Иргэний нийгэм: 6.2 заалтаар бид газар нутгаа алдах эрсдэлтэй

2020-08-20
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан 6.1,  6.2 заалт  нь  улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний аюулгүй байдлыг хөндөхөөр байх тул эргэж харахыг  иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн зарим нам, хөдөлгөөнөөс шаардаж байв. Гэсэн ч   “байгалийн баялаг  төрийн нийтийн өмч” гэсэн  уг өөрчлөлт Ажлын хэсэг дээр ч, хэлэлцүүлгийн шатанд ч,  УИХ-ын чуулганаар ч  хэвээр батлагдсан. Үүний дараа иргэд,  иргэний нийгмийн байгууллагуудаас эрсдэлтэй заалтыг  даруй засч залруулах ёстой гэсэн шаардлагыг дэвшүүлж ирсэн. Иймд  УИХ-ын Тамгын газраас өчигдөр  “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ.  УИХ-ын гишүүд, хуульч, судлаач, иргэд, улс төрийн намуудын  төлөөлөл  50 гаруй хүн оролцов.

 

Х.Нямбаатар: Үндсэн хуулийн 6.2 заалтыг З.Энхболд оруулж ирсэн

 

Хэлэлцүүлэг өмнө товлогдоогүй, УИХ-ын Тамгын газраас   гэнэт зохион байгуулахаар  болсон.  Уг хэлэлцүүлгийн өмнөх өдөр  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудал, салбарын бодлогоо танилцуулахдаа

“Олон нийт Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг эсэргүүцэж, шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудал дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар хүртэл мэдээлэл хийж, Ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үүнд та тайлбар өгнө үү” гэсэн сэтгүүлчийн асуултад

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил сүүлийн 20-иод жил яригдаж, хөндөгдсөн. Өнгөрсөн жил парламент нэлээн урт хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэг дунд баталсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад үндэсний зөвшилцөл явагдсан. УИХ-д суудалтай, суудалгүй нам болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар гээд бүх талыг оролцуулсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд Ерөнхийлөгчийн талаас зөвшилцөх Ажлын хэсэгт орж ирж, тэр яриад байгаа 6.2 дахь заалтыг оруулж ирсэн. Үүнийг УИХ баталсан. Тухайн үед ямар агуулгаар хэлэлцэж, баталсан талаар хүмүүс огт дуугарахгүй байгаа юм. Тухайлбал, энэ яамны ширээ, барилга нь төрийн өөрийнх нь өмч юм. Баялаг зүйл бол төрийн нийтийн болон ард түмний өмч гэдэг агуулгаар оруулж ирсэн. Энэ агуулгаар лицензийг нэг агентлаг олгодог хэлбэрийг болиулж байгаа юм. Тэр лицензийг УИХ болон Засгийн газрын түвшинд олгодог л болж байгаа юм. Товч агуулга нь ердөө л энэ. Одоо Үндсэн хуулийг дагаж гарах хуулиуд орж ирнэ. Үүнээс өөр зүйл хэлж чадахгүй” гэж хариулсан.

ХЗДХ-ийн орон тооны зөвлөх, академич С.Нарангэрэл  “Хууль зүйн нэр томъёо бол шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй байдаг. Төр гэдэг нь хоёрдугаар утгаараа  улс  гэж явдаг. Тэгэхээр төрийн нийтийн өмч гэдэг нь бүх ард түмний хөрөнгө, улсын өмч гэдэг утгаар Ерөнхийлөгч санаачилж, УИХ баталсан. Үүнд эх орноосоо урван тэрслэх, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдалд өчүүхэн ч нөлөөлөх зүйл байхгүй гэдгийг би эрдэмтэн, судлаач, туршлагатай хуульчийн хувьд нийтэд хандан хэлмээр байна” гэсэн тайлбарыг хийж байсан юм.

 

Г.Занданшатар: Үндсэн хуулийн эсрэг сөрөг буруу үзэл санаа тараах нь гэмт хэрэг болно

 

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Төрийн нийтийн өмч гэсэн томьёоллыг 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, доктор, профессор Б.Чимид оруулсан. Монгол Улсын хэмжээнд 5000 гаруй ашиглалтын лицензээр ашиглагдаж байгаа. Энэ бол дэлхийн практикт байгаа зүйл. Манай улсад өмнө нь ч байсан. Одоо харин цэгцэлж байна гэж ойлгох хэрэгтэй.  Тиймээс өнөөдөр сэдэв болж яригдаад байгаа, Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг  газар нутгийг зарах нь гэж буруу ойлголт төрүүлж, утга санааг гуйвуулах нь  ор үндэсгүй зүйл. Хэрэв үйлдэл нь зохион байгуулалттай бол  Үндсэн хуульт төрийн эсрэг гэмт үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй. Газар өмчлөх тухайд зөвхөн Монгол Улсын иргэн л ийм  боломжтой. Төрийн нийтийн өмчийн  хувьд ялгаа бий. Төрийн нийтийн өмчийн захиран зарцуулах эрхийг зөвхөн УИХ эдэлнэ. Харин төр өөрийн өмчөө УИХ-аас асуухгүйгээр захиран зарцуулах, эзэмшүүлэх, ашиглуулах, түрээслүүлэх  эрхтэй. Ард түмний дундын өмч нэрээр эзэнгүйдүүлж, авлигач, олигархиуд дураараа дургиж байсныг л хазаарлах боломж хуулиар бүрдсэн. УИХ-ын хяналтад авчирсан. Өмнөхөөс илүү хяналттай болгож сайжруулсан. Ашигт малтмалын лиценз нэрээр Монгол Улсын газар нутаг эзэнгүйдэж байна гэсэн ард түмний шүүмжлэлийг хүлээж авч хараа хяналтыг сайжруулсан. УИХ-ын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байгаа учраас ийм хяналтыг бий болгож байгаа юм. Үндсэн хуулийн 6.2 заалт Монгол улсын эрх ашигт сөргөөр нөлөөлвөл би хариуцлага хүлээе. Харин үндсэн хуулийн эсрэг сөрөг буруу үзэл санаа тараавал энэ нь гэмт хэрэг болно. Тиймээс буруу ташаа ойлголт төрүүлж байгаа бол нэг ойлголттой болгох нь зүйтэй, тайлбар хийх хэрэгтэй” гэв.  

 

О.Мөнхсайхан: Энэ заалт  1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг харин ч тодотгосон

 

МУИС-ийн багш, доктор О.Мөнхсайхан үндсэн илтгэлийг тавьсан. Тэрээр илтгэлдээ   “Төрийн нийтийн өмч гэдэгт УИХ-ын даргын хэлсэн дээр нэмж тодруулан   тайлбарлая. Үндсэн хуулийн зүйл, заалт нь өөрөө шинжлэх ухаан байдаг. Тайлбарлая гэвэл нэг заалтыг тойрч ярихаас илүү хуулиа бүхэлд нь хардаг. Үзэл баримтлал, ерөнхий бүтэц, хэрэгжиж ирсэн түүх, судалгааны бүтээлүүдэд  суурилан тайлбарладаг. Тэгэхээр энэ бол  зөвхөн 6.2 заалтаар хязгаарлагдахгүй.

1992 оны Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэдэг заалт байсан. УИХ дээр хэлэлцэж байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 6.2-ын яг энэ өгүүлбэрийг хөндөөгүй байсан боловч 2019 оны долдугаар сарын 16-нд Ерөнхийлөгч энэ заалтын “төрийн өмч” гэдгийг “нийтийн өмч” гэж өөрчлөх санал ирүүлсэн. Тэгээд энэ саналыг тусгах үнэхээр шаардлагатай юу, мөн “нийтийн өмч” гэдэг үгийг шууд авахад хэт ерөнхий, эзэнгүй мэт ойлгогдох уу гэдэг асуудал яригдсан. Гэхдээ Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж аваад “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх санал гаргаж, УИХ дэмжээд баталсан. Энэ заалтын цаад агуулга нь нэгдүгээрт, төрийн нийтийн өмчийг буюу иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялгийг эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхийг Монгол Улсын ард түмний төлөөлөл болсон УИХ бодлогын хувьд шийдвэрлэнэ. Шаардлагатай бол Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэдийн санаа бодлыг асууж шийдэж болно. Монгол Улсын хувьд төр гэдэг бол өөрөө ардчилсан төр учраас үүний цаана ард түмний бүрэн эрхт байдал агуулагддаг. Хоёрдугаарт, “нийтийн” гэдэгт ямар санаа байна гэхээр Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс тэр газар, байгалийн баялгийн хувь заяаг шийдвэрлэнэ.

“Төрийн нийтийн өмч” гэдэг зөвхөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байхад зохиогдоод гараад ирчихсэн зүйл биш. 1996 оны тавдугаар сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар төрийн өмчийг ерөнхийд нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч гэж хоёр ангилдаг. “Төрийн өөрийн өмч” гэдэг тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд хөрөнгө, ширээ, сандал гэх мэт багтана. “Төрийн нийтийн зориулалттай өмч” гэдэгт иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялаг, ой, усны нөөц, ан амьтан зэрэг багтах жишээтэй. Энэ ангилал Монголд 24 жил хэвшсэн. Энэ тогтсон ойлголтыг Үндсэн хууль руу 2019 онд тусгаж тодруулсан гэсэн үг. “Төрийн нийтийн зориулалттай өмч” гэчихлээр арай урт, нуршсан нэр томъёо байсан тул товчлоод “төрийн нийтийн өмч” гэж заасан гэж ойлгож байгаа. Энэ заалт орсноороо 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй, өөрчлөөгүй. Харин тодотгож өгсөн. Өөрөөр хэлбэл, түрүүн хэлснээр ард түмний төлөөлөл болсон парламент энэ байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрын хувь заяаг шийднэ, бодлого тодорхойлно, ингэхдээ ард түмний нийтлэг ашиг сонирхлыг баримтална” гэж тайлбарлав.

 

Л.Мөнхсайхан: Байгалийн баялаг бүхий  газар  ард түмний мэдэлд,  төр  манаач нь гэж  ойлголоо, энэ зөв үү?

Үүний дараа асуулт, хариултын горимоор хэлэлцүүлэг өрнөхөд хуульч, өмгөөлөгч Л.Мөнхсайхан  “Үндсэн хуулийн 6.1 заалтаар Байгалийн баялаг, уул уурхайн бүх лицензийг өмчлөгч  нь ард түмэн гэж ойлгож болох уу”, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд байхаар гэжээ. Стартегийн бус ач холбогдолтой ордуудыг хэн эзэмших, өмчлөх эрхтэй вэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт  2020 оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.  Энэ хуулиар Монголын бүх  ард түмэн, өөрөөр хэлбэл  нийтийн өмч гэж байгаа хуулиар газрын хэвлий, түүний доорх ашигт малтмалын баялгийн лицензийн өмчлөгч мөн үү” гэдгийг хууль тогтоогчдоос асуусан. Мөн Үндсэн хуулийн зургадугаар зүйл тэр чигээрээ зөрчилтэй заалтууд байгаа. Зөвхөн нэг заалтаас үзэхэд байгалийн баялаг газар нь ард түмний мэдэлд байна гэж бий. Төр зөвхөн хамгаалах л үүрэгтэй, өөрөөр хэлбэл манаач юм байна гэж би ойлгож байгаа. Тэгэхээр  Үндсэн хуулийн 6.5-д зааснаар манаач  нь эзнийхээ өмчийг  гадаадын иргэн, харъяалалгүй иргэд, аж ахуй нэгжид ашиглуулах эрхийг эдлэх юм уу” гэж хууль тогтоогчдоос асуусан.

Түүний асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Сая О.Мөнхсайхан доктор тодорхой тайлбарууд хэлсэн. Нийтийн өмч дотор манай уламжлалт тогтсон хууль зүйн ойлголтод төрийн өмч, шашны өмч, нийтийн өмч бүгд багтж байгаа. Нийтийн өмчийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь л  төрийн өмч. Б.Чимид багшийн  оруулсан төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулийн ойлголтод ч ийм байгаа” гэж хариуллаа. 

О.Мөнхсайхан:

МУИС-ийн багш, доктор О.Мөнхсайхан дээрх асуултын хариуд “Байгалийн баялгийн өмчлөгч нь төр гэж ойлгож байгаа. Тухайн төр нь ард түмнийг төлөөлж байгаа. Гэхдээ байгалийн баялгаа хэн өмчлөх вэ гэдэгт өөр, өөрөөр нэрлэдэг. Миний мэдэхээр  гурван улс ард түмний өмч гэж нэрлэсэн байдаг, социалист дэглэмтэй улсад. Бусад улс шууд Үндсэн хуульдаа заадаггүй, бусад хуулиар зохицуулдаг. Совд багш үүнийг төрийн, нийтоийн өмч гэж нэрлэх чанад ахуйдаа ялгаагүй. Агуулга нь адилхан, төр шийдвэр гаргана гэсэн ойлголт нь байгаа” гэж байсан. Хуульд стратегийн орд, бусад ордыг хам руулсан ерөнхий зарчим байгаа. Түүгээрээ шийдэгдээд явна” гэсэн.

Д.Лүндээжанцан:

 УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан  “Төр гэдэг нь ард түмний зохион байгуулалт юм. Төрийн өмч гэдэг нэр томъёо нь 1992 оноос хойш хуульд хэрэглэгдэж эхэлсэн. Хэрэв “төрийн нийтийн” бус ард түмний мэдэлд байна гэвэл ард түмэн бүгд нэгдэн нийлж шийдвэр гаргах боломжгүй.Төрийн нийтийн өмч гэж байх ёстой болохоос биш нийтийн өмч гэж байх ёсгүй” гэв.

 

С.Ганбаатар:  Энэ хэлэлцүүлгээр Үндсэн хууль тайлбарлах эрх хэнд ч байхгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нийтийн өмч хулгайлагдсан 30 жил болсон. АНУ-д долоон хаус авлаа л гэнэ. Энэ нийтийн өмчөөр л авсан. Оюутолгой, Дубайн гэрээ, Бороо гоулд, 49:51 хувь, үндсэндээ 2783 лиценз санаа зовнихоор байдалд байгаа.

Энэ хүнд байдлаас болж, өнөөдөр ард иргэд санаа зовж байна. Бидний ирээдүй хойчийн өмч, бидний дундын өмч алдагдах вий гэдэг хүсэл зоригоо илэрхийлж байгаа” гээд “Тэгэхээр ард иргэд өнөөдөр Үндсэн хуулийн 6.2-оор  санаа  зовж байгаа энэ асуудал нь ард түмний нийтийн хүсэл зоригийг илэрхийлж байгаа хэлбэр үү, эсвэл төрийн эсрэг гэмт хэрэг хийх гээд зэхэж байгаа, гүтгэлэг тарааж байгаа  явдал уу. “Үндсэн хуулийн мэдлэг”  гэдэг нэртэй  Б.Чимид гуайн цэнхэр номд “Үндсэн хууль бол засаг, төрийн дур зоргоороо аашлахыг хязгаарлах гэж байдаг. Засаг, төр өөрөө 755 хуулиар ард түмнийг хуульчилдаг. Ганцхан хуулиар ард түмэн засаг, төрийг, шийдвэр гаргачдыг хазаарладаг, хязгаарладаг эрхтэй. Энэ хуулиа сахиж эрхээ эдэлье гэж хууль дээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байгаа явдал гэж би ойлгож байгаа. Өнөөдөр эрх баригчид Үндсэн хуулийн талаар ард түмэнд тэрийг нь ярь, тэрийг нь ярихгүй гэдэг явдал бол Үндсэн хуулиар засмаг, төрийн дур зоргыг хязгаарлах явдалд садаа болж байна гэж би ойлгож болох уу. Төрийн нийтийн өмч гэдэг чинь Монгол Улсын өмч гэсэн үг шүү дээ, ард түмний өмч гэсэн үг шүү дээ, ард түмний дундын өмч шүү дээ гээд яриад байх юм.

Тийм юм бол улсын өмч, ард түмний өмч гэдэг нэр томъёогоороо орчиход юу садаа болоод байгаа юм бэ. Үндсэн хуулийн тайлбарыг хэн хийдэг юм бэ. Үндсэн хуулийн тавдугаар зүйлд Монгол Улсын Дээд шүүх Үндсэн хуулиас бусад бүх хуулийн талаар албан ёсны тайлбар хийнэ гэж байгаа. О.Мөнхсайхан  доктор илтгэлдээ Үндсэн хуулийн тайлбарыг гагц  Цэц хийнэ, тэнд  гомдол гаргаж облно гэсэн нэг санааг хэлсэн. Тэгэхээр өнөөдрийн энэ хурал, хэлэлцүүлгээр тайлбар хийх эрх хэнд ч байхгүй.  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг байнга яриад байх юм. Тэр чинь Үндсэн хууль биш шүү дээ. Найман жил Үндсэн хуульд гар хүрч болохгүй гээд байгаа энэ хуульд гар хүрч болох уу” гэдгийг асууж байсан юм.

Төрийн ордонд өчигдөр 14:00 цагт эхэлсэн хэлэлцүүлэг 17:00 цагт дууссан юм. Цаг хугацаанаас хамаарч оролцогчид бүгд байр суурь илэрхийлэх , асуулт асуух боломж хомс байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.20  ПҮРЭВ № 160 (6385)

 

Элчин сайдын яамдаас мэдээлж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Барилга хот байгуулалтын Яам хамтран “

1 цаг 35 мин
“Хамтын эрэн сурвалжилга” Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн байгууллагуудад чиг

1 цаг 45 мин
“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

2024.3.26. Цахим сүлжээнд “…Хятадаас тус улсын мөнгөн тэмдэгтээр дүүргэ

1 цаг 45 мин
Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрү

1 цаг 50 мин
Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 28-нд “Генерал цолны 80 жилийн ой”-г тохиолдуулаад

1 цаг 55 мин
Монгол Улс ардчилалд ээлтэй эдийн засгийн бүтцээр хөгжих ёстой

 “Монгол Улс-Ардчиллын Баян бүрд” олон улсын хурлаар “Монголд тулгамдаж б

2 цаг 0 мин
Н.Наранцэцэг: Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах үүрэгтэй

​​​​​​​Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжил

2 цаг 5 мин
126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Монгол Улсын парламент ирэх зургадугаар сард болох сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болно.

2 цаг 10 мин
Ш.Хангал: Чихрийн шижинтэй хэрэглэгчийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор “Санжайн хишиг” компанийн захирал Ш.Хангалыг  урилаа. Түүнтэй ургамлын гара

2 цаг 15 мин
"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

16 цаг 46 мин