
С.САРУУЛ
Зам, тээврийн хөгжлийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарч яамны удирдлагууд бүрэлдэхүүнээрээ албан тушаалаасаа бууж хариуцлага хүлээсэн. Тэгвэл үргэлжлүүлэн өнгөрсөн долоо хоног бүхэлдээ төрийн албаныхныг хариуцлагажуулах “аян”-аар “амьсгаллаа”. Засгийн газрын тэргүүн яамны удирдлагуудыг огцруулж, ЗГХЭГ-аас бүх яамд, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг шалгаж эхлэв. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс ч төрийн албан хаагчдын хариуцлагагүй үйлдэлд Төрийн албаны зөвлөлийн даргыг буруутгаж, албан тушаалаас нь буулгах бичгийг УИХ-ын даргад хүргүүлээд байна. Сөрөг хүчний зүгээс ч Засгийн газарт хариуцлага тооцож бүрэлдэхүүнээр нь огцруулахаа мэдэгдсэн.
Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн баасан гаригт хүчингийн хэрэгт нэр холбогдож УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн Д.Гантулгыг шүүх хурал болох байсан ч хохирогч ирээгүйн улмаас хойшиллоо. Энэ мэтээр хариуцлага, бас дахин хариуцлага ярьсан долоо хоног өнгөрлөө. Харин энэ долоо хоногт төрийн өндөрлөгүүдийн тушаал шийдвэр, шалгалтаар хэдэн хүнд ямар хариуцлага тооцох нь тодорхой болох биз.
Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЗГХЭГ яамдыг шалгасан мэдээллээ удахгүй танилцуулна
Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг шалгаж эхэлжээ. Энэ нь төрийн албан хаагчид, тэр дундаа яамдын алба хаагчид, албан тушгаалтнуудтай холбоотой иргэдээс гомдол мэдээлэл багагүй ирэх болсон, онц ноцтой эрүүгийн гэмт хэрэг ЗТХЯ-нд гарсан зэрэгтэй мөн холбоотой юм. Тиймээс энэ сарын 14-ний өдрөөс эхлэн яамд, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан шалгалтын ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
Шалгалтаар хууль, тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан, авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдсон, хүнд суртал гаргасан, ажлын байран дээр архидан согтуурсан албан тушаалтантай хариуцлага тооцож, ажилласан эсэхийг дүгнэж, засгийн газрын албан даалгаврыг хэрэгжүүлэх талаар яамдын гаргасан төлөвлөгөө түүний биелэлтийн явцыг хянах юм.
Мөн төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим, баримтлан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаж, чадаж байгаа эсэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай нягтлан шалгаж, асуудлыг шийдвэрлэн, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүрт хариуцлага тооцсон эсэх, ажилтан албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийж, гүйцэтгэх, ажлын байрны дэг журмыг чанд сахиж буй эсэх, ажлын байран дээрээ архидан согтуурсан, зохисгүй авир гаргасан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байгаа тухай тоо баримт бодит жишээг нягтлах юм. Улмаар төрийн албаны хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлж, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх талаар ажилласан байдал, удирдлага, ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас бүтэн жилээр дүгнэж гүйцэтгэлийн үр дүнг урамшуулал, хариуцлагатай холбож ажиллаж байгаа талаар нэгдсэн дүгнэлт гаргаж, тухайн яамдын удирдлагууд, ажилтнуудад танилцуулах юм. Шалгалтын нэгдсэн дүн ирэх долоо хоногт гарна гэв
Засгийн газрын бүрэлдэхүүнээр нь огцруулна гэв
УИХ-дахь АН-ын бүлэг /2018.08.13/ ээлжит бусаар хуралдав. Хурлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат “‘Төрийн бодлогогүй шийдвэргүй, хариуцлагагүй, назгай үйл ажиллагааны улмаас сүүлийн үед нийгмийг цочроосон, бухимдуулсан асуудлууд шил даран гарч байна. Монгол Улсын төр чадамжгүй болох чиглэл рүүгээ шууд явж байна гэж харж байгаа. Үнэмлэхүй олонхын суудал авсан МАН-ын сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн үйлдэл, явуулсан бодлогогүй алхмууд нь төрийн нэр хүндийг унагаж дуусаж байна. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн. Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газрын хууль бус бодлогогүй үйл ажиллагаа төрийн албыг үнэгүйдүүлж байгаа алхмууд энэ бүхэнтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийг бид хэлэлцэж тус мэдэгдлийг дэмжсэн шийдвэрийг гаргасан. Эх баригчид УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулж, Монгол төрийг сулруулж, чадамжгүй болгож байгаа 60 тэрбумын асуудал, Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, удаа дараалан алдаагаа давтаж, хариуцлагагүй ажиллаж буй У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж байна’ гэв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хариуцах агентлаг байгууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2018.08.15/ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын орон тоо, бүтцийг батлан байгууллаа. Тус агентлагийг байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байсан бол өнөөдөр Засгийн газар хуралдаанаар нийт 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар болов.
Албаны мэдээллээр манай улсад 103.630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг аж. Тэдний 42 хувь нь ядуу амьдарч байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргаа жирийн иргэдтэй харьцуулахад 2.5 дахин хүнд байна.
Зам, тээврийн дэд сайд ажилдаа оров
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Зам тээврийн хөгжлийн дэд сайдад долоон хүний нэр яригдсанаас Л.Халтарыг дэмжсэн юм. Тэрээр Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэд даргаар ажиллаж байсан. Тэгвэл Засгийн газрын /2018.08.15/ хуралдаанаар Л.Халтарыг дэд сайдаар томилж үүрэгт ажилд нь орууллаа.
“Эрдэнэт”-ийн өрийг буруутай этгээдээр төлүүлнэ гэв
Монгол Улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлдэг төрийн өмчийн томоохон үйлдвэрийг гадны банкинд барьцаалсан асуудал сөхөгдөөд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ талаарх Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэр Монгол Улсад таагүй гарчээ. Нэр бүхий улс төрч болон сөрөг хүчнийхний хэлж буйгаар “Стандарт” банкнаас Английн Дээд шүүхэд хандаж, арбитрын шүүхээр шийдвэрлүүлсэн нийт өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлж авахын тулд эд хөрөнгийг царцааж, битүүмжлэх захирамж гаргасныг шүүх хүлээн авсан. Ингэснээр “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн мэдээллийг ил гаргуулах, шүүхийн шатанд гарсан зардлуудыг тус үйлдвэрээр төлүүлэх нөхцөл байдал үүссэн гэж байгаа юм. Баттай бус ч 98 сая ам.долларын төлбөрийн асуудал яригдаж байгаа юм.
Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн “Мэдээж аль нэг буруутай этгээдээс болоод “Эрдэнэт” үйлдвэр олон улсын шүүхэд татагдсан нь харамсалтай. Шүүхэд үйлдвэрийг татсан байгаа. Тиймээс үйлдвэрт ямар нэг байдлаар санхүүгийн хохирол учирсан тохиолдолд буруутай этгээдээр төлүүлэх ёстой. Монгол Улсын төрийн өмчийн томоохон үйлдвэрийн үйл ажиллагаа хэн нэгэн этгээдийн хариуцлагагүй үйлдлээс болж хохирох ёсгүй. Хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Бизнесийн байгууллагыг удирдаж байгаагийн хувьд бидний зүгээс хамгийн зөв, аль болох хохирол багатай шийдлийг гаргахын төлөө ажиллаж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч талтай яриа хэлцэл хийх асуудал яригдаж байгаа” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Д.Гантулгыг шүүх хурал хойшлов
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.08.17/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч хойшлогдлоо. Шүүх хуралд хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүйн улмаас долоо хоногоор хойшлуулжээ.
ТАЗ-ийн даргад хариуцлага тооцох бичиг явуулав




Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг илгээлээ.
Албан бичигт дурдсанаар Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх саналаа хүргүүлж байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn