Ч.ЗОТОЛ
Шүүх, прокурорын байгууллага “Шударга бусын хонгил”-ын салшгүй нэг хэсэг нь болсон гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөж байгаа билээ. Төрийн тэргүүн энэ асуудлыг анхаарч ажиллахыг саяхан УЕПГ-т уулзалт хийхдээ онцлон хэлсэн. Тэгвэл өнөөдөр 14:00 цагт МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар прокурор У.Дэндэвдорж нь “Шударга бусын хонгил”-ыг хэрэгжүүлж, бусдыг хэлмэгдүүлэх гэж байна гэсэн гомдлыг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандаж гаргалаа.

Энэ асуудал хаанаас эхлэв гэвэл, АТГ 2017 оноос МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, хоёр жил мөрдөн шалгаж, Нийслэлийн прокуророос ял төлөвлөж “Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн 2016 оны А/214 тоот тушаалыг хэрэгжүүлэхийг БТСХ төвийн захирал Д.Жаргалсайханд даалгаж А/235 тоот тушаал гаргуулсан, гэмт хэргийг удирдан зохион байгуулсан” гэж ялласан байдаг. Гэтэл төрийн сайдын гаргасан тушаал нь заавал биелүүлэх захиргааны акт байдаг бөгөөд хэн нэг албан тушаалтан хажуугаас нь даалгадаг, оролцдог, нөлөөлдөг асуудал биш юм. Тэгэхээр энэ нь шинэ хэлмэгдүүлэлт, 1937-1938 оны хэлмэгдүүлэлтээс ч давсан соёлт хүн төрөлхтөнд байж боломгүй явдал. Ийм учраас прокурор ажлаа үнэн зөв явуулж байна уу гэдгийг, мөн хэрэг гээч энэ асуудлыг, түүнчлэн намайг ч гэсэн шалгаж, эцэслэн шийдвэрлэж өгнө үү хэмээн Ц.Оюунбаатарт гомдолдоо дурдсан байна. Энэ талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нарын байр суурийг сонирхлоо.
С.Ганбаатар: Луйвар, булхайг илчлэгчдийг нухчин дарах ажиллагаа явж байна

-МАНАН-гийнхан биднээс, ард түмнээсээ, сайн цаг ирэхээс айж байна. Тэд Монголын ард түмний баялгаас идэж уусан, Оюутолгой, Тавантолгой, “Эрдэнэт”-ийн 49 хувь, сүүлийн үед ЖДҮ, “60 тэрбум” гэхчлэн луйвар булхайг илчилсэн хүмүүсийг ангуулчлах, нухчин дарах ажиллагаа руугаа орлоо. Үүний нэг нь МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатарт тохиолдоод буй асуудал юм. Шадар сайд байхдаа “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаарх мэдээллийг анх олон нийтэд дэлгэж үнэн мөнийг илчилснийх нь төлөө өнөөдөр МАНАН-гийнхан хариу цохилт хийж байна. Өөрсдөө жирийн иргэдийн цалин, тэтгэвэр, хөрөнгө, мөнгийг идэж уучихаад , тэрийг нь илчилсэн хүнийг хэлмэгдүүлж байна. МАНАН-гийнхан хууль шүүхийн байгууллага дахь араа шүдээрээ “Захиалгат аллага” шиг хэлмэгдүүлэлт явуулж байна. Энэ бүхнийг бид илчилж, хууль, шүүхийн байгууллагын ажилтнуудын талаарх гомдол, баримтаа УЕПГ-т гаргаж өглөө. Монгол оронд шударга ёс ялна. Хууль, шүүхийн байгууллага “Захиалгат аллага” хийж, шударга ёсыг уландаа гишгэвэл, тухайн улс оронд хүчирхийлэл ноёлдог. Энэ байдлыг таслан зогсоохын төлөө МАХН-ын хамт олон тууштай зүтгэнэ.
Ц.Оюунбаатар: Хуулийн байгууллага МАНАН-гийн гар хөл болох ёсгүй

-Өнөөдөр МАНАН бүлэглэлийн гар хөл болж байгаа, “Шударга бусын хонгил”-ыг бүрдүүлж буй прокурорын зарим ажилтны асуудлыг эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд нотлох баримтуудыг гардуулан өгч байна. Энд наддад холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэгт нотлох гол баримт болох 25 сая төгрөг банкнаас зээлсэн баримтыг хавтаст хэрэгт хийлгүйгээр нуун авч үлдсэн юм уу, устгасан байж болох албан тушаалын гэмт хэргийн асуудал бий. Мөн таван удаагийн үйлдлээр 150 сая төгрөг шилжүүлсэн ня-бо гэх эмэгтэйгээс худал мэдүүлэг аваад гадаад руу гаргаж, түүнд холбогдох хэргийг албан тушаалдаа хайнга хандсан мэтээр хэрэгсэхгүй болгож байгаа асуудал байна. Хуулийн байгууллагын шударга бус, хууль бус ажиллагааг таслан зогсоох зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр үүнд прокурорын байгуллага, төрийн дээд хяналт тавьдаг, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажлыг хянадгийн хувьд үүнийгээ залруулах ёстой. Яагаад гэвэл, прокурорын байгууллага шударга ёсны манлайлал, үлгэр жишээ байх ёстой. Хэн нэгнийг хэлмэгдүүлдэг, МАНАН-гийн гар хөл болж, улс төрийн бохир үйл ажиллагаа “60 тэрбум”, “Эрдэнэт”, оффшор зэрэг бүлэглэлийн бууны нохой болж явах ёсгүй. Би прокурорын байгууллагад 18 настайгаас эхлэн 20 гаруй жил ажилласан. Манай прокурорууд дотор шударга хүмүүс бий. Үнэн зөвийг олох, бурууг залруулах шударга ажилтнууд байгаа. Өөрсдийн дотор байгаа авлигач,луйварчдыг, МАНАН-гийн гар хөл болж шударга хүмүүсийг хэлмэгдүүлдэг явдлаас салах ёстой гэсэн зарчмын байр сууриас УЕПГ, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандаж байгаа.
Миний хувьд ямар нэг байдлаар өөрийгөө гэм зэмгүй, шалгуулахгүй гээгүй. Харин ч шалгаад өгөөч, нотлох баримтыг гаргаж ирээч гэж хандлаа. Үнэн бодит байдлыг Монголын ард түмэнд шударгаар мэдээлэх болно. Прокурорын байгууллага өөрөөсөө эхэлж цэвэрших ёстой. Прокурор У.Дэндэвдоржийн ноцтой эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг шалгуулж, олон түмэнд байнга мэдээлэх болно.
Эх сурвалж: www.polit.mn