Ц.МЯГМАРБАЯР
Ард түмэнтэйгээ ямагт ойр байдаг МАХН сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол орныг хоёр удаа тойрч, иргэдэд Шинэ дээд хуулийн үзэл санааг тайлбарлаж, уг хуулийн төслийг дэмжсэн хагас сая хүний саналыг аваад байгаа улс төрийн хүчин юм. Орон нутагт намынхаа анхан шатны байгууллагыг бэхжүүлсэн тус намаас “Төр засгийг үндсээр нь өөрчилье, Түмэн олноо өрнөөс чөлөөлье” сургалт өдөрлөгийг орон даяр явуулахаар төлөвлөжээ.
[caption id="attachment_71867" align="aligncenter" width="1260"]

Өвөрхангай аймгийн МАХН-ын Түмтийн дарга Ч.Цэндээ Хархорин суманд “Төр засгийг үндсээр нь өөрчилье, Түмэн олноо өрнөөс чөлөөлье” сургалт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.[/caption]
Өвөрхангай аймаг дах намын хорооноос өнгөрөгч сарын 28, 29-нд уг сургалт, өдөрлөгийг Хархорин суманд зохион байгуулсан юм. Өдөрлөгийн хүрээнд хурдан дааганы уралдаан, сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Монгол Улсын анхны нийслэл Хархориныг хоёр дах шинэ нийслэл болгох төслийг танилцуулах ард түмний уулзалт, гал тахих ёслол, “Эрдэнэ зуу” хийдэд төр шашиныг хослуулан түвшитгэх ном болох “Мандал” өргөх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Нарийн бичгийн дарга Б.Тулга, Дэд дарга С.Ганбаатар, гүйцэтгэх товчооны гишүүд, аймгуудын намын дарга нар гишүүд дэмжигчид оролцлоо. Энэ үеэр тус аймгийн МАХН-ын Түмтийн дарга Ч.Цэндээ, Ё.Бямбатогтох, Архангай, Төв аймгийн Мянгатын дарга Б.Ганцэцэг, О.Буяннэмэх Хөвсгөл, Баянхонгор аймгийн Түмтийн дарга Э. Магнайбаяр, Ж.Ганзул, Дархан-Уул аймгийн Мянгатын дарга Д.Араажав нар бай шагналыг ивээн тэтгэж, дааганы уралдаан зохион байгуулсан юм.
Нар ивээсэн намрын налгар өдрүүдэд дааганы уралдаан болсон нь ихэд сонирхолтой байлаа. Өвөрхангай, Архангай, Төв аймгийн залуу уяачдын сойсон 20 гаруй хурдан даага гарааны зурхай руу хөдөлж барианд орсон юм. Орон нутгийн иргэдэд хамгийн их эрэлттэй бараа гэгддэг мотоцикль, хөлдөөгч, сансрын антенн, зурагт зэрэг бай шагнал өндөр зохион байгуулалт сайтай уралдаан болсон юм. Архангай аймгийн, аймаг сумандаа хурдалж айраг, түрүү авч байсан хурдан дааганууд айргийн тавд хурдалсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын С.Цэрэннадмидын бор түрүүлж, мөн аймгийн Өгийнуур сумын н.Шижирнасангийн хүрэн, Хашаат сумын уяач З.Алтансүхийн сартай хүрэн гурвалж, удаах байранд Төв аймгийн Эрдэнэсант сумын Б.Мандалбаатарын хүрэн алаг удаалж, Архангай аймгийн Цэнхэр сумын О.Өлзийбаярын хар тус тус айрагдаж наадамчин олноо баясгасан юм. Арханхангай аймгийн Түмтийн дарга Б.Ганцэцэг түрүү даагыг мотоциклиор байлсан бол II, III байрыг Өвөрхангай аймгийн Түмтийн дарга Ч.Цэндээ, Баянхонгор аймгийн Түмтийн дарга Ж.Ганзул нар малчны хөлдөөгчөөр байлсан юм.
Мөн IV, V байрын даагыг Өвөрхангай аймгийн Мянгатын дарга Ё.Бямбатогтох, Хөвсгөл аймгийн Түмтийн дарга Э.Магнайбаяр нар 21 инчийн зурагт, сансрын антенн зэргээр тус тус байллаа. Өвөрхангай аймгийн Түмтийн дарга Ч.Цэндээ “МАХН-аас зохион байгуулж буй “Төр засгийг үндсээр нь өөрчилье, Түмэн олноо өрнөөс чөлөөлье” өдөрлөг амжилттай сайхан болж байна. Өдөрлөгт Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул, Төв, Баянхонгор, Өвөрхангай аймгийн дарга нар оролцлоо. Манай аймгийн дарга нар байг ивээн тэтгэж гардуулж өгснөөрөө бид ард түмэндээ ойр байж, тэднийхээ үгийг сонсч аж амьдралыг нь судалж байгаа нь бусад намаас ялгарч буй давуу тал юм. Түүнчлэн өдөрлөг, уулзалтад манай намын удирдлагууд өндөр ач холбогдол өгч оролцсон нь онцлог байлаа” гэж ярьсан юм.
Өсвөрийн хүүхэд залуучуудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан нь хөдөө орон нутгийн залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлсэн арга хэмжээний нэг болсон. Манай багуудын тамирчид аймгийн лигт тоглодог чадварлаг хүүхдүүд. Улс, аймгийн чанартай тэмцээнд эхний байруудад шалгардаг гэж тус сумын Спортын ордны дасгалжуулагч багш Г.Батбаяр ярьж байв. Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 16 баг оролцсонооос охидоос “Орхон” сургуулийн баг I байранд, II, III байранд “Соёл”, “Дэлхийн өв” багууд шалгарсан бол эрэгтэйчүүдээс эхний гурван байрыг “Хархорин”, “Мандалын овоо”, Ус сувгийн багууд тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медалийг мөнгөн шагналын хамт МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын удирдлагуудаас гардан авсан юм. Гар бөмбөгийн тэмцээнд 26 баг оролцож, эрэгтэйчүүдээс I, II, III, байрыг Спортын ордоны баг, “Дэлхийн өв”, цагдаа болон онцгой байдлын хамтарсан баг эзэлж, өрсөлдөөн ихтэй сонирхолтой тоглолтоор оролцогчдоо хөгжөөсөн юм. Эмэгтэй багуудаас I, II, III байрыг “Соёл”, Ус сувгийн, “ 800 дэлгүүр”-ийн багууд орж алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналыг аймгийн намын дарга нараас гардан авсан юм.
Хархоринд 100 мянган айлын орон сууц бүхий Монголын шинэ нийслэл сүндэрлэнэ
Монголын эртний нийслэл Хархорин сумын баруунтай сүндэрлэх Монголын нүүдэлчин ард түмэнд зориулан босгосон их гүрнүүдийн хөшөөнд МАХН-ын удирдлагууд гишүүд, дэмжигчид хүндэтгэл үзүүлж гал тахих ёслол үйлдсэн юм. Хөшөө болон гал тахих ёслолын талаар түүхч, судлаач А.Төмөр-Очир ярихдаа “Энэ хөшөө нь Нүүдэлчин монголчуудад зориулан босгосон их гүрнүүдийн хөшөө. Хүннү гүрэн, Их Түрэг улсын, Монголын эзэнт улс байгуулагдсан цогцолборуудтай.Энэ газарт Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хот байгуулагдаж дэлхийн нийслэл болж өргөжсөн түүхтэй. Түүхэн сударт Орхон голын хөндий нь Монголын бүх овог аймаг суурьшиж байсан газар гэдэг.
Дэлхийг эзэлж явсан Монголын агуу их гүрэнд зориулан Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор уг хөшөөг босгосон юм” гэв. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2003-2009 он хүртэл ажиллаж байхдаа Орхоны хөндийг Юнеско-гийн дэлхийн өвд бүртгүүлсэн гэдгийг тодотгож байв. Монголчууд эртнээс галаа тахиж, шүтсээр ирсэн ард түмэн.Бидний тэнгэртэй харилцах гол шүтээн нь гал голомт хэмээдэг. Энэ утгаараа Монголын эзэнт гүрний гал голомт болсон Орхон голын хөндийд Монголын их гүрнүүдэд зориулсан хөшөөнд гал тахих ёслолыг ийнхүү үйлдсэн юм.

Монгол төр мөнхөд оршихыг агуулахын зэрэгцээ гурван жил тутамд галаа тахиж цэнгүүлэх ёстой. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын төр мөнхөд эв нэгдэлтэй бат бөх мандан бадарч байхыг билэгдэж тахилгаа эхлүүлсэн. Ирээдүйд Хархорин хотод 100 мянган айлын орон сууц сүндэрлэж, “Их хуралдайн” дээд, доод танхим буюу одоогийнхоор парламентын ордон байрлаж, мянганы төмөр зам ашиглалтад орж, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, эрүүл мэндийн оношлогооний төвүүд төвлөрч шинэ хот бий болно хэмээн ярьсан юм. МАХН-ынхан өдөрлөгийн хүрээнд “Эрдэнэ зуу” хийдэд зочилж төр шашиныг хослуулан түвшитгэх “Мандал” өргөх ёслолд оролцсон юм. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй намын гүйцэтгэх товчооны гишүүд сумын иргэдтэй “Төр засгийг үндсээр нь өөрчилье, Түмэн олноо өрнөөс чөлөөлье” уулзалт хийж, Хархорины түүхэн замнал, түүх, соёл, шинэ мянганы төмөр замын төсөл, ирээдүйн хотын талаар аймгийн намын дарга нар илтгэл тавьж улмаар Шинэ дээд хуулийн төслийг танилцуулав. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар харилцан ярилцаж одоогийн нийгэм, эдийн засгийн харилцааг энэ хууль хангахгүй байгааг хүлээн зөвшөөрч байв.
Түүнчлэн ирээдүйн шинэ нийслэлийн төсөлтэй танилцсан Хархоринчуудын сэтгэлд гэгээ татаж МАХН-д итгэх итгэл дүүрэн байлаа. Уулзалтад оролцсон иргэд ярихдаа “Ард түмнийхээ төлөө биелэгдэх үндэслэл сайтай хөтөлбөр боловсруулж, Хархоринчууд биднээс дэмжлэг хүсч бидэнд урам өгч байгаа МАХН-ын шинэ нийслэл хотын төслийг дэмжиж батлахаас өөр аргагүй. Монголын ард түмний амны хишиг ардаа арай гараагүй байна. Тиймээс аманд орсон шар тосыг хилээрээ түлхэж болохгүй гэдэгтэй адил ирэх оны сонгуульд сэрж, сонголтоо зөв л хийх хэрэгтэй. Бид хоёр улс төрийн хүчинг ээлжлэн сонгосноор үр дүн нь ямар байгааг өрх бүрийн амьдралаас харж болно. “Төр засгийг үндсээр нь өөрчилье, Түмэн олноо өрнөөс чөлөөлье” уриалгад Хархоринчууд заавал итгэх хэрэгтэй гэж байлаа.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.3 № 196 (6163)