уулзмагцаа бие биендээ маш их таалагдан, хэд хоногийн дараа хатан хаан өөрөө түүнд гэрлэх санал тавьжээ. Эсрэгээрээ байж болохгүй. Хааны удмыханд гэрлэх санал тавих хориотой. Альбертын гарал үндэс бас жаахан асуудал дэгдээсэн. Тэр үед Англид Германчуудын эсрэг үзэл газар авсан байсан. Тэгээд ч олны нүдэнд тэрээр Английн нэг хошуу нутагтай тэнцэх жижиг хэмжээний ядуу улсын ханхүү. Альбертын гурав дахь асуудал нь түүний зарим хамаатан католик шашинтай. Альберт өөрөө протестант л даа... Викториягийн хүрээллийхэн түүнд хунтайж хэргэм өгч болохгүй гэж үзэж байлаа. Ордонд түүнд мөн асуудал тулгарч байлаа. Түүний хэлснээр, өөрийгөө эр нөхөр гэж мэдэрч байсан ч, гэрийн эзэн гэж мэдэрч байгаагүй гэжээ. Бүгдийг Викториягийн хайртай захирагч Луиза Лецен шийддэг байлаа. Түүнийг шахаж, эхнэртээ нөлөөлөх нөлөөллөө ихэсгэхийн тулд түүнд багагүй хугацаа шаардагдсан. Эцэст нь тэрээр эхнэр, шинэ эх орондоо өөрийн байр сууриа эзэлж чадсан юм. Виктория нөхөртэйгөө 22 жил эв түнжинтэй, бүх зүйлд бие биетэйгээ зөвлөлдөж амьдарчээ. Хатан хаан есөн хүүхэд төрүүлсэн нь, бүгд насанд хүрчээ. Энэ бол Английн хааны гэр бүлд ховор тохиолдол. Судлаачдын үзэж буйгаар, Альберт хүүхдүүдийг зөв арчлах арга ухаан сайн судалсан, хүүхдүүддээ халамжтай хүн байжээ. Хунтайж Вестминстерийн ордныг засварлан, эхнэртээ улсын бичиг цаасны ажилд тусалдаг, янз бүрийн олон нийтийн ажилын ачааллыг хуваалцдаг, хатан хаанд төгс нөхөр болж чадсан юм.

Альберт 42 насандаа “гэдэсний хижиг” өвчнөөр таалал төгсчээ. Орчин үеийн судлаачдыг үзэж буйгаар ходоодны хорт хавдар байжээ. Викториягийн хувьд энэ том цохилт болов. Насан эцэстлээ нөхрийхөө араас гашуудаж байсан юм.

 

Зөөлөн амраг

 

Гэр бүлээрээ амарч байх гэж Альберт Шотландад Балморал цамхаг барьжээ. Энэ цамхагт Жон Браун үйлчлэгчээр ажил оржээ. Хатан хаан түүнд болон бусад үйлчлэгчдэдээ сайн ханддаг байлаа. Ер нь түүнд Балморал их таалагддаг, түүнд сайхан дурсамж төрүүлдэг байлаа. Альбертыг нас барсны дараа Браун хатан хааныг тайтгаруулдаг тухай яриа дэгдлээ. Энэ зүгээр нэг түр зуурын явдал байсангүй, тэрээр хатан хааны зүрх сэтгэлд 20 жил өөрийн байр сууриа эзэлжээ. Үүнээс болж зарим нэг нь хатан хааныг “миссис Браун” гэдэг байж. Хатан хаан байнга түүний хөрөг зургийг зурж, хамт зургаа авахуулж, нөхөртэйгөө хамт зургаа зуруулж байсан зураачаар хамтдаа зургаа зуруулахаар захиалж байжээ. Браун өөрөө хэзээ ч хувийн ашиг сонирхолдоо түүнийг ашиглаж байгаагүй байна. Тэрээр бэлэг авдаггүй, цол хэргэм нэхдэггүй, улс төрд оролцдоггүй байлаа. Гэсэн хэдий ч тэдний харьцаа олон хүний дургүйг хүргэдэг, ялангуяа хаан ширээ залгамжлах хүү нь их дургүй байлаа. Энэ хайрыг ойлгох боломжгүй. Гүн, адмирал биш, үйлчлэгч. Нас барсан нөхөртэй нь зүйрлэх ч юм биш. Альберт сахиусан тэнгэр шиг, харин Жон энгийн, бүдүүлэг царайтай. 57 насандаа Брауныг таалал төгсөхөд хатан хаан түүнд зориулж бүрэн хэмжээний баримал цутгуулжээ. Бүр түүний намтрыг нь бичиж эхлэв. Хүүхдүүд нь яагаад үүнд уурласныг мэдэхгүй, тэд гар бичмэлийг нь устган, хатан хааныг шүүмжлэн загнаж байлаа. Шулуун шударга, уяхан, үнэнч, зөөлөн Викторияг хүүхдүүд нь “гэр бүлийн гутамшиг” гэж загнасан нь түүнд том цохилт болжээ. Виктория өөр ном бичин, түүндээ Брауныг сайнаар дурсан, номоо түүнд зориулжээ. Гэхдээ ном нь илүү товчхон, Шотландад амарч байсан талаараа бичжээ. Гэхдээ ингээд хатан хаан тайвширна гэж бодсон бол хүүхдүүд нь ээжийгээ сайн ойлгодоггүй байж.

 

Өгөөмөр ивээн тэтгэгч

Өөрийх нь гэгээн, цэвэр хайрыг нь хараан зүхсэний хариуг тэрээр тун бодлоготой авчээ. Хариугаа авахын тулд тэрээр Энэтхэг зарц Абдул Каримтай танилцжээ.

Мухаммед Абдул Карим мэдээж хатан хааны хайрыг хүлээх хүн биш. Доод гаралтай зарц байхаас гадна тэрээр дэндүү залуу (24 настай), лалын шашинтай нэгэн. Викторияг 68 настай байхадаа түүнтэй танилцжээ. Тэрээр англиар сайн ярьж чаддаггүй, бичиж, уншиж хэзээ ч сураагүй. Гэсэн хэдий ч Виктория түүнийг Энэтхэгийн ажил хэргийн нарийн бичгээр томилон, “мунши” гэх нууцлаг хэргэм олгон, байнга түүнтэй ярилцан, бэлгээр түүнийг булж байлаа. Огцом өндөрлөгт хүрсэн залуугийн толгой эргэх нь тэр. Тун удалгүй тэрээр их зан гарган, бусад зарц нартай хамт амьдрахаас татгалзав. Хатан хааны ач охины хурим дээр тэрээр ирэхгүй, учир нь түүний зэрэглэлд таарсан суудал өгөөгүй хэмээн татгалзсан нь ихээхэн шуугиан дэгдээв.

Викторияд түүнийг шуналтай байна гэж байнга хэлдэг байлаа. Өрнөдийн жишгээр бол эзний ивээлд багтсан хүн өөртөө юу ч гуйх эрхтэй. Хатан хаан үүнийг тоодоггүй байлаа. Дотроо инээж байсан байх. Даруухан Жон Браун, нэг ч зоос гуйж байгаагүй тэр та нарт таалагдахгүй байл уу? Харин одоо чанга дуутай, ааштай, шуналтай Абдул ямар байна. Амттай байна уу? Ганц л зүйлийг Абдул гуйгаад авч чадаагүй юм. Виктория түүнд язгууртан гарал өгөхөөс эрс татгалзсан. Үнэхээр доод гаралтай хүн түүнд хэрэгтэй байсан мэт.

Гэхдээ Викториягийн үйлдлийг ганцхан анличууд биш, Абдул ч өөрөө сайн ойлгохгүй байлаа. Тэрээр хатан хаанд ямар хэрэгтэй юм бол? Орон дотроо дулаацах гэж түүнийг дууддаггүй байлаа, тэгээд ч нас өндөр болсон байв. Муухан англиар яриа өрнүүлчих зарц өөр хангалттай байсан. Абдул өөрийгөө Өрнө, Дорныг холбох онцгой үүрэгтэй хэмээн хатан хаанд урду хэл, хиндустани, Кораныг зааж эхлэв. Урду хэлээр хатан хаан түүнд зурвас бичин, “хайртай ээж нь” гэж төгсгөдөг байлаа.  Хэл сурч байгааг нь гэрийхэн нь буруутгаж байгаагүй ч, Коран сурч байгааг нь шашнаасаа уравсанд тооцож байлаа. Тэр хоёрын хоорондын харьцааны талаарх эргэн тойрны уур амьсгал хүндхэн болж байлаа.

1899 оны 11 сард мунши жилийн хугацаатай нутаг буцлаа. Эргээд ирэхэд нь хатан хаан их өвдсөн байжээ. Удалгүй  хатан хаан өөд болсон юм. Хатан хаантай салах ёс гүйцэтгэхийг нь зөвшөөрөөд, тун удалгүй түүнийг Энэтхэг рүү буцаан, бичсэн зурвасуудыг устгахыг шаардлаа. Викториягийн бүх бичиг цаасыг их шүүсэн ч, Абдул Каримтай холбоотой харьцааг түүхийн хуудаснаас арилгаж чадаагүй юм. Викториягийн өшөө авалт амжилттай болжээ. Шотланд зарц Жон Браун ямар эелдэг, шуналгүй байсныг хүүхдүүд нь их удаан дурсан ярьж байсан байх даа.

Эх сурвалж: www.goodhouse.ru

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.