“Уламжлалт анагаах ухааны салбарт инноваци хөгжүүлэх боломжтой”

2019-09-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн багш, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх эмч С.Сээсрэгдоржтой ярилцлаа.   -Шинжлэх ухааны академийн ажилтнууд энэ сарын 26, 27-нд чуулах гэж байна. Үр дүн, ач холбогдлыг та юу гэж дүгнэж байна? -Түүхэндээ анх удаа чуулган зохион байгуулах гэж байгаа нь маш том алхам юм. Улс орны, нийгмийн хөгжилд тун чухал ач холбогдолтой шийдвэрүүд гарна гэж бодож байна. Аливаа улсын хөгжлийн түвшин шинжлэх ухааныхаа хөгжлөөр тодорхойлогддог. Сүүлийн үед манай улс шинжлэх ухаан руу анхаарал тавьж байна. Эрдэмтэн, судлаачдаа сонсч, ажилтай нь танилцдаг боллоо. Анхны  чуулга уулзалтыг Төрийн ордонд, ингэхдээ   тодорхой зорилго чиглэл тавьж хийж байгаа нь эрдэмтэн, судлаач бидний хувьд тун бахархалтай байна. Олон асуудлыг тал талаас ярьж, шийднэ гэж харж байгаа. Иймээс хүлээлт их байна. Шинжлэх ухааны бүхий л салбарт боломж нөхцөл, харилцаа хамтын ажиллагааг нээх байх. Уялдаа холбоог нь нарийсгаж, улам сайжруулах байх. Судалгаа, шинжилгээний байгууллагад хуваарилдаг төсөв, зардал бага байгааг эрдэмтэн, судлаачид бүгд ярьдаг. Хөгжингүй орнууд төсвийнхөө хоёр хувийг шинжлэх ухаандаа зарцуулдаг бол манай улсынх  0.1 хувь байгаа. Тэгэхээр одоо болох чуулганаар салбарынхаа эдийн засаг, бүтэц, зохион байгуулалт, төсөл хөтөлбөр, гадаад дотоод харилцаа, шинжлэх ухаан, технологийн парк гэсэн асуудлыг чуулганаар хөндөж, цаашдын хөгжлийн гарааг эхлүүлэх болов уу. Ер нь бол шинжлэх ухааны салбарын  ойрын 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг чуулганы индэр дээрээс, дараа нь гарах тогтоол шийдвэрүүдээс харж болох байх гэж  найдаж байна. -Төр, засгийн зүгээс бүх салбарт шинжлэх ухаанч бодлого баримталъя, улс орноо шинжлэх ухаанчаар хөгжүүлье гэж байна. Тэгвэл бид өнөөдөр гарааны ямар нөхцөл дээр зогсч байна вэ? -Улс орны хөгжлийн гарцыг тодорхойлох, бэрхшээлийг даван туулахад шинжлэх ухаанаа хөгжүүлсэн улс орнууд давуу талтай байгаа. Уламжлалаас авч үзэхэд “Эрдэмтэй хүний ноён нуруу уул мэт болбоос  ард түмэн жаргаюу”, “Эрдмийг хурааваас далай болно” гэхчлэн монголчууд эртнээс шинжлэх ухааныг илүү гүнзгий таньж мэдэж, ойлгож ухаарч, эрдмийг илүүтэй хүндэлж ирсэн ард түмэн. Орчин үед дэлхий нийтээр инновацийн талаар ярьж байна. Энэ чиглэлд бид нэг талаар хоцрогдож яваа. Инновацийн хөгжлийн дотор нано хэмжээст судалгаа, шинжилгээний ажлын талаар сүүлийн 50 гаруй жил ярьсан бол сүүлийн үед пикотехнологи нэвтэрч эхэллээ. Нанотехнологийн хэмжээсийг сая хуваасантай тэнцэх маш нарийн нэгжээр орчин үеийн шинжлэх ухаан судалгаа, шинжилгээ явуулж хурдацтай хөгжиж  байна. Тэгэхээр бид бүхэл бүтэн нэг үеийг алдчих гээд явж байна шүү дээ. Тиймээс богино хугацаанд улс орнуудын  хөгжлийн хурдыг хөөх шаардлагатай болж байна. Ялангуяа, мэдлэгт суурилсан эдийн засаг руу түлхүү анхаарч, эрдэмтэн судлаачдынхаа мэдлэгийг мөнгө болгож хувиргах  нь чухал юм. -Та инновацийн чиглэлээр  хоёр ч бүтээгдэхүүн гаргасан. Анагаах ухааны салбарт инноваци хийх боломж, нөөц хэр байна вэ? -Би уламжлалт анагаах ухааны хүн. Уламжлалт анагаах ухааны мэдлэг, энэ чиглэлийн судалгаа, эмч мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд суурилан “Оюутолгойгоос 4-5 дахин илүү орлого олох бололцоо уламжлалт анагаах ухаанд байна” гэж академич Ш.Болд хэлсэн байдаг. Энэ бол цээжнээсээ гаргаад тавьчихсан тоо биш. Тооцож боддог томъёоллоор энэ хувилбарыг нь гаргаж тавьсан байх. Тэгэхээр уламжлалт анагаах ухааны салбарт энэ хэмжээний инноваци байна гэж харагдаж байна. Анагаахын их сургуулийн багш хүний хувьд байх ёстой хамгийн чухал  үүрэг  бол нэгдүгээрт, хүн чанар, ёс зүйн асуудал, дараа нь сайн багш, сайн эмч байх ёстой. Мөн эрдэм шинжилгээний ажил байна. Аль нэгийг түрүүнд тавих бус бүгдэд нь адил тэнцүү оролцох ёстой. Ялангуяа, сүүлийн жилүүдэд судалгаанд суурилсан их сургууль болохоор манай АШУҮИС-ийн хамт олон  ихээхэн анхаарал хандуулан ажиллаж улс орны хэмжээнд тэргүүлэх эгнээнд явж байгаа. Энэ хүрээнд би судалгаа шинжилгээний ажлыг басчгүй эртнээс эхлүүлжээ. Гэхдээ энэ бол багш болгоны хийдэг ажил. Монголын уламжлалт анагаах бол дээдсийн минь хийж бүтээсэн соёл, шинжлэх ухааны арвин  өв сан юм. Уншиж судлах юм бол тэнд анагаахын шинжлэх ухааны цаашдын хөгжил, гарц, нөөц, нууц  юу вэ гэдэгт хариулт болох их хөрөнгө бий. Аливаа судалгааг сайн бодож судалж төлөвлөж хийх хэрэгтэй байдаг. Энэ талаар олон улсад ч манайд ч тулгамдаж байгаа асуудал бол гэмтэл бэртэлд өгчих дотоодын бүтээгдэхүүн алга. Түүнчлэн ясны сийрэгжилт гэдэг чимээгүй цагаан тахал хүн амын өвчлөлийн дунд аль ч оронд өндөр байна. Эдгээр өвчнийг  анагаах юу байгаа талаар нөгөө өв сангаасаа ухсан хэрэг. Энэ талаар сурвалж тайлбар бүтээлүүдэд ургамал, эрдэс, чулууны талаар тодорхой бичиж бидэнд үлдээжээ. Эдгээрээс олон талаас нь шүүн тунгааж судалгаа бүхий сонголт хийж эмийн жоншинд суурилж бусад цөөн тооны нөөц сайтай эмийн түүхий эдүүдийг нэмж шинэ жор үүсгэж судлаад түүндээ тулгуурлаж   “Остеокальци-5” бүтээгдэхүүнийг гаргасан. Энэ бүтээгдэхүүнийг ЭМЯ-ны ёс зүйн хорооны зөвшөөрөлтэйгөөр ГССҮТ, СХД-ийн эмнэлэгт судлан нотолгоожуулж гаргасан одоо өргөн хэрэглэж байна. Шинжлэх ухааны байгуулагуудын оны тэргүүний шагнал ч хүртсэн. “Остеокальци-5” шиг ясны бэртэл, сийрэгжилтэд хам байдлаар үйлчилдэг эм бэлдмэлийн талаар олон улсад одоохондоо мэдээлэгдээгүй байна. Түүгээр ч үл барам энэ бүтээгдэхүүн ясны бас нэг аюултай остеомиелит  буюу ясны идээт үрэвсэлд үр дүнтэй байна.  Ийм оноштой группэд байсан 10 жил дараалан хагалгаанд орсон хүн хэрэглээд эдгээд группээсээ гараад ажил төрлөө хийгээд явж байна.  Энэ бүтээгдэхүүний давуу тал нь шинэ яс үүсэх явцыг дэмжиж, ясны задрал, үрэвслийг дарж, дархлааг дэмжиж, өвдөлт намдааж, биеэс хорт бодисыг зайлуулдаг гэсэн олон чухал үйлдэлтэй. Бусад ижил төстэй бүтээгдэхүүнд илэрдэг сөрөг нөлөө үүсдэггүй онцлогтой.  -Хоёр дахь бүтээгдэхүүнээ мөн жоншноос гаргаж авсан шинэ жор уу? -Мөн л эмийн жоншин дээр суурилж ходоодны улайлт, шарх, шалбархай, үрэвсэл болон цээж хорсох шинжээр илэрдэг ходоодны сөргөө өвчинд хам байдлаар үйлчилдэг ходоод, улаан хоолойн хүчил шүлтийг богино хугацаанд тэнцвэржүүлдэг “Антацидкальци-6” гэдэг бүтээгдэхүүнүүдийг гаргаж авсан. Энэ бүтээгдэхүүн хеликобактерит нөлөөлж байна гэсэн лабораторийн шинжилгээний дүн гарсан байдаг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн мөн олон талын хамтарсан үйлдэлтэй өргөн хүрээний үйлчилгээтэй, ижил төстэй гадаадын олон бүтээгдэхүүнийг орлох боломжтой нь тодорхой байгаа юм. Эдгээр бүтээгдэхүүнд олон үе шаттай судалгаа, шинжилгээ хийж үр дүн нь эрдэмтдийн зөвлөлийн болон мэргэжлийн байгуулагуудын олон удаагийн хурлаар шүүгдэж гарч ирсэн  эмнэлзүйн судалгаа нь ЭМЯ-ны ёс зүйн зөвшөөрөлтэйгөөр манай орны Гэмтэл согог судалын үндэсний төв, АШУҮИС-ийн “Эрхэс” поликлиник гэсэн төрөлжсөн нарийн мэргэжлийн томоохон эмнэлэгт хийж баталгаажсан.  Цаашид улсын хэмжээний төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт нэвтрүүлэхсэн гэсэн бодол бий. Тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Ж.Цогцэцэг инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх тушаал гаргаж байсан. Гэтэл тэр нь шууд хэрэгждэг биш юм байна. Энэ нь хууль эрхзүйн асуудлуудтай холбоотой  заавал тендерт орсон байх ёстой гэх мэт шаардлага тавьдгаас эмнэлгүүд тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэх боломжгүй байна. Мөн үйлдвэрлэлийн нөөц тэр хэмжээнд хүрэхгүй бэрхшээл бий. Цаашид болох байх. Төр, засгийн зүгээс эх оронч худалдан авалтын талаар ярьдаг ч бодит байдалд боломж хязгаарлагдмал байх юм. Цаашид энэ асуудал зөв эрэмбэлэгдэж хэрэгжих байх гэж найдаж байна.  -Монголд эмийн жоншны нөөц, тархалт хэр бол? -Эмийн ургамал түүснээс чулуу цуглуулах нь үр дүн сайтай. Эмийн ургамлыг түүгээд хатаахад 50 хувь нь алга болдог, чулууг шатаахад багахан  хорогдол гарна. Монгол орон жоншны нөөцөөр дэлхийд гуравдугаарт ордог. Эмийн жонш арай өөр ч нөөц  хангалттай бий. Энэ талаар судар номонд ч бичсэн, судалсан эрдэмтэд ч байгаа. -Сүүлийн үед та ямар судалгаа хийж байна? -Сурвалж судлалгүй Монголын уламжлалт анагаах ухаан гэж байхгүй л дээ. Тиймээс миний судалгааны үндсэн хэсэг бол монгол анагаах ухааны сурвалж юм. Эндээс сайн ухаж байж үнэн бодитой зүйлүүдийг гаргаж ирнэ. Монгол мэргэдийн гаргасан ном судар, сурвалж бичиг дундрашгүй. Тэнд маш том ухаан явж байдаг. Сүүлийн үед Ламын гэгээн Лувсанданзанжанцан, Үзэмчин Гомбожав, Ишданзанваанжил, Жамбалдорж гэсэн Монголынхоо мэргэдийн зарим бүтээлийг сонгон судалгаа хийж байна. Тэдний бичсэн ном бүтээл их судалгаатай харьцуулалттай, баталгаа нотолгоотой, гаргалгаатай байдаг. Тухайлбал,  “Үс нь харлаж, духны атираа нь арилж байхыг би харлаа. Үнэн худлыг болгоогч нар үүнийг анхаарахтун. Үүнээс өөр гайхамшиг үгүй, үүнийг бусдаас нуух хэрэгтэй, үүнээс бусдыг эрээд хэрэггүй” гэх нотолгоо бүхий олон үгээр тодотгож бичсэн хэсэг их бий. Эрдэмтэн Жамбалдорж  л гэхэд эмийн түүхий эдийг таньж тодорхойлох талаар 870 гаруй ургамлыг багтаасан. Ихэнх нэршлийг таван  хэлээр бичсэн хосгүй бүтээл туурвисан байдаг. Тэр бүтээлд бусдыг 29 удаа шүүмжилснийг хөөж үзвэл Төвдийн томоохон мэргэдийн бүтээл цаашлаад Аюурведийн томоохон сурвалжтай холбоотой алдааг илрүүлж гаргаж тавьсан байх жишээтэй. Сүүлийн үед жонштойгоо холбоотой эмэнд суурилж ходоод, улаан хоолойн хавдрын эсэд ямар нөлөөтэй байгааг МУИС-ийн Генийн инжнерчлэлийн лабораторид судалж байна. Ходоодны хавдрын эсэд үр дүнтэй нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг хамтран гаргаад байна. Харин улаан хоолойн хавдарт жоншны жорын үзүүлж буй сайн нөлөөг ахин шалгах шаардлагатай байгаа. Хавдрын эстэй холбоотой судалгаа монголд сайн хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.24  МЯГМАР  №189  (6156)  
Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

25 мин
УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

43 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

3 цаг 31 мин
О.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл

“Онтрэ” ХХК -ийн эзэмшилд хамаарах хоёр лицензийн талбайн стратегийн ордыг ашиглахдаа Монголын талыг оролцуулахгүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн. Гэтэл энэ онд олборлолт хийгдэж ашиг олж эхлэх юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.

7 цаг 32 мин
Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

7 цаг 47 мин
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

Өчигдөр 10 цаг 54 мин
Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлжээ

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүллээ

Өчигдөр 10 цаг 50 мин
Тагнуулын ажилтан асан Жон Кеннедигийн амийг хөнөөх оролдлогын талаар бас нэгэн “нууц”-ыг дэлгэв

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннедигийн амь насанд халдсан нь ХХ зууны хамгийн олны анхаарлыг татсан үйл явдлуудын нэг төдийгүй хамгийн нууцлагдмал үйл явдлуудын

Өчигдөр 08 цаг 00 мин
Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

2025-05-02
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

2025-05-02