
С.САРУУЛ
Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын чуулганы нээлтэнд үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
- Иргэдээс тэтгэвэр, тэтгэмж, халамж, ажилгүйдэл ядуурал, улстөрчдийн оффшор данс зэргийг багтаасан баялгийн шударга бус хуваарилалтаас үүдсэн гажуудлуудын талаар 689 санал, шүүмжлэл.
-Утаа, агаарын бохирдол, орон сууц, төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаа, газар хувьчлал, эрүүл мэнд, боловсролын салбар дахь хүндрэл бэрхшээл зэрэг төрийн үйлчилгээтэй холбоотой асуудлуудаар 534 санал шүүмжлэл.
-Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын буруутай шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, шударга ёсыг сахиулах, хуулийн засаглалыг хэрэгжүүлэх, Үндсэн хуулийг сайжруулах асуудлаар 487 санал гомдол, шүүмжлэл.
-Өрийн дарамтыг бууруулах, эдийн засгаа тэлэх, төрийн албыг цомхон чадварлаг болгох, бүтээн байгуулалтыг өрнүүлэх гэх мэт макро эдийн засгийн чиглэлээр 254 санал тус тус ирлээ.
-Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх нь манай орны ажиллах нөхцөл, иргэдийн наслалт, хүн ам зүйн онцлог зэрэгт тохирохгүй байгааг анхаарч, энэ талаар гаргасан шийдвэр, өөрчилж баталсан хуулиа хүчингүй болгож, хуучныг нь сэргээн мөрдүүлэх шаардлагыг иргэд ихээр тавьж байна.
-Өнөөгийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тэтгэврийн хүрэлцээгүй байдал, ирээдүйд тэтгэвэр авах тэтгэврийн даатгалд даатгуулагчдын итгэл найдварыг сэргээж, урт хугацаанд монгол хүний нийгмийн хамгааллын баталгааг хангах чадамжтай Үндэсний тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх болно.
-Тэтгэврийн тооцооллын параметрт шууд хамааралтай бус ажил мэргэжлээр ялгаварласан хөнгөлөлт, тэгш бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоож буй практикаас татгалзах цаг болсон гэдэг нь олон улсын байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт өгсөн удаа дараагийн зөвлөмжүүдээс харагдаж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг Засгийн газар тогтоол гаргаад шийдчих боломж бүрэн бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах асуудлыг ч гэсэн шийдэх цаг нь болжээ.
-Гадаадаас ажиллах хүч авбал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ажлын байрны төлбөр төлдөг жишгээр хуульд заасан хэмжээгээр хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй байгууллага ажиллуулаагүй ажлын байрныхаа тоогоор ажлын байрны төлбөр төлдөг заалт оруулъя.
-Тэтгэврийн хэмжээ амьдралд хүрэлцэхгүй байгаа, ядуурал ихсэж, ажлын байр олдохгүй байгаа зэрэг асуудлуудын уг үндэс нь баялгийн тэгш бус хуваарилалтад бий.
-Хадгаламж эзэмшиж байгаа иргэдийн хоёр хувь нь нийт хадгаламжийн 96 хувийг эзэмшиж байна гэдэг хэт цөөнхөд баялаг хуримтлагдаад байгааг л илтгэж байгаа тоон үзүүлэлт юм. Ард түмнээс сонгогдож, үнэмлэхүй эрх мэдлийг олж авсан олонхийн бүлгийн 65 гишүүн та бүхнийг энэ чиглэлээр дорвитой шийдвэр гаргах болов уу гээд сонгогчид чинь найдаж, хүлээсээр сууна. Та бүхний сонгогдсон дөрвөн жилийн бараг тал нь өнгөрлөө.
- Миний бие хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь нотлогдвол үг дуугүй ажлаас чөлөөлж хариуцлага тооцно. УИХ, Засгийн газар ч гэсэн томилж чадсан бол, хариуцлага тооцож чаддаг байхгүй бол төрд итгэх, шударга ёсонд найдах иргэдийн итгэл улам бүр алдарсаар байна.
-Одоо хараад суух цаг алга. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээнд би зохих асуудлуудыг тусгасан хуулийн төслүүдийг санаачлан УИХ-аар удахгүй хэлэлцүүлэх болно. Харин эрхэм гишүүд та бүхэн намчирхалгүй, улс төржилгүй, иргэд сонгогчдынхоо эрх ашгийг дээдлэх зарчмаар хэлэлцүүлэгт оролцоорой, идэвхтэй дэмжээрэй гэж хүсэх байна.
-Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь монгол зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтний ёсноос гадуур жигшүүрт үйлдэл юм. Аливаа шийдвэрийг гаргахдаа үндэсний онцлог, үндэсний эрх ашиг гэсэн хоёр зүйлийг л гол болгох нь чухал. Тусгаар тогтносон бүрэн эрхт улсын хувьд монголчууд хууль тогтоомж, ялын бодлогоо хэнээс ч асуулгүй, зааварлуулалгүйгээр бие даасан байдлаар шийдвэрлэх бүрэн эрхтэй.
-Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр дотоодын үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох, урт хугацаанд тогтвортой дэмжих, нэг тэрбум төгрөг хүртэлх өртөгтэй тендерийг мэргэжлийн холбоодод хариуцуулах зэрэг зүйл орно.
-Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтөд ихээхэн санаа зовж, нэг намынхны хүслээр туйлширсан, намчирхсан зүйл, заалтууд орох гэж байгаагаас эмээж байна. Иргэдийн хүсэлт шаардлага байгаа учир энэ хаврын чуулганаар хэлэлцэх “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн асуудалд иргэдийн эрх ашгийг хамгаалан, идэвхтэй оролцоно. Үндсэн хуулийг Тогтвортой хөгжлийн Үндсэн хууль болгон сайжруулахын тулд гагцхүү олон нийтийн санаа бодолд тулгуурлан ажиллана. Өөрчлөхийн тулд өөрчлөх биш, өөдлөхийн тулд өөрчлөх зарчмыг хатуу барина.
-Өнөөдөр бүх намуудын рейтинг нийлээд 30 хувьд ч хүрэхгүй байна. Их хурлын гишүүд нь ёс зүйгээ умартан, сонгогчдоос олгосон үндсэн эрх, үүргээ эс биелүүлэн хуралдаа суухгүй байх нь хэм хэмжээ болон төлөвшиж эхэллээ. Хууль тогтоох гэж сонгогдсон гэдгээ мэдэхгүй байгаа бол суудлаа тавьж өгдөг хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байна.
-Нийтийн сонсгол хийх замаар томилсон албан тушаалтнууддаа хариуцлага тооцдог, дүгнэдэг байх зайлшгүй шаардлага УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт тулгарч байна. Ерөнхийлөгчөөс томилдог шүүгчдийн ёс зүй, иргэдээс гарч буй шүүмжлэлийг нягтлан, Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн хөрөнгөө нотолж чадахгүй бол, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгчидтэй хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх болно гэдгийг энд тодотгож хэлье.
- Төрийн үйлчилгээний албыг иргэддээ үйлчилдэг алба болгон хувиргах нь оновчтой шийдэл гэж харж байна. Багш, эмч нар иргэддээ үйлчлэх ёстойгоос бус төрд, төрийн албан хаагчдад үйлчлэх үүрэггүй. Иргэдийн үйлчилгээний албатай болбол багш, эмч нарын цалин орлого, санхүүжилт дээр гардаг олон хорио, хүлээсүүдээс ангижирч, эмнэлэг, сургууль өөрсдөө санхүүгийн менежментээ хийх боломж нөхцөл нь нээгдэх юм.
-УИХ, Засгийн газар ажиллах хүч, бараа материалаа тулгах нөхцөлтэй зээлийг авахгүй, ийм гэрээг батлахгүй байх ёстой гэж би үзэж байна.
-Засгийн газар уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болгох, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлэх бодлого гаргаж байгаа нь талархалтай ч улам цааш ахиж Монголын эдийн засгийг үсрэнгүй хэмжээнд аваачих илүү том зүйлд тэмүүлэх шаардлага гарч байна.
-Хиймэл оюун ухаан, робот техник, биг дата, куантиум компьютер, композит материал, анагаах ухааны дэвшлүүд зэрэг шинэ зууны технологийн салбарт зөв газраа зөв бодлого оновчтой төлөвлөлт хөрөнгө оруулалт хийж, хүний нөөцөө бүрдүүлж чадвал алсдаа Монголын эдийн засгийг хэдэн зуу дахин томруулах нөөц бидэнд байна.
-Улсын хөрөнгөөр хайгуул, зураг төсөл нь хийгдчихсэн, Туул голын бэлэн усан сангийн төслийг Мянганы сорилын сангийн 300 сая ам.долларын хөтөлбөрт хамруулан шийдвэрлэх нь чухал байгааг Засгийн газар эртнээс анхаарч шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.
-Олон улсад хэрэглэгдэж, үр дүнтэй нь нотлогдсон төвлөрлийг сааруулах, дагуул хотууд яаралтай байгуулах, хөдөөд ажиллах, амьдрах тав тухтай орчныг бий болгох гээд аргуудыг ашиглаач.
-Гадаад орнуудад суух Элчин сайдуудын асуудлыг зөвшилцөхөөр Засгийн газар, УИХ-д саналаа хүргүүлсэн ч нэгээс бусад нь шийдэгдээгүй өдий хүрлээ.
-Том төслүүдээ үндэсний эрх ашигт нийцсэн байдлаар хөдөлгөе, мөнгө олох, илүү их ажлын байр бий болгох бизнесийн шинэ талбарыг нээе. Инновацийг бүх салбарт хэм хэмжээ болтол нь нэвтрүүлье.
Эх сурвалж: www.polit.mn