Төрийн ордны түргэн тусламж бэлэн байх ёстой

2019-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхэм Төрийн ордонд цаг бусаар амиа алдсан эмгэнэлтэй хэрэг явдал болоод хэд хонож байна. Энэ хэрэг явдлыг тойрсон элдвийн асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, улс төрийн хүрээнд хөвөрч байна. ЦЕГ-аас ажлын хэсэг томилогдож, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавин энэ хэргийг шалгаж байгаа юм. Тэд мухарлах учиртай. Харин дуугүй өнгөрч боломгүй нэг асуудал энэ зуурт дайгдаж явааг та анзаарсан уу. Хэрэг явдал Төрийн ордонд болсон. Гэтэл Төрийн ордон бол Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай Төрийн тусгай хамгаалалтын тухай, Төрийн ордны тухай хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байдаг объект юм. Хамгаалалтыг ТЕГ-ын даргын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар хэрэгжүүлдэг. Төрийн ордны тухай хуульд “...Төрийн ордон халдашгүй дархан байна”, “...Төрийн ордны халдашгүй дархан байдлыг энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хамгаалалт, үйлчилгээний тусгай журмын дагуу хангана”, “..Төрийн ордон нь дотоод болон гадуур байнгын хамгаалалттай байна. Төрийн ордныг Төрийн тусгай хамгаалалтын хуулийн наймдугаар зүйлийн нэг дэх хэсгийн нэгд зааснаар Төрийн ордны хамгаалалтын алба 24 цагаар тасралтгүй хамгаална”, “..Төрийн ордон нь түүнд байрлаж үйл ажиллагаа явуулдаг байгууллагын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах холбоо, аюулгүй байдлыг хангах тусгай техник хэрэгслээр тоноглогдсон байна”, “...Төрийн ордны гадуур хамгаалалт нь УИХ-аас тогтоосон нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг бүхэлд нь хариуцна”, 7.4-т “...Төрийн ордонд шалган нэвтрүүлэх, аюулгүй байдал, дэг журмыг хангах асуудлыг дотоод хамгаалалт хариуцна” гэх зэргээр Төрийн ордныг халдашгүй дархан байдалтайгаар 24 цагийн туршид дотоод, гадаад байнгын хамгаалалтад байхыг хуульчилсан байгаа юм. Гэтэл энэ 24 цагийн тасралтгүй хамгаалалтад байдаг Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-нд хүн амиа алдлаа. Хамгийн ноцтой нь Хууль зүйн сайд асан, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин энэ талаар “...Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна.   Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний хариу эхнээсээ урьдчилсан байдлаар гарч, их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан байж болзошгүй. 18:20 орчим цагт авто раллигийн хуралдаан тарсан. 18:30 цагт хуралдааны танхимаас гарсан гэж байгаа. 18:30 цагийн орчимд Дэлгэрмаа даргатай утсаар ярьсан байсан. УИХ-ын чуулганы танхимын камерт баруун тийш алхаж явсан дүрс үлдсэн байсан. 19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Шүүхийн шинжилгээний хариу бүрэн гараагүй бөгөөд химийн шинжилгээний хариу гэхэд 14-21 хоногийн дараа гарна. Төрийн ордны гурван давхрын бичлэгт бичигдсэнээс хойш 20 минутын хугацаанд хаана, хэнтэй уулзсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа” гэсэн мэдээллийг уржигдар олон нийтэд өгсөн юм. Энд бид “...Хэнтэй уулзсан”, “...Хаагуур явсан бэ” гэх зэрэг цагдаагийн байгууллагын нэгэнт шалгаж буй асуудлыг хөндөх гэсэнгүй. Харин Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжиний “...19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн”, “...Төрийн ордны гурван давхрын бичлэгт бичигдсэнээс хойш 20 минутын хугацаанд хаана, хэнтэй уулзсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа” гэсэн мэдэгдлүүд нь Төрийн ордонд юу болоод өнгөрөв өө гэдэг асуултыг босгож байна. Бас түүний “...Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна” гэсэн нь тусгай хамгаалалттай хүмүүсийг “агуулдаг” Төрийн ордон ямар ч хяналтгүй байдаг юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгч байгаа юм. Уг нь өнөөдөр техник технологи адраас даваад тэнгэрт тултал хөгжсөн үе. Камерын хяналт дэлхийг хэрсэн. Үүнтэй Монгол Улс хэдийнэ хөл нийлж, хотын захын гэр хороолын хүнсний мухлагууд хүртэл бүрэн “камержсан” билээ. Энэ утгаараа Төрийн ордонд байтугай Баянхошуунд хүнсний дэлгүүрийн үүдэнд өнхрөөд ойчиход л камерын хяналтаар бусдын хамгаалалтад орчих боломжтой цаг үед бид амьдарч байна. Гэтэл Төрийн ордонд бүхэл бүтэн хүн бүтэн цагийн турш хаана байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад нас барсан байдалтай олдсон тухай Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ярьжээ. Төрийн ордонд Ерөнхий сайдын нэрэмжит элдэв хурал сүүлийн үед тасрахаа больсон. Өмнө нь Төрийн ордонд ийм хурлуудын нэгэнд оролцож явсан иргэн нас барж байв. Тухайлбал, 2018 оны  есдүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордонд “1000 багшийн дурсамж” уулзалт, зөвлөгөөнд оролцож байсан 87 настай хүн нас барж байсан юм. Үүнээс гадна Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд “...Төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга, тээврийн хэрэгсэл, бусад зүйл, тэдгээрийн орчинд холбогдох байгууллагуудтай хамтран инженер, техникийн үзлэг, шалгалт хийж аюулгүй байдлыг хангах” үүргийг Төрийн тусгай хамгаалалтын газар буюу Төрийн ордны хамгаалалтын алба хариуцна гэсэн байгаа юм. Төрийн ордны тухай хуульд “...Төрийн ордонд аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай хяналтын техник, хэрэгслийг суурилуулах бөгөөд Төрийн ордны хамгаалалтын албаны ажилтан үзлэг хийх нэг бүрийн хэрэгслээр хангагдсан байна”, “....Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээ, засвар, хангалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэсэн байгаа юм. Гэсэн атал Төрийн ордны барилгын чанарын асуудал л хааяа яригддаг. “...Нурах гээд байна” гэж ирээд л сонгууль бүрийн дараа эрх барьж эхэлсэн улс төрийн хүчнүүд уулга алдаж байдаг. Ингэж байгаад Төрийн ордны засвар үйлчилгээнд сонгууль болгоны дараа хэдэн тэрбум төгрөг тавьж байгаад өрөөнүүдээ засдаг. 2016 оны сонгуулийн дараа жил лав 2.2 тэрбум төгрөг төсөвлөөд, түүнийг 40 гаруй болгох шаардлагатай гэж ярьцгааж байсныг санаж байна. Ингэхийн оронд ядаж давхар бүрийн хонгилыг уртааш нь харчих хэмжээний хэдэн хямд камер ч болтугай аваад суурилуулчихаж болох л эд. Нөгөө талаас энэ хэрэг явдал ажлын цаг дууссаны дараа болжээ. Төрийн ордны тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад бүх хүн Төрийн ордонд нэвтрэхдээ үнэмлэх, нэвтрэх хуудсаа шалгуулж орох ёстой. Иймээс нэвтэрсний дараах хяналт, хамгаалалтыг “Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ын дагуу Төрийн ордны хамгаалалтын албаныхан хариуцаж ажиллах үүрэгтэй. Ер нь бол Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний “...18:30 цагийн орчимд Дэлгэрмаа даргатай утсаар ярьсан байсан. УИХ-ын чуулганы танхимын камерт баруун тийш алхаж явсан дүрс үлдсэн байсан. 19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэнд цагийн хийдэл нэлээд гарсан харагдаж байна. Энэ л асуудлын гол нь болж буй юм. Ийм олон хууль, журмаар Төрийн ордны төрийн тусгай хамгаалалтыг нь зохицуулчихсан. Гэвч тэнд эмнэлгийн, бас төрийн тусгай хамгаалалтынхны түргэн тусламжийг авч чадалгүй хүний амь эрсэдсэн нь үнэхээр харамсалтай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.22  ЛХАГВА  №105  (6072)    
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

3 цаг 4 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

6 цаг 43 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

13 цаг 5 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

13 цаг 5 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

13 цаг 5 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин