
С.САРУУЛ
Өнгөрсөн долоо хоногт Богд хааны ордон музей тойрсон асуудал багагүй хөндөгдөв. Музейн захирал болон иргэдийн гомдлын дагуу Ерөнхийлөгч Богдын музейн хамгаалалтын бүсэд олгосон газрын зөвшөөрөлтэй танилцсан бол УИХ-ын гишүүд мөн л хамгаалах мэдэгдэл хийж, албан тушаалтнуудад шаардлага хүргүүлсэн юм. Үүний мөрөөр Хотын дарга музейн эзэмшилд олгосон газрын зөвшөөрлийг цуцлах захирамж гаргалаа. Мөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар дөрвөн улсад Монголыг төлөөлөх Элчин сайдуудыг томилсон юм.
АН: Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох асуудлаар цэцэд хандана
УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригт 2018.05.14/ хуралдаж Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. АН-ын бүлгээс хүүхдийн мөнгийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Тиймээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохгүй бол хүүхдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандана гэж мэдэгдэв.
Оператор компаниудаас хурууны хээгээр үйлчилгээ авч болно
Төрийн үйлчилгээг хялбаршуулах, иргэдэд цахим үйлчилгээг хүргэх зорилгоор Үндэсний Дата төвийн инженерүүд “ХУР” системийг хөгжүүлснийн өнгөрсөн долоо хоногт нээв. Ингэснээр иргэдийн үйлчилгээ авахдаа бүрдүүлэх баримт бичиг багасаж, зөвхөн хурууны хээгээ уншуулан оператор компаниудаас бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо. Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газрын дарга Б.Чинбат “Үүрэн холбооны операторууд төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбогдсоноор иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ лавлагаа, бичиг баримт шаардахгүйгээр онлайнаар мэдээллийг шууд авах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр өөртөө байгаа мэдээллүүдээ бизнесийн байгууллагад ашиглуулсанаар иргэд лавлагаа тодорхойлолт авах гэж ийш тийш явахгүй болно. Үүнд нэмэлт төлбөр байхгүй бөгөөд одоогийн мөрдөгдөж буй тарифаар үйлчилгээ явна. Төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг хялбарчлах, иргэн төвтэй, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Үндэсний дата төв УТҮГ-ын инженерүүд Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн. “Хур” системд одоогийн байдлаар 27 байгууллагын 48 сервис холбогдоод, хоорондоо мэдээлэл солилцох хэлбэрээр ажиллаж байна” гэлээ. Монголын Цахилгаан Холбоо, Мобиком Корпораци, Скайтел, Юнител, Мэдээлэл Холбооны сүлжээ, Скайнэтворкс, Мобиком нэтворкс зэрэг Монгол Улсын Харилцаа Холбоо, Мэдээллийн технологийн салбарт үйлчилгээ эрхэлж буй оператор компаниуд 2018 оны нэгдүгээр сараас Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацид нэгджээ.
Сунгалттай паспортоор гадаадад зорчихгүй байхыг сэрэмжлүүлэв
Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоож, таван жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспорт шинээр олгож эхэлсэн. Үүнтэй холбогдуулан сунгалттай гадаад паспортоор зорчихгүй байх сэрэмжлүүлгийг Гадаад харилцааны яамны Консулын газраас гаргасан юм. Энэ оны нэгдүгээр сараас өмнө гадаад паспортоо сунгуулсан иргэд сунгалтын хугацаа нь дуусах хүртлээ хүчинтэй хэвээр байж, гадаадад зорчих боломжтой юм байна. Харин сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаах, “Air India” авиа компанийн Хонконг-Энэтхэгийн чиглэлд нисэх монголын иргэдийг онгоцонд суулгаагүй тохиолдлууд гарсан тул эдгээр улсад зорчих иргэд шинээр паспорт захиалан авах шаардлагатайг мэдэгдлээ.
Богдын музейн газарт баригдсан барилгуудыг татан буулгах ёстой гэв
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан, Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат нарын гишүүд Богд хааны ордон музейтэй холбогдуулан мэдээлэл хийв. Тэд Богд хааны ордон музей болон Дондогдулам хатны бунханы эргэн тойрны газрыг бусдад олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах болон цаашид хамгаалах асуудлаар Ерөнхий сайд, салбарын яам, хотын удирдлагад шаардлага хүргүүлжээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “ Богдын музейн эзэмшил газарт баригдсан барилгуудыг татан буулгах, тусгай зөвшөөрлийг цуцлаж, нийт талбайг 5.7 га байхаар гэрчилгээ олгож, дархлах хэрэгтэй. Богд хааны ордон музейн газарт байнгын харуул хамгаалалт бүхий түүх соёлын цогцолбор барих, орчин үеийн стандартад нийцсэн сонгодог музей бүхий үндэсний урлагийн театр барьж байгуулах тухай шийдвэрийг нэн даруй гаргах, Богд хааны ордон музейн газрыг хамгаалах нэрийдлээр газар авсан компаниуд үнэхээр хамгаалах гэж авсан уу, ямар учраас нэр дээрээ байлгаад байгааг тодорхой болгох хэрэгтэй. Цаашид Монголын түүх соёлыг дэлхийд сурталчлах зорилгоор төр өөрийн хөрөнгөөр барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулмаар байна” гэлээ.
Богдын музейн хамгаалалтын бүсэд олгосон газрын зөвшөөрлийг цуцлав
Үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар "Вантрейд" ХХК-д Богд хааны ордон музейн хойд талд байрлах 1,6 га газар эзэмших гэрчилгээг цуцлах шийдвэрийг Нийслэлийн засаг дарга С.Батболд гаргав. Энэхүү гэрээ нь Засгийн газрын 2001 оны тогтоолыг зөрчсөн бөгөөд тус компани Соёлын өвийг хамгаалах тухай хуульд хориглосон үйл ажиллагаа явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгохоор болжээ.
“Монголын эдийн засгийн форумаар хөгжлийн гарц, шийдлийг хэлэлцэнэ”
“Монголын эдийн засгийн форум-2018” энэ сарын 21, 22-нд “Хүчээ нэгтгэе” уриатайгаар болно. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгуур салбаруудын тулгамдсан асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчид, иргэний нийгмийн төлөөлөл оролцон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвшилцөлд хүрэхэд энэхүү арга хэмжээ чиглэжээ. Энэ онд “Монголын эдийн засгийн форум”-ыг хоёр шатлалтай зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд “Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвээр эхний хурлыг хийж, Засгийн газраас “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм. Монголын эдийн засгийн энэ удаагийн чуулганаар “Монгол улсын хөгжлийн загвар”, “Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого” сэдвээр нэгдсэн хуралдаан, “Аж үйлдвэрийн IV хувьсгал”, “Төр хувийн хэвшлийн түншлэл” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, Монгол Улсын брэндинг, Улаанбаатар хот, мега төслүүд, тэтгэврийн шинэчлэл баялгийн сан, хариуцлагатай манлайлал ба эргэх холбоо, дижитал шилжилт зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулна.
С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг хорих хугацааг сунгав
Ерөнхий сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн гэрээ, “Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан саатуулан шалгаж байгаа юм. Тэднийг тавдугаар сарын 1-нд 15 хоногийн хугацаатай хорих шийдвэр гаргасан бол хугацаа нь дууссанаар өнөөдөр /2018.05.15/ үргэлжлүүлэн хорих эсэхийг хяналаа. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 15:00 цагт хурал товлож хэлэлцээд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргав.
С.Баяр, Ч.Сайханбилэг нарын гадуур шалгуулах хүсэлтийг шүүх хүлээж авсангүй
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хориод байгаа юм. Тэднийг хорих хугацааг энэ сарын 10-нд шүүхээс 30 хоногоор сунгаад байсан юм. Харин Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлтээ шүүх өгсөн байна. Тэдний хүсэлтийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд /2018.05.16/ хяналаа. Шүүх экс Ерөнхий сайдуудын хүсэлтийг хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл, таслан сэргийлэх арга хэмжээнээс хорихоос өөр арга хэмжээ авах хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй, үргэлжлүүлэн хорих нь зүйтэй гэж үзсэн байна.
Тэмцэгчдийн төлөөлөл төв талбай дээр үсээ хусуулав
Сүхбаатарын талбайд эмч багш нарын жагсаал 3-4 хоног үргэлжлэв. Жагсагчдын зарим нь өнгөрсөн лхагва гаригт тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буйгаа мэдэгдэж үсээ хусуулсан юм.
Дөрвөн Элчин сайдыг томиллоо
УИХ-ын /2018.05.17/ чуулганы хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Очирын Энхцэцэгийг томиллоо. Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж Нархүүгийн Тулгыг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг гишүүдийн олонхий саналаар томиллоо.
Эх сурвалж: www.polit.mn









