Э.Эрдэнэжамъян: Ард түмнээ жаргалтай амьдруулах “Жаргалын найман хот”-ыг байгуулна

2019-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
МАХН-ын Нийслэлийн Түмтийн дарга Э.Эрдэнэжамъянгийн “Эх орончдын өдөр-Залуусын баяр”-ын хуралд  тавьсан “Шинэ гарц-Шинэ нийслэл”   илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.     Та бүхэнд Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсан өдөр, Эх орончдын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлэе. Миний энэхүү илтгэл гурван  үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан анхны Эорончид буюу МАХН-ын ахмадууддаа талархал илэрхийлж, тэднийхээ үлгэр жишээ зан чанар, үнэт зүйлийн талаар санал бодлоо хуваалцана. Дараагийн хэсэгт МАХН-ын мөрийн хөтөлбөр буюу дундаж цалинг хэрхэн таван сая төгрөгт хүргэх тухай Нийслэлийн МАХН-ын мөрийн хөтөлбөрийн талаар  илтгэнэ. Эцэст нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд МАХН-аас гадна бусад Эх орончид маань юу хийх талаар санал бодлоо илэрхийлнэ. Энэ өдөр бол эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө зүтгэх чин хүсэлтэй Монголчууд анх удаа улс төрийн нам үүсгэн байгуулсан өдөр. Удам угсаа, гарал үүсэл, шашин шүтлэг, зэрэг зиндаанаасаа үл хамааран  гагцхүү улс орон ард түмнийхээ аз жаргалын төлөө нэгдэн нийлсэн байгууллага болох МАХН тэртээ 1921 онд үүсгэн байгуулагдсан байна. Удахгүй МАХН үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхт ой тохионо. МАХН үүсэн байгуулагдсанаар Монгол Улсын түүхэнд онцгой хувьсгалт өөрчлөлт гарчээ. Хамгийн том, хамгийн чухал үйл явдал бол 1921 оноос эхлэн судлаж, хэлэлцэж явсаар 1924 онд Монгол Улсын  анхны Үндсэн хуулийг баталсан явдал байлаа. Энэхүү 100 шахам жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гэх мэт олон хотыг байгуулж, эмнэлэг, сургууль, үйлдвэр, уурхайг барьж байгуулан үсрэнгүй хөгжиж, хөгжлийн цоо шинэ шатанд гарсан гавьяа бол цор МАХН-ын, МАХН-ыг анхлан байгуулсан эх орончдын гавьяа мөн билээ. МАХН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулсан, хэрэгжүүлсэн ахмадууддаа, бидэнд энэхүү сайхан эх орныг уламжлуулан үлдээсэн хувьсгалчид, Монгол орныг улсын зэрэгтэй улс болгох их үйлсэд шамдан ажиллаж байсан нийт ахмадууддаа энэхүү индэрээс, нийслэлийн МАХН-ын гишүүдийн өмнөөс  чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. 100 шахам жилийн өмнө, улс орныхоо төлөө улс төрийн нам байгуулж байсан ахмадуудаасаа олон зүйлийг суралцаж, үлгэр жишээ авч болох боловч би өнөөдөр нэг л зан чанар, үнэт зүйл дээр нь үлгэр жишээ авч энэхүү илтгэлийг бэлдлээ. Энэ бол тэдний агуу том мөрөөдөл, тэрхүү мөрөөдлөө бодитой биелнэ хэмээн итгэж байсан гал халуун итгэл юм. Тухайн үеийн Монгол Улсын болон хөрш зэргэлдээ орнууд, эзлэн түрэмгийлэгчдийн улс төрийн нөхцөл байдал, цэрэг арми, боловсрол, хүний нөөцийн чадавхи зэрэг нь өнөөгийнхтэй харьцуулшгүй байлаа. Харин өнөөдөр бид өөрсдийнхөө эр зориг, мөрөөдөл, ирээдүйдээ итгэх итгэлийг тэдэнтэй харьцуулах боломжтой. 100 жилийн өмнө манай улсыг Хятадын Гоминданы цэрэг эзэлсэн байлаа, мөн Оросын Цагаан хааны цэрэг орогнон түйвээж байв, манайд боловсролын систем гэж байсангүй, цэрэг арми ч үгүй, цэрэг цуглана гэвч зэвсэг үгүй байсан юм. Гэвч тэр үеийн залуучуудад мөрөөдөл,тусгаар улсаа босгож, гадаадын дайсныг хөөж зайлуулж чадна гэх итгэл байсан юм. Тэр байтугай  Үндсэн хуулиа батална. Нийгэм журмын цоо шинэ тогтолцоонд шилжиж чадна гэх итгэл байсан юм. Тэд чадсан. Үндсэн хуулиа батлаж, тусгаар тогтнолоо дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлж, аж үйлдвэржсэн монгол орныг бүтээн босгосон. Хүн амаа өсгөсөн, бүх хүн ажлын байртай болсон. Бүх залуучуудаа эх орондоо төдийгүй гадаад улсад үнэ төлбөргүй сургаж байсан. Ажилтай хүмүүстээ байр олгож, тэр байраа бас л үнэ төлбөргүй өгч байсан. Эрүүл мэндийг нь хамгаалж, утаагүй, түгжрэлгүй хот байгуулж, тэр хотод нь хүүхэд залуучууд айх аюулгүй тоглон нааддаг байсан. Тэр үед харин төсөв өнөөдрийнх шиг том байсангүй, гадаад харилцаа дандаа энх тайван байсангүй. Хөрш улсууд ч гэсэн өнөөгийнх шиг эдийн засгийн хүчирхэг гүрэн болоогүй байв. Гэхдээ л тэд чадсан. Өнөөдрийг хүртэл Улаанбаатарчуудыг тэтгэж байгаа бүхнийг бараг бүгдийг нь тэд бүтээн байгуулсан. Цахилгаан станцууд, гурил, мах, талх боовны үйлдвэрүүд чухам тэр үеийн ахмадуудын маань мөрөөдөл байсан. Тэд мөрөөдлөө мөрийн хөтөлбөр болгож, мөрийн хөтөлбөрөө төлөвлөгөө, төлөвлөгөөгөө харин биелүүлдэг, бүр давуулан биелүүлдэг байсан билээ.  Миний аав ээж тэр үеийн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөг биелүүлсэнийхээ төлөө авдаг “Таван  жилийн гавшгайч”  хэмээх одон медальтай, түүгээрээ ихээхэн бахархдаг тийм хүмүүс байсан. Өнөөдөр би та бүхэнд шинэ үеийнхэн, залуучуудынхаа шинэ , жинхэнэ мөрөөдлийг МАХН-ын мөрийн хөтөлбөрөөр дамжуулан танилцуулж байна. МАХН-ын боловсруулан гаргаж Улсын Дээд шүүхэд албан ёсоор батлуулсан мөрийн хөтөлбөр буюу монголын шинэ залуу үеийнхний мөрөөдөл бол эх орондоо эзэн нь байж, хүний зэрэгтэй амьдарч, баян чинээлэг иргэдтэй, ардчилсан монгол улсыг байгуулах юм. Бид өргөн дэлгэр улс орныхоо энгээр сэтгэж шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Утаагүй, түгжрэлгүй, хүнд сурталгүй, иргэдээ ялгаж харьцдаггүй, үйлдвэржсэн, жаргалын найман хотыг байгуулна. Иргэдийнхээ дундаж цалинг таван  сая төгрөгт хүргэнэ, ахмадуудынхаа тэтгэврийг 2.5 сая төгрөг хүргэж амьдралд итгэх урам зориг,  баталгаатай болгоно. Тийм боломж, тийм эдийн засгийн чадавхи манай улсад хангалттай байгаа. Харин тийм сэтгэлтэй, тийм зүтгэлтэй улс төрчид өнөөгийн эрх баригч нарт алга байна. Энэхүү (энэ хэсэгт мөрөөдөл гэдэг үгийг авч хаясан нь дээр байх гэж бодож байна) мөрийн хөтөлбөрийг тоймлон ярилцая. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод юу нүүрлэж байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Эрүүл амьдрах баталгаа үгүй болсон. Хортой утаагаар амьсгалж, баталгаагүй хоол хүнс хэрэглэж, аваар осол, гэмт хэргийн золиос болон ард иргэд маань ирээдүйдээ итгэх итгэлгүй амьдарч байна. Ажилгүйн эрхээр, олдсон ажлын байр нь хүний зэрэгтэй амьдрахад нь хүрэлцэхгүй байгаа учраас харь гүрэнд “боолын” гэх тодотголтой, нийгмийн баталгаагүй, эрүүл мэндэд нь тусгүй, тэр улсын иргэд хийхийг хүсдэггүй тийм л ажилд хамгийн хямд ажиллах хүчин болон цагаачилцгааж байна. Хэрвээ виз нь олддог бол өнөөдөр ч гэсэн эх орноосоо дайжин зугтах хүсэлтэй хүмүүсийн тоо бүр их байгаа. Зарим цадиггүй улс төрчид сонгуулийн амлалтандаа хүртэл гадагшаа цагаачлуулна, хор бор ажил хийлгүүлнэ гэх амлалт өгч байна. Хэрээс хэтэрсэн, 2000 жилийн өмнө бол шууд боолын худалдаа хийж байгаа мэт ийм бодолтой, зорилготой хүмүүсээр удирдуулахыг бид хүсэхгүй байна. Бид эх орондоо, энэ сайхан Монгол Улсдаа эзний ёсоор, хүний зэрэгтэй амьдрах бүрэн эрхтэй. Яаж монгол хүний цалин орлогыг дэлхийн хөгжингүй орнуудын жишигт хүргэх вэ? Бидний хүрэхээр зорьж байгаа цалингийн дундаж таван  сая төгрөг гэдэг бол өнөөгийн ханшаар бараг 2000 ам.доллар гэсэн үг. Үүнд хүрэхийн тулд юу хийх вэ? Мэдээж аж үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй. Шинэ техник, технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой. Түүнчлэн эрүүл, аюулгүй хотод, амар тайван амьдралыг бий болгох ёстой. Айл бүр орон сууцаар хангагдах хэрэгтэй. Ядуурал, ажилгүйдлийг арилгах ёстой. Эд бол ерөнхий зорилтууд. Эдгээр ерөнхий зорилтод хүрэх арга зам байх ёстой. Энэ арга зам нь хэд хэдэн зорилтуудыг хэрэгжүүлснээр бүрэн биелнэ. МАХН-ын мөрийн хөтөлбөрт туссан жаргалын найман хотыг барьж байгуулах нь эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх цогц төлөвлөгөө мөн. Үүнээс нэг хотын жишээн дээр буюу шинэ нийслэлийг барьж байгуулах зорилтыг тайлбарлая. Айл нэг бүрт, аж ахуйн нэгж байгууллагуудад, залуучуудад үр өгөөж нь тусч, тэднийхээ мөрөөдлийг биелүүлэх боломжид хэрхэн хүрэх арга зам, үр өгөөжийн тухай ярилцая.. МАХН-ын боловсруулсан Дээд хууль буюу Шинэ Үндсэн хуулийн төсөлд хоёр  нийслэлтэй байж болох тухай заасан байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотод ойролцоогоор 400 мянган айл өрх амьдарч байгаагаас 200 шахам мянган айл өрх гэр хороололд амьдарч байна. Хархорин орчимд байгуулагдах шинэ нийслэлд 100 мянган айл өрх амьдрахаар төлөвлөж байна. Энэ нь төсөөлбөл Эрдэнэт хотоос гурав  дахин том хот босно гэсэн үг. Эдгээр 100 мянган айлын орон сууцыг шинэ нийслэлд амьдарч, ажиллахыг хүссэн иргэдэд урьдчилгаа мөнгөгүй, жил, сараар хүү тооцолгүйгээр өгнө. Бараг үнэгүй өгнө гэсэн үг. Дундаж буюу 60 метр квадрат бүхий хоёр  өрөө байрны төлбөр нь байрны мөнгөнөөс гадна 50 мянган төгрөг байхаар тооцож байгаа. Зам нь түгжрэлгүй, сургууль цэцэрлэг нь хүрэлцээтэй байхаар тооцож, амьдрах орчин нь олон улсын жишигт нийцсэн хотыг бий болгоно. Баялаг хувиарлалтын шинэ зарчимаар цоо шинэ ажлын байрууд бий болно. 100 мянган айл бүхий хот барих барилгын ажлыг шинэ бизнесийн зарчимаар хувиарлан өгнө. Хэдхэн том компани, хэн нэгний авилгын сүлжээгээр дэмжигдсэн монополь компани л тендерт ялж баяждаг, гадны ажиллах хүч оруулж ирж ажиллуулдаг тогтолцоог халж өөрчилнө. Харин өнөөг хүртэл бизнесээ босгох гэж оролдоод боломж олдоогүй иргэддээ, сайн төлөвлөгөө, зөвлөхүүдийн хяналттайгаар энэ бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, баян чинээлэг амьдрах бололцоог олгоно. Зөвхөн компанийн эзэн нь ашиг олоод ажилчид нь алданг ононг цалинтай байдаг өнөөдрийн зах зээлийн гэх харгис зарчмыг шинэ хотыг бүтээн байгуулах явцад орвонгоор нь өөрчилнө. Зөвхөн энэ зарчимыг хэрэгжүүлснээр буюу ашиг нь ганц эзэнд очдог зарчмыг халснаар иргэдийн цалин хөлс таван  сая төгрөгт хүрэх нэг бололцоог нээнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Шинэ хотод очиж үйлчилгээний бизнес эрхлэх, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй иргэддээ хүүгүй зээл олгоно. Зээлийг хүний хөдөлмөрийг шулах, банкны эзнийг баяжуулах хэрэгсэл бус харин баялаг бүтээх, шинэ татвар төлөгчийг бий болгох, монгол хүний хүсэл мөрөөдлийг биелүүлэх хэрэгсэл гэж ойлгоно. Мөнгө санхүүгийн цоо шинэ, монгол улсын иргэн хүнд зориулсан тогтолцоо нэвтрүүлнэ гэж төлөвлөж байна. Шинэ нийслэлд байгуулагдах дунд сургуулиуд нь бүгд хамгийн тохилог, хамгийн орчин үеийн сургалтын чанар стандартыг эрхэмлэсэн, хүүхэд хөгжих хамгийн таатай нөхцлийг хангасан байна. Тэр сургуулийн багш нарын дундаж цалин мөн 5 сая төгрөг байх болно. Хоёр нийслэлийн хооронд өндөр хурдны төмөр зам, авто зам тавигдаж, олон улстай холбогдох бүх боломжит дэд бүтцийг бий болгоно. Товчоор хэлбэл шинэ нийслэлийг барих ажил бол өнөөдрийн нийслэлд амьдарч байгаа хүн бүрийн тэр дундаа өмнө нь төрийн дэмжлэг, улсын бодлогоос хол байсан иргэд, шинээр ажил амьдралаа төвхнүүлэх гэж байгаа залуу хүн бүрийн мөрөөдлийн нэгдэл болох юм. Олон хүний мөрөөдөл нэгэн дор нэгдвэл их үйл болно. Их үйлийг бичсэн төлөвлөгөөг намын мөрийн хөтөлбөр гэдэг. МАХН-ын мөрийн хөтөлбөрийн нэг томоохон зорилго бол Шинэ нийслэлийг барих юм. Энэ нь өнөөгийн Улаанбаатрын бараг бүх асуудлыг шийдэх хамгийн зөв арга зам юм. 100,000 айл шинэ нийслэлрүү нүүснээр Улаанбаатарын замын түгжрэл оюутнууд амарсан зун цагийнх шиг ачаалал багатай болно гэсэн үг. Эмнэлэг болон Сургууль цэцэрлэгийн ачаалал багасч, багш нарын хүүхэд бүртэй ажиллах боломж нэмэгдсэнээр сургалтын чанар сайжирна. Утааг утаагүй зуух, утаагүй түлш гэх мэтийн арга ядсан, төсвийн хөрөнгөөр хэн нэг нь баяжих арга залиар хэзээ ч шийдвэрлэхгүй нь тодорхой. Утаа, түгжрэл, ядуурал гурав бол хүйн холбоотой асуудал гэдгийг ойлгох юм бол хэзээ ч аль нэгийг нь дангаар нь шийдэх гэж зүтгэхгүй. Мэдсээр байж аль нэгийг нь дангаар шийдэх гэж байвал зүгээр л мөнгө шамшигдуулах арга гэдгийг одоо бүгдээрээ мэдэх цаг нь болсон. Шинэ нийслэлийг барьснаар төвлөрөл саарна, төвлөрөл саарвал түгжрэл үгүй болно. Шинэ нийслэлийг барьснаар ажлын байр шинээр, маш олноор бий болно. Ажлын байр бий болбол ядуурал үгүй болно. Улаанбаатарт утаа гаргахыг хориглоно, тиймээс гэр хорооллын иргэдийг шинэ нийслэлд шилжин суурьших бол давуу эрх олгож, тэргүүн ээлжинд орон сууцаар үнэгүй хангана. Төд удалгүй хотын хойд хэсэг утааны эх үүсвэр биш, хамгийн цэвэр агаартай, хамгийн сайхан хэсэг болон хувирна. Нэг сумаар хоёр туулай буудах нь цэцэн арга гэж монголчууд ярьцгаадаг. Өмнөх болон одоо үеийн МАН, АН-ын нийслэлийн удирдлагууд нэлээд олон сум, нэлээд олон тэрбум төгрөгөөр нэг ч туулай онож чадаагүй л байна. Харин бид нэг сумаар нэлээд олон туулай буудаж болохыг эрдэмтэн мэргэд, салбарын туршлагатай инженерүүдтэй хамтран тогтоогоод байна. Санхүүгийн эх үүсвэр бий юу? Манай эдийн засаг ийм бүтээн байгуулалтыг хийж чадах уу? Монголчууд хот барьж чадах уу? гэх мэтээр зарим нэг хүмүүс эргэлзэнгүй асуудаг. Хоёр үндсэн арга бий. Нэгдүгээрт:. Манай улс баян улс. Баялгийн хувиарлалтаа зөв хийх нь л дутагдаж байгаагаас зарим нь хэт баян, ихэнхи нь ажил төрөлгүй байгаа юм. Таван толгой гэдэг ганцхан орд гэхэд хамгийн хямдаар бодвол 100 тэрбум америк долларын үнэ цэнэтэй гэдгийг одоо бүгд мэддэг болсон. Хоёрдугаарт:  Дэлхий ертөнцөд байгаа мөнгөний тухай ойлголт, эдийн засгийн шинэ онолуудыг нэвтрүүлэх болно. Сандерсийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа түлхүү ярьж, сурталчилж байсан “Modern monetary theory” буюу “орчин үеийн мөнгөний онол”-ыг судлаад үзээрэй. Тэнд дурдсанаар дэлхий дахинаа төр мөнгөөр дутна гэж ойлголт байх ёсгүй гэдгийг ойлгож, төр улсууд өөрсдийн мөнгөний бодлогоо шинэчлэн гаргаж байхад бид ч өөрчлөгдөх хэрэгтэй. Шинэ мөнгөний онолын гол хэдэн зарчмыг дурьдая: Нэгт: Төр мөнгөө хэвлэж байгаа байж мөнгөөр дутна гэж байдаггүй юм. Хоёрт: Эртний арга болох мөнгөний алтан баталгаа буюу мөнгийг цаана нь алтаар баталгаажуулсан байхыг шаарддаг систем орхигдоод олон жил болж байна. Харин долларын баталгаатай улс болох гэж мөнгөний бодлогыг нэвтрүүлээд удаж байна. Гэтэл зарим улс жишээ нь Хятад улс долларын ханш, юаны ханшыг хуулиар, төр нь тогтоож байна. Хятадын жишээг дагаж, шинэ мөнгөний бодлогоо хатуу барьж долларын ханш өсөх, төгрөгийн ханш унах гэх мэт үзэгдлийг төрөөс хатуу хянах хэрэгтэй.  Гуравт: Мөнгө бол бодитой зүйлийн хувилгаан дүр юм. Та байшин барьсан бол тэр байшин өөрөө мөнгөөр илэрхийлэгдэнэ. Та төмс тарьсан бол тэр ч мөнгөөр илэрхийлэгдэнэ.  Товчоор хэлэх юм бол шинэ хот барих, шинээр бизнес эрхлэх, шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгох бүрт мөнгөөр илэрхийлэгдэн төдий хэрээр мөнгө өөрөө баялаг болж амь орж байгаа хэрэг. Харин тэр баялагтаа таарсан мөнгөн илэрхийллийг нь гаргахгүй бол мөнгөөр дутна. Дефляци бий болно. Харин баялаг бий болоогүй байхад мөнгө хэвлээд байвал инфляци болно. Энэ онолыг бараг бүх эдийн засагчид хэлдэг. Харин баялаг бий болгохын тулд төр мөнгөний зөв бодлого хэрэгжүүлж чадвал бидний зорьсон бүхэн биелэх боломжтойг мартчихдаг билээ. Таны олборлосон алтыг ч мөнгөөр илэрхийлнэ, таны тарьсан төмс ч мөнгөөр илэрхийлэгдэнэ, таны нэхсэн хивс, таны зохиосон программ ч мөнгөөр илэрхийлэгдэнэ. Мөнгөгүйн улмаас, зээл олдоогүйн улмаас үйлдвэр эрхлэж чадаагүй гэх асуудал үгүй болох ёстой. ЖДҮ-д зориулсан мөнгийг нь хэдхэн дарга нар хувааж идсэний улмаас жинхэнэ ЖДҮ-чидийн мөрөөдөл цаасан дээр үлддэг гашуун явдал түүх болох ёстой. Өөрөөр хэлбэл хүнийг баялаг бүтээсний чинь дараа л мөнгө өгнө гэх хэзээ ч үл бүтэх мөнгөний онолыг таягдан хаяж, харин чамд мөрөөдөл байгаа бол, мөрөөдлийнхөө төлөө ажиллах хүсэл эрмэлзэл, бодит тооцоо, төлөвлөгөө байгаа бол чамд төр мөнгө өгнө. Төр чамаас барьцаа хөрөнгө нэхэхгүй, төр чамаас өндөр хүү нэхэхгүй. Харин төрөөс өгсөн мөнгийг үр ашигтай зарцуулж, өгөөжтэй ажил хий, татвар төлөгч бол гэх шинэ зарчмыг нэвтрүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ ингэж чадах юм бол монгол хүн бүр баялаг бүтээгч болж, чинээлэг амьдрах нөхцөл бүрдэнэ. Хэрвээ ингэж чадах юм бол алтан дээр сандайлсан гуйлгачид биш, алт үйлдвэрлэгч Монголын залуучууд бий болж, тэдний авъяас, бүтээлээр улс орноо хөгжүүлэх шинэ боломж нээгдэнэ. Өнөөдөр сая сая доллар олох төсөл, программ хангамжийн санаа монгол залуучуудын цээжинд байж л байгаа. Хэрвээ хэн нэг нь хөрөнгө оруулахгүй бол тэр санаа тэндээ үхнэ. Харин тэр санааг нь дэмжээд, тийм мөрөөдөлтэй улам олон залуучуудтай болохын төлөө төр нь дориухан бодлого боловсруулаад дэмжээд өгвөл бид дэлхийд тэргүүлж чадна гэдгийг ахин хэлье. Тийм учраас монголчуудаа, нийслэлчүүдээ, залуучуудаа дахин бидэнд мөнгө байхгүй, мөнгөгүй юм чинь, хөрөнгө оруулалтгүй юм чинь гэх нэрийдлээр мөрөөдлөө булшилхаа больцгооё. МАХН засгийн эрхийг авснаар энэ бүх мөрөөдөл биелэх болно. Ахиад илтгэлийнхээ эх рүү очъё. Хэрвээ өнөөдөр амьдарч байгаа зарим нэг заримдаг хүмүүс, 100 жилийн өмнө, өвөг дээдсийн амьдарч байсан яг тийм нөхцөлд юу хийх байсан бол гэж заримдаа бодогддог. Та нарын боловсрол хүрэхгүй, мөнгө байхгүй, популистууд гэх мэт элдэв өнгөөр шүүмжлэх гэж оролдох байсан биз ээ. Өнөөдөр сайн сайхан амьдралыг мөрөөдөхөөс айж байгаа, сайхан  мөрийн хөтөлбөрийг үгүйсгэгч нарт нэг л үг хэлэх хэрэгтэй. “Амьд хүнд л мөрөөдөл байдаг юм”.  Хүн байгаагийн, тэр хүн амьд байгаагийн нэг илэрхийлэл бол хүсэл мөрөөдөлтэй байх юм. МАХН бол амьд нам. Бидний мөрөөдөл амьд, бидний мөрийн хөтөлбөр тэр утгаараа амьд. Үндсэн хуулиа бид өөрчилнө гэхэд өөдөөс “та нар хийх эрхгүй, та нар хийж чадахгүй, үндсэн хуулийг зөвхөн гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс, эсвэл их дээд сургуульд одоо багшилж байгаа хүмүүс, эсвэл 27 жилийн өмнө үндсэн хуулийг батлалцаж байсан хүмүүс л хийх эрхтэй, чадавхитай” хэмээн мэтгэж байгаа бүх хүмүүст энэ өдөр, 100 жилийн өмнө хувьсгал хийсэн агуу өвөг дээдсийнхээ итгэлийг нэг бодоод үзээрэй гэмээр байна. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэггүй намыг амьд нам гэж хэлэхэд хэцүү гэсэн дүгнэлт гаргаж болно. Албан тушаалын төлөө тэмцэж байгаагаа амьд байна гэх мэтээр худлаа тайлбарладаг улс төрийн нам бол үнэн хэрэгтээ үзэл баримтлал, үнэт зүйлийн хувьд амьд биш нам гэж ойлгож байх хэрэгтэй. Манай Улаанбаатарын залуучууд олон мөрөөдөлтэй. Гэхдээ бүх хүний мөрөөдлийг давхцуулан зураад үзвэл хамгийн их давтагдах нь магадгүй сайн ажлын байр, сайхан орон сууц, эрүүл, аюулгүй хотод амьдрах гэсэн мөрөөдөл дээр тогтоно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс залуучуудаа зоримог мөрөөдөлтэй байхын төлөө, тэр мөрөөдлөө өөрийн гараар бүтээхийн төлөө МАХН-д нэгдээрэй. Нийслэлийн МАХН бол өнөө үеийн залуучуудын мөрөөдлийг биелүүлэх хөлөг юм. Хөлөгт тавтай морилно уу? Мөрөөдөл биелэх болтугай, мөрийн хөтөлбөр биелэх болтугай.  
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

11 цаг 0 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

11 цаг 14 мин
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

11 цаг 18 мин
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

17 цаг 29 мин
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

17 цаг 29 мин
SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

Өчигдөр 10 цаг 46 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

Өчигдөр 06 цаг 00 мин
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Монгол Улсын иргэд эх нутгийнхаа эрдэс баялгаас хувь хүртэх учиртай. Хари

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: АТГ дээр бариад байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн. Тэр нь үргэлжлэн өрнөсөөр сар шув

Өчигдөр 06 цаг 00 мин