
Б.ТӨГС
Дээд шүүхийн шийдвэрт нийцүүлэн МАХН-ын Ээлжит бус Их чуулганыг долдугаар сарын 7-нд хуралдуулахаар болсон. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 07 тоот Тогтоолд заасныг харгалзан үзэж, МАХН-ын Дүрмийн арванхоёрдугаар зүйлийн 12.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд Ээлжит бус Их чуулган зарлагдсантай холбогдуулан ХХ Бага чуулганыг энэ сарын 27-нд хуралдуулсан. Бага чуулганаас гарсан шийдвэрүүдийг өчигдөр МАХН-ын удирдлагууд олон нийтэд мэдээллээ.
Ээлжит бус Их чуулганы товыг хэвээр баталсан бөгөөд нийт 1044 төлөөлөгч оролцохоор болжээ. Мөн дүрэм, мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг, чуулганы хуралдааныг зохион байгуулах үндэсний хорооны гишүүдийг томилсон байна. Хэвлэлийн бага хурлын үеэр МАХН-ын ээлжит Их чуулган болон улс төрийн тогоонд өрнөж байгаа зарим үйл явдлын талаар МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-МАХН өмнөх Их чуулганаараа дүрмээ цуцлаад шинэчилсэн. Гэтэл Дээд шүүх энэ шинэчлэлтийг хүлээж аваагүй. Тэгэхээр танай нам дүрэмгүй явж байна гэж ойлгох уу. Хуулиараа Дээд шүүх дүрмийг бүртгээгүй бол намын үйл ажиллагаа түр хугацаагаар түдгэлздэг заалт байдаг юм билээ?
-Дээд шүүхийн шийдвэр өөрөө хууль бус. Манай нам 2017 оны арванхоёрдугаар сарын 8-нд Бага чуулганаа хуралдуулж, 2018 оны хоёрдугаар сарын 9-нд Их чуулганаа зарлаж, хийсэн. Хийхдээ хэнээс ч нуугдаагүй, шөнө дөлөөр хүн зөөгөөгүй, ямар нэгэн газар, цагдаагийн харуул хамгаалалтад хийгээгүй. Бүх юм нээлттэй болсон. Харамсалтай нь Их чуулганаа ингэж хийсэн байтал Дээд шүүх хийгээгүй мэтээр мушгин гуйвуулж, намынхаа Их чуулганаар баталсан шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзсан. Гэхдээ шүүхийн шийдвэрт 2011 оны нэгдүгээр сарын 28-нд МАХН-ын Онц их хурлаас баталсан дүрэм хүчин төгөлдөр байгаа гэж бичсэн байгаа. Тиймээс ямар ч будлиан байхгүй. Дүрмийнхээ дагуу намын дарга ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрхээ эдэлж ийнхүү зарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, МАХН-ын үйл ажиллагаанд түдгэлзэж, гацсан зүйл байхгүй. 2011 оны нэгдүгээр сарын 28-нд батлагдсан мөрийн хөтөлбөр, дүрэм, намын дарга хэвээрээ байгаа. Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Дээд шүүх намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэхдээ тухайн намын Их чуулган болсон эсэхийг хянах эрхгүй. Үүнийг зөвхөн тухайн намын Хяналт, ёсзүйн хороо хянадаг. Тэгэхээр Дээд шүүх эрхээ хэтрүүлж байна. Хийх ёсгүй ажлаа хийж байна. Намын дотоод хэрэгт ингэж хутгалдахын оронд тухайн намын дүрэм мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж бүртгэх ажиллагаа явуулах ёстой шүү дээ. Харамсалтай нь түүнийхээ оронд ингэж улстөржиж тодорхой хүмүүсийн даалгавраар үгсэн хуйвалдаж, хуралд оролцох ёсгүй хүмүүсийг оруулж, иргэний хэргийг хянан шийдвэрлэж байгаа хурал болгож, хоёр талын мэтгэлцээн өрнүүлж, тэр үеэр нь даварчихсан зарим хүн салаавч өгөөд хурлыг үймүүлж байдаг. Дээд шүүхийг өөрийг нь хүндэтгэхгүй байгааг ойлгохгүй, өөрсдийгөө доромжлоод сууж байгаад харамсч байна. Өнөөдөр шүүхийн байгууллагад ажиллаж байгаа зарим хүн ёсзүйн хувьд доройтолд орсон байна. Гэхдээ бид тэдэнтэй маргалдаж суухын оронд намынхаа дүрэмд байгаа боломжийг ашиглаад ээлжит бус Их чуулганаа хуралдуулж, урагшаа харж ажиллая гэсэн бодолтой байна. Бидэнд хийх ажил их байна. Үндсэн хуулийг өөрчилж, өнөөдрийн буруу тогтолцоог засч, байгалийн баялгийг ард түмэндээ өгч, дээд боловсролыг үнэгүй болгож, залуучуудаа мэдлэгтэй боловсролтой, ажилтай, хүрэлцэхүйц цалинтай, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгож, залуу гэр бүлд орон сууцыг үнэгүй өгдөг шударга тогтолцоонд шилжих ёстой. Тэгж байж монгол хүн Монгол орондоо сайхан амьдарна. Тиймээс хэн нэгэн рүү дайрахаас илүү тогтолцоогоо өөрчилье гэж ард түмнийхээ саналыг авч яваа нам. Зөвхөн урагшаа харж ажлаа хийе гэсэн бодлоор хэн нэгэнтэйгээ маргалдаж суумааргүй байна. Манай намын нэр хүнд өсөх тусам олигархиуд сандарч байна. Гар хөл болох хүмүүсээ олж байна. Бүтэн сар гаруй хугацааг шал утгагүй юмнаас болж алдаж байна шүү дээ.
-Бүртгэлтэй тамга тэмдгээ ашиглахгүй байгаа гэж О.Баасанхүү гишүүн ярьсан байсан?
-Тийм юм байхгүй. Дээд шүүх тамга тэмдэг бүртгэдэггүй. Зөвхөн дүрэм, мөрийн хөтөлбөрийг л бүртгэдэг. Бидний хувьд 2011 онд батлагдсан дүрэм хэвээрээ байгаа. Тэр дагуу цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн тамга тэмдэгээ ашиглаад л явж байгаа. Н.Энхбаяр, С.Ганбаатар, Ц.Оюунбаатар гэсэн хүмүүсийг өө гаргахыг андахгүй хүлээгээд сууж байгаа болохоор бид нэг ч цэг таслал алдахгүй ажилладаг хүмүүс. Тийм шахаанд олон жил ажилласан учраас. Харамсалтай нь хүүхэд төрчихөөд байхад хүүхдийг нь буцаан оруул, дахин төрүүл гэсэн шаардлага тавиад байгаа нь маш бүдүүлэг байна. Харин манай намын дүрэм сайн учраас сайн гарцуудыг агуулж байгаа. Дээд шүүх дахин бүртгэхгүй ч байсан байгаа дүрэм, мөрийн хөтөлбөрөөрөө явна. Түүнийхээ дагуу шийдвэрүүдээ гаргасаар ирсэн. Улстөрийн нам учир гишүүдийнхээ саналаар дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлээд явья гэж байгаа юм.
-Ээлжит бус Их чуулганаар намын даргыг дахин сонгох уу?
-Намын их чуулганы бүрэн эрхийн хүрээнд гурван асуудлыг хэлэлцдэг. Түүнийхээ дагуу явна. Дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн найруулна. Намын даргыг сонгохдоо хэнийг сонгохоо хэлэлцэнэ. Ирэх сарын 4-нөөс долдугаар сарын 1-ний хооронд хуралд оролцох төлөөлөгчдийг сонгоно. Нийтдээ 1044 төлөөлөгч чуулганд оролцоно.
-Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудал, Оюутолгойн гэрээтэй холбоотой зарим хүнийг шалгаж байгаа асуудлуудад танай нам ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид Шинэ Дээд хуулийнхаа тухай ярихдаа нэг хоёр хүнтэй хариуцлага тооцох биш тогтолцоогоо өөрчлөхгүй бол байдал хэвээр хадгалагдана гэдгийг ярьж байгаа. Байгалийн баялгийн маргаан гаргахгүйн тулд энэ баялгаа ард түмэндээ өгье. Одоогийн Үндсэн хуульд төрийн өмч гээд биччихсэн учраас төрд байгаа хүмүүс шийдээд байна шүү дээ. Эцэст нь ард түмэн өмч хөрөнгөгүй үлдээд байна. Алдаа гаргасан сайд байгаа бол огцрох нь зөв. Алдаа гаргасан, үгүйг баталгаатай тогтоох ёстой. Гэхдээ нэг, хоёр сайдыг халж солихоос илүү тогтолцоогоо бүгдээрээ засвал яасан юм бэ гэсэн саналыг АН, МАН-д тавьчихсан байгаа. Ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох ёстой. Парламент хоёр шаттай байх ёстой. Хүний эрхийн үндэсний хороо бүх юм сайхан байна гэсэн дүгнэлт гаргадаг биш, хүний эрх зөрчигдөж байгаа газар бүрт очиж харанга дэлддэг, хонх цохиж байдаг хүчтэй байгууллага байгаасай. Шүүхийг ард түмэн сонгож, шударга шүүх ажиллаасай гэж тогтолцооны хэмжээнд ярьж байгаа юм. Оюутолгойн гэрээний хувьд нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхэнд, ялангуяа телевизийнхэнд уриалмаар байна. Та бүхэн санаачлаад нэг талаас Рио Тинтогийн хүмүүсийг нөгөө талаас биднийг уриад мэтгэлцээн хийгээч. Тэр мэтгэлцээн дундаас Оюутолгойн гэрээ монголчуудад ашигтай юу, гадныханд ашигтай байна уу гэдгийг ард иргэд шүүгээд санал асуулгаар шийдье л дээ. Бид өөрсдийгөө зөв ярьж байна гэж бодож байтал Рио Тинтогийнхонд илүү үндэслэл байж болно шүү дээ. Гэхдээ бидэнд тэднийг мад тавих баримт үндэслэл хангалттай байгааг би хэлж чадна. Ерөнхийлөгч байхдаа ч мад тавьж байсан. Одоо телевизийн өмнө тэдэнтэй мэтгэлцээд Монголынхоо эрх ашгийг хамгаалж чадна гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй байна. Манай С.Ганбаатар дарга бол Оюутолгойд насаа зориулсан хүн. Энэ хүнд бүх өгүүлбэр, судалгаа, тооцоо байгаа. Оюутолгойн гэрээг бушуухан цуцалья. Монголчуудаа өмч хөрөнгөтэй болгохын төлөө бид явж байгаа. Түүнээс хэн нэгний мууг үзэх гээд яваад байгаа юм биш шүү.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин