
“Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж” хэмээх судалгааны өгүүлэл бичиж “Зууны мэдээ” сонинд нийтлүүлсэн М.Энхболд нэхэмжлэгчтэй сэтгүүл зүйн судлаач, доктор Т.Баасансүрэн хариуцагчтай, М.Энхболд нэхэмжлэгчтэй хэргийн шүүх хурал 2018 оны гуравдугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлосон цагтаа эхлэв. Хачирхалтай нь, үнэнд гүйцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэнгүй. Хөндлөнгийн хүнээр шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсч бичиг явуулжээ. Шүүх хурлыг хаалттай явуулахаар гаргасан шүүгчийн өмнөх захирамжаа өөрчилж нээлттэй явуулах хүсэлтийг Т.Баасансүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шаравдорж, өмгөөлөгч Л.Мөнхсайхан нар гаргажээ. Мөн нэхэмжлэгчийн талаас шүүх хуралд ажиглагч оруулж байгаа нөхцөлд хариуцагчийн талд нэгэн адил тэнцүү боломж олгохыг хүссэн байна.
Үүний дараа Ч.Ичинхорлоо даргатай шүүх хурал хуралдаж шийдвэрээ гаргасан байна. Шүүх албан ёсоор хурал болох товыг нэхэмжлэгч болоод хариуцагчийн талд аль алинд мэдэгдсэн гарын үсэг зуруулсан байтал нэхэмжлэгчийн талын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ирээгүй, түүнчлэн М.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болд, өмгөөлөгч Э.Ганхүлэг нараас шүүхэд ирүүлсэн бичиг нь огноо засвартай, өөрсдөө бус хөндлөнгийн хүнээр хүргүүлсэн шаардлага хангахгүй байгааг үндэслэж нэхэмжлэгч М.Энхболдоос Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг авч хэлэлцэх боломжггүй байна гэсэн тогтоол гаргаж буцаажээ. Сэтгүүлзүйн судлаач Т.Баасансүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржоос шүүх хурал дээр хэлэхээр бэлтгэсэн үгэнд Монгол дахь чөлөөт хэвлэлийн цөөнгүй тулгамдсан асуудлыг хөндсөн байх тул уншигчдадаа бүрэн эхээр нь хүргэж байна. Энэ үг нэхэмжлэл гаргагч М.Энхболдод давхар хаяглагдан дайж буй үг юм. Ийм шийдвэр гаргасан нь шүүх засаглал шинэчлэгдэж байгааг, Монголд шударга шүүх, шүүгчид цөөнгүй байгааг илтгэн харуулсан тэмдэглэлт содон үйл явдал боллоо.
Эрхэм шүүгчид ээ!
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж нэхэмжлэл гаргасны дагуу уг нэхэмжлэлийн хариуцагч Тугалхүүгийн Баасансүрэнгийн итгэмжлэлийн дагуу миний бие энэ шүүх хуралд оролцож, хариуцагчийн эрх ашгийг хамгаалж энэхүү үгээ хэлж байна аа,
Юуны түрүүнд М.Энхболдын нэхэмжлэлдээ бичээд байгаа гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл тараасан гэж судлаач Т.Баасансүрэнг буруутгасныг хүлээж авах ямар ч үндэсгүй гэдгийг тэмдэглэе.
Сэтгүүлзүйн судлаач, сэтгүүлч Т.Баасансүрэнгийн бодит мэдээлэлд үндэслэж бичсэн “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж” нийтлэлийг М.Энхболд нь өөрийн нэр төрд халдлаа хэмээн нэхэмжлэл гаргасан нь дэндүү ташаа бөгөөд Монголын нийгэмд нэгэнт буй болоод байгаа хямралт нөхцөл байдалд хариуцлага хүлээх ёстой төрийн өндөр дээд албан тушаалтнуудын нэг нь УИХ-ын дарга М.Энхболд мөн гэж хүн амын олонх үзэж, түүний идэвхгүй байдал, иргэдийнхээ төлөө тодорхой зүйл хийхгүй байгааг хурцаар шүүмжилж байгааг хэлэх нь зүйтэй байна.
Судлаач, сэтгүүлч Т.Баасансүрэн М.Энхболдын буруутгаад байгаа ”Зууны мэдээ” сонинд нийтлүүлсэн дээрх судалгааны өгүүлэлдээ Монголын өдөр тутмын долоон сонины 120-иод нийтлэлд дүн шинжилгээ хийж үнэлгээ дүгнэлт өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Т.Баасансүрэн оргүй хоосноос юм уу, эсвэл өөрийн санаанаас зохиож бичсэнгүй, гагцхүү Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэдний редакциудын бодлогоор хэвлэн нийтлүүлсэн сэтгүүлчдийн асар их мэдээ материалыг түшиглэн ажиглалт шинжилгээ хийжээ.
Судлаач Т.Баасансүрэн уг нийтлэлийг бичихээс өмнө иргэн М.Энхболдын “үндэслэлгүй гүтгэлэг” гээд байгаа зүйлийн талаар Монголын нийгэм зөндөө шуугиж, Монголын хэвлэл мэдээллийн ертөнц бүгдийг ил тодоор бичээд дэлгээд тавьчихсан байна шүү дээ гэдгийг нэхэмжлэгчид сануулахад илүүдэхгүй юм.
Зарим нэг тодорхой баримтыг авч үзье.
М.Энхболд Т.Баасансүрэнг буруутгах үндэслэлээ болгож,
1, “МАН ба АН урьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй тийм их хэмжээний хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулсан” гэснийг үндэсгүй гүтгэлэг
- “УИХ дахь МАН-ын 65-ын бүлгийн дунд ан цав гарч хагарах, улмаар М.Энхболдын байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах хөдөлгөөн болж хувирсан. “60 тэрбумын асуудал”, “Ерөнхий сайд, Шадар сайд хоёр биесийг чагнасан, тагнасан гэх үйл явдал”-ыг үндэсгүй гүтгэлэг
- “60 тэрбумын луйвар”, “Оффшор дансны луйвар”, “Эрдэнэтийн 49 хувийн эргэн тойрон дахь яриа сонгуулийн үр дүнд нөлөөлөв” гэснийг иш татаж үндэсгүй гүтгэлэг гэсэн байна
- “МАН-ын эрх баригчид сонгуулийн анхан шатны санал хураалтын явцад илэрхийгээр санал луйвардаж Сайнхүүгийн Ганбаатарыг хүчээр дарж Миеэгомбын Энхболдын саналын тоог хиймлээр өсгөсөн нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн нь ойлгомжтой юм. Унтаад босох хооронд 39 мянган амьгүй албат саналаа М.Энхболдод өгсөн нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн онигоо болно. Үүгээрээ МАН-ын нэр дэвшигч өөрөө өөртөө цаазын ял оноожээ” гэснийг мөн л үндэсгүй гүтгэлэг гэж үзжээ.