“Вакцинжуулалт дуусч, тархалт намжсан үед хичээлийг танхимаар оруулъя”

2021-04-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Цар тахлын халдвар бүртгэгдсэнээс хойш бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа дэлхий нийтээрээ цахимд  шилжээд байна. Манай улс олон улсын жишгийг даган их дээд сургуулийн оюутнууд өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш цахимаар хичээлээ судалж байна. Гэвч олон жилийн турш танхимаар хичээллэж байсан Монгол Улсын тухайд цахим хичээл, зайны сургалт гэдэг багш болоод оюутнуудын хувьд томоохон сорилт болж, сургалтын чанарын тухай асуудлыг хурцаар хөндөх болсон. Нэг талаас оюутнууд техникийн болон бусад шалтгаанаас үүдэн цахим хичээлээ бүрэн дүүрэн судалж чадахгүй, зарим багш нар хичээлээ цаг тухайд нь оруулахгүй, ном, сургалтын материал хангалтгүй байгаа тул төлбөрөө бууруулахыг шаардсан. Харин нөгөө талаас их сургуулийн захиргаа болон багш нар цахим хичээл багшийн ачааллыг өмнөхөөс нэмэгдүүлсэн тул төлбөрийг бууруулах ямар ч боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Хичээлийн шинэ жил тун удахгүй дуусах гэж байгаатай холбоотойгоор халдвар намжсан ч оюутнууд танхимаар хичээллэх үү, эсвэл  үргэлжлүүлэн цахимаараа хичээллээд төгсөх үү гэсэн асуултын хариултыг олохыг хичээлээ. Оюутнуудын тухайд нэг хэсэг нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад танхимаар хичээллэхийг дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь хэдхэн сар сурахын төлөө хөдөө орон нутгаас очвол зардал их гарах тул цахимаараа үргэлжлүүлэн суръя гэсэн байр суурьтай байна.

 

ШУТИС-ийн гуравдугаар курсийн оюутан Т.Батдэлгэр: “Оюутны байр халдвар тархах эрсдэл өндөр”

 

-Тавдугаар сараас хичээл эхэлбэл хоёрхон сарын хугацаанд оюутны байр оюутнуудыг хүлээж авахгүй гэсэн. Тэгээд ч оюутны байранд 200-300 оюутан ариун цэврийн өрөөгөө хамт хэрэглэдэг тул халдвар тархах эрсдэл өндөр. Байранд амьдардаг хүүхдүүд өрөө түрээсэлж эсвэл айлд амьдарна. Ихэнх түрээсийн байр 1-2 сарын хугацаагаар суулгахгүй. Хамгийн багадаа зургаан сараар төлбөрөө төл гэдэг. Сарын төлбөр нь дунджаар 500-600 мянга, хажуу өрөө 250-350 мянга байдаг.

Нэмэлтээр барьцаа шаарддаг. Урсгал зардал нэмэгдэнэ. Хөл хорионы улмаас өрхийн орлого буурч төлбөрөө бүрэн төлж чадахгүй байгаа тул дээрх зардлуудыг төлөх боломж хомс. Оюутнуудын ихэнх нь хөдөө орон нутгаас очих тул нийслэлээс орон нутагт халдвар тархах эрсдэлтэй. Тиймээс сүлжээний асуудалтай, ном, сурах бичиг дутмаг ч гэсэн цахим хичээлээ үргэлжлүүлэн судлах нь зөв.


МУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан С.Мөнхгэрэл:“Танхимын сургалтын агуулгаас хоцорлоо”

 

-Караоке, паб, кино театр гэсэн олон хүн цугладаг халдвар тархах эрсдэлтэй газруудаа нээчхээд  их сургуулиудыг танхимаар хичээллүүлэхийг хориглоод байгааг ойлгохгүй байна. Миний хувьд нэгдүгээр курсийн хоёрдугаар улирлаас эхлээд цахимаар хичээллэлээ. Шинэ оюутан учир ойлгохгүй зүйлээ цаг тухайд нь багшаас биечлэн асууж, номын санд сууж нэмэлтээр судалж чадахгүй  хэцүү байна. Танхимын сургалтын агуулгаас маш их хоцорлоо. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд халдварыг намжаах тал дээр хийсэн зүйл юу ч алга. Эцэст нь төлбөрөө төлөөд юу ч сурч чадахгүй үлдэж байгаа оюутнууд хохирч үлдлээ. Биднийг халдвараас сэргийлж байгаа хэдий ч цахим хичээлээр бүрэн дүүрэн мэдлэгийг олж авч чадахгүй байгаа тул танхимыг хичээлийг эхлүүлж өгөхийг хүсч байна. Хувь оюутан маскаа тогтмол зүүж, гараа ариутган, сургууль, гэр гэсэн маршруттай явбал халдвар тархах эрсдэл тийм ч өндөр биш гэж бодож байна.


ХААИС-ийн гуравдугаар курсийн оюутан Б.Төрмөнх:“Дадлагын хичээлийг танхимаар оруулах хэрэгтэй”

 

-Арга ядлаа гэхэд дадлагын хичээл буюу практик хичээлээ танхимаар, онолын хичээлээ цахимаар ормоор байна. Багш нар болон тухайн газартайгаа биечлэн уулзаж, дадлагаа хийж байж чухал мэдлэгээ олж авдаг. Гэтэл хөл хорионы улмаас орон нутагт ирсэн учир дадлагаа хийх боломж алга. Байнга дата авч, өдөржин утас эсвэл нөтбүүк ширтлээ гээд сурсан зүйл алга. Дадлагын хичээлийг цөөн цөөнөөрөө цуглаад, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаад танхимаар оруулаасай гэж хүсч байна. Үгүй бол төлбөр төлсөн хэр нь сурсан зүйлгүй төгслөө.

 

МУБИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан С.Болортунгалаг: “Цахим хичээлээ үргэлжлүүлэн үзээд төгсье”

 

-Нэг сар орчим хугацааны дараа сургууль амарлаа. Халдварын тархалт өндөр байгаа үед цахим хичээлээ үзээд төгсөх нь зөв гэж бодож байна. Учир нь өнгөрсөн жилээс эхлэн цахимаар хичээллэж байгаа тул хичээлээ үзэхэд ямар нэгэн саад алга. Багш нарын цахим сургалтын чанар ч эрс сайжирсан. Олон төрлийн платформ ашиглан лекцээ үр дүнтэйгээр зааж, онолын хичээлээ тогтмол цахим сургалтын системдээ оруулж байгаа. Тиймээс халдвар намжаад тавдугаар сар гарсан ч цахим хичээлээ үргэлжлүүлэн үзэх хүсэлтэй байна. Цаг үетэй дасан зохицож, бэрхшээл ярих бус боломжийг эрэлхийлвэл цахимаар чанартай мэдлэгийг олж авах боломжтой.

Харин их сургуулийн удирдлагуудын зүгээс халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын явцаас хамааран сургалтыг танхимаар хичээллүүлэх нь оюутан болоод багш нарт үр дүнтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Энэ талаар МУБИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Х.Тамир “Халдварын тархалт буурч, вакцинжуулалт дуусчихвал төгсөх ангийн оюутнууд, дадлага хийх болон диплом бичих оюутнууд  танхимаар хичээллэх нь үр дүнтэй.  Онолын хичээл үзэж байгаа болон бусад курсийн оюутнууд ойлгохгүй зүйлээ багшаас асуух, үзсэн хичээлээ бататгахын тулд танхимаар хичээллэж болно. Гэхдээ таван сар гараад амралт эхлэх тул богино хугацаанд хичээл үзчихээд буцсанаас төгсөх курс, дадлага хийх оюутнууд Улаанбаатарт ирж, танхимаар хичээлэх нь илүү үр дүнтэй байх болов уу. Хичээлээ тогтмол, идэвхтэй үзэж байгаа оюутнуудын тухайд цахим хичээлдээ сэтгэл ханамж сайтай байна. Харин техник төхөөрөмжийн асуудал, интернетийн сүлжээнээс хамааран хичээлдээ идэвхтэй оролцож чадаагүй оюутнууд сэтгэл ханамж тааруу байна гэсэн судалгаа гарсан. Гэхдээ цахим хичээлийн үр дүнд  тухайн суралцагчийн бие даах чадвар гэсэн зүйл нөлөөлдөг” гэж ярилаа. Бусад сургуулийн тухайд мөн адил халдварын тархалт, вакцинжуулалтын явцаас шалтгаалан төгсөх курсийн оюутнуудыг танхимаар оруулах эсэхээ шийдвэрлэнэ гэсэн юм. Манай улс хүн амынхаа 60 хувийг долдугаар сардаа багтаан вакцинжуулж дуусгахаар зорьж байна. Тархалтыг хумьж, вакцинжуулалтаа хурдасгаж чадахгүй байгаа Засгийн газрын оновчгүй үйл ажиллагааны шанг хамгийн ихээр хүртэж байгаа нь өнгөрсөн жилээс хойш цахимаар хичээллэж байгаа оюутнууд юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.14 ЛХАГВА № 75 (6552)

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

Тайзан дээр Сычуаны уламжлалт дуурийн жүжигчин нүүрээ хормын төдийд сольж байна

12 цаг 4 мин
“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

15 цаг 17 мин
Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

15 цаг 25 мин
Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

16 цаг 33 мин
Зарим сургуулийн I ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь аюулгүй байдал, суралцах эрхийг зөрчиж байна

60-70 хүүхэд суралцаж, хүүхдийн аюулгүй байдал, суралцах эрх зөрчигдөж байгааг ХЭҮК онцоллоо

16 цаг 39 мин
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй

ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй

16 цаг 43 мин
“Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ

“Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ

16 цаг 45 мин
Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

17 цаг 47 мин
Түүхийн хөтөч: 1300 жилийн өмнөх шүдний сойз

1300 жилийн өмнөх шүдний сойз

19 цаг 1 мин
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

Эх сурвалжуудын мэдээллээр, намрын улс төр хараахан эхлээгүй байгаа гэнэ. УИХ-ын 2026 оны намрын ээ

23 цаг 17 мин