Т.БАТСАЙХАН
МАХН-ын дарга Н.Энхбаяр, Нийслэлийн МАХН-ын Түмтийн дарга Э.Эрдэнэжамьян, Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан, О.Буяннэмэх нар өчигдөр мэдээлэл хийлээ. Сүүлийн үед МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг “Эрдэнэт”-ийн 49, 51 хувь, Худалдаа хөгжлийн банкны хувьчлал зэрэг олны анхааралд байгаа асуудлаар байр сууриа илэрхийлснийх нь төлөө хуулийн байгууллагаас байцаалт авна, хэрэг үүсгэнэ хэмээн дуудаж дарамтлах болсон байна. Энэ нь хуулийн байгууллагад үүссэн шударга бус байдал арилах болоогүй гэдгийг харуулж байна хэмээн МАХН-ын дарга Н.Энхбаяр онцлов.
“Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нараас өшөө авах ажил одоо ч үргэлжилж байна”
Мөн тэрээр “Хууль шүүхийн байгууллага урьд нь хүмүүсийн гар хөл болж олон хүнийг хэлмэгдүүлж байсан. Тэр байдал үргэлжилж байна.
Та бүхэн санаж байгаа бол 2016 оны сонгуулийн санал хураах өдрийн өмнө Э.Эрдэнэжамъян 60 тэрбумын хэргийг задалсан. Тэр хэрэгт холбогдсон М.Энхболд сүүлд нь үнэнд гүйцэгдэж эхэлсэн. Албан тушаалаа өглөө. Тэр үед 60 тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүсийг биш Э.Эрдэнэжамъяныг шүүх буруутай болгож ял өгсөн. Тэгээд М.Энхболд даргаас уучлалт гуйх, төлбөр төлөх болоод дууссан байдаг. Түүнчлэн “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйвар боллоо гэдгийг тэр үед Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, сайд асан З.Баянсэлэнгэ нар хэвлэлийн бага хурал хийж, ард түмэндээ зарласан. Тэгэхэд Ч.Сайханбилэг “Үгүй ээ энэ бол Монголдоо авчирч байгаа явдал” гэж тайлбар хийж байлаа. Одоо луйвар болох нь илэрч, үнэнд гүйцэгдэж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь бол гадаадын компанид очсон юм байна гэдэг нь тодорхой боллоо. Энэ мэдээллээс болж, Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нараас өшөө авах ажиллагаа одоо ч хуулийн байгууллага дээр явагдаж байна” гэлээ.
“Эхлээд ЖДҮ-чдээ дуудчих, тэрнийхээ дараа намайг дууд л даа”
Мөн тэрээр үргэлжлүүлэн “Үнэнийг илчилсэн хүмүүсийг айлгаж, ял өгч, шоронд хийдэг. Үнэний төлөө зогсох боломжийг хаадаг ийм байдал нь шударга бусын хонгилын гол үзэл санаа болоод байна. Сахал Д.Эрдэнэбилэг намайг гүжирдэж эхэллээ. Тэр хүний хийсэн ярьсан бүхэн худлаа болох нь өнөөдөр эхнээсээ тогтоогдож байна. М.Энхболд өөрөө тэр хүнтэй холбоотой гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Худалдаа, хөгжлийн банкны асуудал дээр “Д.Эрдэнэбилэг гэдэг хүн авах гэж байгаа та хувь авах уу” гэж над дээр орж ирж загнуулж байсан. Худалдаа хөгжлийн банкийг М.Энхболд өөрөө тэр хүнд авч өгсөн. Ерөнхий сайд хүн тэгж болдог юм уу. Үүнийг нь хэлэхээр намайг гүжирдлээ гэж яриад л. Маргааш нь цагдаа таныг дуудаж байна. 49 хувьтай асуудлаар мэдүүлэг авна гэж байна. Эхлээд ЖДҮ-чдээсээ халдашгүй дархан байдлыг халж, мэдүүлэг авчих. Тэрнийхээ дараа намайг дууд л даа. УИХ хамгаалаад цагдаа дээр очуулахгүй байна. Тэгсэн атлаа аливаа луйврыг илчилсэн Н.Энхбаярыг л дуудаад байна. Ирэхгүй бол баривчилна шүү гэж байх шиг. Би тэгээд очоод мэдүүлэг өгчихөөр “За та одоо мөрдөн байцаалтын шатанд наад асуудлаа ярихгүй шүү. Гэсэн шалтгаанаар миний амыг үдэх гээд байгаа байхгүй юу” гэв.
“49 хувийн цаана 51 хувийн луйвар яваад байна”
МАХН-ын дарга Н.Энхбаяр үргэлжлүүлэн “Худалдаа хөгжлийн банкны хувьчлалыг шалгах ёстой” гэв. “Хүүгүй, хувьцаагүй, баталгаагүй, хугацаагүй зээлээр авсан гэж ярьж байгаа. Энэ худлаа шүү дээ. Дэлхийд хаана ийм зээл өгч байна вэ. Мөнгө угаасан хэрэг байгаа байхгүй юу. Түүнчлэн 49 хувийн цаана 51 хувийн луйвар яваад байна. Тэд 49 хувийг аваад ханачихгүй. Энэ 51 хувийг барьцаалж авсан 100 гаруй сая ам.долларын асуудал өнөөдөр яригдаад байна. Монголчууд үүнийг төлөхөөс татгалзах хэрэгтэй. Тухайн үед МАН ялангуяа, С.Баярын захиа даалгавраар авсан байж магадгүй гэсэн хардлага төрж байна. Одоо 49 хувийнхан цаагуураа 51 хувийг авах яриа хөөрөө хийгээд явж байгаа даа. Тэгээд Монголын стратегийн томоохон орд 100 хувь гадны мэдэлд очих болчихоод байна. Үүнийг шалгах ёстой. Намайг ингэж хэлэхээр л цагдаа дуудаад байдаг. Энэ нь цаанаа асуудалтай байгаа байхгүй юу. Өнөөдөр хууль шүүхийн байгууллага харамсалтай нь дарга нарын үүрэг даалгавар гүйцэтгэдэг газар болчихоод байна. Тэндээс томилогддог учраас тэгж ажиллахгүй гээд болохгүй байна. Энэ тогтолцоо буруу байна. Харин манай намаас санаачлан хэрэгжүүлэх Дээд хуульд хуулийн байгууллагын удирдлагыг ард түмнээс сонгодог ийм тогтолцоог оруулсан. Уг нь энэ маш зөв гэдгийг одоогийн болж буй үйл явц харуулж байна” гэлээ.
“Төрийн хүн хууль шүүхийн байгууллага дээр очиж захиалга өгч болдоггүй”
Мөн тэрээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа прокурорын байгууллагын ой дээр очоод “Н.Энхбаярыг баривчилаач ээ. Дүүтэй нь хамт аваад ир” гэж ярьсан. Энэ бол дэндүү балмад ажиллагаа байсан. Ямар ч төрийн хүн хууль шүүхийн байгууллага дээр очиж захиалга өгч болдоггүй байхгүй юу. Одоо Х.Баттулга арга ядаад 179 хуудас материал өгөөд Ц.Элбэгдоржийг шалга гэж байна. Ц.Элбэгдоржийн өөдөө шидсэн чулуу өөр дээр нь унаж байгаа байхгүй юу. Үүний аль аль нь буруу. Гэхдээ хууль шүүхийн байгууллага нь ажиллаж өгөхгүй болохоор Х.Баттулга Ерөнхийлөгч аргаа ядаад иргэн Х.Баттулга болж очсон байна. Ц.Элбэгдорж бол би Ерөнхийлөгчийн хувьд даалгавар өгч байна гэж байгаад хэлсэн байдаг. Хууль шүүхийн байгууллагын энэ завхрал одоо ч үргэлжилж байна. Би үзэл бодлоо илэрхийлж, үнэнийг хэлсний төлөө ингэж цагдаагийн байгууллага дуудна гэж бодоогүй. Прокурорын байгууллагын Ё.Сагсайгийн хувьд ч би үнэнийг хэлсэн. Тэр бол үнэн. Тэр хүний ард МАНАН байна гэж харсан. Тэр хүн намайг Сагсайдаж ялсан байдаг” гэв.
Э.Эрдэнэжамьян: МАХН-ын сонгуульд оролцох эрхийг хасах ашиг сонирхол байна
Үүний дараа Нийслэлийн МАХН-ын Түмтийн дарга Э.Эрдэнэжамьян байр сууриа илэрхийллээ. Тэрээр “М.Энхболд дарга цахим хуудаснаа би Н.Энхбаярын эсрэг гомдол гаргана гэсний дараахан хуулийн байгууллагаас манай намын байранд хүмүүс мэдүүлэг авахаар ирсэн. Тэгээд бид энэ талаар хэвлэлийн хурал хийх зараа дөнгөж оруулсны дараа “Би гомдол гаргаагүй ээ” гэсэн мэдээллийг М.Энхболд бас л оруулсан байсан. Ер нь МАНАН-гийнхан дандаа өөрийгөө үгүйсгэдэг худлаа ярьдаг. 60 тэрбумын асуудал дээр гэхэд “ Би тэр бичлэгт байгаагүй. Э.Эрдэнэжамъян орчин үеийн техник ашиглаж намайг тэнд оруулсан” гэж баахан гүтгэлэг тараасан. Цаг хугацааны явцад аль нь үнэн байсан нь тогтоогдож байна. Үнэн хэлсэн хүмүүсийг дандаа цагдаад өгнө. Шүүхийн үүдэнд уулзъя гэж айлгадаг ийм л хүмүүс. Үүнийг улс төрийн хэллэгээр МАНАН гэж нэрлээд байдаг. Тэдэнд бүх юм байдаг. Энэ тогтолцооны цаана Монголын бүх баялагийг цөөхөн тооны хүн авч байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр гээд бүгд нэг хүнд оччихлоо. Дараагийн нэг асуудал нь өнөөдөр хууль шүүхийн байгууллага Н.Энхбаяр дарга руу дахин дайрч байгаа нь Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой байна. Сонгуульд нэр дэвшүүлэхгүй, тэр болтол амыг нь үдье. МАХН-ын сонгуульд оролцох эрхийг нь дахиад л хасах ашиг сонирхол явж байна. Мөн Ё.Сагсай прокурортой холбоотой бичлэг надад бий. Энэ салбарт хайртай, ажиллаж байсан хүний хувьд гаргаж тавихгүй байгаа болохоос баримт нь бол байна. Ер нь хонгилынхон, хууль хяналтын байгууллагынхантай холбоотой маш олон хууль бус баримт байна. Бид тэмцдэг учраас хүмүүс бидэнд үнэнийг бариад ирдэг юм. Тэр баримтуудыг удахгүй дэлгэнэ” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.3.22 № 60 (6027)