АН хэмээх нэр малгай болжээ

2020-08-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ЗОТОЛ

 

Ардчилсан хөдөлгөөн, тэр давалгаанд  үүсч бий болсон  Ардчилсан нам,  түүний гишүүдэд  хүчтэй явсан үе бий. 1990 онд тэд 70 жил дангаар ноёрхсон нэг намын тогтолцоог халсан. Яг л архирч байгаа арслангийн аманд гараа хийж эргүүлэхтэй адил. Ардчиллыг хэрэгжүүлэх явцад гарсан алдааг  нь эс тооцвол тэд Монголоо сэрээж, өөрчилж чадсан. Харамсалтай нь одоо  Ардчилсан нам  хэвтэрт орчихлоо. Хэзээ мөдгүй “амь тавих” гэж байгаа мэт тийчлэхээс өөрийг хийж чадахаа больжээ. Тиймээс  АН-ын тухай өнөөдрийн сэдвүүд хөвөрч байна.

Өнөөдөр “АН” гэх нэр малгай л болж. Дотроо эцэс төгсгөлгүй  бужигнаастай. Хорхой шавьжаар бол тэр дотор бусдыгаа гэрэлтүүлчих бүдүүн цох ч алга. Чарлаж байгаа дуу нь хүртэл нарийнхан жул. Залуусын зүгээс  “Хөгшчүүл тэтгэвэртээ гарч гэртээ суу,  ач зээгээ хар” гэх. Хөөгдөгсөд дотор нь ч зангарагтайхан дуугарсан хүн одоо хэр нь алга. Хэлж ярьж байгаа нь хэрүүлийн чанартай.  “Хийе, бүтээе”  гэж зориг нэмэх, ханцуй шамлаад урд нь гарах  лидерээр  Ардчилсан нам өлсч байна.

Энэ асуудлаар Ардчилсан намын үндэсний бодлогын хороо нь саяхан хуралдсан. “Тулгамдаж байсан  асуудлуудаа шийдэж чадлаа. Сонгуулийн дараалсан ялагдалд дүн тавьж, өөрчлөлт, шинэчлэлийн ажлыг эхлүүллээ. Их хурлаа ирэх   арваннэгдүгээр сарын 16-нд  товлолоо” гэж зарласан. Чухам юу хийх тухайд тодорхой зүйл  хэлсэнгүй. Эхлүүлчихээд дундаас нь  зогсоосон намын даргын сунгаа, түүнд бүртгүүлсэн найман нэр дэвшигч цаашид яах  нь бүрхэг.  Гэсэн атал 180 мянган гишүүнтэй том  нам учраас  хүний нөөцийн хувьд  хангалттай. Лидерээ дотроосоо төрүүлнэ гэлцсэн. Хэлэх амархан ч  хийх хэцүү. АН-ын экс дарга нараас Ц.Элбэгдорж, 

З.Энхболд, С.Эрдэнэ нар ямар байсныг намын гишүүд, жирийн иргэд ч сайн мэднэ.  Зарим нь тусдаа  “Вант улс”-тай,  хэмжээгүй эрхт хаан шиг авирласаар намаа ялагдуулсан.  180 мянган гишүүнтэй энэ намыг   эрх мэдлийн дэнчинд “Тохиролцооны  мухлаг”  болгож таван хүний амиар таван сайдаар суудал  наймаалцсан нь ч  бий. Нам гэдэг өс хонзон авах  талбар  мэт аашилж, цаазын гүйцэтгэгч шиг байсаар  бүрэн эрхээ дууссан нь ч байна. Харин Н.Алтанхуягийн хувьд эдэн дундаа хавьгүй илүү нь  байсан. Улстөрчийн замнал,  туршлагаар ч тэр. Түүн шиг таван Засгийн газарт сайд хийж, тав дахь удаад нь  Ерөнхий сайд  болж  засаг удирдсан улстөрч АН-д үгүй. Бас Ардчилсан намынхан Н.Алтанхуягийн үед л УИХ-д хамгийн олон суудал авч үзсэн.

Ардчилсан хөдөлгөөнүүд, ардчилсан угшилтай намууд, партизан тэмцэгч, бүлэглэл, фракцуудтай үг хэлээ ололцож чаддаг байсан учраас тэр АН-ын  “Наалдан пад”  байв. Бас нэг давуу тал нь баг сайтай, тэд нь ч  сайн ажилласан.

Генсекүүд  дотроос  Д.Эрдэнэбатын үед АН  дээшээ ахисан. Дэвшүүлсэн  бодлого зорилтуудыг нь ч муугүй   үр дүнд хүргэсэн. Нийслэлийн АН-ын  даргын тухайд  Э.Бат-үүл,  энэ албыг НИТХ-ын даргын ажилтай давхар хашсан Д.Баттулга нар  “Нохойд барьдаг мод” гэгчээр намынхаа сайн, мууг нуруундаа үүрч явсан. Сая АН-ын шинэчлэлийн хорооны залуус  БЗД-ийн АН-ын дарга байсан Д.Пүрэвдавааг  Нийслэлийн АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болголоо. Жинхлэх эсэхийг гишүүд нь мэднэ. 

Ардчилсан намын гол зарчим бол олуулаа хэлэлцэхэд оршдог гэж гишүүд нь хэлдэг. Гэвч одоо ярьж буй шинэчлэл нь бүх гишүүдийн хурлаар биш хэдхэн хүний бодлоор явагдаж байгаад  намын жирийн гишүүд нь бухимдах болжээ. Энэ янзаар АН-ыг  өөрчлөгдөх байх  гэсэн  найдлага бөхөх тийш сүүтийж байна. Нөгөө талаас АН дотроо  учраа олохгүй бужигнахад өрсөлдөгчид нь баярлах биш бас л толгойны өвчин болчихоод байгаа юм. Ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Анхдугаар чуулганы индрээс МАН, АН хоёрын  тухайд  хэлсэн  нь  “ хамтарч иддэг МАНАН шүү” гэснээс өөрцгүй сонсогдоод байснаас биш   бас ч бодууштай. Тэрээр “МАН, АН хоёр Монголын улс төрд хос багана шиг явах учиртай. АН байгаа цагт МАН байна. МАН байгаа цагт АН байна. Ээлжит сонгуулийн дүнд УИХ-д  есөн суудал авсанд нь баяр хүргэе” гэсэн. Ер нь бол хүчтэй сөрөг хүчин бусдыг ямагт хөгжүүлж, урагшлуулж байдаг. Ардчилсан нам  байгаа учраас Ардын нам  шинэчлэгдэж, хөгжиж  улам хүчтэй болж  ирсэн.Тийм болохоор Ардчилсан нам байх нь Ардын намд ашигтай.  Цаашилбал, Ардчилсан намгүйгээр Монгол Улс  хөгжихгүй. Тиймээс   хөл толгойгоо олохгүй байгаа АН-ын асуудал   хэн бүхний анхаарлыг татахаас   яах билээ. Хэвлэл, мэдээлэл, сошиал орчинд тус АН-ыг шинэчлэгдэж хөл дээрээ босохыг ерөөсөн,  өөрчлөх тухайд үзэл бодлоо уралдуулж санаа бодлоо  нэмэрлэсэн, бас  гутаан доромжлох нэгэн ч байна. Морь  хэдий хурдан ч ташуурдах тусам хурдалдаг. Монголчууд ардчилалд хайртайдаа АН-ыг харааж зүхдэг ч  байж магадгүй. Одоо л хөл дээрээ бат зогсч авахгүй  бол АН  юун 2024 он, өнөөдөр ч нүд анихад бэлэн байна. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.12  Лхагва № 154 (6379)

 

Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

22 цаг 39 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

22 цаг 39 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Уржигдар 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Уржигдар 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Уржигдар 13 цаг 08 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

Уржигдар 12 цаг 58 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

Уржигдар 12 цаг 58 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Уржигдар 06 цаг 00 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

Уржигдар 06 цаг 00 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

2026-04-21