
Т.САЙХАН
Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнайтай ярилцлаа.
-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар С.Баярцогтыг намаас хөөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэр хэзээ гарав?
-Намын гишүүн С.Баярцогтын нэр хүндтэй холбоотой мэдээлэл нь намын үндсэн дүрмийг зөрчиж байгаа эсэх талаар тодруулахаар намын Үндсэн дүрмийн хорооноос тайлбар хүссэн. Үүний дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж шийдвэрээ гаргаж, намын даргын тушаал гарсан. Бидний байгуулж байгаа нээлттэй нийгмийн хамгийн том дайсан бол авилгал, хээл хахууль. Ардчилсан нам ямар ч хээл хахуультай эвлэрч байгаагүй, цаашид ч эвлэрэхгүй. Гадаадын байгууллагатай гэрээ хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашгийг ноцтойгор зөрчиж, авлига хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам, эвсэл, нэр нөлөө харгалзахгүй хуулийн хатуу хариуцлага тооцно гэж Ардчилсан нам үзэж байна. С.Баярын тэргүүлсэн ЗГ-ын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд гарлаа. Дээрх мэдээллийн үнэн зөв эсэхийг тодруулахаар Ардчилсан намаас Швейцарийн холбооны улсын Прокурорын газарт тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас “Рио Тинто” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах зайлшгүй хэрэгтэй гэж Ардчилсан нам үзэж байна. Монголын улстөрчидтэй холбоотой авлига хээл хахууль, оффшор данстай холбоотой асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг УИХ, Засгийн газар, АТГ-аас Ардчилсан нам хариуцлагатайгаар шаардаж байна. Авлига хээл хахуультай холбоотой асуудал нь нэг хүн гэхээс илүү нам дамжсан бүлэглэлүүдээс Ардчилсан нам өөрийгөө цэвэрлэж байгаа юм. Тухайн үед гэрээнд дөрвөн хүн гарын үсэг зурсан. Ардчилсан боломжийнхоо хүрээнд улс орны эрх ашгийг уландаа гишгэсэн, авлига хээл хахуультай холбогдсон хүмүүсийн хэргийг шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллаж, хариуцлага тооцох болно гэж мэдэгдэж байна.
-Энэ асуудлаар С.Баярцогт гишүүнтэй өөртэй нь уулзсан уу?
- Ардчилсан бол Үндсэн дүрэмтэй, дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Нэг жилийн өмнө Үндсэн дүрмийн хороо хуралдаж, Ардчилсан намын гишүүн С.Баярцогтыг намын дээд байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдохтой холбоотой асуудал дээр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан. Үүнээс хойш намын Үндсэн дүрмийн хороонд өөрөө ирж, энэ асуудлаар тайлбар хийх бүтэн жилийн хугацаа байсан боловч тайлбар хийгээгүй. Мөн дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн байгууллагууд болон Монголын хэвлэлүүдээр С.Баярцогт Швейцарийн банкинд данс эзэмшдэг. Дансанд нь 1.8 сая ам.доллар байсныг царцаалаа гэж албан ёсоор зарласан. Энэ мэтээр хууль бус үйл ажиллагаанд холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож ажиллана.
-Ардчилсан намын зүгээс Швейцарийн прокурорын байгууллагад хандсан гэсэн. Ямар хариу өгсөн бэ?
-Дэлхийн нэртэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Баярцогттой холбоотой мэдээлэл өчигдрөөс гарч эхэлсэн. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Швейцарийн прокурорын байгууллагаас мэдэгдэл гаргасан гэсэн зүйл тусгагдсан. Тиймээс Ардчилсан намаас албан ёсоор тухайн байгууллагад энэ мэдээлэл үнэн зөв эсэхэд тодруулга, тайлбар өгөх бичиг явуулж байгаа.
-Швейцарийн прокурорын байгууллагаас үнэн эсэх талаар албан ёсны тайлбар ирээгүй байхад намаас хөөх нь эртэдсэн шийдвэр биш үү?
-Ардчилсан нам дүрмийн хүрээнд өөрийн гишүүддээ хариуцлага тооцдог. Үүн дотор сахилга, ёс зүйн хариуцлага тооцох дүрмийн заалтууд бий. Энэ дүрмийн хүрээнд асуудлыг авч хэлэлцэж, бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан.
-Европын холбооны улсын прокурорын байгууллагаас манай улсын шүүх, прокурорын байгууллагатай хамтарч ажиллах, буруутай гэсэн шийдвэрийг гаргах ёстой юм биш үү. Хэвлэлд гарсан мэдээллээс болоод ийм шийдвэр гаргах нь зөв үү?
-Ер нь бол намын гаргасан удирдлагын шийдвэр нь намын дотоод шийдвэр. Улс хоорондын хууль хяналтын байгууллагын хоорондын уялдаа холбоо байх. Тэр талаар мэдээлэл өгөх боломжгүй. Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа Эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр тогтоогдвол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж Ардчилсан Нам үзэж байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүд болон Монгол улс төрчидтэй холбоотой офФшор данс авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон, цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас Ардчилсан Нам хариуцлагатайгаар шаардаж байна.
Эх сурвалж:www.polit.mn